Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1099

 

 

 

 

 

2022              11            17                                       2022/ДШМ/1099                                  

 

Т.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Очгэрэл,

хохирогч Г.Г-, түүний өмгөөлөгч О.Батсүх,

шүүгдэгч Т.З-, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Г-, шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.З-д холбогдох 2209000000026 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З-,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Шүүгдэгч Т.З- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “******” амралтын газарт Г.Г-тэй хувийн шалтгааны улмаас маргалдаж, түүн рүү чулуу шидэж толгойн тус газар нь оносны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З-ыг бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.З- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Г- нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 154 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Т.З-ын эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Г.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...хохирогч Г.Г- нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны зардал зэрэгт 25.782.740 төгрөг нэхэмжилнэ гэж байх боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж...” гээд ТОГТООХ хэсгийн 4-т “...шүүгдэгч Т.З- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай" гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Учир нь Т.З-ын миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу толгойн тус газарт чулуу шидэж миний дух ясыг цөмөрсөн хугарал, духны язарсан шарх гэмтлийг учруулсны улмаас духны өмнө хэсгээр төмөр суулгуулах мэс засал хийлгэсэн. Үүний улмаас духны хэсэгт төмөр бэлдэц суулгасан тул тэр чигтээ ус ургах боломжгүй болж эрүүл мэнд, гоо сайхнаараа үнэлж баршгүй хохирол амсаад байна. Ямар ч хүний хувьд дух, толгойн орой хэсэгтээ халцархай, үсгүй явна гэдэг байж боломгүй хүнд нөхцөл байдал тул үс шилжүүлэн суулгахаас өөр ямар ч аргагүй юм. Миний бие шүүхийн шатанд үс шилжүүлэн суулгах мэс заслын зардал 15.104.000 төгрөг болох тухай “******” ХХК-ийн нэхэмжлэхийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Мөн Т.З-ын үйлдлийн улмаас би 6 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм сахих, хагалгаанд орох зэргээр ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Энэ бүхнээс шалтгаалж урьд нь эрхэлж байсан Улаанбаатар төмөр зам ХНН-ын Зорчигчийн вагон депо-д 1.650.000 төгрөгийн цалинтай ажилладаг ажлаа хийж чадаагүй. Энэ талаарх тодорхойлолт, баримтыг ч шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх энэ бүх байдлыг харгалзаж үзэлгүй иргэний нэхэмжлэлийг хангахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар миний иргэний нэхэмжлэлийг бүрэн хангах боломжтой. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, иргэний  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ..” гэв.

 

Шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Т.З-д оноосон 4 жилийн хорих ял хэт хүндэдсэн гэж үзэж буй тул дараах хөнгөрүүлж болох үндэслэлүүдийг харгалзан үзэж хорих ял эдлэх хугацаанаас хоёр жилийг хасаж өгнө үү. Шүүгдэгч Т.З- нь урьд ял шийтгэл эдэлж байсан боловч ялтайд тооцох хугацаа дууссанаас хойш 3 жилийн дараа энэ гэмт хэрэгт холбогдсон тул анх удаа ял шийтгүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Гагцхүү сэдэлтийн хувьд, хэргийн газарт байсан гэрчээр асуугдсан, өөрийн найз Б.Б-тай маргалдаж, тэр нь шүүгдэгчийг “гичийний хүүхэд, танай эх чинь гичий штээ” гэх мэтээр хэл амаар доромжилсны улмаас сэтгэл санаа нь цочирдож цонхны тавцан дээрээс гарт тааралдсан чулууг авч түүн рүү шийдсэн боловч хажууд нь сууж байсан эмэгтэйг онож гэмтээсэн гэсэн асуудлаар шүүх хурал дээр санал зөрөлдөөн гарч байсан. Шүүгдэгчийн мэдүүлэг үнэн бөгөөд яг ийм үйл явдал болсон гэдгийг гэрч О.Н-э гэрчилсэн. Шүүгдэгч нь ийм харамсалтай үр дагавар үүсгэсэнд анхнаасаа маш их гэмшиж хохирогчид нэн даруй тусламж үйлчилгээ үзүүлж, гэмтлийн эмнэлэг дээр хүргэж ирж, зураг авахуулах мөнгийг нь төлж оношлуулсан байдаг ба харин хохирогч нь асуудалд хайнга хандаж өөрийн биеийн байдлыг хөнгөн гэж хөнгөмсгөөр найдаж найз залуу болох Б.Б-ын хамт зочид буудал руу явсан байхад нь Т.З- хохирогчийг яаралтай мэс засалд оруулах шаардлагатай болох тухай эмч нараас мэдээлэл авч араас нь хайж явж, олж ирж хэвтүүлж эмчлүүлсэн байдаг юм. Энэ тухай гэрч, хохирогч нар мэдүүлдэг болно. Шүүгдэгчийн зүгээс хэрэгт цугларсан хууль ёсны бөгөөд хамаарал бүхий гэж шүүхээс үнэлсэн нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан байгаа тул төлөх төлбөргүй гэж дүгнэсэн, үүгээр хязгаарлалгүйгээр цаашид ч гарах эмчилгээний зардлыг хариуцан төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь урьд өмнө алдаж эндэж явсан боловч зан байдалдаа дүгнэлт хийж засарч хүмүүжихийг ихэд хичээж, эхнэр авч, хүүхэдтэй болж амьдралаа төвхнүүлэх гэж хичээж чармайж яваа залуу хүн тул энэ урмыг нь бодоод хорих ялын хугацаанаас 2 жилийг хасаж өгнө үү хэмээн хүсэж байна. Ял шийтгэл нь хэргийн байдал болон ялтны хувийн байдалд тохирсон байж шийтгэн зэмлэх болон хүмүүжүүлэн засах зорилт биелэгдэх ёстой. Хорих ялын хугацаа урт байлаа гээд ялтны засрал хүмүүжилд төдийлөн нөлөө болж чадахгүй, харин ч эцэг хүн нэг жилийн өмнө ч болов суллагдаж, амин хайртай ганц хүүгээ гараас нь хөтлөөд асарч хүмүүжүүлэх үүргээ биелүүлж явбал энэ гэр бүлийн амьдралд тус нэмэртэй, ялтны засрал хүмүүжилд илүү жинтэй нөлөө үзүүлэх юм. Хэдийгээр ялтан боловч юу юунаас түрүүнд эцэг хүн шүү дээ. Бүхэл бүтэн 720 хоног гэдэг эцгээ санаж бэтгэрэх үрийн хувьд, үрээ санаж гансрах эцгийн хувьд ямар урт хугацаа болохыг эрхэм шүүгч нар минь мэргэн оюунаараа тунгаан болгоож бидний хүсэлтийг хүлээн авна уу хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Нөгөө талаас нь харвал ялтан хоёр жилийн өмнө суллагдаж гарч ирээд ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн эмчилгээний зардалд тус нэмэр болж явбал хөдөлмөрийн насны залуу хүний хувьд хорих ангид улсын төсвийн зардлаар дэмий хоол хороож байснаас нийгэмд илүү ашиг тустай гэж харж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.З- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би энэ хэрэгт холбогдон хоригдож байгаадаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Хохирогчийг бэртээсэндээ маш их харамсаж байна. Хохирогч Г.Г-гийн өмгөөлөгч О.Батсүх намайг 461 дүгээр хорих ангид хоригдож байхад хоёр удаа ирж уулзсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлж барагдуулна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.Г-гийн өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу үс шилжүүлэн суулгах эмчилгээний зардал 15.000.104 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахыг хүсэж байгаа. Т.З- тодорхой оршин суух хаяггүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд оргон зайлж, эрэн сурвалжлагдаж олдсон учир цагдан хоригдсон. 6 сар гаруй хугацаанд олдоогүй учир иргэний шүүхээр явбал шүүгдэгч олдохгүй байх магадлалтай. Миний үйлчлүүлэгч үйлчилгээний ажил хийдэг. Үндсэн ажлаа хийж чадахгүй болсон учир хүн дагалдаж явдаг болсон. Хэрэв үс шилжүүлэн суулгах мэс засалд орж ажлаа хийх боломжтой болбол эмчилгээний зардлаа тодорхой хэмжээнд гаргаж, гарсан зардлыг нэхэмжлэх боломжтой. Листний тухайд миний үйлчлүүлэгч хүнд хэлбэрийн хагалгаанд орсон тул татаж унадаг, хааяа хэлсэн зүйлээ мартдаг болсон. Тийм учир миний зүгээс хохирогчийн ээжээр, эсвэл эгчээр нь дамжуулж харьцдаг. Хохирогч төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Төмөр замын эмнэлэгт өөрсдийн ажилтнаа үздэг учир ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, лист аваагүй гэж ойлгож  байсан ч шүүх хуралдаанд листний мөнгө авсан тухайгаа тайлбарлалаа. Үйлчлүүлэгчийн маань наркозын нөлөө гараагүй, мэдээ алдуулах тарианы улмаас ухаан санаа нь орж гардаг байсан учир ойлголцлын зөрүүтэй нөхцөл байдал үүссэн байна. Одоо бол миний үйлчлүүлэгч гомдолтой, үс шилжүүлэн суулгуулахгүйгээр ажлаа хийх боломжгүй байгаа тул энэ зардлыг урьдчилан шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч бодит байдлаас зөрүүтэй тайлбар хэлж байна. Шүүгдэгч эхлээд хохирогч руу пиво шийдээд дараа нь чулуу шидсэн байдаг. Үүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй. ...” гэв.

 

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч бусдыг хохироохоор шууд санаатай чулуу шидсэн. Хэрэв чулуу хохирогчийг оноогүй бол өөр нэг хүнийг онох байсан. Анхан шатны шүүхээс хохирлыг хэмжээг хохирогчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “хохирогч эрүүл мэндийн хувьд бүрэн эдгэж эрүүл болоогүй, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байдалд тооцох боломжгүй байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн нэхэмжилсэн зардлыг сайн дураараа төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял шийтгэл оногдуулах шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан үзсэн болно” гэж дүгнэсэн. Мөн цаашид гарах зардлыг иргэний журмаар баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Т.З-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Т.З- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “******” амралтын газарт Г.Г-тэй маргалдаж, түүн рүү чулуу шидэж толгойн тус газар нь оносны улмаас эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн хугарал, духны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булангийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Г-гийн “...Н-ийг өмөөрөөд над руу эхлээд пиво шидээд дараа нь бид нарын очсон газар нь гэр амралт байсан, уг гэр амралтын гэрийн цонхны тавцан дээр байсан чулууг авч шидэж намайг оносон. ...” /1хх 51-52/,

гэрч О.Н-ийн “...Б- З- хоёр маргалдсан. Тэр хоёр зодолдсон зүйл байхгүй хэл амаараа маргалдсан. Б- руу З- юм авч шидэх гэж байгаад Г-г оночихсон...” /1хх 86/,

гэрч Т.Ж-ийн “...З- Б- хоёр маргалдаад байсан тэгээд Паавар бид хоёр салгаад орон дээр унтаад өгсөн. Хүмүүс чанга дуугараад байхаар нь сэрээд хартал Г-гийн толгойноос цус гарсан байсан “юу болсон, яасан бэ” гэхэд “З-, Б- нар муудалцаад Б- руу чулуу шидсэн чинь Г- оногдсон” гэж хэлсэн...” /1хх 97-98/,

гэрч Б.Б-ын “...Н-э Г-г “чи хаашаа явчихдаг юм бэ” гэж хэлээд алгадаад авсан. Тэгээд тэр хоёрын хооронд маргаан болсон. Би Н-ийг “чи боль” гэж хэлээд ор луу түлхээд суулгасан. Тэгтэл З- босож ирээд “чи наад хоёроо зүгээр орхи, зодолдвол зодолдож л байг, би энэ Н-этэй олон жил найзалж байна, муудалцах дээрээ тулах юм бол би чамтай муудалцана шүү” гэж над руу дайрсан. Тэгээд З- бид хоёр хоорондоо маргалдаад бие биеэ нэлээд үгээр идсэн. Тэгээд Паавар, Ж хоёр бид хоёрыг салгаад бид нар суусан. Тэгтэл З- “чамаас болж хамаг хэрүүл болсон гичий минь” гэж орилсон. Тэгтэл Г- З- руу “май” гэж хэлээд салаавч гаргасан чинь З- өөрийнхөө хэвтэж байсан орны арын цонхны тавцан дээр байсан чулууг аваад Г- рүү шидсэн. ...” /1хх 93/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Г.Г-гийн биед дух ясны цөмөрсөн хугарал, духны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12050 дугаартай дүгнэлт /1хх 63-65/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1хх 195-197/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.З- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Т.З-ын хохирогч Г.Г-гийн толгойн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Т.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг хэрэглэх боломжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.

 

Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хоорондын харьцааны хэм хэмжээг зөрчиж, хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл гаргаж, хэрүүл маргаан өдүүлж, хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгч Т.З- нь хохирогч Г.Г-д 6.244.935 төгрөг төлснийг дурдаж, тооцоолох боломжгүй /цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн ба шүүхийн дээрх дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин хохирогч Г.Г-гийн “энэ хэргийн улмаас духны өмнө хэсгээр төмөр суулгуулах мэс засал хийлгэж, духны хэсэгт төмөр бэлдэц суулгаж тэр чигтээ ус ургах боломжгүй болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон тул үс шилжүүлэн суулгах мэс заслын зардал 15.104.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 3-ын (b)-д эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх...”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” эрхтэй гэж тус тус заажээ.

Эдгээр олон улсын гэрээ, ковенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, мөн зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж баталгаажуулан хуульчилсан байна.

Анхан шатны шүүх хохирогч Г.Г-гийн үс шилжүүлэх суулгах төлбөр болох 15.104.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэх заалтад нийцээгүй байна.

 

Учир нь, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Т.З-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Г-гийн биед дух ясны цөмөрсөн хугарал, духны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд  гэмтэл учирч, мэс заслаар духны хэсэгт төмөр суулгац буюу гавал ясны дутмагшлыг титан тороор нөхөж, тухайн хэсэгт үс ургах боломжгүй болж зайлшгүй үс шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон ба уг төлбөр нь 15.104.000 төгрөг болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар талд авагдсан нэхэмжлэхээр нотлогдсон байна. Иймд мэс ажилбараар үс шилжүүлэн суулгах зардал 15.104.000 төгрөгийг шүүгдэгч Т.З-аас гаргуулан хохирогч Г.Г-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх Т.З-ыг гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг өөр байдлаар буюу “бусдын биед хүнд хохирол санаатай учруулсан” гэж гэм буруутайд тооцсон байгааг зөвтгөж, хохирогч Г.Г-гийн давж заалдах гомдлын “үс шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг урьдчилж гаргуулах” гэсэн хэсгийг хүлээн авч, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбоотой” хэсэг болон шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Г.Тунгалагийн “Т.З-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.З- шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хар Үхэрт овгийн Түмэнжаргалын З-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.З-аас 15.104.000 /арван таван сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г-д олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Г.Г-гийн давж заалдах гомдлын “үс шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг урьдчилж гаргуулах” гэсэн хэсгийг хүлээн авч, “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтай холбоотой” хэсэг болон шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Г.Тунгалагийн “Т.З-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-ын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН