Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 0002

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:Н.Номинчимэг   

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Б цагаан  овогт Д Б  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706016540110 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б цагаан  овогт Д Б,  19  оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд  аймгийн  Дарви суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд   боловсролтой,автын инженер  мэргэжилтэй, З х  дүгээр ангид тэргүүн ахлагч ажилтай, ам бүл 6,  эхнэр, хүүхдүүдийн хамт Н дүүргийн  дүгээр хороо  дүгээр гудамжны   тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД: ПГ75102016,

Холбогдсон хэргийн талаар:

      Д.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо  спорт хорооны гадна иргэн Д.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч   Д.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

   Шүүгдэгч  Д.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр би Баянзүрх дүүргийн  дугаар хороо Зэвсэгт хүчний  дүгээр ангид манай ажлын газрыхан цугларсан. Тухайн өдөр манай ангид засвар хийгдэж байсан бөгөөд би хэн ямар ажил хийж байгаа талаар тодруулж асуусан. Тэгээд ахлах дэслэгч О өөрийнх нь хийх ажлын талаар өөрийнхөө саналыг хэлээд өнөөдрийн хувьд доод давхарын 2 цонхыг будаад бусад цонхнуудыг засварлах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би сургууль дээр ажилтай байсан тул өдрийн 12.00 цагийн орчимд явсан. Орой 17.00 цагийн орчим М гээд ажил хариуцаж байсан хүн рүү залгаад юу болж байна гэхэд доод давхарын цонхыг будаагүй байна гэсэн. Тэгэхээр нь О залгаад яагаад цонхоо будаагүй талаар асуухад М өөрөө будна гээд будгаа цоожлоод явчихсан гэхээр нь би цонх буд гэсэн 4 ахлагчийг үлдээ би өөрөө очоод будуулна гэж хэлсэн. Тэгээд 17.10 цагаас 17.30 цагийн хооронд О над руу 6 удаа залгасан байсан. Эхлээд намайг хаана явж байна гээд байсан сүүлдээ чи согтуу ирж гай болов гэсэн. Тэгээд янз бүрийн юм яриад байхаар нь би утсаар залгаад би очиж байна чи хаана байгаан гэхэд ойрхон байна гэсэн. 18.40 цагийн орчимд тэрээр эхнэрээрээ хүргүүлж ирсэн. О бууж ирээд юу гэж томроод байгаа юм гэхээр нь би хэн томорсон юм харин ажил чинь ерөөсөө хийгдээгүй байгаа юм биш үү би цонхоор орж будаг аваад будаж байна сэтгэл байвал болдог юм байна гэсэн. Тэгтэл О намайг заамдаж аваад бид хоёр хэсэг муудалцсан. Гэтэл О эхнэр ирээд бид хоёрыг боль гээд нөхрөө аваад явсан. Би сандал дээр очоод сууж байтал О хүрч ирээд намайг заамдаад дотогшоо ороод үзчихий гэсэн. Тэгээд намайг заамдаж авсан гэтэл мөн эхнэр нь ирээд болиоч өдрөөр хүн амьтан харж байхад орилж хашгираад хаашаа юм гэсэн.  Энэ асуудал ойролцоогоор 20 орчим минут үргэлжилсэн. Тэгээд намайг сандал дээр сууж байтал О хүний бөгс ухдаг пизда минь гэхээр нь би хэний бөгс ухчихсан юм гээд маргасан. Тэгээд заамдаад авахаар нь би яаж байгаа юм гэтэл миний сууж байсан модон 1 метрийн урттай сандалыг барьж аваад миний цээж хэсэг рүү цохиод хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би түүний хамрых нь хажуу талд гараараа нэг удаа цохьсон. Би О зүүн шанаа хэсэгт нэг удаа, зүүн хацарт нэг удаа л цохисон гэжээ. /хх-ийн 11/

         Хохирогч Д.О   мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би өнөөдөр ажил дээрээ Алдар спорт хорооны заалны цонхыг будах ажлыг хариуцаж албан хаагч нараар хийлгэж байсан. Тэгээд будаг шингэлэгч, багас байхгүй болохоор нь алба хаагч нараар ирэх 1 дэхийн ажлын өдөр хийлгэхээр болоод зарим алба хаагчдаа тараагаад 2 алба хаагчийгаа авч үлдсэн. Хогоо цэвэрлээд байж байтал тэргүүн ахлагч Б залгаад чи үүрэг даалгавар биелүүлсэнгүй маргааш алба хаагчдаа дуудаж хийлгүүлээрэй гэж хэлээд уурлаад байхаар нь би алба хаагч нарлуугаа залгаад маргааш ирж хийхээр боллоо гэсэн. Ингээд маргаан үүссэн. Тэгээд маргаад байж байтал тэрээр миний нүүр лүү гартаа барьсан байсан зүйлээрээ нэг удаа цохисон. Миний толгой дүүрээд газар хэвтэж байхад дээрээс дэвссэн. Намайг маш их зодсон. Бид хоёрыг манай эхнэр ирээд салгасан гэжээ.   /хх-н 5-9/       

         Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зэвсэгт хүчний дүгээр ангид ажил дээрээ байж байтал ойролцоогоор 18.30 цагийн орчимд тэргүүн ахлагч Б, ахлах дэслэгч О нар хоорондоо маргалдсан. Тэр хоёр ажлаас болж маргалдсан. Манай цэргийн ангийн штаб Алдар спортын хороо руу нүүж орсон бөгөөд уг газарт засварын ажил явагдсан юм. Тэгээд О даргыг хүмүүсээрээ ажил хийлгэсэнгүй ажлаа хийсэнгүй гэж л маргасан. Би яг цохиж байхыг нь хараагүй. Намайг цонх будаж байгаад нэг хартал О газар уначихсан атиралдаад хэвтэж байсан. О даргын хамраас цус гарсан харагдаж байсан. Тэр хоёрын хэн аль нь архи дарс хэрэглээгүй байсан гэжээ. /хх-н 12-13/

        Гэрч  Г.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид ажил дээрээ байж байтал ойролцоогоор 18.30 цагийн орчимд тэргүүн ахлагч Б, ахлах дэслэгч О нар хоорондоо маргалдсан. Би дэд ахлагч С хамт цонх будаж байтал пид пад гээд явчихсан. Тэгэхээр нь хартал О ахлах дэслэгч  хажуугаараа нүүрээ дарчихсан атиралдаад хэвтэж байсан. Тэгээд О дарга босож ирээд эхнэртээ хандаад цагдаа дууд гэсэн. Тухайн өдөр О ахлах дэслэгч Б рүү нилээн удаан үгээр идэж хэрүүл маргаан үүсгэсэн. Б 10 орчим минут тэссэн. Намайг харахад Б нэг модон раам барьчихсан зогсож байсан. Гэхдээ тэр зүйлээр цохиогүй. Би цохиж байхыг нь хараагүй. Тэр хоёр эрүүл байсан гэжээ.  /хх-н 14-15/

         Гэрч Д.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр би 17.00 цагийн орчимд нөхөр О ажлых нь гадаа хүлээж байсан. 17.30 цаг болоод гарч ирэхгүй болохоор нь би утас руу нь залгатал Алдар дээр засварын ажил хийлгэж байгаа тэргүүн ахлагч уурлаад байна та хоёр наашаа ороод ир гэсэн. Тэгээд би охиныхоо хамт Алдар дээр очоод дотогшоо орсон. Манай нөхөр шороо болчихсон хувцастай гарч ирсэн. Тэгээд манай нөхөр эргэж орж хувцасаа сольж гарч ирээд бид 3 Ж ойролцоо байдаг нэг цайны газар орсон. Хоол идэж байхад нөхрийн утас дуугараад байсан. Тэгээд намайг ажил дээр дуудаж байна намайг ажлаа хийсэнгүй нэг дэх өдөр хариуцлага тооцно гээд байна гээд эргээд ажил дээрээ очсон. Би машиндаа охинтойгоо байж байтал манай нөхөр нөгөө тэргүүн ахлагчтайгаа маргалдаад түлхэлцэж байсан. Тэгэхээр нь би очоод нөхрөө татсан чинь би юу гэж хүнд гар хүрэх бэ гэсэн. Би машиндаа очоод байж байтал нөгөө хоёр чинь барьцалдаад авсан. Би гүйж очоод нэг ахлагчийг нь энэ хоёрыг салгаад өгөөч гэхэд яахын бэ чадахгүйш дээ гэсэн. Тэгээд байж байтал манай нөхрийн нүүр лүү нөгөө тэргүүн ахлагч нь цохисон. Тэр үед манай нөхөр толгойгоо дараад газар унасан. Тэгтэл нөгөө хүн өшиглөж эхэлсэн. Мөн модон рамаар биеийн баруун хажуу хэсэг рүү нь цохисон. Тэгэхээр нь би хүүе чи болиоч ээ гэсэн. Тухайн үед тэр хоёр ажлаас болж л маргасан байх гэжээ.   /хх-н 16-17/

          Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Д овогтой Б нь миний төрсөн ах байгаа юм. Б нь 19 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Дарив суманд төрсөн. Манай ах Б бага ангидаа Ховд аймгийн Дарив сумын 8–н жилийн сургуульд сурсан.  Тэгээд Налайх дүүрэгт шилжин ирээд 1 дугаар сургуулийг төгссөн. Манай ах цэрэгт яваад улираад ахлагч болсон. Манай ах эхнэр 4 хүүхдийн хамт Н дүүргийн Г амьдардаг юм. Манай ах их элэгсэг, ах дүү нараа сайн харж ханддаг, шударга бодсоноо хэлдэг зантай,  сайн хүн байгаа юм. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй юм гэжээ. / хх-н 29/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 18/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1011299 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

1.Д.О биед хамар ясны хугарал, тархи доргилт, толгойн хуйх, гарын бугалга шуу, цээж, дал, уруул, хамарт шарх, зулгаралт, цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/

         Хохирогч Д.О эмчилгээний талаарх баримт/ хх-н 31-36/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  37-38/

         Д.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол/хх-н 55-56/

     Д.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 24-28/,

    Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 21 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 39/, ажил байдлын тодорхойлолт / хх-н 40/ оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт / хх-н 22-23/, зэрэг болно.          

           Д.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алдар спорт хорооны гадна иргэн Д.О зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

           Д.О биед хамар ясны хугарал, тархи доргилт, толгойн хуйх, гарын бугалга шуу, цээж, дал, уруул, хамарт шарх, зулгаралт, цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1011299 тоот шинжилгээний дүгнэлт  /хх-ийн 19/

        Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … маргаад байж байтал тэрээр миний нүүр лүү гартаа барьсан байсан зүйлээрээ нэг удаа цохисон. Миний толгой дүүрээд газар хэвтэж байхад дээрээс дэвссэн. Намайг маш их зодсон. Бид хоёрыг манай эхнэр ирээд салгасан гэсэн мэдүүлэг   /хх-н 5-9/       

         Гэрч А.С  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ....О даргыг хүмүүсээрээ ажил хийлгэсэнгүй ажлаа хийсэнгүй гэж л маргасан. Би яг цохиж байхыг нь хараагүй. Намайг цонх будаж байгаад нэг хартал О газар уначихсан атиралдаад хэвтэж байсан. О даргын хамраас цус гарсан харагдаж байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 12-13/

        Гэрч  Г.Г   мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … цонх будаж байтал пид пад гээд явчихсан. Тэгэхээр нь хартал О ахлах дэслэгч  хажуугаараа нүүрээ дарчихсан атиралдаад хэвтэж байсан. Тэгээд О дарга босож ирээд эхнэртээ хандаад цагдаа дууд гэсэн. Тухайн өдөр О ахлах дэслэгч Б рүү нилээн удаан үгээр идэж хэрүүл маргаан үүсгэсэн. Баянмөнх 10 орчим минут тэссэн. Намайг харахад Б нэг модон раам барьчихсан зогсож байсан. Гэхдээ тэр зүйлээр цохиогүй. Би цохиж байхыг нь хараагүй гэсэн мэдүүлэг .  /хх-н 14-15/

         Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …. манай нөхөр нөгөө тэргүүн ахлагчтайгаа маргалдаад түлхэлцэж байсан. Тэгэхээр нь би очоод нөхрөө татсан чинь би юу гэж хүнд гар хүрэх бэ гэсэн. Би машиндаа очоод байж байтал нөгөө хоёр чинь барьцалдаад авсан. Би гүйж очоод нэг ахлагчийг нь энэ хоёрыг салгаад өгөөч гэхэд яахын бэ чадахгүйш дээ гэсэн. Тэгээд байж байтал манай нөхрийн нүүр лүү нөгөө тэргүүн ахлагч нь цохисон. Тэр үед манай нөхөр толгойгоо дараад газар унасан. Тэгтэл нөгөө хүн өшиглөж эхэлсэн. Мөн модон рамаар биеийн баруун хажуу хэсэг рүү нь цохисон. Тэгэхээр нь би хүүе чи болиоч ээ гэсэн. Тухайн үед тэр хоёр ажлаас болж л маргасан байх гэсэн мэдүүлэг    /хх-н 16-17/

          Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … О бууж ирээд юу гэж томроод байгаа юм гэхээр нь би хэн томорсон юм харин ажил чинь ерөөсөө хийгдээгүй байгаа юм биш үү би цонхоор орж будаг аваад будаж байна сэтгэл байвал болдог юм байна гэсэн. Тэгтэл О намайг заамдаж аваад бид хоёр хэсэг муудалцсан. Гэтэл О эхнэр ирээд бид хоёрыг боль гээд нөхрөө аваад явсан. Би сандал дээр очоод сууж байтал О хүрч ирээд намайг заамдаад дотогшоо ороод үзчихий гэсэн. Тэгээд намайг заамдаж авсан гэтэл мөн эхнэр нь ирээд болиоч өдрөөр хүн амьтан харж байхад орилж хашгираад хаашаа юм гэсэн.  Энэ асуудал ойролцоогоор 20 орчим минут үргэлжилсэн. Тэгээд намайг сандал дээр сууж байтал О хүний бөгс ухдаг пизда минь гэхээр нь би хэний бөгс ухчихсан юм гээд маргасан. Тэгээд заамдаад авахаар нь би яаж байгаа юм гэтэл миний сууж байсан модон 1 метрийн урттай сандалыг барьж аваад миний цээж хэсэг рүү цохиод хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би түүний хамрых нь хажуу талд гараараа нэг удаа цохьсон. Би О зүүн шанаа хэсэгт нэг удаа, зүүн хацарт нэг удаа л цохисон гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Д.Б нь    Д.О даалгасан ажлыг хийгээгүй байна гэж дуудаж ирүүлээд энэ асуудлаасаа болж хоорондоо маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд Д.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт     заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Хохирогч Д.О эмчилгээний зардалыг нөхөн төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул Д.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.       

         Д.Б   нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч  гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан  зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б цагаан  овогт Д Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Б  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Б  нь торгох ялыг  3 /гурван/ сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан               Д.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Д.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН