| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2205008521935 |
| Дугаар | 2022/ДШМ/1111 |
| Огноо | 2022-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2022/ДШМ/1111
2022 11 22 2022/ДШМ/1111
Н.Ө-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Билгүүн
шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Г.Нямсүрэн,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/754 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ө-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205008521935 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө-,
2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,
2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 222 цагийн ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн,
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;
Шүүгдэгч Н.Ө- нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “И март” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн халаасанд байсан “I phone xs max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Ө- давж заалдах гомдолдоо: “...миний бие тухайн өдөр согтуурсан байх үедээ нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас хохирогчийн гар утсыг авсан бөгөөд энэ тухайгаа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар бүрэн төлж барагдуулсан. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч уучлалт хүсэж байгаа болно. Харин шүүхээс оногдуулсан ял хариуцлага нь гэм буруугийн нөхцөл байдалд тохироогүй, бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Үүнээс үзэхэд би өөрийн гэм бурууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулаагүй, хохирол болох 990.000 төгрөгийг даруй төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг анхан шатны шүүх ял оногдуулахдаа анхаараагүй, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь намайг хуульд заасны дагуу цээрлүүлэхээс гадна нийгэмд зөв хүн болж хүмүүжих, ажил хөдөлмөр хийж нийгэмших боломжийг олгоогүй гэж үзэж байна. Би өөрийгөө өмөөрөөгүй бөгөөд нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байгаа, үүнийгээ ч анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн болно. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт нийцсэн байх талаар Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан байх ба миний тухайд хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан зэрэгт дүгнэлт хийлгүй, хувийн байдлыг харгалзан ял хүндрүүлж байгаа нь миний нийгэмших, ажил хөдөлмөр хийж алдаагаа давтахгүй зөв хүн болж төлөвших боломжийг хааж Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох нь нийгэмшүүлэхээс илүү цээрлүүлэх талд хамаарч байна гэж үзэж буй тул дахин боломж олгож өгөхийг хүсэж байна. Мөн шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд зөв хүн болж төлөвшихөө илэрхийлж байгаа бөгөөд цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй болохоо илэрхийлж байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Ө-ын өмгөөлөгч Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн гэсэн байна. Шүүгдэгч Н.Ө- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 620 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Мөн тэрээр өндөр настай эмээтэйгээ амьдардаг бөгөөд Н.Ө-аас өөр харж хандах хүн байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд анхан шатны шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэх боломжтой байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс шүүгдэгчид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Уг саналыг гаргахдаа өмгөөлөгчийн дурдсан хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан, гэм буруудаа маргахгүй байгаа байдал болон өндөр настай эмээгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзаж үзсэн. Гэвч анхан шатны шүүх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч хохирол төлбөр төлж барагдуулсан, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд байдалд хамаарах хэдий ч тэрээр өмнө 4 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан бөгөөд эдгээр хэргүүд нь бүгд өмчлөх эрхийн эсрэг гэмт байсан. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Н.Ө-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Ө- нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “И март” худалдааны төвийн урд талын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Д.Д-ийн халаасанд байсан “I phone xs max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Д.Д-ын “...хичээлээ тараад гэр лүүгээ харих замдаа гар утсаа халааснаасаа алдсан. ...”И март” худалдааны төвийн камерын бичлэгийг үзэхэд намайг ТҮЦ-с гараад явж байхад нэг хүүхэд сэжигтэй дагаад миний халаас руу тонгойж гар утсыг минь авч байсан. ...” /хх 18-19/,
шүүгдэгч Н.Ө-ын яллагдагчаар өгсөн “...би хохирлын мөнгө 400.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн мөнгийг төлж барагдуулна. ...” /хх 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 31-32/, “...хохирогч Д.Даваажаргалын араас цэнхэр куртик өмссөн этгээд дагаж байв, ...баруун халаас руу нь тонгойж байв, ...дээрх сэжигтэй этгээд нь халаасны хулгайн гэмт хэргийн санд бүртгэлтэй Нямдэлгэр овогтой Ө- болохыг тогтоов...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 45/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.Ө- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Ө-ын хохирогч Д.Даваажаргалын халааснаас “I phone xs max” загварын гар утсыг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Н.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ..
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.Ө-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 41 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/754 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН