Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 159/ШШ2024/0029

 

 

 

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2023/0057/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Гүрт улам ундрам” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Түмэнзул энержи” ХХК

            Нэхэмжлэлийн шаардлага: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудыг өргөдөл шийдвэрлэгдэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй, зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй, талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж, өөрчилсөн, ийнхүү багасгаж, өөрчилсний улмаас давхцал үүсгэсэн зэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхдээ талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж хүргүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа “... Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй,

            -зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй,

            - талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж, өөрчилсөн,

            - ийнхүү багасгаж, өөрчилсний улмаас давхцал үүсгэсэн зэрэг үйлдэл болон эс үйлдэхүй гаргаж байх тул уг үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” тухай болгон тодруулжээ.  

“Гүрт улам ундрам” ХХК 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай компанийн зүгээс уг нэхэмжлэлийг урьд нь буюу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргаж байсан ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаах тухай” захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Тус шүүхийн шүүгчийн дээрх захирамжаар “...Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх шаардлагатай холбоотой асуудлыг захиргааны хэрэг үүсгэж шалгаж байгаа...” гэх байдлаар дүгнэсэн бөгөөд дээр дурдсан тус шүүхэд хянагдаж байгаа “Гүрт улам ундрам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох 1/ “Түмэнзул энержи” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/214 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах, 2/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 214 дугаартай захирамжаар “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Гүрт улам ундрам” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа билээ.

            Иймээс уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шийдвэрлүүлэх боломжгүй бөгөөд мөн маргааны үйл баримтын дарааллын хувьд тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн өөрт олгохыг даалгуулах шаардлагаас өмнө буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргахаас өмнө өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх процесс журамтай холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай юм. Энэ үндэслэлээр манай компаний зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа манай компанийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт яг энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/******* дугаартай захирамжаар “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар буюу шүүхийн харъяалал, нутаг дэвсгэрийн харъяалал зөрчсөн” гэдэг үндэслэлээр ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг маань хүлээн авахаас татгалзсан.

            Үүнийг эс зөвшөөрч манай компанийн зүгээс гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.26-ны өдрийн 221/ШТ2023/******* дугаар тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Иймээс манай компанийн зүгээс урьд нь тус шүүхэд гаргаж байгаа уг нэхэмжлэлээ дахин Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан харъяаллын дагуу гаргаж байгааг минь хүлээн авч, хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Нэхэмжлэлийн үндэслэл: Манай компани нь замын эрдэс болон барилгын түүний эд болох замаск үйлдвэрлэх талаар нэлээд судалсны эцэст Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн нутаг болох Цахир уулын гантиг чулуу нь стандарт шаардлагыг хангаж болохоор урьдчилсан төлөв гарсан тул 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хууль журамд заасны дагуу холбогдох бүх баримтыг бүрдүүлэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан.

Үүний дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ’’, 14.1 4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж тус тус заасны дагуу хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс аливаа хэлбэрээр давхцал байгаа эсэхийг тогтоолгохоор Ашигт малтмал, газрын тосны газраар хянуулж, шүүлт хийлгэхээр цахимаар хүргүүсэн байдаг.

Ийнхүү манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байсаар 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр боломжгүй гэх хариуг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/1085 тоот албан бичгээр өгсөн бөгөөд уг албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр боломжгүй дүгнэлт ирсэн талаар дурдсан боловч ямар үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газраас боломжгүй гэх хариу өгсөн талаараа хэлээгүй. Улмаар манай хүсэлт гаргаж тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбайг “Түмэнзул энержи” ХХК-нд олгосон болохыг олж мэдсэн ба Сэлэнгэ аймгийн Засаг даргын уг захирамж болон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгүүдтэй холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүчингүй болгуулахаар маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа захиргааны хэргийг хянан шийдвэрпэх ажиллагааны явцад тус шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийн санд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас манай өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр цахимаар төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхдээ хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй, манай компанийн өргөдөлд байхгүй, 168.92 гектар талбай бүхий зургийг хүргүүлж, тэр нь бусдад олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайтай 0.24 гектар талбайгаар давхацсан болохыг олж мэдлээ. Энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчиж, манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл бүхий талбай эсхүл хориглосон талбай болон түрүүлж гаргасан өргөдлийн талбайтай давхцалгүй байхад ийнхүү тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хэрнээ ийнхүү шийдвэрийг гаргахаасаа ч өмнө манай компанийн өргөдлөөс хойш цаг хугацаанд өргөдөл гаргасан өөр бусад компанид тусгай зөвшөөрөл олгогдох нөхцөл байдлуудыг бий болгож, улмаар хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна.

Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан, гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс уг өргөдлийн маань дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар хүргүүлэхдээ 168.92 гектараар хүргүүлснээс болж, давхцал үүссэн, мөн энэхүү 168.92 гектар талбайн зураг хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй, манай компаниас ийм хэмжээгээр зураг хийлгэж өгч байгаагүй бөгөөд хууль зүйн хувьд манайхаас гаргасан өргөдөл, хавсаргасан зургийн дагуу шүүлт хийлгэх ёстой байтал үүнийг зөрчиж, зөрүүтэй зураг хүргүүлсэн үйлдэл нь хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхдээ талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж хүргүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, мнай ъомпанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... Тус шүүхэд хянагдаж байгаа манай компанийн нэхэмжлэлтэй, Сэлэнга аймгийн Засаг даргад даргад холбогдох захиргааны хэрэгт дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Манай компанийн зүгээс тус шүүхэд хандаж “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхдээ талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж хүргүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүний дагуу захиргааны хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс манай компанийн гаргасан өргөдлийн дагуу зураг зүйн шүүлтийг хууль журмын дагуу хийлгээгүй ганц үйлдэл нь талбайн хэмжээг багасгасан биш, түүнээс гадна болон хууль тогтоомжийг зөрчсөн болох нь илэрхий болж байна. Иймээс нэхэмжлэгч манай компанийн зүгээс хариуцагчийн хууль бус үйлдлүүдийг нэг бүрчлэн тогтоолгох шаардлагатай гэж үзэж дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:

“1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудыг өргөдөл шийдвэрлэгдэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй,

2.зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй,

3.талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж, өөрчилсөн,

4.ийнхүү багасгаж, өөрчилсний улмаас давхцал үүсгэсэн зэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгааг хүлээн авч энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. 

Учир нь манай компани нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хууль журамд заасны дагуу холбогдох бүх баримтыг бүрдүүлэн, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн дэвтэрт бүртгэгдсэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс манай компанийн өргөдлийг хадгалж, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй, үрэгдүүлсэн болох нь тогтоогдож, шүүхийн журмаар удаа дараа үзлэг хийж, албан бичгээр шаардсан боловч ирүүлээгүй, олдоогүй тул хариуцагчийн зүгээс хууль зөрчиж, эцэслэн шийдвэрлэгдээгүй өргөдөл гаргагчийн өргөдөл болон бусад бичиг баримтуудыг үрэгдүүлсэн байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд Архивын тухай хууль /1998.01.02-ны өдрийн/-ийн 9 дүгээр зүйлийн 9.5-т “Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар аймаг, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.5.1-т “архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтан доорхи үүргийг биелүүлэн”, 22.1.2-т “баримт бичгийг найдвартай нөхцөлд хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах”,  22.1.3-т “баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн хэрэг бүрдүүлэх, албан хэрэгт хөтлөгдөх хугацаа дуусмагц зохих журмын дагуу цэгцэлж, бүрэн бүрдэлтэйгээр байгууллагын архивт шилжүүлэх”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина”, 3-т “Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө” гэж тус тус заасныг зөрчжээ.

2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна” гэж зааснаас үзэхэд авмагц буюу авсан даруйд гэж ойлгохоор, бүр нарийн зохицуулалт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байх ба энэ хуульд зааснаар бол зураг зүйн шүүлтийг төрийн захиргааны байгууллага ажлын 5 хоногт хийж, хариуг Засаг даргад өгөхөөр хуульд заасан тул түүнээс өмнө буюу өргөдөл гаргаснаас хойш 14 хоногийн дотор шүүлтийг хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй болох нь харагдаж байна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргад тусгай зөвшөөрөл олгоно”, 16.2.7-д “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах” гэж тус тус заасан тул энэ хуульд заасан хугацаанд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өргөдлийг хянан шийдвэрлэх үүрэгтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч манай компанийн дээрх өргөдлийг цахим бүртгэлд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр буюу өргөдөл өгснөөс хойш 110 хоног буюу 3 сар 20 хоногийн дараа шүүлт хийлгэхээр цахимаар хүргүүлсэн нь мөн илэрхий болсон бөгөөд ийнхүү хуулийн хугацаанд манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлээгүйн улмаас үүссэн бас нэг сөрөг үр дагавар нь манай компаниас хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “Эрдэсплазм” гэх компанийн өргөдөл манай компанийн өргөдлийн урд орж бүртгэгдэж, үүний улмаас манай компанийн өргөдөл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийн тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж заасны дагуу сүүлд ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцах нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу манай компанийн өргөдлийн дарааллыг зөрчиж, өөр компанийн өргөдлийг түрүүлж шийдвэрлүүлж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “Энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж хуульчилсан. Тэгвэл манай компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан, гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс уг өргөдлийн маань дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар хүргүүлэхдээ 168.92 гектараар хүргүүлснээс болж, давхцал үүссэн, мөн энэхүү 168.92 гектар талбайн зураг хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй, манай компаниас ийм хэмжээгээр зураг хийлгэж өгч байгаагүй бөгөөд хууль зүйн хувьд манайхаас гаргасан өргөдөл, хавсаргасан зургийн дагуу шүүлт хийлгэх ёстой байтал үүнийг зөрчиж, зөрүүтэй зураг хүргүүлсэн үйлдэл нь хууль ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна. Өөрөөр хэлбэл манай компанийн өргөдөлд дурдсан 226.22 гектар талбай нь одоо хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл олгогдсон гуравдагч этгээд “Түмэнзул энержи” ХХК-ийн 226.22 гектар талбайтай нэг сантметрийн зөрүүгүй тул хэрэв манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлтийг хийлгэсэн бол ямар ч давхцал үүсэхгүй байтал хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй 168.92 гектар гэх хэмжээгээр шүүлт хийлгэхээр хүргүүлсэн нь хуулийн ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байна.

4. Хариуцагчийн дээрх хууль зөрчсөн үйлдлийн улмаас манай өргөдөл гаргасан талбайн хэмжээг багасгаж, өөрчилсөн солбицлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийхэд бусдын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай 0.24 га талбайгаар давхцал үүсгэсэн нь манай компанийн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талбай гэх дүгнэлтийг тус төрийн захиргааны байгууллагаас гаргах нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс зураг зүйн шүүлт хийж, манай компанийн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Сэлэнгэ аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан байгаа болно. Ер нь бол аливаа иргэн, хуулийн этгээдээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахын өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын цахим сайтаар дамжуулан сул чөлөөтэй талбайг сонгон авч, зургийг солбицлоор нь ямар ч давхцалгүйгээр нэхэмжлэгч компанийн өргөдөл гаргасан талбай нь бусдын талбайтай давхцаагүй гэдгийг мэдэх бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч компани нь анх өргөдөл гаргахдаа тухайн талбайн зургийг хийлгэхэд бусдын талбайтай давхцаж байгаа эсэхийг бүрэн шалгасны үндсэн дээр ямар ч давхцалгүй 226.22 гектар талбайд өргөдөл гаргасан байтал хариуцагчийн зүгээс дээрх дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр манай компанийн өргөдөл гаргасан талбай нь анхнаасаа давхцалтай байсан мэт хуурамч нөхцөл байдлыг санаатайгаар, хууль бусаар бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны хүрээнд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг бүхэлд нь дүгнэж хэргийг шийдвэрлэх шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхийн зэрэгцээ шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчимд нийцнэ гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1, 60.1.2, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.7 дахь хэсгийг тус тус удирдлага болгон “Түмэнзул энержи” ХХК-иас ирүүлсэн холбогдох материалыг судалж, хянаад 2021 оны 5 дугаар 31-ний өдөр 02/581 тоот албан бичгээр кадастрын зураг дутуу тул буцаан хүргүүлсэн. Гэвч тус компаниас 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 21/29 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад дахин хандаж Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахир уул” нэртэй түгээмэл тархацтай газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.1-т заасны дагуу холбогдох мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 18 минутад цахимаар хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8/4576 дугаартай албан бичгээр аймгийн Засаг дарга Ш.Оргилын нэр дээр “Түмэнзул энержи” ХХК-ийн Номгон сумын нутаг дэвсгэр “Цахир уул” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000246 бүртгэлийн дугаартай 226.22 гектар талбай нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй” гэж дүгнэлт ирүүлсэн.

Аймгийн Засаг даргаас “Түмэнзул энержи” ХХК-иас ирүүлсэн хүсэлт, Ашигт малтмал, газрын тосны газраас 6/4576 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж саналыг авахаар холбогдох материалыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01/1086 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Түмэнзул энержи” ХХК-ийн гаргасан хүсэлтийг 16 дугаар хуралдаанаараар хэлэлцээд 86 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахаар дэмжсэн албан бичгийг тухайн өдөртөө үйлдэж, аймгийн Засаг дарга Ш.Оргилд ирүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг судлаад “... тухайн аж ахуйн нэгжүүдийн хүсэлт гаргасан дээрх талбайг дурдаагүй хасалт хийсэн байдлаар дэмжсэн санал ирүүлсэн байсан ...” тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг удирдлага болгон Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “Түмэнзул энержи” ХХК-иас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудалд дахин санал авахаар 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01/38 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор “Түмэнзул энержи” ХХК-нд тус сумын Номгон 3 дугаар баг “Их цахиурт” нэртэй ууланд 226.22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн саналыг ирүүлж “Түмэнзул энержи” ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2022/056 дугаартай албан бичгээр дахин аймгийн Засаг даргад хандсан тул тус компанитай холбоотой материалыг хянаж үзээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан ... энэ хуулийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэснийг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр А/214 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох ХV-43000246 дугаартай тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаагаар “Түмэнзул энержи” ХХК-нд олгосон.

2. “Гүрт улам ундрам” ХХК-ийн захирал *******гээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж тус аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахир согтуу толгойн уул” нэртэй газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хүлээн авч ирүүлсэн материалыг хянаж мөн Ашигт малтмал газрын тосны газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 8/4571 тоот дүгнэлт хүргүүлэх тухай “Гүрт улам ундрам” ХХК-ийн “Цахир уул” нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан шаардлагыг хангаагүй байсан тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 01/1085, мөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/1414 дугаартай албан бичгээр тус тус хариуг өгсөн. Иймд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/214 дугаартай “Түмэнзул энержи” ХХК-нд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “Түмэнзул энержи” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зурагзүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхдээ талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж хүргүүлсэн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу зурагзүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай “Түмэнзул энержи” ХХК нь 2015 оноос эхлэн барилгын материалын хуурай хольц болох “Супер888” брэндийн плитаны цавуу, дотор гадар хар, цагаан замаскыг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, барилгын салбарт 6 дахь жилдээ амжилттай ажиллаж 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж улс эх орныхоо хөгжил дэвшил, тэр дундаа барилгын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Манай компани нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/214 дугаар захирамжаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 874516 тоот албан бичиг, Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тогтоол, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлийн дагуу Сэлэнгэ аймаг, Сайхан сум “Цахиурт-1” нэртэй 226.22 га газарт манай “Түмэнзул энержи” ХХК-нд хайгуулын XV-43000246 дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон болно.

Гэтэл “Гүрт улам ундрам” ХХК манай компанид олгосон тусгай зөвшөөрөл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/214 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны харгийн анхан шатны шүүхэд гаргасан мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот дүгнэлттэй холбогдуулан хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот дүгнэлттэй холбогдуулан хүчингүй болгуулах хэрэг маргаан нь шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тус хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа бөгөөд “Гүрт улам ундрам” ХХК-иас 1 жил гаруй хугацаанд хэргийг удаашруулж шүүх хурлдыг хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа болно. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэхийн тулд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн хариуцсан ажилтны компьютерт үзлэг хийхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Гүрт улам ундрам” ХХК-ийн өргөдөлд зурагзүйн шүүлт хийж үзэхэд “Боржин майнинг” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ХА-43000156 “Эрдэс плазм” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХА-43000244 дугаартай өргөдлийн талбайтай давхцал үүссэн нь хөдлөхгүй баримтаар тогтоогдсон.

Мөн “Гүрт улам ундрам” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан гэдэг боловч тус баримт нэхэмжлэгчид өөрт нь болон төрийн байгууллагад огт байдаггүй. Нийслэл болон Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримты шаардлага хангахгүй шүүхэд өгсөн баримт нь Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл байх ба Дархан-Уул аймгийн төрийн санд элс, хайрганы зөвшөөрөл хүссэн өргөдөлд тушаасан баримтыг хавсаргаж шүүхийг төөрөгдүүлж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т засны дагуу “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргаж өгсөн баримтуудыг өргөдөл шийдвэрлэгдэж холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй, зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй, талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж өөрчилсөн, ийнхүү багасгаж өөрчилсний улмаас давхцал үүсгэсэн зэрэг үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компаний өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг даалгах шаардлага шүүхэд гаргажээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, захиргааны байгууллагын архив, мэргэжилтний өрөөнд баримт бичгийн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус үнэлээд нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            1. Нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахир уул” нэртэй газарт 226.22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргажээ[1]. Мөн нэхэмжлэгч нь тухайн үед дээрх өргөдлийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр “Цахиур согтуу толгой” нэртэй газарт 112.12 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар захиргааны байгууллага болон шүүхэд ямар нэг маргаан үүсгээгүй байна[2].

            2. Нэхэмжлэгчийн дээрх “Цахир уул” нэртэй газарт байрлах 226.22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2020 оны 03 дүгээр сарын 11-ны өдөр программд бүртгэхдээ талбайн хэмжээг 168.22 га гэж бүртгэсэн бол “Цахиур согтуу толгой” нэртэй газарт байрлах 112.12 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 11 дугаар сарын 27-ний өдөр программд бүртгэхдээ талбайн хэмжээг 112.22 га хэмжээтэйгээр тус тус бүртгэжээ[3].

            3. Нэхэмжлэгчийн “Цахир уул” нэртэй газарт байрлах талбайн хэмжээг 226.22 га талбайгаар биш 168.92 га талбай болгон өөрчилж, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр программд бүртгэсний дараа төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас урьдчилан шалгаж баталгаажуулан[4], 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зураг зүйн шүүлт хийж[5], 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын 8/4571 тоот албан бичиг  болон программд нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-нд “Цахир уул” нэртэй газарт 168.92 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргаар дамжуулан хүргүүлжээ[6].

            4. Шүүхийн шийдвэрт дээрх захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу “Гүрт улам ундрам” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цахир уул” нэртэй газарт 226.22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот дүгнэлт гарах хүртэлх хугацааны үйл баримтуудад дүгнэлт хийлээ.

            5. Шүүхээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс болон Засаг даргын Тамгын газрын архивт хийсэн бичиг баримтын үзлэгээр нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цахир уул” нэртэй газарт 226.22 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргаж өгсөн баримт эх хувиараа, мөн тэдгээрийг бүртгэсэн өргөдөл бүртгэх дэвтэр олдоогүй бөгөөд энэ талаар хариуцагч тал ямар нэг тайлбар хэлээгүй бөгөөд шүүхээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон холбогдох хэлтэс, Засаг даргын Тамгын газрын архивт удаа дараа албан бичгээр уг баримтыг шүүхэд ирүүлэхийг шаардсан боловч шүүж үзээд олдоогүй талаар хариуг албан бичгээр шүүхэд ирүүлжээ.

            6. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтөд тухайн байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцыг баримтжуулж, баримт бичгийг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, илгээх, хянан шийдвэгрлэх, ашиглах, хадгалах, архивт шилжүүлэх хүртэлх үйл ажиллагааг хамруулна” 35 дугаар зүйлийн 35.1-д “Байгууллагын удирдлага албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах ... баримт бичгийг заавар, журам, стандартын дагуу зохион бүрдүүлж хөтлөх тэдгээрийг хадгалах, ашиглах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавина” 35.4-т “Байгууллагын ажилтан албан хэрэг хөтлөлтийн талаар дараах үүрэг хүлээнэ”, 35.4.3-т “баримт бичгийн эмх цэгц, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах”, 35.4.7-д “баримт бичгийг байгууллагын архивт бүрэн бүрдэлтэй шилжүүлэх” гэж зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг хүлээн авах, бүртгэх, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас “Гүрт улам ундрам” ХХК-ийн өргөдөл, түүнд хавсаргасан эх баримт үрэгдсэн, Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн нь нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч, өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компанийн өргөдөл, түүнд хавсаргасан эх баримтыг бүрэн бүтэн хадгалах, аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс эх баримтыг үрэгдүүлсэн, нэхэмжлэгчийн өргөдөл эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн тохиолдолд нэхэмжлэгч компанийн өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг байгууллагын архивт бүрэн шилжүүлээгүй буруутай гэж дүгнэхээр байна.

            7. Мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-нд гаргасан өргөдлийг цахим бүртгэлд өргөдөл гаргаснаас хойш 110 хоногийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж, төрийн захиргааны байгууллагад давхцалтай эсэхийг шүүлгэхээр хүргүүлсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн, өргөдлийг шийдвэрлэлгүй хугацаа хэтрүүлсэн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн  байх үндэслэлтэй байна.

            8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана” 14 дүгээр зүйлийн 14.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна”, 14.1.1-т “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 14.1.3-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн холбогдох мэргэжилтэн нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч Засаг даргын Тамгын газрын ирсэн бичигт бүртгэсэн боловч тухай хэлтсийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх дэвтэрт бүртгээгүй бүртгэсэн тухай тодорхойлолтыг өргөдөл гаргагчид өгөөгүй, “Гүрт улам ундрам” ХХК-ний өргөдлийг анх гаргаснаас хойш 110 хоногийн дараа бүртгэж анхан шатны шүүлт хийж төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            9. Тухайлбал шүүхээс Засаг даргын Тамгын газрын ирсэн бичиг болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн өргөдөл бүртгэх программд хийсэн үзлэгээр “Гүрт улам ундрам” ХХК-ийн өргөдлийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус хэлтсийн мэргэжилтэн Я.Мөрөн хүлээн авсан талаар он, сар, өдөр, гарын үсэг зурагдсан. Мөн программд хийсэн үзлэгээр өргөдлийг хугацаанд нь бүртгэж шийдвэрлээгүй, өргөдөл, түүнд хавсаргасан баримтад дурдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хэмжээ болон солбилцлыг дур мэдэн өөрчилсөн, энэ талаарх зайлшгүй шаардлагатай нэхэмжлэгч компаний эх баримт болох өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг үрэгдүүлсэн хууль бус үйлдэл гаргасан гэж дүгнэхээр байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг “Цахир уул”  нэртэй газарт 226.22 га талбай бүхий “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийг[7] гаргаж өгсөн нь хариуцагчийн зүгээс талбайн хэмжээг багасгаж 168.92 га болгож өөрчилсөн байх боломжтой байна.

            10. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд анх баталгаажсан баримт бичгийн хэлбэр /цаашид баримт бичгийн эх хувь гэх/-ийг баримтална” гэж зааснаар хэдийгээр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн программд “Гүрт улам ундрам” ХХК-ийн “Цахир уул” нэртэй газрын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хэмжээ 168.92 гэж бүртгэгдсэн боловч үрэгдүүлсэн эх баримт болон нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн өргөдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар талбайн хэмжээ 226.22 га талбай байх боломжтой бөгөөд дээрх хуулийн заалтаар  программд бүртгэсэн болон эх хувиуд зөрүүтэй байгаа тохиолдолд эх хувийг баримтлахаар хуульд зохицуулсан байх тул талбайн хэмжээг багасгаж өөрчилсөн нь хариуцагчийн хууль бус үйлдэл бөгөөд нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.3, 14.1.4, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.4.3, 35.4.7, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гүрт улам ундрам” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, “Цахир уул” нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудыг өргөдөл шийдвэрлэгдэж, холбогдох шийдвэр гарах хүртэл хугацаанд хадгалах үүргээ биелүүлээгүй, зураг зүйн шүүлт хийлгэхээр хууль тогтоомжид заасан хугацаанд хүргүүлээгүй, талбайн хэмжээг 168.92 га талбай болгон багасгаж, өөрчилсөн, ийнхүү багасгаж, өөрчилсний улмаас давхцал үүсгэсэн зэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, манай компанийн өргөдлийн дагуу зураг зүйн шүүлт хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 108-110 дугаар тал Үзлэгийн тэмдэглэл,

Хавтаст хэргийн 111-113 дугаар тал Ирсэн бичгийн бүртгэл

[2] Хавтаст хэргийн 158 дугаар тал Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлт

[3] Хавтаст хэргийн 116 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 121 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 122, 163 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 123, 161 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 146 дугаар тал Нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь