Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:  А.Болор

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Р овогт Р Э  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэүүлэх саналтай ирүүлсэн 1706012540102  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р овогт Р Э,  19  оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Увс  аймгийн Улаангом суманд  төрсөн,  настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, автомеханик  мэргэжилтэй, Нарлаг-Өргөө хотхоны гараашийн харуул ажилтай, ам бүл 3,  хоёр охины хамт Хан-уул дүүргийн  дугаар р хороо Тайны  тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ТИ68041317,

Холбогдсон хэргийн талаар:

       Р.Э нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо Нарлаг Өргөө, Трү-Эль  хотхоны орчимд Б.З маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч   Р.Э   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   Шүүгдэгч  Р.Э   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ:  2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би Н хотхонд гражид харуулын үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 2017.08.17-ны 03.00 цагийн үед граж дотор үл таних хүн явж байхаар нь би чи юу хийж яваа юм бэ гэхэд нөгөө хүн би танай гражид 30.0 гаруй сая төгрөгөөр граж худалдаж авсан би 722 дугаар байранд байдаг найзыхруугаа ормоор байна гэхээр нь би яг хэдэн давхарын айл юм гэхэд би ТРУ-Л хотхоны харуул хамгаалалтын дарга байна гэхээр нь би чи одоо энд хамаагүй явж болохгүй гэсэн. Тэгээд би уг хүнийг ТРУ-Л хотхоны харуул хамгаалалтын байран дээр аваачсан. Тэгтэл нөгөө хүн камер дээр сууж байсан эмэгтэйд хандаад харуул хамгаалалтын бусад ажилчдыг дууд энүүнийг зодно гээд надтай маргалдсан. Би хэсэг байж байгаад яваад өгсөн. Удалгүй нөгөө камер дээр байсан эмэгтэй ирээд би цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би надтай хамт гардаг хамгаалагчдаа хэлээд буцаад ТРУ-Л хотхон руу очсон. Гэтэл нөгөө согтуу хүн чинь нөгөөх чинь энэ байна зод гэсэн. Тэдний хамгаалагч нар над руу дайраагүй намайг зодоогүй. Харин нөгөө согтуу эрэгтэй чинь надруу дайраад надтай зууралдаад миний подволкноос заамдаад намайг боосон. Миний духны гол хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө хүнийг өргөөд газар унагаасан. Бид хоёрыг хамгаалагч нар салгасан. Удалгүй цагдаа ирээд намайг барьж авч явсан. Намайг гражид анх зодох гээд байхаар нь би тэр хүнийг цээж рүү нь 2 гараараа нэг удаа түлхсэн. Тру-Л гражид намайг заамдаад авахаар нь би өргөөд газар унагаасан. Өөрөөр ямар нэгэн зодоон болоогүй гэв. /хх-ийн 8/

         Хохирогч Б.З  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 03-04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг өргөө хотхонд найз Э гэрт очоод гараад эргээд орох гэтэл кодыг нь мэдэхгүй болохоор граж руу орсон. Тэгтэл хамгаалагч нь болох 45-50 орчим насны эрэгтэй хүн согтуу бас нэг хүний хамт ирээд маргалдаад намайг нэг цохиж авсан. Тэгээд би тэндээс зугтаагаад Тру-Л хотхоны хамгаалагч руу очиж туслаач гэж орилход нөгөө эрэгтэй миний араас ирээд намайг боож унагаад шатнаас түлхэж унагаасан. Удалгүй цагдаа ирсэн. Миний зүүн гарын эрхий хуруу тулсан, толгой өвдөж, дотор муухайрч байна. Уруул язарсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний эд зүйлийг алга хийсэн байсан гэжээ.    /хх-н 5-6, 30-31/

        Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай аав Э 19 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Манай аав эцэг эхээс 9-үүлээ ах дүүс нь бүгд байгаа. Миний аав сэтгэл сайтай, тусархаг, уур уцааргүй хүн байгаа юм. Манай аав архийг хааяа л хэрэглэдэг юм. Дүү бид хоёрын төлөө л амьдарч байгаа хүн. Манай ээж 8 жилийн өмнө нас барсан юм. Түүнээс хойш дүү бид хоёрт байнга тусалж яваа. Би аавыгаа хүнтэй маргалдаж ямар нэгэн асуудал гаргаж байгааг мэдэхгүй юм байна гэжээ.  /хх-н 10-11/

        Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 9.00 цагаас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагийн хооронд би Нарлаг Өргөө хотхоны камерын харуулын үүрэг гүйцэтгэсэн. 2017 оны 8 дугаар сарын 17-ны 02-03 цагийн хооронд камер харж байхад граж руу гаднаас нэг хүн орсон. Тэгээд камер харж байхад 722 дугаар граж руу орох гэж байгаад буцаад гарсан. Тэгээд граж дотор явж байхаар нь доошоо буугаад доод гражын харуул Р.Э доор хүн яваад байна гэж хэлсэн. Тэгээд Э миний урд яваад би араас нь дагаад уг хүн дээр очиход Э та хэн бэ гэхэд тэр хүн би энэ гражид 30 сая төгрөгөөр граж авсан хүн байна чи юу юм бэ гэсэн. Тэгтэл Э таныг энэ гражид хараагүй хүн байна та эндээс яв гэхэд би граж худалдаж авсан учраас машинаа тавимаар байна гэсэн. Гэтэл Э та эндхийн хүн биш байна эндээс гар гээд түлхээд гаргасан. Тэр хоёр том том дуугараад байсан. Би араас нь гараад иртэл тэр хоёр ноцолдож байсан. Намайг очиход нөгөө согтуу хүн шат руу унаад босож байсан. Би Э аваад явах гэтэл нөгөө согтуу хүн миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд намайг чи хэн юм бэ гээд байхаар нь би хамт ажилладаг харуул байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Э уг согтуу хүнийг зодоогүй зүгээр л заамдаад гражаас гаргасан. Э бага зэргийн согтуу байсан би эрүүл байсан. Би ТРУ-Л граж руу ороогүй. Э араас гарахад ТРУ-Л хотхоны гадаа шатны хажууд тэр хүнтэй Э ноцолдоод шат руу унаж байсан гэжээ.  /хх-н 12-14/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 15/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10506 тоот Дүгнэлтэд:

1.Б.З биед тархи доргилт, баруун бугалга, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн тал, баруун шанаа, ууц, баруун тохойд зулгаралт, доод уруулд шарх, цус хуралт, үүдэн дээд баруун 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  /хх-ийн 17/

Толгойн котпьютер томографийн шинжилгээнд: тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэжээ. / хх-н 18/

Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 20/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10511 тоот  Дүгнэлтэд:

1.Р.Э биед дух, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэжээ.  /хх-ийн 22/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 32-33/

          Р.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34-35/

    Р.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, /хх-н 36-37/

    Р.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 38/,  шийтгэгдсэн тогтоолын хуулбарууд /хх-н 51-61/ оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н24/, Нарлаг-Өргөө-5 СӨХ-ийн тодорхойлолт /хх-н 27/ зэрэг болно.          

       Р.Э нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо Нарлаг Өргөө, Трү-Эль  хотхоны орчимд Б.З  гараашид явж байхад нь гарах шаардлага тавьсан асуудлаас болж маргалдан улмаар түүнийг барьж аван дээш өргөж унагасанаас Б.З биед тархи доргилт, баруун бугалга, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн тал, баруун шанаа, ууц, баруун тохойд зулгаралт, доод уруулд шарх, цус хуралт, үүдэн дээд баруун 1-р шүдний паалангийн эмтрэл бүхий   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

       Б.З  биед . тархи доргилт, баруун бугалга, баруун сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн тал, баруун шанаа, ууц, баруун тохойд зулгаралт, доод уруулд шарх, цус хуралт, үүдэн дээд баруун 1-р шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10511 тоот шинжилгээний дүгнэлт /хх-н 22/

          Хохирогч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … кодыг нь мэдэхгүй болохоор граж руу орсон. Тэгтэл хамгаалагч нь болох 45-50 орчим насны эрэгтэй хүн согтуу бас нэг хүний хамт ирээд маргалдаад намайг нэг цохиж авсан. Тэгээд би тэндээс зугтаагаад Тру-Л хотхоны хамгаалагч руу очиж туслаач гэж орилход нөгөө эрэгтэй миний араас ирээд намайг боож унагаад шатнаас түлхэж унагаасан. Удалгүй цагдаа ирсэн. Миний зүүн гарын эрхий хуруу тулсан, толгой өвдөж, дотор муухайрч байна. Уруул язарсан гэсэн мэдүүлэг

        Шүүгдэгч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … граж дотор үл таних хүн явж байхаар нь би чи юу хийж яваа юм бэ гэхэд нөгөө хүн би танай гражид 30.0 гаруй сая төгрөгөөр граж худалдаж авсан би 722 дугаар байранд байдаг найзыхруугаа ормоор байна гэхээр нь би яг хэдэн давхарын айл юм гэхэд би ТРУ-Л хотхоны харуул хамгаалалтын дарга байна гэхээр нь би чи одоо энд хамаагүй явж болохгүй гэсэн. Тэгээд би уг хүнийг ТРУ-Л хотхоны харуул хамгаалалтын байран дээр аваачсан. Тэгтэл нөгөө хүн камер дээр сууж байсан эмэгтэйд хандаад харуул хамгаалалтын бусад ажилчдыг дууд энүүнийг зодно гээд надтай маргалдсан. Би хэсэг байж байгаад яваад өгсөн. Удалгүй нөгөө камер дээр байсан эмэгтэй ирээд би цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би надтай хамт гардаг хамгаалагчдаа хэлээд буцаад ТРУ-Л хотхон руу очсон. Гэтэл нөгөө согтуу хүн чинь нөгөөх чинь энэ байна зод гэсэн. Тэдний хамгаалагч нар над руу дайраагүй намайг зодоогүй. Харин нөгөө согтуу эрэгтэй чинь надруу дайраад надтай зууралдаад миний подволкноос заамдаад намайг боосон. Миний духны гол хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би нөгөө хүнийг өргөөд газар унагаасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Р.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Р.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

       Хохирогч Б.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэл гаргаагүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Р.Э нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

      Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Р овогт Р Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Э  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар              Р.Э  нь торгох ялыг  3 /гурван/ сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан                      Р.Э нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.  Р.Э   нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   Р.Э  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Р.Э нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Р.Э авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН