Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/1112

 

 

 

 

 

2022                11            22                                      2022/ДШМ/1112                                 

 

Ц.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Очирсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2260 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр Ц.Л-д холбогдох 2208021971485 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л-,

 

Ц.Л- нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 18 дугаар байрны орчим иргэн Н.А-ыг явж байхад нь “утсаар чинь facebook орчихоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч гар утсыг авч, түүнд дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа ууж, түүнийг бусадтай маргалдан “миний савхин куртик, тортой углаашийг барьж байгаач” гэж хэлэхэд нь түүнд итгэл төрүүлэн савхин куртикийг нь өмсөж, гар утсаар нь facebook орж, сандал дээр сууж байгаа байдлаар дүр эсгэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, цааш явахад нь “I phone 12 pro mах” загварын гар утас, савхин куртик, 2 хос углааш зэрэг 3,049,800 төгрөгийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” хэмээн хууль тогтоогч албан тушаалаар нь нэрлэн зааж үүрэг болгосон байдаг. Шүүхээс энэ хэргийн тухайд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэв. Залилах гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгарах гол онцлог нь нэг талаас, хохирогч өөрийн өмч хөрөнгө, түүний эрхийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр, тодорхой болзол нөхцөлтэйгөөр гэмт этгээдэд шилжүүлэн өгч явуулдаг, нөгөө талаас, гэмт этгээд хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хохирогчийн өмч хөрөнгө, түүний эрхийг өөрийн мэдэлд бүрэн шилжүүлэн авдагт оршино. Харин хохирогч өөрийн хөрөнгийг өөрийн хяналт дор бусдад түр ашиглуулж, үзүүлж сонирхуулж байгааг өмч хөрөнгө, түүний эрхээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн гэж үзэхгүй. Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн мэдэлд байгаа, эсхүл түүний хамгаалалтад байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар хохирогч эсхүл бусад хүмүүсийн нүдэн дээр харсаар, үзсээр байтал шунахай сэдлээр, шууд санаатайгаар, зөвшөөрөлгүй авч явсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг. Хохирогчийн анхаарал түр сарниж, хяналт алдсан үед гэмт этгээд эд хөрөнгийг авч алга болсныг нууц далд аргаар гэж үзэхгүй. Учир нь, бодит байдал дээр хохирогчид хэн эд зүйлсийг нь авч явсан нь илэрхий байдаг бөгөөд цаг хугацааны хоромхон зуурын боломжийг ашиглан гэмт этгээд зугтаасан байдаг тул хулгайлах гэмт хэргээс мөн ялгаатай. Түүнчлэн, гэмт этгээд хохирогчид хүч хэрэглэхгүйгээр эд зүйлсийг нь авч явахын тулд худал хэлснийг хохирогчийг залилсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн цаг мөчид гэмт этгээдийн зөвшөөрөлгүй авч явсан эд зүйлс нь үнэн хэрэгтээ хохирогчийн мэдлээс гараагүй, хохирогчид эд хөрөнгөө гэмт этгээдэд өгч явуулах, шилжүүлэн өгөх хүсэл зориг бий болоогүй байдаг нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг залилах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл, хохирогч өөрийн эд хөрөнгийг авч явахыг гэмт этгээдэд зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрөөгүй байсан эсэх нь тухайн халдлагын зүйл хохирогчийн мэдэлд хэвээр байсан уу, эсхүл хохирогч хөрөнгөө бусдад сайн дураараа шилжүүлэн өгсөн үү гэдгийг ялган дүгнэхэд чухал ач холбогдолтой. Энэ хэргийн тухайд, яллагдагч Ц.Л- нь хохирогчид “гар утсыг чинь түр ашиглаад, facebook орчихоод өгье” гэж хэлээд гар утсыг нь авч, ашиглаж байгаад хохирогчийг түр холдох хооронд нь гар утсыг зөвшөөрөлгүй авч явсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн алиных нь шинжийг хангаж байгааг бүрэн бодит тогтоосны үндсэн дээр прокурор хууль зүйн дүгнэлт өгч, зүйлчлэл хийх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Иймд яллагдагч Ц.Л-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэр үндэслэлгүй, тогтоолд дурдсан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь гэм буруутай этгээд эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчийг үгээр буюу үйлдлээр хуурч, итгэл үнэмшил төрүүлж итгэлийг урвуулан ашиглах, бодит байдлыг нуух буюу үнэн байдлыг гуйвуулах, төөрөгдүүлснээр хохирогч тухайн эд хөрөнгийг сайн дураар шилжүүлэн өгснөөр илэрдэг.

Харин “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байдаг бол “дээрэмдэх” буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг түүнийг эзэмшиж, харж хамгаалж байгаа этгээдийг мэдсээр, харсаар байхад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр шунахай зорилгоор авдаг хууль бус үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч, тэр даруйдаа хохирогчоос зайлсхийсэн шинжтэй байдаг. Хэргийн үйл баримтыг дүгнэвэл гэм буруутай этгээд буюу Ц.Л-, хохирогч Н.А- нар нь найз нөхдийн харилцаагүй бөгөөд гэмт хэрэг гардаг өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 12-ны өглөө хохирогчийг таксинаас буугаад гэртээ харихаар явж байхад нь Ц.Л- ирж “Уучлаарай, утсаар чинь фейсбүүк орчихоод өгье, би утасгүй болчихлоо" гэж хохирогчид хандан хэлснээр хохирогч Н.А- нь “CU түргэн хоолны сүлжээ дэлгүүр орох хүртэл миний гар утсаар facebook орчихоод өгөхгүй юу” гэж өөрийн “I phone 12 pro mах” загварын гар утсаа тухайн залууд итгэж өгсөн байдаг. Ц.Л- нь гар утсаар нь facebook орж байгаа мэт дүр эсгэн итгэл төрүүлж хохирогчийг дэлгүүр ороход нь хамт яван үүдэнд хүлээх, пиво хамт уух, тооцоог нь хийх зэргээр итгэл төрүүлэн, улмаар хохирогч Н.А- нь гадуураа өмсөж байсан савхин куртик, углаашаа Ц.Л-д үлдээж согтуу хүмүүстэй маргалдах хооронд хохирогчоос авсан гар утас болон хувцсыг авч яван, хувцсыг сааданд орхиж, гар утсыг нь бусдад зарж борлуулан өөртөө ашигласан үйлдлээрээ залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Ц.Л-гийн үйлдэлд хохирогчийн эд хөрөнгийг нууц, далд сэм аргаар авсан, хохирогчийг харсаар байхад нь эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогчоос тэр даруйдаа зугтан зайлсхийсэн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд харин хохирогчийн зүгээс өөрийн эзэмшлийн эд зүйлээ гэм буруутай этгээдэд итгэн өөрөө шилжүүлэн өгснөөрөө залилах гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн аль алиных шинж байхгүй болно. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон хэдий ч мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчилнө гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн холбогдох хэсэг үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийлгүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Прокуророос Ц.Л-г хохирогч Н.А-ы “I phone 12 pro mах” загварын гар утас, савхин куртик, 2 хос углааш зэрэг эд хөрөнгийг залилан авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “...Ц.Л-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн алиных нь шинжийг хангаж байгааг эсэхийг тогтоож, хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. ...” гэж хэргийг прокурорт буцаасан байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан хохирогч Н.А- /хх 25-26/ болон Ц.Л-гийн яллагдагчаар /хх 47-48/ өгсөн мэдүүлгээс үзэхэд, Ц.Л- нь хохирогчоос “утсаар чинь facebook орчихоод өгье, утасгүй болчихлоо” гэж гар утсыг нь гуйж авсан, хохирогч түүнд гар утсаа өгч ашиглуулсан ба тэдгээрийн хооронд тодорхой хугацаанд харилцаа үүсэж дэлгүүрээс пиво авч хамт уусан, үүний дараагаар хохирогч бусадтай маргалдахдаа Ц.Л-д өөрийн эд зүйлсийг харж байхыг гуйж, захиж үлдээгээд явсан хойгуур нь Ц.Л- эд зүйлсийг нь аваад явсан нөхцөл байдал байна.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, гар утас авсан үйлдлийн санаа зорилго, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгааг үгүйсгэхгүй боловч дараах нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин углааш, куртик зэргийг хохирогч өөрийн санаачилгаар түр харж байхыг Ц.Л-д захиж үлдээгээд явсан хойгуур авч явсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх, өөр өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхийг шалгаж тогтоох /итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинж байгаа эсэх/, гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго хэдийд үүссэн болох, энэхүү харилцаа бий болох болсон шалтгаан нөхцөлийг шалгаж, үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.

 

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлийг өөрчлөн хэвээр үлдээж, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2260 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН