Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 159/ШШ2024/0030

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “Хүдэртэйн буян” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн  Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 0049019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч, хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...   *******, нөгөө талаас хариуцагч Сэлэнгэ аймгийн  Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нар харилцан тохиролцсоны үндсэнд дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч тал, хариуцагчийн “Хүдэртэйн буян” ХХК-нд мод бэлтгэлийн талбай цэвэрлэж, хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэлээр ногдуулсан 3.000.000 төгрөг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлбөрийг хийж гүйцэтгэхээр тохиролцов. Иймээс нэхэмжлэгч, хариуцагч талын эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Хэрэв гэрээг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болно.” гээд гомдол гаргагч, хариуцагч нар гарын үсгээ зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Хүдэртэйн буян” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн  Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 0049019 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гомдол гаргагч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн гомдол гаргагч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн гомдол гаргагч “Хүдэртэйн буян” ХХК нь Сэлэнгэ аймгийн  Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан дээрх гомдлын шаардлагаар дахин гомдол гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Хүдэртэйн буян” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн  Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гомдол гаргагч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч “Хүдэртэйн буян” ХХК нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР