Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:  Г.Номин

улсын яллагч:  Х.Ням-Эрдэнэ

шүүгдэгчийн  өмгөөлөгч : Д.Саранчимэг

хохирогч: П.О

шүүгдэгч: Ч.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасан гэмт хэрэгт Г овогт Ч Ч холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201725012273 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Ч Ч,  197  оны 12 дугаар сарын 11-ний өдөр  Улаанбаатар  хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,  нимгэн төмөрчин  мэргэжилтэй, Торгон занги харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай,  ам бүл 4, эхнэр,  2 охины  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо   тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ЧЙ73121113,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Ч.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуун овооны амины орон сууцны 1-17 тоотод эхнэр П.О хэл амаар доромжилж догшин авирлан амгалан тайван байдлыг байнга алдагдуулсан, мөн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.О хэл амаар доромжилж догшин авирлан амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Ч.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

    Хохирогч П.О   шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Миний хувьд би энэ хүнээс тусдаа амьдарч байгаа. Бид нарыг байхгүйд амьдрах гэж байгааг нь ойлгож байна. Одоо гомдол саналгүй, сүүлийн үед архи уухгүй болсон байна лээ. Ер нь бол эрүүл үедээ үр хүүхдэдээ халамжтай, маргаанд миний буруу ч  байсан. Нэг удаа асуудал гаргасан, өөрөө бол өчнөөн асуудал гаргаж байсан. Хэргийг зөвөөр шийдэж өгнө үү гэв.

          Шүүгдэгч  Ч.Ч    мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр эхнэртэйгээ хамт хүнсний зүйл цуглуулахаар дэлгүүр орсон. Дэлгүүрээс гурил аваад бариад явж байтал уут нь задраад гурил асгарсан гэтэл манай эхнэр намайг арчаагүй гээд үглээд байхаар нь би урд нь ороод яваад өгсөн. Миний араас үглээд л яваад байсан тэгээд гэртээ ирээд би түүний авч өгсөн 1 литрийн савтай пивийг уугаад сууж байтал цагдаа ороод ирсэн. Намайг эхнэрээ хэл амаар доромжилж дарамталсан гэж эрүүлжүүлсэн. Манай эхнэр 2016 оноос хойш намайг жоохон архи уухаар л цагдаа дууддаг болсон. Би эхнэрээ ерөөсөө зодоогүй. Бид хоёр охинтой гэжээ. /хх-ийн 19/

           Хохирогч  П.О  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Ч намайг ажлаас ирэх болгонд архи уучихсан байж байдаг юм. Зүгээр сууж байснаа намайг гэнэт цохидог. 2017 оны 8 дугаар сарын 1-ны орой 19.00 цагийн орчимд нөхрийн хамт дэлгүүр орсон. Дэлгүүр дотор явж байхдаа намайг цохиж, үснээс зулгааж цохисон. Тэгэхээр нь би охин У руу залгаад цагдаад хэл аав чинь намайг зодоод байна гэсэн. Ч намайг гэмтэл учруулахгүйгээр байнга зоддог. Дэлгүүр дотор явж байхдаа намайг янхан гээд орилж доромжилсон. Дандаа гараараа алгадаж цохидог. Тэр нь маш их өвтгөдөг. Бид хоёр 20 орчим жил амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаа байгаа. Дэлгүүр дотор бид хоёр хоёулахнаа байсан. Бид хоёрыг харсан хүн байхгүй. Дэлгүүр дотор гурил тэвэрч явж байгаад уурлаад гурилаа шидчихсэн чинь гурил нь асгарсан. Тэгээд үүнээс болж маргалдсан. Дэлгүүрээс гарч ирээд миний гар луу цохиод байсан. Гэртээ ирээд пиво уучихаад янз бүрээр хэл амаар доромжлоод пиво авч өг гээд байхаар нь би цагдаа дуудсан гэжээ.    /хх-н 4-6, 23-25/

          Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 20/

          Ч.Ч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85/

    Ч.Ч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26, 39-43/, /хх-н 69-71,82-84/

    Ч.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 30/, хувийн байдлын талаарх баримтууд  /хх-н 21-27/ оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 58/ зэрэг болно.          

         Ч.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Бөянзүрх дүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуун овооны амины орон сууцны 1-17 тоотод эхнэр П.О хэл амаар доромжилж догшин авирлан амгалан тайван байдлыг байнга алдагдуулсан мөн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.О хэл амаар доромжилж догшин авирлан амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн   хохирогч  П.О   мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … Манай нөхөр Ч намайг ажлаас ирэх болгонд архи уучихсан байж байдаг юм. Зүгээр сууж байснаа намайг гэнэт цохидог. 2017 оны 8 дугаар сарын 1-ны орой 19.00 цагийн орчимд нөхрийн хамт дэлгүүр орсон. Дэлгүүр дотор явж байхдаа намайг цохиж, үснээс зулгааж цохисон. Тэгэхээр нь би охин Уранзаяа руу залгаад цагдаад хэл аав чинь намайг зодоод байна гэсэн. Чинзориг намайг гэмтэл учруулахгүйгээр байнга зоддог. Дэлгүүр дотор явж байхдаа намайг янхан гээд орилж доромжилсон. Дандаа гараараа алгадаж цохидог. Тэр нь маш их өвтгөдөг. Бид хоёр 20 орчим жил амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаа байгаа. Дэлгүүр дотор бид хоёр хоёулахнаа байсан. Бид хоёрыг харсан хүн байхгүй. Дэлгүүр дотор гурил тэвэрч явж байгаад уурлаад гурилаа шидчихсэн чинь гурил нь асгарсан. Тэгээд үүнээс болж маргалдсан. Дэлгүүрээс гарч ирээд миний гар луу цохиод байсан. Гэртээ ирээд пиво уучихаад янз бүрээр хэл амаар доромжлоод пиво авч өг гээд байхаар нь би цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг    /хх-н 4-6, 23-25/, шүүгдэгч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. Дэлгүүрээс гурил аваад бариад явж байтал уут нь задраад гурил асгарсан гэтэл манай эхнэр намайг арчаагүй гээд үглээд байхаар нь би урд нь ороод яваад өгсөн. Миний араас үглээд л яваа байсан тэгээд гэртээ ирээд би түүний авч өгсөн 1 литрийн савтай пивийг уугаад сууж байтал цагдаа ороод ирсэн. Намайг эхнэрээ хэл амаар доромжилж дарамталсан гэж эрүүлжүүлсэн, эхнэр өөр хүнтэй явалдаад хоёр удаа баригдаж байсан, үүнээс болоод ийм байдалд ороод байгаа юм  гэсэн мэдүүлэг, Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 8/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар / хх-н 20/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Ч.Ч нь байнга архи ууж, энэ үедээ байнга эхнэрээ хэл амаар доромжилж, орон гэртээ амгалан тайван суух нөхцөлгүй болгодог байдал тогтоогдож байна.

          Прокуророос   Ч.Ч үйлдсэн хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг  зөв тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  гэмт хэргийг догшин авирлаж  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д   заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

   Хохирогч шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Ч.Ч нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа  гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г овогт Ч Ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх  гэмт хэрггийг догшин авирлаж  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  зааснаар  Ч.Ч 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Ч.Ч оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Ч.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Ч.Ч цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Ч   нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Ч авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН