Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1088

 

 

 

 

 

 

   

 

Э.Б, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.ӨсөхЦ.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

хохирогч Ч.Ж,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.ЭнхЦ.Б,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/616 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлоор Э.Б, Б.Т нарт холбогдох 2110017670918 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....... овгийн Б.Т, ...... оны .... дүгээр сарын ....-ны өдөр .......................... төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..................ажилтан, ам бүл 1, ........................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............................../;

2. ............ овгийн Э.Б, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр ............... төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД:.........../;

Шүүгдэгч Б.Т нь Э.Бтэй бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таурын 13 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Сейло нэртэй лоунж дотор хохирогч Ч.Жтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Б нь Б.Ттэй бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таурын 13 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Сейло нэртэй лоунж дотор хохирогч Ч.Жын толгойд нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн газар, тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таурын 13 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Сейло нэртэй лоунж дотор хохирогч Ц.Бын толгойн тус газарт мөсний саваар цохиж, эрүүл мэндэд нь духны няцарсан шарх, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Б, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Бг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Бг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Э.Б нарын эдлэх 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ч.Жад эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан тэмдэглэлд огноог 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэж тавьсан байж Ч.Жаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 22 цаг 50 минутад буюу нэг сарын өмнө гарын үсэг зуруулсан байгаа нь хохирогчид эрх, үүргийг танилцуулж, хууль сануулаагүй байна гэж үзэхээр байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг зөрчсөн /хх 18-19/. Хохирогч Ч.Жыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байцаасан тэмдэглэлд түүнийг нийт 10 цаг 20 минут тасралтгүй байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн /хх 20-21/. Хохирогч Ч.Жаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдүүлэг авахдаа эрх, үүргийг нь танилцуулж, хууль сануулан баталгаа аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийг зөрчсөн. Мөн байцаалтыг 16 цаг 46 минутад эхэлсэн байж 14 цаг 10 минутад дуусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн /хх 22/. Мөн дээрх хэргийг харилцан эсрэг ашиг сонирхолтой хүмүүс үйлдсэн байхад нэг яллагдагчийг нь өмгөөлөгчтэй, нөгөө яллагдагчийг нь өмгөөлөгчгүй байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч заавал оролцуулах ажиллагааг хийлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд хэрэг прокурорт буцаасны дараа хохирогч Ч.Жыг дахин байцаасан тэмдэглэлд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Б.Тэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байх бөгөөд Б.Тийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэж мэдүүлдэггүй болно. Шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн мэдүүлгүүдийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Дээрх хууль зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар “нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бүхэлд нь нотлох баримтаар тооцох боломжгүй байсан. Ийм байхад шүүх дээрх мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна.

2. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 55/-д шинжээчийн дүгнэлтийг Ч.Жад танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчсөн. 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шинжээч томилсон тогтоол /хх 56/-д ямар байгууллагад шинжилгээ хийлгэх талаар даалгаж байгаа нь тодорхойгүй. Тухайлбал, “Шүүх эмнэлгийн үнэлгээ шинжилгээний байгууллага” гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагын нэрийг бичсэн, ямар шинжээчийг оролцуулсан талаараа бичээгүй, шинжээчид ямар зүйл шилжүүлсэн болох нь тодорхойгүй, шинжээчид эрх, үүргийг нь танилцуулж, хууль сануулаагүй байх бөгөөд дээрх ажиллагааг урьдчилан хийгээгүй байхад шинжээч танилцсан гэдгээр гарын үсэг зурсан. Шинжээч томилсон тогтоолыг хохирогч Ч.Ж, яллагдагч Б.Т нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчиж, оролцогч нарын эрхийг хязгаарласан. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3670 дугаар дүгнэлт /хх 58-59/-ийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргахаар даалгахад шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсгийг зөрчсөн. Мөн шинжээчийн дүгнэлтэд шинжээчийн эцэг, эхийн нэр, боловсрол болон эрдмийн зэрэг, ажилласан хугацааг дурдаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Хэрэгт Ч.Ж томографийн зураг авахуулсан байх боловч тухайн зургийн хариуд Ч.Жын биед гэмтэл учирсан талаар дурдаагүй байх бөгөөд тархи доргилттой ямар нэгэн байдлаар холбоотой шинж тэмдэг тусгаагүй. Шүүх хуралдаанд шинжээчээс өгсөн мэдүүлэгт томографийн зургийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн тул дээрх шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв, үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээ төрүүлж байна. Хохирогч Ч.Жын биед шинжээч томилон дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлтийг прокурорт өгсөн боловч хэрэгт өмгөөлөгч надаас гаргасан хүсэлт болон түүнийг хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх баримт авагдаагүй. Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3670 дугаар дүгнэлтэд нотлох баримтаар тооцох боломжгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар тооцон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх үндэслэлд хамаарч байгаа бөгөөд дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

3. Хохирогч Ч.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “энэ хэргийн талаар дараа нь дахин бодсон. Намайг цохиогүй. Би хэрэг гарахаас 2 хоногийн өмнө сагс тоглож байгаад газар хүчтэй унаж ухаан алдсан. Надад ямар нэгэн ятгалга үзүүлээгүй. Шүүхийн өмнө андгайлж байна. Сагс тоглож унаад толгой хавдсан. 2 хоногийн дараа ийм зүйл болсон. Унахад толгой хөдөлсөн. Гэхдээ би энэ хоёрт зодуулсан гэхээс илүү доромжлуулсан. Б.Т, Э.Б хоёр нь гэмтэл учруулах хэмжээнд хүрээгүй. Цохиулснаараа би мэднэ. Сагс тоглож байгаад шагай дээрээ эвгүй гишгэж хойш савж унасан. Б.Тийн цохилт нь гэмтэл учруулах хэмжээнд байгаагүй. Би хэрэг гаргахаас 2 хоногийн өмнө сагс тоглож байгаад газар хүчтэй унаж ухаан алдсан. Би Б.Т гэмтэл учруулсан гэж хэлэхгүй. Би хэрэг гарахаас 2 хоногийн өмнө хүчтэй унасан. Бичлэг дээр байгаа зүйл болсон. Гэхдээ тэднээс гэмтээгүй гэж бодож байна. Сагс тоглож байгаад гэмтсэн гэж дараа нь бодож, хүсэлт бичиж өгсөн” гэж мэдүүлсээр байхад шүүхээс хохирогчийн мэдүүлгийг хэрхэн, ямар нотлох баримтад тулгуурлаж үгүйсгэж байгаагаа шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үүднээс шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй байна.

Хоёр: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Тийг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн. Мөн яллах дүгнэлтэд тус гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг журамлаагүй нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй байдлыг бий болгож, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг журамлаагүйгээс болж зохион байгуулалттай гэмт бүлэг гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэмт хэргийн хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийн аль нь болохыг тодорхойлоогүйгээс шүүхээс ялыг ялгамжтай оногдуулах боломжгүй болгосон. Үүний дагуу анхан шатны шүүхээс Б.Тэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7 дугаар зүйлүүдээс зохих хэсгийг журамлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2. Шүүхээс дээрх хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ч.Жын мэдүүлэг, хууль зөрчсөн, нотлох баримтаар тооцож болохгүй шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдсон байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус заасны дагуу Б.Тэд холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 6, 8 дахь хэсгийн Б.Тэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Тэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Миний хувьд шүүгдэгчээр татагдан зогсож байгаадаа харамсаж байна. Хохирогч Ч.Жтай уулзаж ярилцсан. Тухайн үед түлхсэн л асуудал байдаг. Иймд шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Быг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүнээс удаа дараа уучлалт гуйсан. Мөн эмчилгээний зардал, толгойны гэмтэл авснаас болж сар гаруй хугацаанд ажлаа дутуу хийсэн тул авах ёстой байсан цалин хөлсийг нь төлж барагдуулсан. Хэрэг болсон газар маш олон хүн байсан. Тухайн үед Б.Т Ч.Жтай, би Ц.Бтай муудалцсан. Би Ц.Бт хохирол учруулахын хажуугаар Ч.Жад хохирол учруулах боломжгүй. Хэдий нэг газар байсан боловч хоёр өөр талд маргалдаж байсан. Иймд би Ч.Жын биед учруулсан хохиролгүй. Харин Ц.Бт учруулсан хохиролдоо гэмшиж, харамсаж байна” гэв.

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Н.ЭнхЦ.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Б нь зөвхөн хохирогч Ц.Бт хохирол учруулсан бөгөөд хохирол, төлбөрөө төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс Б.Ттэй бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн боловч Э.Б нь Ч.Жын биед ямар нэгэн хохирол учруулаагүй. Миний бие өмгөөлөгч С.Болорчулуунтай ижил байр сууринаас оролцож байгаа тул давж заалдах гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянадаг тул үнэн зөв, шударга шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б бид хоёр найзууд, Ц.Б хохирсон ба бид хамт цагдаагийн газар мэдүүлэг өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед миний толгойд хөнгөн зэргийн гэмтлийг Б.Т учруулсан мэт байгаа боловч би өмнө нь сагс тоглож байгаад гэмтсэн байсан. Уг гэмтэл шинжээчийн дүгнэлтээр гарсан гэж бодож байна. Би Б.Ттэй муудалцсан боловч надад ямар нэгэн гэмтэл, хохирол учруулаагүй. Иймд Б.Тийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. Энэ хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн. Шүүх хуралдаанд хохирогч Ч.Жаас “би Б.Т болон Э.Б нарт хоёуланд нь бүлэглэн зодуулсан” гэж мэдүүлсэн учраас хэрэг мөрдөн байцаалтад шилжиж байсан. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд дотор шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч С.Болорчулууны дурдсан хавтаст хэргийн 18, 20 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэгт үндэслээгүй. Прокурорын яллах дүгнэлтэд, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шат руу буцсанаас хойш өгсөн хохирогч Ч.Жын “би Б.Т, Э.Б нарт хоёуланд нь зодуулсан” гэж нэрлэн зааж, хэн нь биеийнх нь аль хэсэгт гэмтэл учруулсан талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгийг дурдсан бөгөөд өмнөх мэдүүлгүүдийг дурдаагүй. Мөн шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Жад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж тогтоогдсон. Прокурорын зүгээс Б.Т, Э.Б нарыг бүлэглэн үйлдсэн гэж шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Жаас Б.Т, Э.Б нар нь түүний биеийн аль хэсэгт, яаж цохиж, зодсон талаар тодорхой мэдүүлсэн. Мөн хохирогч Ц.Б нь Ч.Жын биед Б.Т, Э.Б нар хэрхэн халдсан талаар мэдүүлсэн. Тухайн хэрэг болсон гэх Сейло лоунжийн хамгаалагчаар ажиллаж байсан гэрч н.Болдбаатар “нүдний шилтэй болон цайвар үстэй хоёр залуу хоёулаа Ч.Ж гэх хүний биед халдаж байсан” гэж мэдүүлдэг. Мөн хэргийн газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр дээрх байдал нь нотлогддог. Шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ хүрээнд хохирогч Ч.Жын биед халдаагүй гэж мэдүүлж байгаа боловч уг мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт оролцоогүй, гэм буруугүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Жаас “сагс тоглож байгаад уг гэмтлийг авсан” гэж байна. Гэвч тэрээр энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дурдаж байгаагүй, анхан шатны шүүхэд сагс тоглож байгаад гэмтэл авсан гэсэн ч энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй тул бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Т нь хохирогч Ч.Жын биед халдсан, түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн шүүгдэгч Б.Т нь хохирогч Ч.Жад учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Э.Б нь хохирогч Ц.Бт учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан талаараа мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таурын 13 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Сейло нэртэй лоунж дотор хохирогч Ч.Жтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар Э.Бтэй бүлэглэн хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Э.Б нь Б.Ттэй бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таурын 13 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Сейло нэртэй лоунж дотор хохирогч Ч.Жад хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун чихний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

мөн ганцаараа дээрх гэмт хэрэг үйлдсэн газар, тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таурын 13 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг Сейло нэртэй лоунж дотор хохирогч Ц.Бын толгойн тус газарт мөсний саваар цохиж, эрүүл мэндэд нь духны няцарсан шарх, зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Жын “...2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би найз Ц.Б, Бумцэнд нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Галакси таурын хамгийн дээд давхарт байрлах Сейло лоунжид орсон. Ц.Бын хувьд 50 грамм архи уусан байсан. Миний хувьд ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ундаа уучихаад Ц.Б, Бумцэнд бид 3 тамхи татдаг цэг рүү очиж тамхи татаж байсан чинь Б.Т ирээд /тухайн үед таньдаггүй байсан/ “чи надтай асуудал үүсгэмээр байна уу” гэсэн, би “хүн андуурч байна уу” гэтэл “чи ямар овоо юм бэ” гээд байсан. Би шар үстэй залуу буюу Э.Б гэх хүнийг дуудсан чинь хамгийн анх Б.Т миний зүүн шанаа орчим нэг удаа баруун гараараа цохисон. Би зайгаа аваад холдсон. Тэгсэн чинь Э.Б гүйж ирээд миний толгой руу гараараа цохиж, араас нуруу руу жийсэн. Үргэлжлүүлээд 5-6 хүн намайг тойроод зогсож байхад Б.Т миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Үүний дараа Э.Б намайг бас алгадсан. Үүний дараа Б.Т дахиад намайг шанаадсан. Түүний дараа намайг буланд шахаж байгаад хэсэг хугацааны дараа хүмүүст түлхэгдээд газарт унахад Э.Б намайг хөлөөрөө дэвссэн. Б.Т бас миний толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг сууж байхад Б.Т дагз хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Ингээд үзэхээр миний биед учруулсан гэмтлүүдийг Б.Т, Э.Б нар хоёулаа учруулсан байгаа юм. ...” /1хх 174-175/,

хохирогч Ц.Бын “...би 2021 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Галакси таурын дээд давхарт байрлах Сейло нэртэй лоунжид найз Ч.Ж, Бумцэнд нарын хамт орсон. Миний хувьд лоунжид ороод 50 грамм архи авч уучихаад Ч.Жын хамт тамхи татаж байсан. Бумцэнд 00-н өрөө орсон байсан. Тэнд хип хоп тоглолт болоод дуу чимээтэй байсан. Намайг нэг харахад юу болсныг мэдэхгүй Ч.Жыг нүдний шилтэй залуу гараараа толгой хэсэг рүү нь цохиж байсан. Тэр залууг Б.Т гэдгийг сүүлд мэдсэн. Үүнтэй зэрэгцээд шар үстэй залуу буюу Э.Б гэх залуу бас Ч.Ж руу дайрч, цохиж эхэлсэн. Би тэд нарыг салгах гэж нилээд үзсэн ба тэнд олон залуучууд байсан болохоор цагдаа дуудсан нь дээр гэж бодоод Ч.Жыг ширээний ард суулгачихаад өөрийн 99015442 дугаараас 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Ингээд зодооны үл ойлголцлыг болиулах гээд тайвшруулах гээд байж байтал Ч.Ж руу дахин дайраад Ч.Жыг Э.Б, Б.Т нар толгой, нүүр хэсэгт нь цохисон, унагаагаад нуруу руу нь өшиглөж байсан. Ч.Жын хамт би зодооныг салгах гэхэд олон хүмүүс намайг шахаж дайрсан. Энэ үед Э.Б нь ширээн дээрээс юм аваад миний толгой руу цохиж миний зүүн нүдний дээд хэсэгт дух орчим хагалсан. Би цохиулаад ухаан балартаад доош унасан. Миний биед учирсан гэмтлийг Э.Б юмаар цохиж учруулсан. Сүүлд нь бичлэгийг харахад яах арга байхгүй Э.Б ширээн дээр байсан юм авч миний толгой руу цохиж байсан. Би тухайн үед яг юугаар цохисныг мэдээгүй, шил юм уу, стекан юм уу мэдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөсний саваар цохисон гэж бичигдсэн байсан. ...” /1хх 178-179/,

гэрч Л.Б-ын “...тухайн хэрэг болсон гэх өдөр Галакси таурын 13 дугаар давхарт байрлах задгай ресторанд зодоон болсон тухай хэн нэгэн ажилтан надад хэлсэн. Тийм болохоор би ямар хүмүүс зодоон хийсэн талаар камераа ухрааж харахад нүдний шилтэй залуу, цагаан саарал үстэй залуу 2 эрэгтэй хүмүүсийн ордог 00-н өрөөнд нэг залууг зодсоноос тэр зодоон үүсэлтэй юм шиг байсан. Бичлэгийг харахад нүдний шилтэй залуу, саарал үстэй залуу 2 голлож нэг махлаг биетэй залуу руу дайраад цохиж аваад хамгаалагч орж салгахаар буцаж эргэж цохиж аваад байгаа бичлэг харагдаж байсан. ...” /1хх 192/,

шинжээч Ж.Г-ийн “...Ч.Жын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагз, баруун чихний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хүний толгой хэсэгт аль аль нь цохиж байгаа учраас хэний цохилтоос тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл нь нэг удаагийн болон олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /2хх 14/,

шүүгдэгч Б.Тийн яллагдагчаар өгсөн “...би тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргаангүй, баримтын хэмжээнд хохирлоо барагдуулах болно. Бусдын биед гэмтэл учруулсан асуудал дээр маш их гэмшиж байна. ...” /1хх 68-69/,

шүүгдэгч Э.Бгийн яллагдагчаар өгсөн “...Б.Т бид хоёр 00-н өрөө орохоор явсан. 00-н өрөөнд бид 2 бие засах гээд байж байхад нэг залуу тамхи татаад зогсож байх үед Б.Т “тамхи байна уу хөгшөөн” гэж асуусан. Тэгэхэд тэр залуу татаж байсан тамхиа өгөөд “май энийг татах уу пизда минь” гэж хэлснээс болоод тэр 2 муудалцаад хоорондоо зууралдсан. Тэгэхээр нь би салгахад тэр залуу 00-н өрөөнөөс гараад явсан. Б.Т бид 2 бие засаж дуусаад 00-н өрөөнөөс гарахад үүдэнд 00-н өрөөнд муудалцсан залуу 2 найзын хамт зогсож байсан. Тэр 00-д муудалцсан залуу бид 2 руу гараараа зааж байсан. Тэгэхэд Ч.Ж нь /сүүлд таньдаг болсон/ бид хоёрыг дуудсан. Тэгэхээр нь бид 2 очсон. Ингээд Ч.Ж, Б.Т 2 хоорондоо муудалцаад зогсож байгаад Б.Т Ч.Жын баруун шанаа орчим гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би хамт байсан залуу буюу Ц.Б гэх залуу руу очиж муудалцсан, Ц.Б намайг үгээр идээд байсан болохоор уурандаа ширээн дээрээс мөсний сав аваад шидсэн, Ц.Быг оносон байсан. ...” /1хх 199-200/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8669 дугаартай “...Ц.Бын биед духны няцарсан шарх, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 52-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8670 дугаартай “...Ч.Жын биед тархи доргилт, дагз, баруун чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 58-59/ гэсэн дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 12-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 4-8/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч С.Болорчулуун “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын Б.Тэд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Ч.Жад эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан тэмдэглэлийн төгсгөл хэсэгт огноог буруу бичснийг, мөн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байцаасан тэмдэглэлд түүнийг нийт 10 цаг 20 минут тасралтгүй байцаасан байдлаар бичснийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй, харин мөрдөгч хайнга хандсанаас техникийн шинжтэй алдаа гаргажээ.

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдүүлэг авахдаа эрх, үүргийг нь танилцуулж, хууль сануулаагүй байх боловч нь хохирогч Ч.Ж нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн, түүнээс хуульд нийцүүлэн авсан мэдүүлгүүдийг хооронд нь болон бусад оролцогч нарын мэдүүлэгтэй харьцуулан шинжлэн судлах, үнэлэх байдлаар дүгнэлт хийх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Т, Э.Б нар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлэг өгч, гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байх тул тухайн үед шүүгдэгч Б.Т, Э.Б нарыг харилцан эсрэг сонирхолтой байсан гэж үзэхээргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээч томилсон тогтоолыг хохирогч Ч.Ж, шүүгдэгч Б.Т нарт танилцуулаагүй, мөн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8670 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хохирогч Ч.Жад танилцуулах хуульд заасан ажиллагааг мөрдөгч хэрэгжүүлээгүй байх боловч эрх бүхий албан тушаалтан шинжээч томилох тогтоол үйлдэж, уг тогтоолыг үндэслэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчид хууль сануулан дүгнэлт гаргасан нь хуульд нийцсэн байна гэж үзэв.

Шинжээч томилсон тогтоолыг хохирогч Ч.Ж, яллагдагч Б.Т нарт танилцуулаагүй, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3670 дугаар дүгнэлт /хх 58-59/-ийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргахаар даалгахад шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Харин, цаашид мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллавал зохино.

Хохирогч Ч.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Бичлэг дээр байгаа зүйл болсон. Гэхдээ тэднээс гэмтээгүй гэж бодож байна. Сагс тоглож байгаад гэмтсэн гэж дараа нь бодож, хүсэлт бичиж өгсөн. ...” гэж мэдүүлсэн нь агуулгын хувьд зөрчилтэй байх боловч шүүгдэгч Б.Т, Э.Б нарт зодуулснаа үгүйсгээгүй байна.

Харин хохирогч Ч.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед тодорхой мэдүүлэг өгсөн төдийгүй Б.Т нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хохирогч Ч.Жыг зодсон үйлдлээ зөвшөөрсөн, камерын бичлэгээр Б.Т, Э.Б нар бүлэглэн хохирогч Ч.Жыг зодож байгаа нь хөдөлбөргүй тогтоогджээ.

Шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Ч.Жын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагз, баруун чихний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн хүний толгой хэсэгт аль аль нь цохиж байгаа учраас хэний цохилтоос тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл нь нэг удаагийн болон олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /2хх 14/ гэж мэдүүлсэн, камерын бичлэгээр Б.Т, Э.Б нар бүлэглэн хохирогч Ч.Жыг зодож байгаа зэргээс үзэхэд, Ч.Жын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Б.Т, Э.Б нарын хохирогчийн толгой руу удаа дараа цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байх бөгөөд уг зүйл, хэсэгт бүлэглэсэн гэсэн шинж тусгагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн бүлэглэсэн гэж үзэх зүйл, хэсгийг журамлах хууль зүйн үндэслэл үүсэхгүй.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Бг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Т, Э.Б нар нь үйлдлээрээ нэгдэх байдлаар бүлэглэн хохирогч Ч.Жын толгойд нь тус бүр цохих үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Бгийн шүүгдэгч Б.Ттэй үйлдлээрээ нэгдэх байдлаар бүлэглэн хохирогч Ч.Жын толгойд нь тус бүр цохих үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн ганцаараа хохирогч Ц.Бын толгойг мөсний саваар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Бг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ.

Иймд шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч С.Болорчулууны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/616 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХЦ.Б