Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 116/ШШ2024/0005

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

              Нэхэмжлэгч:  гийн /РД:/

           Хариуцагч: Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нарын хоорондын “Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 болон 25-01-123 тоот актуудыг хүчингүй болгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У., өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч У. нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд холбогдуулан, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 болон 25-01-123 тоот актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

        2.1. Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн удирдамжийн хүрээнд төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийг тус тус үндэслэн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б. ахлан, Дотоод аудитор Г. нар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 20 хоногийн хугацаанд, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 14 хоногийн хугацаанд хяналт шалгалтыг явуулсан байна.

         2.2. Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 дугаар актаар ...анхан шатны баримтаар худалдан авч, зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа 16 579 000 төгрөгийг эрхлэгч их эмч У., нягтлан бодогч Ч.******* нараар төлүүлж, улсын орлого болохоор тогтоожээ[1].

         2.3. Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-123 дугаар актаар ...анхан шатны баримтаар худалдан авч, зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй дутагдсан 6 727 000 төгрөгийг тухайн үед ажил хариуцаж байсан Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч, нярав нараар төлүүлж, улсын орлого болохоор тогтоосон байна[2].

          2.4. Нэхэмжлэгч У. дээрх актуудыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/1700 албан бичгээр “...хөрөнгө мөнгийг захиран зарцуулсан эрх бүхий албан тушаалтнаар төлүүлж, орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5-д заасны дагуу актыг хэвээр үлдээжээ[3].   

           2.5. Нэхэмжлэгч У.гаас Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.[4]

           Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

         3.1. Нэхэмжлэгч У. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2022 оны 12 дугаар сард манай Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байсан. Тус албанаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 тоот актаар 16 579 000 төгрөгийг эрхлэгч, их эмч У., нягтлан бодогч Ч.******* нараар төлүүлж, төсвийн орлого болгох, мөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-123 тоот актаар 6 727 000 мянган төгрөгийг тухайн үед ажил хариуцаж байсан Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч, нярав нараар төлүүлж, төсвийн орлого болгох талаар заасан байсан. Тус актад заагдсан төлбөрийг У. намайг төлөх ёстой гэж заасан байсан учир би дээрх актуудыг эс зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагч /Монгол Улсын Сангийн Сайд/-д гомдол гаргасан. Гэвч Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/1700 тоот “Гомдол хянасан тухай” албан бичгээр У. миний гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 25-01-122 болон 25-01-123 тоот актуудыг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Дээрхи актуудыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй У. надад “мэдэгдэх, сонсгох” ажиллагаа хийгээгүй, актуудыг албан ёсоор гардуулж өгөөгүй тул дээрх актуудыг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 25-01-122 тоот актын тухайд:

            1. 2021.04.02-ны өдөр “” ХХК-иас 49 000 төгрөгөөр худалдаж авсан Эмнэлгийн хэрэгсэл: Энэ нь шээсний ерөнхий шинжилгээ хийдэг аппаратны цаасыг худалдан авсан. Энэхүү цаасаар шинжилгээний үзүүлэлтийг аппаратнаас хэвлэн гаргадаг бөгөөд иргэдээс авсан шээсний шинжилгээнд ашигласан. 

            2. 2021.07.09-ний өдөр “” ХХК-иас 1 000 000 төгрөгөөр худалдан авсан Covid-19 AG Rаpid test: Монгол Улсын хэмжээнд Коронавируст халдвартай тэмцэх болон хариу арга хэмжээг цаг алдалгүй УОК, ЭМЯ, Аймгийн онцгой комисс сумын онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэр, албан даалгаврын дагуу иргэдээс ковид-19-ыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүрт хийж гүйцэтгэсэн. Хил гааль хаалттай байсан учир ковидын тест аймгийн хэмжээнд олдоц муу байсан учир Улаанбаатар хотоос эрж хайж, 12 500 төгрөгөөр 80 ширхэг ковид-19-ийн тестийг худалдан авч нөөц бүрдүүлж иргэдэд зарцуулсан юм. Ковидын тестээр иргэдэд үйлчилсэн бүртгэл эмнэлгийн архивт хадгалагдаж байгаа болно.

3. 2021.11.30-ны өдөр Баянтүмэн сумын 1-р багийн иргэн Г.Алтанцэцэгээс 630 000 төгрөгөөр худалдан авсан Ковид-19 тест: Хил гааль хаалттай байсан учир ковидын тест аймгийн хэмжээнд олдоц муу, манай эмнэлэгт ковидын тестний нөөцгүй болсон учир эрж хайж байж 15 000 төгрөгөөр 42 ширхэг ковид-19-ийн тестийг худалдан авч нөөцөө бүрдүүлж, иргэдэд зарцуулсан юм. Ковидын тестээр иргэдэд үйлчилсэн бүртгэл эмнэлгийн архивт хадгалагдаж байгаа болно. 

            4. 2021.12.09-ний өдөр “Дорнын мэнэнгийн тал” ХХК-иас 750 000 төгрөгөөр худалдан авсан материалын үнэ нь Ковид-19-ийн эсрэг авах хариу арга хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах үүднээс нэг удаагийн хэрэгсэл болох малгай, бээлий, N95 шүүлтүүртэй маск зэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Мөн л хил гааль хаалттай цаг үед нэг удаагийн хэрэгслийн олдоц хүрэлцээ муу байсан. Иймд эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхийн тулд эрж хайж Дорнын мэнэнгийн тал ХХК буюу эм ханган нийлүүлэх байгууллагаас эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүдийг худалдан авч эмнэлэгт болон шинжилгээний цэг, эмийн сан, үзлэгийн үед хэрэглэн зарцуулсан юм. 

            5. 2021.12.23-ны өдөр “ тун” ХХК-иас 8 500 000 төгрөгөөр худалдан авсан Панзовир:  2021.07.06-ны өдрөөс эхлэн Баянтүмэн сумын эмнэлэгт ковидыг хэвтүүлэн болон, гэрийн хяналтын эмчилгээг хийж эхэлсэн. Өмнө нь ковидын халдвартай иргэнийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн төвд ор дэлгэн тусгай бэлтгэсэн байр болон халдвартын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байсан бөгөөд цаашид ачааллаа дийлэхгүй болсон учир халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан суманд хэвтүүлэн эмчлэх чиглэл өгсөний дагуу 2021.07.06-ны өдрөөс эхлэн анхны ковид-19-ийн халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчилж эхэлсэн. Түүнээс хойш сумын эмнэлгийг бүхэлд нь ковидын халдвартай иргэдийг хэвтүүлэн эмчлэх улаан бүс болгон ажиллах аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу эмнэлэгт 30-45 ор дэлгэн ковидын халдвартай иргэдийг хэвтүүлэн эмчилсэн. Мөн Ковид-19 өвчнийг эмчлэх ЭМСайдын түр тушаалын дагуу эмчилгээний горимд өөрчлөлт орж вирусын эсрэг эмчилгээнд Ремдисивер тариаг схемийн дагуу хийх зөвлөмж гарсан. Иймд эрүүл мэндийн байгууллагыг ковид-19-ийн эсрэг авах хариу арга хэмжээнд нөөцийг бүрдүүлэх талаар удаа дараалан албан даалгавар, чиглэлүүд ирүүлсэн учир Улаанбаатар хотын “ тун” ХХК буюу эм ханган нийлүүлэх байгууллагаас эрж хайж 100 ширхэг Панзовир буюу ремдисивер тариаг олж авч нөөцөнд хадгалсан юм. Одоо ч гэсэн эмнэлгийн нөөцөд хадгалагдаж байгаа. Тухайн үед худалдаж авсан Пандовир тариаг нөөцөлсөн байсан учир Аудитын шалгалт ирэх үеэр манай Эрүүл мэндийн төвийн нярав Ө.******* нь тооллогод оруулаагүйгээс “Зарцуулсан гэдэг нь тодорхойгүй” байна гэж үзэх шалтгаан болсон байна. Уг нөөцөлж авсан 100 ширхэг Пандовир гэх тарианаас нэг ширхэг ч тариаг эмчилгээнд ашиглаагүй, хадгалагдаж үлдсэн болно.  

            6. 2021.12.27-ны өдөр “ хан хэрлэн” ХХК-иас 5.650.000 төгрөгөөр худалдан авсан эмнэлгийн хэрэгслийн үнэ: Ковид-19-ийн эсрэг авах хариу арга хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах үүднээс нэг удаагийн хэрэгсэл болох халад, комбинзон, нүүрний хаалт, малгай, маск, бээлий зэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Мөн хил гааль хаалттай цаг үед нэг удаагийн хэрэгслийн олдоц хүрэлцээ муу байсан. Иймд эмнэлгийн нөөцийг бүрдүүлэхийн тулд эрж хайж “ хан хэрлэн” ХХК буюу эм ханган нийлүүлэх байгууллагаас эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүдийг худалдан авч эмнэлэгт болон шинжилгээний цэг, эмийн сан, үзлэгийн үед хэрэглэн зарцуулсан юм. 

                   Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 25-01-123 тоот актын тухайд: 

             1. “” ХХК-иас 19 878 500 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг шилжүүлсэн, үүнээс 3 253 000 төгрөгийн худалдан авалт анхан шатны баримтгүй буюу яг юу авсан нь тодорхойгүй, бараа материалын орлого, зарлага байхгүй байна...” гэжээ. Сумын эмнэлгийн төсвийн зарлага сумын төрийн сангаар хянагдаж, баталгаажуулагдан гүйлгээ хийдэг. Анхан шатны баримтгүй гүйлгээ хийхийг сумын төрийн сан зөвшөөрдөггүй учир анхан шатны маягттай гүйлгээ хийсэн.

            2. Мөн “” ХХК-иас худалдан авсан дараах хөрөнгүүд тооллогоор байхгүй, дутагдсан, тайланд шууд зарлагадсан байна гэжээ. Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь 2022 оны 07 сараас эхлэн шалгалт, тооллогыг хийж эхэлсэн бөгөөд тухайн тооллого хийх үед “” ХХК нь доорх эд хөрөнгүүдийг манай ЭМТ-д нийлүүлээгүй байсан. Харин тооллого хийсний дараа тус компаниас доорх эд зүйлсийг нийлүүлсэн. Үүнд: 

            - Босоо толь 5 ширхэг, нэгжийн үнэ 100.000, нийт 500.000 төгрөг

            - Ус буцалгагч 2 ширхэг, нэгжийн үнэ 40.000, нийт 80.000 төгрөг

            - Тоос сорогч 1 ширхэг, нэгжийн үнэ 500.000, нийт 500.000 төгрөг

            - Хөшиг тогтоогч 33 ширхэг, нэгжийн үнэ 18.000 төгрөг, нийт 594.000 төгрөг

Дээрхи дутагдсан гэх бараа материалууд сумын эмнэлэгт бүрэн хэрэглэгдэж байгаа болно.

           3. “ ” ХХК-иас хөнжил 20 ширхэг, хөшиг 30 ширхэг, орны гудас 20 ширхэг, оффис хөшиг 3 ширхэг, ор хөнжлийн даавуу 20 ширхэг нийт 5 нэр төрлийн 13.098.000 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг 2021.11.24-ний өдрийн 69 тоот төлбөрийн хүсэлтээр хийсэн ба үүнээс тус бүр нь 600.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг нийт 1.800.000 төгрөгийн оффис хөшиг байхгүй, дутагдлаа...” гэжээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил гааль хаалттай байсан учир нийлүүлэгч байгууллагаас 3 оффис хөшиг хоцорч нийлүүлэгдсэн нь үнэн. Гэвч тухайн онд ачаа, тээвэр удаашралтай байсан учир 3ш оффис хөшиг 2022 оны 12 сарын сүүлээр нийлүүлэгч байгууллагаас манай эмнэлэг рүү хаяглан ирүүлсэн байсан. Одоо бол эмнэлэгт бэлэн байгаа.

          “ тун” ХХК-иас авсан пандоверийг яагаад тоолуулаагүй вэ гэхээр үнэхээр хямд өртөгөөр худалдаж авсан. Тиймээс бид дахин тархалтын давалгаа гарч ирсэн тохиолдолд хэрэглэхээр хадгалсан юм. Тухайн үед эм худалдан борлуулах газарт нэг бүрийн үнэ 130.000 төгрөгийн үнэтэй гарч ирж байсан. Энэ тариаг схемтэйгээр тарьдаг. Ковидын үед эрэлт огцом эхэлсэн. Ингээд үнэ нь хамгийн дээд талдаа 165.000 төгрөг болж байсныг нэг бүрийн үнэ нь 85.000 төгрөгөөр худалдаж авч байсан, тухайн үед манай эмийн сан соёлын төвд ажиллаж байсан. Эмийн сан гэж нэг жижиг өрөөнд зөвхөн ард иргэдэд худалдан борлуулах чиглэлээр ажиллаж байсан. Нэгэнт хямдхан худалдаж авсан учраас би няравт хүлээлгэж өгөөд хадгалсан. Анх тооллого хийхэд нярав яагаад тухайн өрөөг танилцуулж гаргаж өгөөгүйг ойлгохгүй байна. Надад өөрөө хэлэхдээ “сандарснаасаа болоод мартсан байна” гэж мэдэгдсэн. Дараа нь дахин тооллого хийхээр ирэх үед нярав жирэмсний амралтаа авсан байсан учраас дахин тоолуулж чадаагүй гэж тайлбарладаг. Ахлах сувилагч ажлыг нь хүлээн авсан байсан ч 3 удаагийн тооллого дээр нярав жирэмсний амралтаасаа ирж түр ажилласан. Өмнө нь ирэх гэж байгаа талаараа огт мэдэгдэхгүйгээр харанхуй болж байхад ирсэн гэж ярьдаг. Ингээд ахлах сувилагч, нярав нар хуучин эмнэлгээсээ пандовероо зөөж ирээд тоолуулах гэсэн боловч “та нар хаанаас ч аваад ирсэн юм билээ. Бид тоолохгүй” гэж хэлээд явсан талаар надад мэдэгдсэн. Хөшиг тогтоогчийн талаар мөн ярьж байна. Эмнэлгийн барилгын ажил 2020 онд эхэлж, 2021 онд шинэ барилгыг хүлээлгэж өгнө гэж байсан боловч Ковид-19 өвчний улмаас 2022 онд ашиглалтанд орсон. Бид тухайн үеийн сум орон нутгийн удирдлагатай уулзаад дотор талыг нь тохижуулах талаар саналаа хэлэхэд “сумаас шийдвэрлэх ямар ч боломжгүй, Эрүүл мэндийн яаманд саналаа хүргүүл” гэсэн. Ингээд би саналаа аймгийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн боловч ...Эрүүл мэндийн яам дотор талын тохижилтыг хийж өгөх боломжгүй, чи өөрөө ямар нэг гарц гаргалгаагаар дотор талыг тохижуул гэж аман байдлаар хэлсэн. Шинэ эмнэлэг ашиглалтанд орох нь тодорхой байсан учраас хөшиг тогтоогчийг захиалсан. Байгууллагад нэмэлт санхүүжилт орж ирж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилчдын хурал хийгээд нэмэлт санхүүжилтийг юунд зарцуулах вэ гэдэг талаар ярилцаж байгаад шийдвэрлэхээр болсон. Хил гаалийн асуудлаас болж хөшиг тогтоогч ирээгүй, 7, 8 дугаар сард делта буюу халдварлах чадвар өндөр вирус тархсан. Бид өвчтөнг үзэхийн тулд заавал хамгаалах хувцас өмсөх ёстой байсан. Тухайн үед манайх нийт 21 ажилтантай, үүнээс 11 хүн нь эмчийн зэрэгтэй хүмүүс байсан. Бид ийм өчүүхэн бүрэлдэхүүнээр Ковид-19 өвчинтэй тэмцэж ирсэн. Өөрсдөө хүний нөөцгүй болох эрсдэлтэй байсан учир заавал нэг удаагийн хамгаалах хувцасыг өмсөх хэрэгтэй гэсэн тушаал, шийдвэр гарсан. Тиймээс өдөр бүр урсгалаар хэрэглээ гарч байгаа учраас нөөцийг нэмж худалдаж авахаас өөр аргагүй байсан, 10 дугаар сарын 08-ны өдөр нэг удаагийн малгай, бээлий, Н-95 маск, 12 дугаар сарын 23-ны өдөр 8.500.000 төгрөгийн үнэтэй пандовер 100 ширхэгийг худалдаж авсан. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/40 дүгээр тушаалын дагуу тухайн пандоверийг худалдан авч өвчтөнүүдэд хэрэглэсэн. 8 сараас хойш өвдсөн өвчтөний хувьд хүндрэл ихтэй, явцуу эдгэрэлттэй байсан. Хэвтэн эмчлүүлэхээс гадна гэрээр эмчилгээ, хяналт, үзлэг зэрэг олон арга барилаар ажилласан. Өмнө хэлсэнчлэн 12 ажилтнаас хэдэн хүнийг улаан бүс рүү явуулах уу? Гэрийн эмчилгээнд хэдэн эмчийг ажиллуулах уу? Бүртгэл дээр ямар эмчийг ажиллуулах вэ? Тандалт судалгааг олж тогтоох гэх мэт олон ажлыг нэг дор гүйцэтгэх ёстой байсан юм. Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг шууд хаяж болдоггүй. Тусгай зааврын дагуу тухайн хог хаягдлыг ангилж устгадаг. Эмнэлэг дээр хар уут, шар уут, улаан уутыг ашиглах заавартай. Хар уутанд өвчтөний өрөөнд байгаа энгийн хог хаягдлыг ашигладаг. Шар уутыг нэг удаагийн уутанд хийж шатааж, үнсийг нь устгадаг. Улаан уутанд цус цусан бүтээгдэхүүнээр бохирлогдсон эмнэлгийн хэрэгслүүдийг тухайн уутанд хийж устгасан. 9 дүгээр сард эмнэлгийг тэр чигт нь улаан бүс болгож байсан. Аймгаас тусдаа шийдвэрийг хүртэл зориулж гаргаж байсан. Бид хуучин эмнэлгийнхээ байранд 38-40 орыг нэмж байршуулан ажиллаж байсан. Тийм их өндөр ачаалалтай ажиллаж байсан. Статистик тоон бүртгэлээс харахад 9 дүгээр сард 200 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн байдаг. Мөн соёлын төвийг ч тохижуулж эмнэлгийн байраар ажиллуулдаг байсан. Эмнэлгээ тэр чигт нь улаан бүс болгоод амбулатороо соёлын төв дээр ажиллуулах чиг үүргийг өгч байсан. 40 орчим хүний хог хаягдлыг тооцоолоогүй. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь яг улаан шугам дээр ажиллаж байгаа үед данс бүртгэлд бүртгээд уужуу тайван сэтгэх, ажиллах боломж бололцоо тухайн үедээ байгаагүй юм. Бодит байдал дээр нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байсан. Тиймээс эдгээр тайлбар, нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэв.

 

                3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн санхүүгийн аудит дотоод хяналтын байгууллагаас Баянтүмэн сумын эрүүл мэндийн газрын эрхлэгчид холбогдуулж хоёр төрлийн акт тавьсан байна. Тухайн үеийн нөхцөл байдал үнэхээр хүнд ачаалалтай байсан. Нэг эмчийн хэрэглэсэн зүйлсийг бичээд сууж байх завтай хүн байгаагүй гэдгийг тайлбарлаж, зарцуулсан байдлаа нотлох баримтаар гаргаж ирсэн байна. Тухайн цаг хугацаанд 344 хүн улаан бүсэд хэвтэн эмчлүүлсэн байна. 5000 орчим иргэн эмнэлгээр үйлчлүүлсэн байна, хүн бүр дээр үзлэг хийх бүртээ нэг удаагийн хэрэгслийг хэрэглэж байсан гэдгээ хэлсэн. Гэрч нарын мэдүүлгээр ч гэсэн өдөрт дунджаар хэдэн ширхэгийг зарцуулдаг талаараа дэлгэрэнгүй тайлбарыг хүргүүлсэн байна. Түргэвчилсэн тестийг хоёр аж ахуй нэгжээс нийт 122 ширхэгийг худалдаж авч, хэдэн хүнд яаж зарцуулсан нь баримтаар бүрэн харагдаж байна. Пандовер тарилгыг худалдаж авсан атлаа тоолуулаагүй гэдэг зүйлийг ярьж байна. 10 дугаар сард үйлдвэрлэгдсэн эм 10 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт ирсэн нь эргэлзээтэй байна гэж хэлж байгаа ба гэрчээр мөн асуулгасан байгаа. 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад орж ирсэн ба зөвхөн Дорнод аймагт биш улсын хэмжээнд тараагдсан гэдгийг илэрхийлж байна. Мөн няравын буруутай үйлдэл харагдаж байна. Эхлээд шалгалт хийхээр ирэх үед нь харуулахаа мартсан гэдэг. Нэг удаагийн хэрэгсэл худалдаж авсан талаар баримтууд байна. Үүнийгээ хэрэглэсэн гэдгээ тайлбарладаг. Төлбөрийг нь оны сүүлд хийсэн байдал нь давхар нотлогдож байна. 188.000 төгрөгөөр душ авсан гэдгээ тайлбарлаж байна. Тухайн үед мэдээж хүн хөлөрч хувийн ариун цэврийн байдлаа сахин хамгаалах ёстой болно. Эсгий гэр дотор усанд орох боломжгүй юм. Дараагийн дугаарт гурван өнгийн уут худалдаж авсан байна. Энэ бол устгагддаг эд зүйл учраас харуулах боломжгүй байна. Дараагийн дугаарт гурван ширхэг хөшигний асуудал яригдаж байна. Тухайн үед тээвэрлэж хүргэж өгч чадаагүй талаар компанийн захирал нь өөрөө мэдэгдсэн. Эцэст нь дүгнээд хэлэхэд эрүүл мэндийн газрын ажилчид алдаа гаргах нь гаргасан байна, алдаа гаргасных нь төлөө акт тавих нь зөв үү? Хоёр иргэнээс 20 гаруй сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь төрд учирсан хохирол гэж үзэх нь зөв юм уу? Тухайн цаг хугацаандаа эрүүл мэндийн газартаа зориулагдаад явсан байна.  Монгол Улсын ерөнхий аудиторын А/95 тоот тушаалыг хэрэгт хавсаргасан байна. Үүн дээр ямар алдаа дутагдал гаргасан бол аудитор акт тавих талаар нарийн дурдаж өгсөн байна. Бусдад үнэ төлбөргүй ашиглуулсан, хүлээлгэн өгсөн, цалин хөлсийг зөрүүтэй тогтоосон, бүртгэл тооцоог зөрүүтэй тооцоолсноос үр дагавар үүссэн бол, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг дутаасан, үрэгдүүлсэн, хууль бусаар ашигласан бол акт тогтоохоор зааж өгсөн байна. Энийг та бүхэн ч гэсэн баримтлах ёстой юм. Энэ хүний гаргасан тушаал бидэнд хамаагүй гэж хэлж болохгүй. Албан шаардлагыг мөн ямар нөхцөл дээр тавих вэ гэдгийг зааж өгсөн. Яг үнэндээ нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн олон заалтыг л зөрчсөн байгаа. Акт тавигдахааргүй, албан шаардлага байхаар харагдаж байна гэв.

             3.3. Хариуцагч Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн 2021 оны үйл ажиллагаанд дотоод аудитыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 20 хоногийн хугацаанд, 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Шалгалтын хугацаа дараах шалтгаануудын улмаас хойшилсон.

                 1. Дотоод аудитор Г. дотоод аудитор Б.ийн хамт 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр газар дээр нь очиж хөрөнгийн тооллого хийхэд 2021 оны 11 дүгээр сард "Мед буян Трейд" ХХК-иас худалдан авсан 114 265.0 мянган төгрөгийн хөрөнгүүд тооллого хийх өдрийн байдлаар бүрэн нийлүүлэгдээгүй байсан. Шалтгааныг эрхлэгч их эмч У.гаас тодруулахад "Эмнэлгийн барилга шинээр баригдаж байгаа ба уг барилга дотор бидний худалдан авсан хөрөнгууд сав, баглаа, боодолтойгоо задраагүй байгаа. Одоогийн байдлаар ямар нэр төрлийн хэдэн ширхэг бараа ирснийг мэдэхгүй байна. Бараа нийлүүлэгч компани шинэ эмнэлгийн нээлтийн үеэр хөрөнгийг бүрэн нийлүүлж, тоног төхөөмжүүдийг угсарч өгөх тул тэр үеэр та бүхнийг дуудаж дахин тоолуулах хүсэлтэй байна" гэсэн хүсэлт гаргаж, шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орж тоног төхөөрөмжүүд бүрэн суурилагдах хүртэл шалгалтыг хойшлуулсан.

              2. Баянтүмэн сумын "Эрүүл мэндийн төв"-ийн 20 ортой шинэ эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон гэх боловч хөрөнгийг дахин тоолуулахаар биднийг дуудаагүй. Эрхлэгч их эмч У. 2022 оны 10 дугаар сараас Улаанбаатар хотод сургуульд суралцахаар явж, түр эзгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтыг дахин хойшлуулсан.

           3. Энэ хугацаанд дотоод аудитор Г. миний бие төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлуудыг байгууллагуудад хийж байсан тул хяналт шалгалтын ажлууд давхардаж шалгалт 12 дугаар сар хүртэл хойшлогдсон. Шалгалтаар тус байгууллагад нийт 211 304.9 мянган төгрөгийн зөрчил илэрч, 64 439.3 мянган төгрөгийн зөрчилд Улсын ахлах байцаагчийн 2 албан шаардлага, 23 306.0 мянган төгрөгийн хөрөнгийн дутагдалд Улсын ахлах байцаагчийн 2 акт, 1 728.8 мянган төгрөгийн цалин хөлс олгоогүй зөрчилд 1 акт тогтоож ажилласан. Улсын ахлах байцаагчийн дээрх акт, албан шаардлагуудыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй гэх У.гийн гомдлыг холбогдох баримтыг үндэслэн хянан үзэхэд СХШ/НА-25-01-55 дугаартай, 32 хуудас бүхий хяналт шалгалтын танилцуулга болон 2 албан шаардлага, 3 актыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмчийг түр орлон гүйцэтгэгч И.*******, нягтлан бодогч Ч.******* нарт хүлээлгэн өгснийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргагчийн цахим хаягаар илгээсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.5-д заасны дагуу захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шалгалтаар илэрсэн асуудал бүрийг хяналтын сорилд бичиж шалгуулагч этгээдэд танилцуулж, түүний тайлбар мэдэгдлийг авахаар уг хяналтын сорилыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус байгууллагын и-мэйл хаягаар илгээснийг нягтлан бодогч Ч.******* өөрийн хаягаар эрхлэгч их эмч У.д тухайн өдөрт нь явуулсан байна. У. нь тус хяналтын сорилыг уншиж танилцан, өөрөө бүх хариу тайлбарыг бичиж 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буцааж илгээсэн нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд ...шалгалтаар илэрсэн асуудлуудтай танилцсан гэдэг нь илэрхий байна. Нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан 2 актууд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зуйлийн 14.4, 14.4.1, 14.4.2, 14.4.3, 20 дугаар зүйлийн 20.2.4, 20.2.5-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн тул актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь тухайн хөрөнгүүд 2022.07.07, 2022.12.15-ны өдрийн 2 удаагийн хөрөнгийн тооллого хийхэд байгаагүй, данс бүртгэлд тусгагдаагүй байсан. Дараа нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр очиж гүйцэтгэлийн тооллого хийхэд хөрөнгийг олж ирж байлгасан хэдий ч одоог хүртэл эдгээр хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй, мөн одоогийн байдлаар тус хөрөнгүүд эмнэлэг дээр бэлэн байгаа гэх нотломж болохгүй байна. Түүнчлэн ХХК-иас 16.0 сая төгрөгийн худалдан авалтыг хийхдээ байгууллагын нэмэлт данснаас гаргасан байх ба энэ нь Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээ болон цар тахлын үед ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн бусад албан хаагчдын цалин хөлс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэгт зарцуулагдах ёстой Эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдсон санхүүжилт байна. Гэтэл тус санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулж ажиллаагүй шинэ эмнэлгийн барилгад зориулж хөрөнгө бэлдсэн байна. Энэ талаар эрхлэгч их эмч У.гаас тодруулахад "МУ-ын сангийн сайдын 2019.03.27-ны едрийн 74 дугаар тушаалын дагуу ажилчид нийтийн хурлаар хэлэлцүүлэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ зохион байгуулан, аймгийн төрийн сангийн дарга Цэнгэлмаа даргаас зөвлөмж аван гүйлгээ хийх эрх нээлгэн 2022.12 дугаар сард гүйлгээг хийж дуусгасан" гэсэн тайлбарын өгсөн. Уг тушаалын 5 дугаар зуйлийн 5.1-д "Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан журмын дагуу эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх, байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах, нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх зэргээр зарцуулж болно" гэж заасан хэдий ч тушаалын 3 дугаар зуйлийн 3.3.1-д нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогод хамааруулахгүй гэж заасан байна гэжээ.

              3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед хүнд нөхцөл байдалд ажиллаж байсан гэдгийг ойлгож байна. Тухайн байгууллагад мөрдөгдөж байгаа хууль журмыг бид ч гэсэн үндэслэл болгож ажиллаж байгаа. Зөвхөн нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, санхүүгийн хуулийг баримталдаггүй юм. Хил 2022 оны 05 дугаар сараас хэвийн ажиллаж эхэлсэн байдаг. Гэтэл 2023 онд тооллого хийхэд 2021 онд захиалсан бараа нь ирээгүй байсан. Шүүхэд зөвхөн ерөнхий дүгнэлт гэсэн 1 нүүрийг л хавсаргасан байна. Гэтэл энэ чинь өөрөө маш олон хуудас баримт байгаа. Бид хяналт шалгалттай бүрэн танилцсан. 3 дахь удаагийн тооллого дээр би өөрөө очсон. 2021 онд худалдаж авсан эм байгаа. Гэтэл тэр эм нь 2021 оны 10 дугаар сард үйлдвэрлэсэн эм байсан. Бангладеш хотоос гараад худалдан авалт хийх боломжтой юу гэж би эмчээс асуусан. Гэтэл “бидэнд өгсөн эм нь энэ” гэж тайлбарласан. Мөн бид өрөөг орхиж тоолсон зүйл байхгүй. Нэг бүрчлэн тоолж тааруулсан. Мөн 17 цагаас хойш ажилласан зүйл байхгүй. Бид ажлын цагаар ажилласан. Аль аль талдаа бүртгэлийн алдаа үүсгэсэн байна гэж ярьж байна. Ковид-19 өвчний үед үнэхээр хүнд байсан гэдгийг ойлгож байна. Нягтлан бодогчоо чиглүүлж явах үүрэг нь байгууллагын удирдлагад байгаа. Ковид-19 өвчний үеэс бусад үед ч гэсэн хэвийн үед удирдаж ажиллах ёстой. Энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Пандоверийн хувьд Баянтүмэн сумын эмнэлэгт шууд нийлүүлээгүй гэдгээ илэрхийлдэг. Буд гэж хүнээр дамжуулсан гэсэн байна лээ. Тиймээс эргэлзээтэй байна. Г.гийн хувьд шинээр ажиллаж байгаа. Бодит байдлыг тогтоох ажиллагааг дутуу хийсэн байж магадгүй юм. Үнэхээр энэ эм дутуу байна гэж хэлээд мэдэгдээд байхад харуулах бүрэн боломжтой байсан гэв.

         3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарыг бүрэн сонслоо. Энэ хүний хэлж байгаагаар яах ч аргагүй хүнд өвчний үед эмч, эмнэлгийн ажилчид маань хүнд нөхцөлд ажиллаж байсан гэж тайлбарлаж байна. Энэ байдлыг бид бүхэн үгүйсгээгүй. Нөгөө талаас бид өөрсдөд ноогдсон ажлаа хийж байгаа юм. Нягтлан бодох бүртгэл, санхүүг баримт дээр тулгуурлаж шалгадаг байгаа. Тухайн байгууллагын баримт дээр тулгуурлаж ажиллагааг явуулсан. Ингээд актууд тавигдсан. Аудитаар илэрсэн зөрчлийг өөрт нь мэдэгдээгүй гэж хэлж байна. Миний хувьд тухайн байгууллагын албан ёсны и-мэйл хаягаар хяналтын сорилыг илгээсэн. Тухайн өдөр нягтлан бодогч нь У. дарга руу илгээсэн байна лээ. Энэ байдал нь баримтаар нотлогдож байна. Данснаас мөнгө гарч л байгаа бол юунд зарцуулагдаж байгаа нь тодорхой байх ёстой. Эмийн санч юу худалдаж авч байгаа гэдгийг хөтлөх ёстой байдаг. Нийт 3 удаагийн тооллого хийсэн. Бараа материал дутагдаад байсан учраас акт тавигдах болсон. 14 хоногийн хугацаанд акт хүчин төгөлдөр болох ёстой байдаг. Нягтлан бодогчийн хувьд хоёр удаа, түр орлон гүйцэтгэж байсан ажилтны хувьд 1 удаа ирж баримт материалтай тулгалт хийсэн. Энэ хугацаанд зарцуулалтын баримтыг надад гаргаж өгч чадаагүй юм. Одоо хяналт шалгалт хийгдсэнээс хойш 1 жил 10 сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ энэ хугацаанд зарцуулалтын баримтыг өөрсдөө ямар ч хэлбэрээр нөхөн гүйцэтгэх боломжтой гэж харж байна. Биднийг хяналт шалгалт хийж байх үед ямар ч байсан юунд мөнгөн дүнг зарцуулсан гэдгээ тайлбарлаж баримтаар нотолж чадаагүй. Эрүүл мэндийн газрын төлбөрийн хүсэлтийг харсан. Гэхдээ орлогоор хүлээн авсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. 123 тоот актын хувьд “Ган тэлмэн” ХХК-тай хамааралтай байдаг. Ус буцалгагч, тоос сорогч, хөшиг тогтоогч байдаг. Анх очиход 2 ширхэг ус буцалгагч шатсан, тоос сорогч, хөшиг тогтоогч нь ирээгүй байгаа гэж мэдэгдэж байсан. 2 дахь тооллогын үеэр мөн ирээгүй байсан. 3 дахь тооллогын үеэр өөр ус буцалгагч тоолуулсан. Хөшиг тогтоогч Ковид-19 өвчинтэй яг ямар хамааралтай байсан гэдгийг ойлгохгүй байна. Дараагийн дугаарт пандоверийн талаар дурдаж байна. Тэгвэл энийг 2023 оныг хүртэл яагаад нэг ч удаа хэрэглээгүй вэ? Оргил ачааллын үед нэг ширхэгийг ч хэрэглээгүй байна, Пандоверийг нэг удаагийн нөөцтэй хамт хадгалж байсан гэж хэлж байна. Гэтэл өмнөх тайлбартаа нэг удаагийн хэрэгслийг бүгдийг нь Ковид-19 өвчний үед хэрэглэсэн гэж хэлсэн тайлбартай чинь тохирохгүй байна. Би өөрөө танай эмнэлэгт очиж ажилласан. Ингээд тухайн үед Ковид-19 өвчнөөр өвчилсөн иргэний мэдээлэлтэй танилцсан. 340 орчим хүний нэрс байсан. Мөн яг хичнээн төгрөгийн эмчилгээний зардал гаргасан болохыг харсан. Энэ нь эмийн эргэлтийн сангаас гарсан дүнтэй тохирсон. Тиймээс 16.500.000 төгрөгийн зөрүү гарсан юм. Сүүлд пандоверийг гаргаж ирж тоолуулах гэсэн боловч тоолоогүй гэж хэлж байгаа нь худал юм. Яаж зарцуулсан гэдгийг мэдэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        4. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        5. Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  “Худалдан авч зарцуулсан нь нотлогдохгүй байгаа бараа материалын үнийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгох тухай”  25-01-123 тоот актаар[5]:

            Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн удирдамжийн хүрээнд төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийг тус тус үндэслэн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б. ахлан, Дотоод аудитор Г. нар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 20 хоногийн хугацаанд, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 14 хоногийн хугацаанд хяналт шалгалтыг явуулжээ.

            Тус байгууллагын үйл ажиллагаанд Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж түүнийг үндэслэн Төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам стандартын хэрэгжилтийн байдлыг хянан шалгахад:

            Тус байгууллагын 2021 оны худалдан авалтыг бараа материалын тайлан болон хөрөнгийн бүртгэлтэй тулган шалгахад дараах 6.727.0 мянган төгрөгийн худалдан авсан бараа материалууд тоологдоогүй, дутагдсан, юу авсан болон юунд зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

            1. “” ХХК-иас 19.878.5 мянган төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг шилжүүлсэн, үүнээс 3.253.0 мянган төгрөгийн худалдан авалт анхан шатны баримтгүй буюу яг юу авсан нь тодорхойгүй, бараа материалын орлого, зарлага байхгүй байна.

                 2. Мөн “” ХХК-иас худалдан авсан дараах хөрөнгүүд тооллогоор байхгүй, дутагдсан, тайланд шууд зарлагадсан байна.

Хөрөнгийн нэр

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ

1

Босоо толь

5

100.0

500.0

2

Ус буцалгагч

2

40.0

80.0

3

Тоос сорогч

1

500.0

500.0

4

Хөшиг

33

18.0

594.0

5

Нийт

41

 

1.674.0

            /мянган төгрөгөөр/

 

            3. “-Ирээдүй” ХХК-иас хөнжил 20 ширхэг, хөшиг 30 ширхэг, орны гудас 20 ширхэг, оффис хөшиг 3 ширхэг, ор хөнжлийн даавуу 20 ширхэг, нийт 5 нэр төрлийн 13.098.0 мянган төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 69 тоот төлбөрийн хүсэлтээр хийсэн ба үүнээс тус бүр нь 600.0 мянган төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг нийт 1.800.0 мянган төгрөгийг оффис хөшиг байхгүй, дутагдлаа.

            Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6 дугаар зүйлийн 6.3.2-д “санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг баримтална”, 13 дугаар зүйлийн 13.4-д “Аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 14 дүгээр зүйлийн 14.3-т Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ гэсний 14.3.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх”, 14.4-д “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”, 14.4.2. бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, 14.4.5 бүх орлого, 14.4.6 бүх зардал, 14.4.7 нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс” гэснийг тус тус зөрчсөн байна.

            Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуй нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан “Санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитийн зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах” 7.5-д “санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ” гэсэн заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

            1. Худалдан авч зарцуулсан гэдэг нь анхан шатны баримтаар нотлогдохгүй, дутагдсан 6.727.0 /зургаан сая долоон зуун хорин долоон мянган/ төгрөгийг тухайн үед ажил хариуцаж байсан Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч, нярав нараар төлүүлж, төсвийн орлого болгох.

            2. Эс зөвшөөрвөөс эд хөрөнгө дутагдуулж, шамшигдуулсан холбогдох албан тушаалтнуудыг эрх бүхий байгууллагад шилжүүлж, нөхөн төлүүлэх, авч ажиллахыг Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.*******, нягтлан бодогч Ч.******* нарт хариуцуулав.

            3. Төлбөрийн 6.727.0 /зургаан сая долоон зуун хорин долоон мянган/ төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн татварын хүү, торгуулийн орлогын ******* тоот регистрийн дугаартай ТСНД ******* тоот дансанд төвлөрүүлэхийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.*******, нягтлан бодогч Ч.******* нарт хариуцуулав.

            4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг үндэслэн төлбөрийн 6.727.0  /зургаан сая долоон зуун хорин долоон мянган/ төгрөгийг нягтлан бодох бүртгэл тайланд өглөгөөр тусгахыг нягтлан бодогч Ч.*******д хариуцуулахаар  шийдвэрлэжээ.

          6. Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн  “Худалдан авч зарцуулсан нь нотлогдохгүй байгаа бараа материалын үнийг нөхөн төлүүлж, төсвийн орлого болгох тухай”  2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 тоот актаар[6]:  

Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн удирдамжийн хүрээнд төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийг тус тус үндэслэн Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б. ахлан, Дотоод аудитор Г. нар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 20 хоногийн хугацаанд, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 14 хоногийн хугацаанд хяналт шалгалтыг явууллаа.

            Тус байгууллагын үйл ажиллагаанд Төсвийн тухай, нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж түүнийг үндэслэн Төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам стандартын хэрэгжилтийн байдлыг хянан шалгахад:

            Эмийн эргэлтийн сангийн Төрийн банкин дахь тоот харилцах даснаас доорх нэр бүхий 6 бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас худалдан авсан 16.579.0 мянган төгрөгийн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн эмийн тайлан болон хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүх, коронавируст халдварт өвчнөөр өвчилж хэвтэн эмчлүүлсэн нийт 344 иргэний өвчний түүхтэй, эмчилгээнд зарцуулсан нийт эм, эмийн хэрэгслийн зарлагатай тулган шалгахад тухайн худалдан авсан эм, эмийн хэрэгслийг зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

           

Огноо

Байгууллагын нэр

Мөнгөн дүн

Хөрөнгийн нэр

Нийт үнэ

1

2021.04.02

“” ХХК

49.0

Эмнэлгийн хэрэгсэл

2021.04.02-ны өдрийн зарлагын баримт болон нэхэмжлэх

2

2021.07.09

“” ХХК

1.000.0

COVID-19 AG Rapid test

2021.07.09-ний өдрийн нэхэмжлэх

3

2021.11.30

Алтанцэцэг

630.0

Ковид-19 тест

2021.11.08-ны өдрийн зарлагын баримт болон нэхэмжлэх, 2021.11.30-ны өдрийн төлбөрийн и-баримт

4

2021.12.09

“Дорнын мэнэнгийн тал” ХХК

750.0

Материалын үнэ

2021.10.08-ны өдрийн зарлагын баримт болон нэхэмжлэх, 2021.12.09-ний өдрийн төлбөрийн и-баримт

5

2021.12.23

“ тун” ХХК

8.500.0

Панзовир 100мг №1

2021.10.10-ны өдрийн зарлагын баримт болон нэхэмжлэх, 2021.12.22-ны өдрийн төлбөрийн и-баримт

6

2021.12.27

“ хан хэрлэн” ХХК

5.650.0

Эмнэлгийн хэрэгслийн үнэ

2021.06.05, 2021.08.15-ны өдрийн зарлагын баримт болон нэхэмжлэх

 

 

Нийт

16.579.0

 

 

 

            Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6 дугаар зүйлийн 6.3.2-д “санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Аж ахуй нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг баримтална”, 13 дугаар зүйлийн 13.4-д “Аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 14 дүгээр зүйлийн 14.3-т Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ гэсний 14.3.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх”, 14.4-д “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”, 14.4.2. бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, 14.4.5 бүх орлого, 14.4.6 бүх зардал, 14.4.7 нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлс” гэснийг тус тус зөрчсөн байна.

            Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуй нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан “Санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитийн зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах” 7.5-д “санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ” гэсэн заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

            1. Анхан шатны баримтаар худалдан авч, зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байгаа 16.579.0 /арван зургаан сая таван зуун далан есөн мянга/ мянган төгрөгийг эрхлэгч, их эмч У., нягтлан бодогч Ч.******* нараар төлүүлж, төсвийн орлого болгох.

            2. Төлбөрийн 16.579.0 /арван зургаан сая таван зуун далан есөн мянга/ мянган төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн татварын хүү, торгуулийн орлогын ******* тоот регистрийн дугаартай ТСНД ******* тоот дансанд төвлөрүүлэхийг Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч И.*******, нягтлан бодогч Ч.******* нарт хариуцуулав.

             3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг үндэслэн төлбөрийн 16.579.0 /арван зургаан сая таван зуун далан есөн мянга/ мянган төгрөгийг нягтлан бодох бүртгэл тайланд өглөгөөр тусгахыг нягтлан бодогч Ч.*******д хариуцуулахаар шийдвэрлэсэн.

             7. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуй нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т “улсын байцаагч нь ... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, ... тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”-аар тус тус хуульчилсан.

                Гэтэл Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 болон 25-01-123 тоот актуудаар тогтоосон үйл баримтууд нь гэрч “ Ирээдүй” ХХК-ийн захирал Т.*******[7], “ тун” ХХК-ийн захирал Д.*******[8], “” ХХК-ийн захирал Б.*******, гэрч Ө.*******, гэрч Б.******* нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл дээрх актуудаар тогтоосон эм, эмнэлгийн хэрэгслүүд нь “Ковид-19” цар тахлын үед хилээр удаашралтай орж ирсэн мөн эм тариа, бараа материалууд Дорнод аймгийн Баянтүмэн сумын эмнэлэгт бүрэн ирж, иргэдэд хүртээгдсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            8. Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч нар хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийгээгүй нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус аймгийн Баянтүмэн сумын “Эрүүл мэндийн төв”-ийн архивт хадгалагдаж байгаа архивийн бичиг баримтанд хийсэн үзлэг, бичгийн нотлох баримтууд, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.[9]

             9. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэх хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд энэхүү хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс аль байгууллага, иргэнээс эм, эмнэлгийн хэрэгсэл захиалсан зэргээр бодит нөхцөл байдлыг дурдаад байхад энэхүү дурдсан асуудлыг урьдчилан шалгаж тогтоохгүйгээр,  шийдвэр гаргасан нь захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          Иймд Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 болон 25-01-123 дугаартай актуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

             1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25-01-122 болон 25-01-123 дугаартай актуудыг хүчингүй болгосугай.

               2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.д олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 7-8-р хуудас

[2] Хавтаст хэргийн 9-10-р хуудас

[3] Хавтаст хэргийн 11-р хуудас

[4] Хавтаст хэргийн 1-5-р хуудас

[5] Хавтаст хэргийн 30-32-р ххудас

[6] Хавтаст хэргийн 33-35-р хуудас

[7] Хавтаст хэргийн 113-р хуудас

[8] Хавтаст хэргийн 116-р хуудас

[9] Хавтаст хэргийн 125-127, 177-181-р хуудас