Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/04859

 

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

 

         Дугаар 102/ШШ2024/04859                         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: *** хаягтай, рд:***, *** -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч:*** хаягтай, ****-д холбогдох,

58 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

хариуцагчийн өмгөөлөгч **** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга **** хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

               1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэг нийт 58 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

               2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани *** компанитай 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ анх байгуулсан. Тухайн гэрээний дагуу нийт 7 удаагийн захиалгыг гүйцэтгэж ачаа барах болох барилгын материалыг Бүгд найрамдах Солонгос улсын Инчон боомтоос Монгол улсын Улаанбаатар хотын гаалийн талбай хүртэл тээвэрлэхээр  харилцан тохиролцсон. Тээвэрлэлтүүд хийгдэж ачаа бараа олгогдсон бөгөөд нийт 3 удаагийн захиалгын хуудсан дээр төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Үүнийг хоёр талаас баталгаажуулаад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн байгаа. Тооцоо нийлэхэд 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт гэрээний үлдэгдэл 55,000,000 төгрөг байна гэдгийг хоёр талаас баталгаажуулж акт үйлдсэн. Үүнийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргасан байгаа. 55,000,000 төгрөгөөс нийт 5 удаагийн төлөлтөөр хариуцагч *** ХХК нь 16,000,000 төгрөг төлсөн үлдэгдэл 39,000,000 төгрөгийг 2021 онд төлөх ёстой байсан ч одоог хүртэл төлөөгүй. Тиймээс үүргээ хугацаа хэтрүүлсэн алданги болох 19,500,000 төгрөг нийт 58,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

               3.Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: ...талуудын хооронд маргааны гол үйл баримт болох гэрээ байгуулсанд маргадаггүй. 2021 оны 7 дүгээр сард тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч талаас тээврийн ажлыг хийж гүйцэтгээгүй. Үүнийг нотлох баримт нь нэхэмжлэгч тал тооцоо нийлсэн актын талаар дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хавтас хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан байдаг гэтэл нэхэмжлэгч талын хэлсэн тооцоо нийлсэн акт нь хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн тээврийн үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Энэ нь хариуцагчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгсөн гаалийн бүрдүүлэлтийн мэдүүлэг байгаа. Уг мэдүүлгээс харахад *** нь өөр компаниар тээвэрлүүлсэн байдаг. Хоёрдугаарт нэхэмжлэгч талаас захиалгын хуудас гэж хэлсэн баримт буюу хавтаст хэргийн 11,12,13-р талд байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй зөвхөн нэхэмжлэгч талын гарын үсэгтэй баримт юм. Гуравдугаарт нэхэмжлэгчийн зүгээс хоёр этгээдийг хариуцагчаар оролцуулсан байдаг бөгөөд үүнд *** ХХК, *** юм. Нэхэмжлэлийн шаардлагат *** ХХК-с юу нэхэмжилж байгаа, ***с юу нэхэмжилж байгаа нь тодорхой бус нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдэх боломжгүй гэж үзэж байна... гэв.

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

2024.04.18-ны өдрийн ***тоот итгэмжлэл /хэргийн  4 дүгээр тал/

2021.07.19-ний өдрийн дугаар ***тоот *** нарын хооронд байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 5-8 дугаар тал/

2024.04.01-ний өдрийн *** тоот Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс *** ХХК-руу илгээсэн албан бичиг /хэргийн 9 дүгээр тал/

***-ийн захиалгын хуудсууд 2021.07.09, 2021.07.09, 2021.06.04 /хэргийн 10 дугаар тал/

2024.09.23-ны өдрийн *** тоот итгэмжлэл /хэргийн 36 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд /хэргийн 56-61 дүгээр тал/

*** ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 67 дугаар тал/зэрэг баримтууд,

 

            5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 27 дугаар тал/

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд /хэргийн 68-75 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

            6.шүүхээс бүрдүүлсэн

мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан имэйл захидал, тооцооны үлдэгдлийн баталгаа баримт /хэргийн 48-55 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

2.Нэхэмжлэгч ...58 500 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч гэрээний үүргээ зөрчиж тээвэрлэлтийн хөлсөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... 2021 оны 7 дүгээр сард тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч талаас тээврийн ажлыг хийж гүйцэтгээгүй... гэж маргаж байна.

 

            3.Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            2021 оны 07 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч хариуцагч ***нарын хооронд Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч хариуцагчийн захиалгын хуудсаар ирүүлсэн захиалгын дагуу БНСУ-ын Инчон боомтоос Улаанбаатар хотын гаалийн талбай хүртэл барилгын материал тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх, хариуцагч тээвэрлэлтийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын тайлбар, гэрээ баримтаар тогтоогдож байна.

 

            Талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж гарын үсэг зурснаар талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасан ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

           

            4.Гэрээний дагуу нэхэмжлэгч ачааг тогтоосон газар хүргэж өгөх, хариуцагч хөлс төлөх үүрэгтэй.

 

            5.Нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчийн захиалгын дагуу нийт 12 чингэлэг ачааг 2021 оны 09 сарын 29-ны өдөр хүртэл хугацаанд тээвэрлүүлж хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн *** гэх хаягаас  нэхэмжлэгчид 2021 оны 10 сарын 09-ны өдөр ирүүлсэн ...манай байгууллага 12 чингэлэг ачааг 3 сараас өнгөрдөг 09 сарын 19 хүртэл ачаа авсан байна... гэх имэйл цахим захидал баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн ...2021 оны 7 дүгээр сард тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч талаас тээврийн ажлыг хийж гүйцэтгээгүй... гэх тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.

 

6. Дээрх баримтаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

 

            7.Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн хариу үүрэг буюу тээвэрлэлтийн хөлс төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дансны хуулга баримтууд,  цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн *** гэх хаягаас нэхэмжлэгчид 2021 оны 10 сарын 09-ны өдөр ирүүлсэн ...нийт чингэлгийн тээврийн төлбөрөөс 55 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. энэхүү тооцоог манай байгууллага энэ сарын 20-ны дотор хуваан төлөхөөр хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Та бүхэнд хүндрэлтэй байгаа гэдгийг ойлгож байгаа хэдий ч бидэнд туслан дээрх хугацаанд төлбөрөө барагдуулж дуустал хамтран ажиллаж туслаач хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна ... гэх имэйл цахим захидал, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогдож байна.

 

            8.Хариуцагчийн ...манай байгууллагад ийм и-мэйл хаяг байхгүй... гэх тайлбар 2021 оны 07 сарын 19-ний өдрийн дугаар 21024 тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний ... Гэрээ байгуулсан хэсгийн Үйлчлүүлэгчийг төлөөлж: гэх хэсгийн  ...И мэйл хаяг: ***.. гэх бичилт бүхий гэрээ баримтаар үгүйсгэгдэж байна.

 

            9.Хариуцагч ачаа хүлээж авсан эсэх, ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн болон нэхэмжлэгчийн ирүүлсэн тээвэрлэлтийн хөлсний хэмжээний талаар маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан тээвэрлэлтийн хөлсний хэмжээ тооцоог үгүйсгэж баримтаар няцаагаагүйг дурдах нь зүйтэй.

 

            10.Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үүрэг тээвэрлэлтийн хөлс, алданги нийт 58 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч ***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            11. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэхдээ хариуцагчаар *** нарыг тодорхойлсон ба шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... зөвхөн охин компаниас 58 500,000 төгрөгийг шаардаж байгаа. ***с шаардсан зүйл байхгүй... гэх тайлбарласан, нэхэмжлэгч, хариуцагч *** нарын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүрэг үүсээгүй тул хариуцагч У***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг тайлбарлах нь зүйтэй.

 

12. Хариуцагч тээвэрлэлтийн хөлс төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч гэрээний 4.1, 4.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 232.7-д заасны дагуу гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй, алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул үндсэн үүрэг тээвэрлэлтийн хөлс 39 000 000 төгрөг, гэрээний хариуцлага алданги 19500 000 нийт 58 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч тооцож нэхэмжилснийг хангаж шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 450 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

14. 2024.04.18-ны өдрийн *** нэхэмжлэгчээс ***д олгосон итгэмжлэл, 2024 09 28-ны өдрийн *** нэхэмжлэгчээс ***д олгосон итгэмжлэл, 2024.09.09-ний өдрийн хариуцагчаас ***д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 31, 36 дугаар тал/ 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-аас ачаа тээвэрлэлтийн хөлс гэрээний үүрэг нийт 58 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, хариуцагч ***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 450 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ