Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 0027

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

улсын яллагч: Ч.Батбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч :Ч.Хүрэлбаатар

шүүгдэгч: Ц.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц Ш холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706027470370 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц Ш,  1972  оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай  аймагт  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, ойжуулагч, ойн хамгаалагч  мэргэжилтэй, Амгалан ээж ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5,  эхнэр, хүүхдүүдийн  хамт Баянзүрх дүүргийн  дугаар Жанжины  тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлж байсан  ,РД:ДЭ72012215

       

Холбогдсон хэргийн талаар:

        Ц.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Ц.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017.10.10-ны оройн 18.00 цагийн үед усанд орох, хими цэвэрлэгээнд хувцас өгөх гэж гэрээсээ эхнэртэйгээ гарсан. Эхнэр машинаа бариад явсан. Замдаа машин дотор эхнэртэйгээ маргалдсан. Тэгсэн чинь эхнэр намайг машинаас буу гэхээр нь би буухгүй гэтэл намайг самардсан. Би хоёр суудлын гол руу нүүрээр нь дарсан, тэгтэл эхнэр машинаасаа буугаад намайг чирч буулгасан тэгэхээр нь  миний уур хүрээд  хоолойг нь баруун гараараа багалзуурдаад хана руу 2 удаа түлхсэн. Энэ үед тархи доргисон байх гэв.

        Шүүгдэгч  Ц.Ш    мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би Б хамтран амьдраад 14 жил болж байгаа юм. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Бид 2 хамтран амьдардагч одоо болтол гэрлэлтээ батлуулаагүй байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19.00 цагийн үед 13 дугаар хороололд байдаг хими цэвэрлэгээ орчихоод буцаад гэрлүүгээ явж байхдаа бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Би тэр үед жоохон согтуу явж байсан юм. Б машинаа зогсоогоод намайг буу зайл гэсэн. Би буухгүй гээд машины голын хэсэг дээр Б толгойг доош нь дарсан гэтэл Булгансуусар машинаас буугаад хойд хаалга дээрээ онгойлгоод намайг татаад байсан би уучлалт гуйсан чинь хүлээж аваагүй. Тэгээд намайг машинаас татаж гаргаад нүүр маажсан тэгэхээр нь миний уур хүрээд би хоолойг нь баруун гараараа багалзуурдаад хана руу 2 удаа түлхсэн. Тэр үед толгой нь жоохон доргисон байх. Бид хоёр жоохон зүйлээс болж маргадаг. Манай эхнэр миний хөдөлмөрийн үнэлдэггүй юм. Өмнө нь нэг удаа зодож байсан гэхдээ цагдаад шалгагдаж байгаагүй гэжээ. /хх-ийн 18/

           Хохирогч  Ц.Б    мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18.00 цагийн орчимд 13 дугаар хороололд байдаг хими цэвэрлэгээнд хувцас өгөх гээд нөхөр Ш хамт явсан. Ш согтуу байсан ба намайг машин бариад явж байхад янхан гээд араас үснээс зулгаагаад, тайван явуулахгүй байсан юм. Тэгээд би машинаа зогсоогоод нөхрөө машинаас буу гэхэд буухгүй байснаа намайг машинаас чирч буулгаад байшингийн хана толгойгоор мөргүүлээд, машин руугаа зугтаад орох гэтэл машины хаалгаар миний толгойг хавчуулсан. Тэгээд би хамтдаа цагдаа дээр очий гээд бид хоёр цагдаагийн байгууллага дээр ирсэн юм. Намайг өмнө нь олон удаа зодож байсан. Миний хөмсөг сэт цохиж, толгой хагалж байсан гэжээ.    /хх-н 14-17/

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 19/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12900 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

1.Б биед тархи доргилт, хүзүүний зулгаралт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-ийн 20/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н  23-24/

          Ц.Ш хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол/хх-н 32-33/

     Ц.Ш  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 27-31-/,

    Ц.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 26 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 25/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 36-37/ зэрэг болно.          

          Ц.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Б биед тархи доргилт, хүзүүний зулгаралт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 12900 тоот шинжилгээний дүгнэлт /хх-ийн 20/

           Хохирогч  Ц.Б   мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн … Шатар согтуу байсан ба намайг машин бариад явж байхад янхан гээд араас үснээс зулгаагаад, тайван явуулахгүй байсан юм. Тэгээд би машинаа зогсоогоод нөхрөө машинаас буу гэхэд буухгүй байснаа намайг машинаас чирч буулгаад байшингийн хана толгойгоор мөргүүлээд, машин руугаа зугтаад орох гэтэл машины хаалгаар миний толгойг хавчуулсан. Тэгээд би хамтдаа цагдаа дээр очий гээд бид хоёр цагдаагийн байгууллага дээр ирсэн юм. Намайг өмнө нь олон удаа зодож байсан. Миний хөмсөг сэт цохиж, толгой хагалж байсан гэсэн мэдүүлэг     /хх-н 14-17/

        Шүүгдэгч  Ц.Ш  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Би тэр үед жоохон согтуу явж байсан юм. Б машинаа зогсоогоод намайг буу зайл гэсэн. Би буухгүй гээд машины голын хэсэг дээр Б толгойг доош нь дарсан гэтэл Б машинаас буугаад хойд хаалга дээрээ онгойлгоод намайг татаад байсан би уучлалт гуйсан чинь хүлээж аваагүй. Тэгээд намайг машинаас татаж гаргаад нүүр маажсан тэгэхээр нь миний уур хүрээд би хоолойг нь баруун гараараа багалзуурдаад хана руу 2 удаа түлхсэн. Тэр үед толгой нь жоохон доргисон байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/ зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

        Ц.Ш нь  өөрийн хамтран амьдрагч Ц.Б  машин бариад явж байхад янхан гээд араас үснээс зулгаагаад,   машинаас буусан хойно нь   хана руу толгойгоор нь мөргүүлж биед  нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд Ц.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.           

         Хохирогч Ц.Б шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Ц.Ш  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ц Ш  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ш  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган /төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Ц.Ш  нь торгох ялыг 1 /нэг / сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан           Ц.Ш  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ц.Ш  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ш хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Ш  нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Ш авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН