Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1089

 

 

 

 

 

 

 

 

Ж.Г, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М,

шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Г.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Хишигбаатар, Т.Ганболд, Ц.Батзаяа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Г.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Хишигбаатар, Т.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Г, Д.Э нарт холбогдох 2106044741503 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............. овгийн Д.Э, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................. төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын аюулгүй байдлын инженер, төрийн удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

2. ................. овгийн Ж.Г, ........ оны ....дугаар сарын ...-ны өдөр ..................... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Гал унтраах аврах 63 дугаар ангийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............................../;

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар ангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгч ажиллуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд хохирогч Э.М нь 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрч тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрний зүүн талд байрлах гал түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбараас “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсний улмаас хохирогч Э.М нь тогонд цохиулж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Г, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Э, Ж.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Г нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Д.Э, Ж.Г нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 2.942.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мийн иргэний хариуцагчаас амь хохирогч Э.Мын амь насны хохиролд 356.386.984 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч Ж.Оийн амь хохирогч Э.Мын амь насаа алдсаны нөхөн төлбөр зэргийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Г нараас хувь тэнцүүлэн 630.000 төгрөгийг гаргуулан шинжээч Х.Урангуа, Б.Эрдэнэхүү, Х.Наранбаатар нарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр бахь, хар өнгийн малгай, шар эрээн куртик, саарал эрээн цамц, ногоон өнгийн ноосон цамц, ногоон өнгийн фудболка, хар өнгийн дотортой бээлий 1 хос, хар өнгийн савхин бээлий 1 хос, саарал эрээн өмд, бор өнгийн тэлээ, бор өнгийн дотуур өмд, хөх эрээн дотуур өмд, цагаан өнгийн дотоож, хар өнгийн түрийтэй өвлийн гутал, хар өнгийн оймс 1 хос, ягаан шаргал өнгийн “IPhone 6” маркийн гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мт олгож, нэг ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э, Ж.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э, Ж.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие 2013 оноос 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангид галын автомашины жолооч гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй буюу хамааралгүй, бусдын буюу шатны техникчийн хийж гүйцэтгэх ажлыг салаан дарга, ангийн захирагчийн тушаалаар хийж байхад найз маань цахилгаанд цохиулж нас барсан гэмт хэрэгт холбогдсон юм. Самбар буулгах гэж явсан гал сөнөөгч О.Б, талийгаач, бид гурвын хэн нь ч ямар газар очиж байгаагаа, өөрөөр хэлбэл, өндөр хүчдэлийн шугам байрладаг газарт очиж ажил үүрэг гүйцэтгэх гэж байгаагаа анхнаасаа огт мэдээгүй. Самбар буулгах явцад цахилгааны олон тооны өндөр хүчдэлтэй шугам дээр байгааг ч огт мэдээгүй, зөвхөн өөрсдөд оногдсон, дарга нарын хий гэсэн ажлыг хийж байхад найз маань нас барсанд харамсдаг юм. Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгч бүгд л алба хаагч биднийг дарга нарын зараалд явж байсан, үндсэн үүрэг ажилд нь хамаагүй самбар буулгах ажилд явах ёсгүй байсан, ажлаас буугаад нойрмог ядарсан байхдаа ажилласан байна, шатыг ажиллуулахгүй татгалзах эрхтэй байсан, татгалзахгүй яасан юм бэ гэх зэрэг асуудлыг маш болгоомжтойгоор ярьцгаасан. Манай салаан дарга Б.Э талийгаач бид хоёрыг самбар буулгаж байхад “дээр чинь цахилгааны утас байна шүү” гэж надад анхааруулсан гэдэг нь худлаа юм. Салаан дарга эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүйдээ өөрөө буруудна гэдгээ мэдээд доод албан тушаалтан намайг буруутгах гэсэндээ цахилгааны утас байна шүү гэж анхааруулсан гэдэг. Талийгаач бид хоёрыг самбараа буулгаад намайг шатыг буулгахын тулд өөр хөдөлгөөн хийгээд шатыг дээш өргөж байхад надад “утас байна” гэж анхааруулга өгсөн гэх хугацаанд салаан дарга О.Бтэй хамт замын баруун, зүүн талд замын хөдөлгөөн зохицуулаад биднийг харах боломжгүй юм. Тэгээд ч тийм өндөрт ажиллаж байгаа хүнд салаан захирагч өөрийн дуу хоолойгоор “дээр чинь утас байна, болгоомжтой байгаарай” гэж хэлсэн ч ямар ч хүн сонсох боломжгүй юм. Харин өндөр хүчдэлтэй шугамын ойролцоо ажил гүйцэтгэхдээ тухайн дамжуулах станцаас зохих зөвшөөрөл заавал авснаар тусгайлсан хянагчийн дор уг ажлыг гүйцэтгэдэг, ажил гүйцэтгэж байгаа хүнд хянагч нь тусгай чихэвч, дохио, радио, узель, дарцгаар дохио өгдөг, хүчдэлийг дуудлага өгсний үр дүнд таслалт, салгалт хийлгэдэг гэдгийг удирдлагууд маань огт мэддэггүйн улмаас бидэнд илт хууль бус тушаал шийдвэр өгч, самбар буулгуулж байхад миний найз цахилгаан соронзон орны долгион, нөлөөнд орж тогонд цохиулсан гэж үзэж байгаа. Хэлтсийн дарга болон ангийн захирагч нар холбогдох эрчим хүчинд дуудлага өгч зөвшөөрөл авсны дараа салаан захирагч эрсдэлийн үнэлгээг хийгээд аюулгүй ажиллагааны зааварчилгааг бидэнд өгч мэргэжлийн хүнээр нь самбарыг буулгуулах байсан. Соронзон орны нөлөөллөөс ажилтныг хамгаалах зорилготой байсан учир заавал дуудлага өгөх ёстой байсан. Хэрэв тусгай хяналтан дор өндөрт ажил гүйцэтгэж байгаад ийм асуудал болсон бол хянагч нь 100 хувь хариуцлагыг хүлээдэг юм байна. Намайг прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар сагсыг удирдахгүй гэж татгалзаагүй гэж шүүх хуралдаанд буруутгасан. Гэтэл алба хаагч бидэнд дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг, даалгавар нь хууль ёсны ч бай, хууль бус ч бай үг дуугүй биелүүлэх үүрэгтэйг өнгөрсөн хугацаанд зааж, ойлгуулж, хэрэгжүүлж ирсэн болохоос “би чадахгүй, самбар буулгах ажил чинь гал унтраах үндсэн ажил, энэ ажил бидэнд хамаагүй, аюулгүй ажиллагааны заавар өгөөгүй юм чинь бид нар ажлыг нь хийж чадахгүй” гэж, мөн би “машиныг жолоодоод ирсэн ч сагсыг нь удирдаж чадахгүй” гэж бидний ямар ч алба хаагч дарга нартаа хэлэх, тайлбарлах, татгалзах боломжгүй байдгийг ойлгоогүй юм. Намайг шатны техникчийн сургалтад суусан дадлага туршлагатай гэж салаан захирагч сонгон авч явсан гэж худал мэдүүлсэн. Шатны техникч нь галын машины жолоочоос дээгүүр албан тушаал. Шатны техникчийн сард авдаг цалин хөлс нь ч жолоочийнхоос илүү. Миний бие олон жил жолоочоор ажиллаад амьдрал ахуйдаа нэмэр болохын тулд цалин хөлсөө ахиулахаар шатны техникчийн сургалтад 2017 онд нэг удаа суугаад шатны техникчийн албан тушаалд томилогдох хүсэлтэй байгаагаа дарга нартаа уламжлахад “чи чадахгүй, чи болоогүй, чи тэнцэхгүй байна” гээд татгалзаж байсан атлаа хариуцлага хүлээх болохоороо намайг шатны техникчийн сургалтад суусан туршлагатай мэргэжилтэн гэсэн агуулгатай мэдүүлэг өгч байгаа нь би үхэхээр чи үх гэж байгаатай адил сонсогдож байсан. Мэргэжлийн бус, өдөр бүр шатны техникчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй би шатыг удирдахдаа дээр юу байгааг, шатыг буруу удирдвал ямар алдаа гарах, ямар хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ямар ч боломж байгаагүй. Гэтэл шүүхээс намайг цахилгааны утсыг харсан байх ёстой, өргөх шатыг жолоодож явах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байтал өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртуулж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Бодит байдал дээр цахилгааны утсыг тушаал өгөөд байгаа салаан захирагч харсан байх ёстой, харсан бол бидэнд зааварчилгаа өгч, эрсдэлийг тооцож цахилгааны таслалт хийлгэх байсан. Би өргөх шатыг ажиллуулахдаа миний дээр өндөр хүчдэлийн амь насанд аюултай утас байгааг хараагүй болохоор ямар нэгэн хор уршиг учирна гэдгийг тооцоолоогүй байсан. Гэтэл прокурор намайг утас байгааг мэдэх боломжтой байсан, утсыг харах ёстой байсан гэж ял тулгаж, шүүх гэм буруутай гэж эрүүгийн хариуцлага оногдуулж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Миний ажлын байранд хамаарахгүй, харин шатны техникчид хамаарах 2.3 гэсэн заалтаар намайг буруутгаж байгаа нь шударга бус байна. Тэр өдөр шатыг өндөрт ажиллуулах зайлшгүй шаардлагатай байсан юм бол мэргэжлийн шатны техникчийг авч явж болох байсан. Би буулгах ёсгүй байсан самбарыг дээд удирдлагуудын даалгавраар буулгахдаа хэрэв шатыг цахилгаан утсанд хүргэсэн, ойртуулсан бол талийгаачаас гадна миний бие мөн амь насаа алдаж, миний жолоодож явсан төмөр хийцтэй машин бүгд цахилгаан гүйдэлд цохиулж хоёр хүний амь хохирох байсан байна гэж одоог хүртэл боддог. Иймд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, цахилгааны таслалт хийлгэж зааварчилгааг өгөөгүй, амрах ёстой цагт нь алба хаагчдаа амраахгүйгээр хийх ёсгүй ажлыг гүйцэтгүүлсэн дээд албан тушаалтны шийдвэрийг мөн л хамт биелүүлсэн ангийн захирагч, салаан захирагч нар яагаад хариуцлага үүрэхгүй, адилхан дээд албан тушаалтны өгсөн тушаалыг биелүүлсэн энгийн алба хаагч надад хорих ял оногдуулж байгааг албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, шударга бус хандлаа гэж үзэж байгаа тул надад холбогдох хэргийг шударгаар хянаж, миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч Ж.Гт холбогдох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд;

1. Улсын яллагч миний үйлчлүүлэгч Ж.Гийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын хууль зүйн үндэслэлээ “Гал түймэр унтраах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн” гэж тодорхойлсон. Мөрдөгч мөн энэхүү заалтаар Ж.Гт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн /4хх 43-46/. Яллагдагч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “Болсон асуудалтай бол маргахгүй байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Гал унтраах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугамд хүргэхгүйгээр сунгана” гэж заасан заалт нь надад хамааралгүй заалт байна” гэсэн /4хх 53/.

2. Тэгвэл улсын яллагч яллах дүгнэлтдээ түүнийг яллаж буй үндэслэлээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугаманд хүргэхээргүйгээр сунгана” гэсэн заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдэл, мөн 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож байх явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсний улмаас хохирогч Э.М нь тогонд цохиулж нас барсан гэж тодорхойлсон. Улсын яллагчийн энэхүү процессын буюу оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой алдаа нь яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох, тогтоох гэсэн 2 хэсэгт, тогтоох хэсэгт нь энэ үг, өгүүлбэр яг бүрнээрээ байгаа. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт мөн адилхан энэ үг, үсэг байгаа. Аюулгүй байдлын дүрэм гэдгийг Гал унтраах дүрэм гэж сольж бичсэнийгээ сүүлд яллах дүгнэлт дээрээ зөвтгөсөн. Тогтоох хэсэгт үг, үсэг өөрчлөгдөөгүй гэж тайлбарласан. Өмгөөлөгч би улсын яллагчийн Ж.Гийг яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхэд мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтэд тавигддаг хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Өмгөөлөгч би хэрэг шүүхэд ирэхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж Ж.Гийг яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт дэх яллаж байгаа үндэслэл нь хоорондоо зөрүүтэй байгааг засуулах зайлшгүй шаардлагатай байна, ингэснээр Ж.Г нь ямар хэрэгт ямар үндэслэлээр яллагдаж байгаагаа мэдээд түүнд нийцүүлэн тайлбар мэдүүлэг өгч шүүх хуралдаанд мэтгэлцэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн боловч шүүх хүлээн авч дээрх ноцтой алдааг залруулахгүйгээр шүүгдэгч Ж.Г нь гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртуулсны улмаас хохирогч Э.М нь тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хоёрдугаарт: Хэргийн бодит байдал, өргөгч шатны доголдол, шат цахилгааны утсанд хүрсэн эсэх тухайд;

1. Шинжээч нарын “Ж.Г нь гал унтраах автомашины жолоочоор ажилладаг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тушаалаар батлагдсан Гал унтраах автомашины жолоочийн албан тушаалын тодорхойлолтоор автомеханик шатыг ажиллуулах үүрэггүй гэснээ гал унтраах автомашины жолооч Ж.Г нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тушаалаар батлагдсан Онцгой байдлын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.3-т автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугамд хүргэхээргүйгээр сунгана гэж заасныг зөрчсөн гэж хоёр салаа утгатай дүгнэлт гаргасан. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч нар Ж.Гийг тухайн үед техникийг ажиллуулах эрхгүй хүн байсныг бид тогтоож өгсөн, мэргэжлийн бус хүнийг шатны машин дээр ажиллуулж байгаа удирдлагууд нь хариуцлага хүлээнэ гэсэн үг. Ж.Г нь тухайн шатыг цахилгааны утсанд хүргээгүй байж болно. Хоёр хүн хоорондоо хүрсэн байвал төгсгөлийн хүнд цахилгаан гүйдэл нөлөөлөх буюу мэдрэгдэнэ. Автомашинд ул мөр гарч, доргилт эвдрэл байгаагүй тул утсанд шатыг хүргээгүй гэж ойлгож болно. Захын утаснаас 5 метр дотор ойртох, тэнд үйл ажиллагаа явуулж болохгүй. Самбар буулгах ажил нь гал унтраах ажил биш. Тэр шатыг сунгасан хүн нь Ж.Г л гэж бид бичсэн байгаа. Ж.Гт шатыг удирдахгүй гэж татгалзах эрх байгаа хэдий ч дээд албан тушаалтны тушаалаар л ажилласан. Ажлын байрны тодорхойлолтоороо Ж.Г нь энэ шатыг ажиллуулах үүрэггүй байсан. Тухайн шатны машиныг хаана ашиглах тухай дүрэмд заасан байхад хаа хамаагүй аж ахуйн ажилд буюу самбар буулгах ажилд ашигласан нь буруу юм. Ж.Гийг буруутгасан заалт нь шатны техникчид хамаарах заалт гэдгийг шинжээч нар бид хэлээд өгчихсөн. Өндөр хүчдэлийн шугамын хажууд үүрэг гүйцэтгэхдээ хүн, машин тэрэг бол ямар хэмжээнд байх ёстой талаар Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм журамд заасан ба түүнийг л мөрдөнө. Цахилгаан эрчим хүч ашиглагч байгууллага энэ тохиолдолд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, төрийн өмчит хувьцаат компаниас зөвшөөрөл авч тэдний хяналтан доор ямар ч ажлыг гүйцэтгэнэ. Өндөр хүчдэлд ойртоход бахь соронзон орон үүсгэж таталцана. Хүний бие ч мөн таталцана. Ер нь энэ нөхцөлд ажиллах ёсгүй байсан”, гэрч самбар буулгахад ямар тоног төхөөрөмж хэрэг болох талаар мэдээгүй. Шатны техникчийн сургалт Нийслэлийн онцгой байдлын газарт нэг удаа сууж байсан. Манай байгууллагад эрчим хүчний байгууллагатай хамтарч ажиллах, өндөр хүчдэлийн ойролцоо үүрэг гүйцэтгэхэд баримталдаг гэрээ, дүрэм, журам гэж байхгүй. Манай байгууллагад өндөр хүчдэлтэй газар ажиллах тусгай хэрэгсэл байхгүй. Ахуйн хэрэглээний цахилгаанаас хамгаалах хэрэгсэл бол байгаа. Алба хаагч нар өндөр хүчдэлтэй газарт очно гэж мэдээгүй. Шатыг ангийн хашаанаас гаргах үүрэг өгөх эрх бүхий хүн нь хэлтсийн дарга. Ээлжнээс буусан томилгоонд явж байгаа хүмүүсийг би мэдэх үүрэгтэй. Тухайн өдөр хэн хэнийг самбар буулгах ажилд явуулахыг салаан захирагч мэднэ. Шатыг буруу хэрэглэвэл гацдаг. Хэлтсийн даргын өгсөн үүргийг биелүүлэхээс татгалзах боломж, тийм эрх байхгүй. Үүрэг даалгавар өгөхдөө өндөр хүчдэлийн дэргэд самбар байрлаж байгааг надад хэлээгүй”, гэрч Б.Эын “Эрсдэлийн үнэлгээг салаан захирагч хийж, зааварчилгааг өгч ажиллана. Би автомеханик шат болохгүй юм байна, 3 сунадаг шат хэрэгтэй юм байна гэдгийг хэлтсийн даргадаа утсаар хэлсэн. Автомеханик шат хэрэглэж болохгүй, 3 сунадаг шат хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан. Ж.Г, талийгаач хоёрыг би сонгож авч явсан. Манайд шатны техникч байгаагүй. Тухайн нөхцөл байдалд цахилгаан утас байгааг сануулж хэлсэн. Шатыг осол гарсны дараа харахад утаснаас метр хүрэхгүй зайтай харагдсан. Нийлсэн эсэх нь харагдаагүй. Шат хүрсэн бол Э.М, Ж.Г, шатны машин гурвуулаа байхгүй болох байсан. Ж.Г шатны техникчийн сургалтад суусан баримт байхгүй. Авто замын хөдөлгөөний чимээ их байсан тул дээшээ хараад гараараа заагаад явж байсан. Өндөр хүчдэл шатнаас зайтай харагдсан. Тэнд очоод Ганхөлөг шатаа сунгасан. О.Б, талийгаач хоёр шатан дээр гарч самбараа буулгаад О.Б сагсанд багтахгүй байна гээд түрүүлж бууж ирсэн. Гал унтраах машины жолооч шатан дээр техникчээр ажиллана гэсэн заалт байдаггүй. Манай ангид шатны техникч нь шатан дээр ажилладаг. Өндөр хүчдэлийн шугаманд 5 метр ойртож болохгүй гэж зааж байсан. Надад үүрэг өгөөд би салаан захирагч, ангийн захирагч хоёрыг холбосон. Самбар газраас багцаагаар 6, 7 метр орчим зайтай байсан учраас авто механик шат заавал ашиглах шаардлагагүй гэж харагдсан. Тухайн нөхцөлд самбар буулгах гэж очсон болохоор ямар төрлийн зааварчилгаа өгөх талаараа мэдэхгүй байсан. Бид нар хувцсаа солиод байж байхад “чи бэлтгэл ээлжтэйгээ яв. Ууганбаярыг надтай холбоо бариул” гэж хэлтсийн дарга хэлсэн. Тэгээд би ангийн захирагчтай холбоо бариад үүрэг аваад гарсан. Өргөгч шаттай яваарай гэсэн үүргийг ангийн захирагч Эрдэнэбат, дарга хоёроос хоёулангаас нь авсан. Самбар буулгах ажиллагаанд зааварчилгаа байхгүй. Амь хохирогч өндөр хүчдэлд хэрхэн хүрч тогонд цохиулсныг тухайн үед замын хөдөлгөөн зохицуулаад зогсож байсан тул хараагүй”, гэрч О.Бгийн “цахилгааны утас шатны өнцгөөс зайтай байсан. Би тэр үедээ сандарсан байсан болохоор яг юу болсныг сайн ойлгоогүй. Мэдүүлэг өгч байхдаа бас шокийн байдалтай байсан. Энэ ажил дээр очиход хэн нэгэн зааварчилга өгөөгүй. Салаан захирагч, удирдаж яваа удирдагч зааварчилгаа өгөх ёстой байсан. Анх сагсан дээр хамт байж байгаад багтахгүй болохоор нь буусан. Дээр хоёр хүн байсан ба салаан дарга зам зохицуулаад явж байсан. Би буугаад замын хөдөлгөөн зохицуулж байсан. Эрдэнэбаяр замын нөгөө талд байсан. Шатаа буцаагаад хураах явцад осол гарсан. Шатыг хураахад эхлээд дээшлүүлж байгаад буцааж доошлуулдаг”, гэрч Б.Б-ы “шатны машины мэдрэгч 1-2 метрт байдаг. Дээд талдаа мэдрэгч байдаггүй учраас шатыг дээшээ өргөхөд мэдрэгч ажиллахгүй. Барилгын биет юм руу хажуу талдаа мэдэрдэг. Техникчийн орон тоо манай ангид бүрэн байгаа”, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Батхандын “Ж.Г нойр дутуу байсан учраас шатыг дээш өргөөд өөрийгөө хүртэл эрсдэлд оруулаад өөрөөсөө өндөр залууг тогонд хүргэснийг үгүйсгэхгүй. Утсанд юу хүрсэн бэ гэж маргах шаардлага байхгүй. Ганхөлөг жижиг, амь хохирогч 1 метр 80 см өндөртэй өндөр залуу тул түрүүлж тогонд хүрээд Ж.Г сандарсандаа шатаа буулгасан нь ойлгомжтой байна. Шатны машиныг зориулалтаар нь өгөгдсөн цэгт өгөгдсөн өнцгөөр өнцөгт байрлуулж ажиллуулна. Үүнээс өөрөөр ашиглахыг хориглоно гэж заасан байхад Д.Э самбар буулгаад ир гэдэг тушаал өгч албан хаагчдыг явуулсан байна. Ж.Г шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугаманд хүргэхгүйгээр сунгаж ажиллах бүрэн боломжтой байсан. Хэргийн 77-79, 81-82 талд Ж.Г гэрчийн мэдүүлэг өгөхдөө тогны утсыг анзаараагүй, хэдэн метр сунгасныг мэдээгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Ж.Г нойр дутуу яваад байгаа байхгүй юу. Энэ нь хайхрамжгүй үйлдэл” гэсэн мэдүүлгүүдээр шатыг зориулалтын бусаар ашиглах үүргийг зөвхөн удирдлагуудаас өгсөн, мэргэжлийн бус, нойр дутуу, Ж.Г нь ажлын бус цагаар хийж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг ангийн захирагч Д.У, салаан захирагч Б.Э нарын өгсөн үүргийн дагуу татгалзах эрхгүйгээр үг дуугүй биелүүлсэн, самбар буулгах үүрэг өгсөн хэлтсийн дарга, ангийн захирагч, салаан захирагч Б.Э болон самбар буулгахаар очсон гурван алба хаагчдын хэн нь ч самбарын ойролцоо 7 ш өндөр хүчдэлийн цахилгааны утас байсныг огт мэдээгүй, мэдэх боломжгүй, салаан захирагч нь ч цахилгааны утас байгааг мэдээгүй учраас эрсдэлийн үнэлгээгээ хийгээгүй, зааварчилгаа өгөөгүй, салаан захирагч Б.Э, О.Б хоёр замын хоёр талд зорчих хэсэгт замын хөдөлгөөн зохицуулж байсан, өргөгч шат урд талдаа мэдрэгчгүй, өргөж, буулгахад гацдаг, өндөр хүчдэлийн утсанд хүрэх бүү хэл ойртох, түүний ойролцоо ажил үүрэг гүйцэтгэх хориотой байсан байна. Гэтэл анхан шатны шүүх аврах, гал унтраах анги, хэсгийн томилгоот ээлж нь аврах, гал унтраах ангийн захирагч Ууганбаяр, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хэлтсийн дарга, орлогч, хариуцлагатай жижүүрт шууд захирагдана.

Энэ утгаараа ангийн захирагч Ууганбаяр, салаан захирагч Эрдэнэбаяр нар нь Эрдэнэбатын үүргийг шууд гүйцэтгэснээрээ хуулиар зохицуулсан харилцаа учраас тэд нарт ямар нэгэн байдлаар татгалзах, “үүрэг гүйцэтгэхгүй байх эрх байхгүй гэж дүгнэсэн атлаа мэргэжлийн бус, зөвхөн дээд албан тушаалтны илт хууль бус үүрэг даалгаврыг гүйцэтгэж, шатны машиныг тэдний тушаал, даалгавраар гарцаагүй байдалд удирдаж хохирол учруулсан Ж.Гийг цахилгааны утсыг харсан байх ёстой, өргөх шатыг жолоодож явах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байтал өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртуулж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж илтэд зөрүүтэй үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Гуравдугаарт: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын талаар;

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар зохицуулсан бөгөөд уг Онцгой байдлын газраас амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 31.239.370 төгрөгийг зарцуулсан байх тул гэм хорын хариуцлагыг ажил олгогч тодорхой хэмжээнд хариуцан оршуулгын зардлыг төлж барагдуулсан байх бөгөөд амь хохирогчийн буяны ажилд зарцуулсан 4.985.000 төгрөгийг шүүгдэгч нар нь хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс үзсэн нь буруу юм. Шүүгч зөвхөн хуульд захирагдах учиртай. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн заалтыг хэрэглэж гэм хорын хохирлыг шийдвэрлээгүй. Харин иргэний хариуцагчаар тогтоогдсон Онцгой байдлын газрыг төлбөрөөс чөлөөлсөн нь оролцогч нарт тэгш бус хандсан, иргэний хариуцагч байгууллагад саймширч ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэхэд хүргэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн байхад гэм буруугүйгээр гэм хор учруулсан буюу дээд албан тушаалтны илт хууль бус тушаал, шийдвэрийг биелүүлсэн галын машины жолооч Ж.Гт 1 жилийн хорих ял оногдуулсан нь шударга бус байгаад гомдолтой байна.

Иймд Ж.Гийг гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.Гийн гэм буруугийн асуудлыг тухайн өдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн алдааг засуулах, хэргийг прокурорт буцааж хэд хэдэн асуудлыг зайлшгүй шалгуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар өмгөөлөгч Т.Урангэрэл урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан байдаг боловч шүүх хүлээн аваагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй, өөрт нь хамааралгүй ажил үүргийг дарга нарын тушаалаар гүйцэтгэхдээ мэргэжлийн бус учраас алдаа гаргасан үйл баримт тогтоогдсон байна. Улсын яллагч Ж.Гийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 4 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугаманд хүргэхээргүйгээр сунгана” гэсэн заалтыг зөрчсөн, мөн өргөх шатыг жолоодож байх явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Харин шүүхээс Ж.Гийг өргөх шатыг жолоодож байх явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртуулсан гэж буруутгасан юм. Хуульч би шатыг цахилгааны утсанд хүргэх, ойртуулах гэдгийг тус тусдаа ойлголт гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс Ж.Гийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо дараах асуудлуудыг зайлшгүй шалгах шаардлагатай, хэрэгт ач холбогдолтой байсан гэж үзэж байгаа. Үүнд;

1. Өндөр хүчдэлтэй цахилгааны шугаманд амь хохирогч бахь хүргэсэн үү, эсхүл төмөр бүтээцтэй тээврийн хэрэгслийн шатыг жолооч хүргэсэн үү.

2. Өндөр хүчдэлийн шугамын ойролцоо өндөрт ажил үүрэг гүйцэтгэхдээ зохих төрийн байгууллагаас зөвшөөрөл авч цахилгаан таслалт хийлгэх байсан эсэх. Хэрэв таслалт хийлгээгүй тохиолдолд ямар байгууллага энэхүү үүргийг биелүүлэх байсан.

3. Яллах нотлох баримт болгож байгаа камерын бичлэгийн эх сурвалж тодорхойгүй байгаа учраас нотлох баримтаар тооцох боломжгүй юм. Энэхүү камерын бичлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт биш. Яагаад гэхээр уг камерын бичлэгийг хаанаас, хэн, хэзээ авсан нь тодорхойгүй, тухайн бичлэг нь техникийн хувьд хууль болон бусад дүрэм, журамд заасан шаардлага хангаагүй, бичлэг дээр аливаа зүйлс нь сайн харагдахгүй, үзэх зорилгоор томруулахад бүрсийж өргөх шат цахилгааны утсанд хүрсэн үү, сагсан дээр зогсож байсан амь хохирогчийн хэрэглэж байсан төмөр бахь цахилгааны утсанд хүрсэн үү гэдэг нь ойлгомжгүй харагдахгүй байдаг. Иймд мэргэжлийн шинжээч томилж камерын бичлэг техникийн хувьд шаардлага хангаж буй эсэхийг тогтоолгох.

4. Ажил үүрэг гүйцэтгэсэн газарт газардуулга байсан эсэх.

5. Самбарын ойролцоо хэдэн метрт цахилгаан соронзон орны нөлөөлөл үүссэн.

6. Ж.Гийг олон жил жолоочоор ажилласан дадлага, туршлагатай, шатны машин барих сургалтад суусан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байдаг тул эдгээртэй холбоотой баримтуудыг гаргуулах.

7. Өндөр хүчдэлтэй машинд болон Ж.Г нь цахилгаан гүйдэлд ороогүй шалтгаан зэргийг шинжлэх ухаан талаас нь тодруулж тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдээр шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зөв байсан юм.

Энэхүү эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж урьдчилсан хэлэлцүүлэг явагдахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн нэмэлт өөрчлөлт хэрэгжээгүй байсан ба 7 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжсэн хэдий ч шүүх хэргийг хянан хэлэлцээд өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг 60 хүртэлх хоногоор буцааж нэмэлт ажиллагаа хийлгэж болохоор байсан гэж үзэж байгаа.

Иймд дээрх асуудлуудыг нэг мөр шалгаагүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан эргэлзээтэй баримтуудаар Ж.Гийг гэм буруутай гэж үзсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй үндэслэлгүйгээр ял халдаасан гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолын Ж.Гт холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв гэм буруутай гэж үзвэл хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Т.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэн 1 жилийн хорих ял оногдуулсан нь дараах үндэслэлүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журамд зааснаар огт үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Эад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэг ч үйлдэл байхгүй болно.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан “Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн тухайд, хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, 2021 оны 259 дүгээр тогтоолоор Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна тухайн нөхцөл байдалд нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 10.4. дэх хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх” гэж тус тус заасан. Мөн Улсын Онцгой Комиссын даргын 2020 оны 04 дүгээр тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан бөгөөд уг удирдамжийн 2 дахь хэсэгт Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах”-аар заасан бөгөөд уг удирдамж болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 63 дугаар анги нь тусгай горимоор буюу 24 цагаар ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. Шүүгдэгч Д.Э нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүнийг 24 цагийг турш үүргээ гүйцэтгэж дуусаж, жижүүрээс буусан албан хаагч нарт автомеханик шатаар самбар буулгах ажил гүйцэтгүүлэх үүрэг чиглэл өгсөн болох нь гэрч Д.У, Д.Э нарын мэдүүлгүүдээр нотлон тогтоогддог гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд өгсөн гэрч Д.У, Д.Э нарын мэдүүлэгт автомеханик шатаар самбар буулгах ажил гүйцэтгүүлэх чиглэлийг шүүгдэгч Д.Э өгсөн тухай ямар ч мэдүүлэг нотлох баримт байхгүй. Гэрч Д.У “тэгээд салаан захирагч ахлах дэслэгч Б.Э манай өрөөнд орж ирсэн, аюулгүй байдлаа хангаж туршлагатай хүмүүсээ авч очоод буулгах талаар чиглэл өгсөн” /1хх 91-92/, гэрч Б.Э “тухайн үед бол шатны техникч байгаагүй, өөр хүн байгаагүй, Ж.Г урьд нь шатны автомашиныг ажиллуулж байсан учир шатыг удирдуулсан” /1хх 73-74/ гэсэн мэдүүлгүүдээр Д.Э нь жижүүрээс буусан ээлжийг томилж явуулаагүй нь тодорхой харагддаг. Мөн томилгоот ээлжийн ажил хүлээлцэх цаг өглөөний 09 цаг 30 минут байдаг бөгөөд Д.Э өглөө 08 цагт үүрэг өгч, хэрэг учрал 09 цаг 28 минутад болсон байдаг. Эдгээр бичгийн болон бусад нотлох баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Гал унтраах дүрмийн 158 дахь хэсэгт заасан “Гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн” гэсэн заалтыг зөрчсөн тухайд, Гал түймэр унтраах дүрмийн 152 дахь хэсэгт “томилгоот ээлж гэдэг нь гал унтраах тусгай зориулалтын автомашин, техник зэвсэглэмжтэйгээр 24 цагаар ээлжээр гарах аврах, гал унтраах ангийн салаа, тасгийг хэлнэ” гэж заасан. Гал унтраах дүрэмд томилгоот ээлж гэж хэнийг хэлэх, гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн гэж заасаар байтал Д.Эыг буруутгаж байгаа нь хууль зүйн хувьд ч, логикийн хувьд ч үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй байна. Уг самбарыг Нийслэлийн Онцгой байдлын даргын баталсан арга хэмжээний хүрээнд байршуулсан бөгөөд Д.Эын хувьд батлагдсан удирдамжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж уг самбарыг буулгах чиглэлийг доод шатныхаа ажилтан буюу ангийн захирагч Д.Ут өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр “Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь осол болох шалтгаан нөхцөл болсон” гэж дүгнэснээс үзэхэд тухайн ажлыг газар дээр нь хийж гүйцэтгэсэн хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, нөхцөл байдлын үнэлгээ хийгээгүй зэрэг байдлаас үүдэж эрдэнэт хүний амь нас хохирсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Гэтэл Д.Э нь хууль зөрчиж, хуулиар хориглосон нэг ч үйлдэл хийгээгүй байхад шүүхээс хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Э нь хууль тогтоомж зөрчсөн нэг ч үйлдэл хийгээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Д.Хишигбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42.2 дахь заалтад Онцгой байдлын байгууллага мэргэжлийн, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна. 48.2 дахь заалтад Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэргүйгээр алба хаагчаар энэ хуулийн 44.1-д заасан чиг үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно. 48.3 дахь заалтад энэ хуулийн 48.2-т заасан албан тушаалтан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасныг харгалзан үзээгүй байгаа нь хууль зөрчжээ гэж үзэж байна. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Мартаж болохгүй” аяны удирдамжийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга баталж, хэрэгжүүлэн ажиллахыг Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангийн бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон. Нэгэнт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм бол түүнийг хэрэгжүүлэх төсөв зардлыг нь хамтад шийдвэрлэж өгөх ёстой. Гэтэл тэгээгүйн улмаас уг хэрэг гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Энэ талаар шалгаж өгөөч гэж мөрдөн шалгах ажиллагааны болон эрүүгийн хэргийг прокурорт хянагдах шатанд удаа дараалан тайлбар өгч, хүсэлт гаргасан боловч анхаарч үзээгүй. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед ч гэсэн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, гэмт этгээдийг бүрэн үнэн зөв тогтоож чадаагүй байгаа талаар ярьж хэлсэн. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч гээд байгаа эмэгтэйн худал үнэн нь тогтоогдоогүй мэдээллийг сошиалаар янз бүрийн байдлаар бичсэнээс болоод хүн хэлмэгдэж байна.

Нэгдүгээрт: Дээд байгууллагаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх нь төрийн тусгай алба хаагчийн тангарагаар хүлээсэн үүрэг. Гэтэл энэ үүргийг хэрэгжүүлсэн Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дарга, тухайн хэрэг зөрчлийн үед баг хамт олныг удирдан ажиллаж байсан тус ангийн салааны захирагч 3 албан тушаалтнаас онцгойлон Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргыг сонгон авч хариуцлага хүлээлгэж байгаа нь ойлгомжгүй байна. Ажлын байрны тодорхойлолтоор дээрх 3 албан тушаалтан тус тусдаа өөр өөр ажил үүрэг хариуцдаг. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан миний үйлчлүүлэгч Д.Э Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дүүргийн харьяа Гал түймэр унтраах, аврах ангийг /35, 63 дугаар анги/ мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангах, Дүүргийн Засаг даргад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх л үүрэгтэй албан тушаалтан. Гэтэл уг хэрэгт эрсдэлийн үнэлгээ хийж бие бүрэлдэхүүнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн, хууль тогтоомжийн хүрээнд батлагдсан захиргааны хэм хэмжээ /Гал түймэр унтраах дүрэм/, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээр хариуцлага хүлээлгэж байна. Түүгээр барахгүй түүнд хуулиар олгогдоогүй ажил олгогч гэсэн эрхийг хүртэл хамааруулж байгааг нь эсэргүүцэж байна.

Хоёрдугаарт: Миний үйлчлүүлэгч Д.Э ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хууль, Гамшгаас хамгаалах хууль ч зөрчөөгүй. Учир нь, тухайн үед “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль үйлчилж байсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол гарч улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан байсан үе. Энэ үед Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн төрийн тусгай алба хаагчийн хувьд Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар олгогдсон зарим эрхээ хязгаарлуулсан байсан үе, үүнийг хууль хяналтын байгууллагын бүх шатанд анхаарч үзсэнгүй.

Гуравдугаарт: Гал түймэр унтраах, аврах ангийн дотоод дүрмээр ээлж халалцах асуудал өглөөний 08 цаг 30 минутаас 09 цаг 30 минутын хооронд явагддаг байна. Ээлж халалцаж дуусаад дарга нараас үүрэг даалгавар өгсний дараа тухайн ээлжинд гарсан бүрэлдэхүүн амрах ёстой. Гэтэл анонс буулгах асуудал 08 цагаас 09 цаг 28 минутын хооронд үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээс харагдаж байна. Гэмт хэрэг яг үйлдэгдэхийг бичсэн гэх сиди дээр автомеханик шат 09 цаг 28 минутын үед гялсхийж цахилгааны агаарын шугамд хүрсэн гэдэг. Гэтэл энэ үед өлгөсөн анонсаа аль хэдийн буулгачихаад автомеханик шатаа эвхэх гэж байсан үе. Тэгэхээр хэрэг гарах үед тухайн ажилд дайчлагдсан алба хаагчид ээлжнээс буучихсан амарч байсан гэж үзэх боломжгүй юм. Харин эсрэгээрээ үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид ээлжнээс буугаагүй байсан үе байна.

 Дөрөвдүгээрт: Уг хэрэг гал түймрийн хэрэг биш гэсэн мөртлөө “Гал түймэр унтраах дүрэм”-ийг зөрчсөн гэж дүгнэн хариуцлага хүлээлгэж байгаатай санал нийлэхгүй байна. Түүнээс гадна Гал түймэр унтраах дүрмээр гал унтраах удирдагч дуудлагаар очсон гал түймэр, гамшиг ослын үед эрсдэлийн үнэлгээ хийж тухайн гамшиг ослын үр дагаврыг арилгах, бууруулах, мөн гал унтраах арга зүйгээ сонгон авч ажиллах бие бүрэлдэхүүндээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг гүйцэтгэх ажлын онцлогт тааруулан өгч биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй салааны дарга өнөөдөр ямар ч ял шийтгэлгүй, хариуцлага хүлээгээгүй алхаж явна гэдэг шударга бус үйлдэл юм. Тэр хүний мэдүүлснээр шатны техникч биш хүнийг авч явж байгаагаа мэдсээр байж шат ажиллуулах үүрэг өгчихөөд өөрөө автомашины хөдөлгөөнийг зохицуулж байсан, би буруугүй гээд зогсож байгааг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, хэргийг хянасан прокурор, хэргийг шүүсэн шүүгч нарын хэн ч ач холбогдол өгөхгүй байсныг ойлгохгүй байна. Үүний ард магадгүй том хувийн ашиг сонирхол явагдсан гэж үзэж байна. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээгээр бол жинхэнэ хуулийн хариуцлага хүлээх ёстой албан тушаалтан бол эхний ээлжинд тухайн хэрэг явдлын үед баг хамт олныг өөрөө сонгон авч, удирдан ажилласан салааны захирагч Б.Э юм. Энэ мэтчилэн өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчиж, процессын алдаа гаргасан олон асуудал байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж, миний үйлчлүүлэгч Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд; Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шударга ёс, хууль дээдлэх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэж тус тус заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянана“ гэсэн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.6-д заасан гэмт хэрэгт үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг хангалттай нотолж, тогтоож чадаагүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болно. Нотолбол зохих байдлуудыг тогтоож чадаагүй талаар анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан, энэ талаар өмгөөлөгч нар бүгд ярьдаг. Энэ талаар анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр огт дүгнэлт өгөхгүйгээр гэм буруугийн хурлаар шийдье гэж орхигдуулсан. Гэм буруугийн хурлаар дүгнэх юм байна гэх байдлаар өмгөөлөгч нар дүгнэлтдээ саналаа гаргасан. Гэтэл гэм буруутай эсэх талаар хэргийг прокурорт буцаах боломжгүй болсон. Тийм учраас хүлээн авахаас татгалзаж байна гээд шийдчихсэн. Шийтгэх тогтоолдоо яг ийм байдлаар дүгнэлт өгсөн. Нотолбол зохих байдал нотлогдож тогтоогдоогүй гээд хандаад байхад дүгнэлт өгөхгүйгээр орхиод байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан өмгөөлөгчийн саналын үндэслэлийг няцаан үгүйсгэх гэсэн үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дарга болон салаан захирагчийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй. Энэ талаар өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа эргэлзсэн гэж үзэхээр дүгнэлтүүдийг хийсэн. Тодруулбал, шүүх шийтгэх тогтоолын 36 дугаар талд “Уг хэрэгт өөр хүн хариуцлага хүлээх ёстой гэж үзвэл уг этгээдтэй холбогдуулан шалгуулах эрх нээлттэй болно.” гэж заасан. Гэтэл нэгэнт шийдсэн асуудал гээд хүлээж авахгүй тул тусдаа шалгуулах боломжгүй. Энэ бол дутуу ажиллагаагаа хийх боломжгүй гэж аргацаалсан шүүхийн дүгнэлт юм. Шийтгэх тогтоолын 39 дүгээр талд “Эрх бүхий албан тушаалтнуудын хэт хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас уг байгууллагын албан хаагчийн амь хохирсон.” гэж дүгнэсэн бөгөөд үүнд Ж.Гийг оруулаагүй. Д.Э эрх бүхий албан тушаалтан юм бол өөр ямар хүмүүс багтаж байгаа нь эргэлзээтэй. Шүүх өөрөө эргэлзсэн гэх нөхцөл байдлыг шийтгэх тогтоолоос харж болохоор юм. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учраас 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил болно. Түүнчлэн, шийтгэх тогтоолоос уншихад Д.Э-ын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан аль нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Шийтгэх тогтоолын 1-2 дугаар тал буюу удиртгал хэсэг, 2-7 дугаар талд оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, 7-20 дугаар талд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, 20-31 дүгээр талд гэм буруугийн талаарх оролцогчдын дүгнэлт, 31-33 дугаар талд шүүхээс үйл баримтад хийсэн дүгнэлт, 33-36 дугаар талд эрх зүйн дүгнэлт, 36-37 дугаар талд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт, 37-39 дүгээр талд эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, 40-41 дэх талд бусад асуудал болон тогтоох хэсэг бичигдсэн байгаа юм. Гэтэл эдгээр хэсгүүдээс Д.Эыг ямар баримтыг үндэслэж гэм буруутай гэж тогтоосон талаар огт дүгнэлт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн хууль ёсны үндэслэлээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан энэхүү заалтыг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хамт ажиллаж байсан албан хаагч хүний хувьд миний удирдлага дор ажиллаж байсан гал сөнөөгч маань албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан явдалд гүнээ харамсаж байна. Ар гэрийнхнээс нь уучлалт хүсэж байна. Энэ үйл ажиллагааг би өөрийн санаачилгаар ямар нэгэн байдлаар явуулаагүй. Нийслэлийн Онцгой байдлын комиссоос надад өгсөн үүргийн дагуу гүйцэтгэсэн. Энэ үүргийг ганцхан надад өгөөгүй, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаас удирдамж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, үүрэг чиглэлийн дагуу өгсөн. Энэ үүрэг чиглэлд Гал унтраах ангийн захирагчийг 2-3 удаа Нийслэлийн Онцгой байдлын газарт дуудаж, энэ аяны хүрээнд бие бүрэлдэхүүнийг яаж ажиллуулах, анонс байрлуулах зэргээр Нийслэлийн Онцгой байдлын газарт 3-5 удаа очиж тусгайлсан үүргийг авсан. Бүх Гал унтраах ангийн захирагч нар нийслэлийн хэмжээнд арга хэмжээг зохион байгуулж байсан учраас тусгайлсан үүрэг чиглэлийг өгсөн. Энэ үүрэг чиглэлийг авч биелүүлсэн намайг буруутгасан. Мөн Гал унтраах шуурхай албаны автомашиныг гаргасан гэж ярьдаг. Гэтэл тухайн автомашиныг гаргах үүргийг ангийн захирагч нь салаан захирагчид өгч, ангийн захирагч дуудлага хүлээн авагчдаа, мөн манай дээд шатны удирдах байгууллагуудаас Гал унтраах шуурхай албаны автомашиныг гаргасан талаарх мэдээллийг өгч энэ машиныг хуваариас хассан байх ёстой байсан. Энэ үүрэг чиглэл нь ангийн захирагчид байдаг. Тийм учраас бид дээд шатнаас ирсэн үүрэг даалгаврыг шат шатандаа биелүүлсэн. Шат шатандаа биелүүлэхдээ аль шатанд, хэн хариуцлага алдсан бэ гэдэг нь маш тодорхой байдаг. Үүнийг харгалзаж үзээгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгч Ж.О миний хүүтэй хамтран амьдарч байсны хувьд Онцгой байдлын газарт гомдолтой гэж гомдол гаргасан. Би эх хүний хувьд хамт ажиллаж байсан 2 залууг зовоогоод яах вэ, гомдолгүй гэж хэлье. Улсын дээд шүүхээс миний хүү, Ж.О нарыг хамтын амьдралтай гэж тогтоосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул Ж.О энэ хэрэгт хамааралгүй” гэв.

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн асуудал байхгүй. Шийтгэх тогтоол  хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байсан. Давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед шүүхээс гаргуулахаар заасан хохирлыг барагдуулсан байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гомдолтой гэж байсан бол өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн байна. Хэдий амь хохирогчийн ар гэрээс гомдолгүй гэсэн ч тухайн ажиллагаанд хүний амь нас хохирсон тул уг асуудлыг заавал тодруулах, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шалгалтын ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн. Шүүгдэгч Д.Эын хувьд тухайн салаанд байдаг ганц гал унтраах машиныг өөрийн шууд захирах эрх хэмжээний хүрээнд үндсэн үүргээ зөрчиж гал унтраах бус аж ахуйн ажилд явуулсан. Үүнийг тайлбарлахдаа “Миний буруу байхгүй, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдамжийг хэрэгжүүлэх гэж би ийм үйлдэл хийсэн” гэж ярьсан. Ер нь бид нарыг ч гэсэн аливаа хууль хүчний байгууллагуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах гэхэд очоод хүмүүсийн зорчих хөдөлгөөн, эрхийг хязгаарлаад ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаггүй. Үүнтэй адил тухайн ажлыг зохих ёсоор нь хийж, өргөж буулгадаг компанийг зориулалтын үнэ хөлсийг нь тохироод хийлгэх ёстой ажлыг өөрсдийн алба хаагч нараараа хийж гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан “Ажилчдыг амраалгүй ажиллуулсан”, мөн шууд захирагдах буюу тухайн салаа, техник багаж хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах үндсэн үүргийг зөрчөөд аж ахуйн ажилд явуулсан нь тухайн этгээдийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэж шүүх үзсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга удирдамж гаргаснаараа тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж өмгөөлөгч нар яриад байна. Шүүх энэ талаар дүгнэхдээ “хэрвээ эрх бүхий албан тушаалтнууд шалгуулах шаардлагатай бол гомдол гаргаж болно” гэсэн. Гэмт хэргийн шалтгаант холбоог шууд болон шууд бус гэж ярьдаг. Монгол улсад одоогоор шууд бус шалтгаант холбоотой гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ энэ хэрэгт шууд бус шалтгаант холбоо байна гэж үзвэл Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга удирдамж гаргаснаар хүний амь насыг хохироосон болно. Харин Д.Э хууль зөрчиж үүрэг даалгавар өгч, удирдлага, зохион байгуулалтаар хангаагүйн улмаас хүний амь нас хохирсон шууд шалтгаант холбоо, Ж.Г нь болгоомжгүй үйлдэл буюу хайхрамжгүй хандсанаар гэмт хэрэгт холбогдсон. Шүүхээс энэ талаар хангалттай дүгнэлт хийсэн, оролцогч нарын эрхийг хангасан. Өмгөөлөгч гомдолдоо хэргийг шүүх хуралдаанаас прокурорт буцаагаагүй, буцаасан бол 60 хүртэл хоногоор нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийх байсан гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд нь үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны байсан тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоход хангалттай үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар ангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгч ажиллуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд хохирогч Э.М нь 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрч тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг,

шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрний зүүн талд байрлах гал түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбараас “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсний улмаас хохирогч Э.М нь тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнгөнчимэгийн “... Мөнхжаргал нь 1998-2008 онд Шавь цогцолбор сургуулийг, 2008-2012 онд Батлан хамгаалах их сургуулийн холбооны инженерийн ангийг төгссөн. Нийслэлийн Онцгой байдлын 10 дугаар ангид 2012-2018 онд, 2018 оноос Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ... ажиллаж байсан. ...” /1хх 66-67/,

гэрч С.Баярмаагийн “...Хурандаа Д.Э “би шийдье” гэж хэлээд утсаа тасалсан. 09 цагийн орчим ажил дээр тааралдаад 63 дугаар ангийн шатны машиныг гаргасан гэж надад хэлээд байж байхад хурандаа Д.Эын гар утас дуугараад юу яриад байгаа юм бэ гэж хэлээд байсан. ...” /4хх 62-63/,

гэрч Б.Эын “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэж, өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 30 минутад томилгоот ээлжийн ажлаас буусан ба ангийн дуудлага хүлээн авагч станцаар “хурандаа Д.Э утсаар холбогд гэж байна” гэж хэлсэн тул би 118:411 минутад Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Эын 99291010 гэсэн дугаарын утсанд өөрийн 99285109 дугаарын утсаар холбогдоход “Баянзүрх дүүргийн Улиастайн уулзварт байрлуулсан “Мартаж болохгүй” аяны хүрээнд байршуулсан самбар байгаа, тэр самбарыг хурааж аваад ирээрэй” гэж хэлээд “ангийн захирагч хошууч Д.Уыг над руу утсаар яриул” гэж хэлсэн. Тэгээд би ангийн захирагчид хурандаа Д.Э “таныг холбогдоорой гэж байна, Улиастайн уулзвар дээр байгаа самбарыг аваарай гэж надад хэлж байна. Танд энэ талаар хэлэх гэж байгаа байх” гэж хэлсэн ба ангийн захирагч миний хажууд хурандаа Д.Этай утсаар яриад надад хандаж “бууж байгаа ээлжийн алба хаагчдаас аваад яваарай, Улиастайн уулзвар дээр байгаа самбарыг хураах юм байна, болгоомжтой яваарай” гэж хэлсэн. ... Тухайн үед бол шатны техникч байгаагүй, өөр хүн байгаагүй, Ж.Г урьд нь шатны автомашиныг ажиллуулж байсан учир шатыг удирдуулсан. ...” /1хх 70-71, 73-74/,

гэрч О.Бгийн “...Ажиллахдаа салаан захирагч, ахлах дэслэгч Б.Э бид хоёр замын хөдөлгөөнийг зохицуулж, жолооч, ахлах ахлагч Ж.Г сагстай машиныг удирдаж, амь хохирогч ахлах, ахлагч Э.М зурагт самбарыг уясан төмөр утсыг бахиар тасалж доош буулгахаар нь би тосож аваад эвхэх гэж цааш чирч явсан. Намайг зурагт хуудсаа авч цаашаа явахад Ж.Г, Э.М нар сагсан дотроо үлдсэн. Тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал салаан захирагч, ахлах дэслэгч Б.Э намайг хурдан дээшээ гараарай гэж хэлэхээр нь би шатаар дээшээ гарахад Ж.Г сагсан дотроо зогсчихсон, Э.М сагсан дотроо хэвтэж байхаар нь би Э.Мыг тэврээд, Ж.Г сагсыг удирдаж доошоо газарт буулгасан. Агаарт сагс байрласан хэсгийн ойролцоо цахилгааны утас байсан. Тэр цахилгааны утас нь тэр хоёроос 1-15 метр зайтай байсан. Тухайн үед сагсан дотроосоо Ж.Г удирдаж байсан. ...” /1хх 85-87/,

гэрч Д.Уын “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 40 минутын үед хэлтсийн дарга, хурандаа Эрдэнэбаттай утсаар холбогдсон. Улиастайн гүүрний тэнд “Мартаж болохгүй” гээд аяны байрлуулсан сурталчилгааны зурагт самбарыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас ав гэдэг шаардлага тавиад байна, буулга гэсэн чиглэл өгсөн. Тэгээд салаан захирагч ахлах дэслэгч Б.Э манай өрөөнд орж ирсэн, аюулгүй байдлаа хангаж туршлагатай хүмүүсээ аваад очоод буулгах талаар чиглэл өгсөн. Хэлтсийн дарга амаар чиглэл өгсөн. ... хурандаа Д.Э ахлах дэслэгч Б.Эыг шатны автомашинтай, хоёр алба хаагчтай явуулах үүргийг өгсөн. Хэлтсийн дарга хурандаа Д.Э үүрэг өгсөн учир явуулсан. ...” /1хх 91-92, 94-95/,

гэрч Б.Батсайханы “...Нэг ээлжинд нэг шатны техникч ажилладаг. 63 дугаар ангид 4 шатны техникч томилогдсон. Одоо бүрэн орон тоотой ажиллаж байгаа. Би автомашин гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Хэлтсийн дарга, ангийн захирагч автомашин гаргах асуудлыг шийдвэрлэдэг. ...” /1хх 108-109/,

иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мын “...Би Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар уг хэрэгт иргэний хариуцагчийг төлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор томилогдсон. ... Эрдэнэбатын Мөнхжаргалын оршуулгын зардалд НОБГ-ын даргын баталсан тушаалаар Дотоод журам, тус газрын 800 алба хаагчийн хандив тусламж, ахлагчийн зөвлөлөөс ирүүлсэн хандив, бусад хандив, тусламжаар нийт 20.002.970 төгрөгийг зарцуулсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын хандив, тусламж бусад хандиваар нийт 11.236.400 төгрөгийг зарцуулсан. Нийт талийгаачийн оршуулгын зардалд 31.239.370 төгрөгийг зарцуулсан. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгчид цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгогдоно. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг тогтоолгосон байгаа. ...” /3хх 221-222/,

шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад урьдчилан сэргийлэхийн ахлах мэргэжилтэн, хошууч Баярмаа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, үйлчилгээний хэлтсээс удаа дараа залгаж байна, шалгалт ирэх гээд байгаа учраас Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн уулзварын “Мартаж болохгүй” аяны зурагт хуудсыг буулгах шаардлагатай байна, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хэрэгжсэн 1 сарын аяны хугацаа дууссан, самбарыг яаралтай ав гэж байна гэж танилцуулсан. Үүний дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагчийг холбоо бариул гэж хэлсэн. Тэгээд салаан захирагч ахлах дэслэгч Эрдэнэбаяр миний гар утас руу холбогдоод “Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн уулзварын самбар дээрээс “Мартаж болохгүй” аяны зурагт хуудсыг авах хэрэгтэй байна, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаад буусан ээлжийн алба хаагчдаа аваад өөрөө удирдаад шатны автомашиныг аваад яваад ир” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбаярт “ангийн захирагч Ууганбаярыг холбоо бариул” гэж хэлсэн. Хошууч Ууганбаяр холбогдоход энэ үүргийг мөн өгсөн. Буусан ээлж Эрдэнэбаяраар удирдуулаад шатны автомашинтай алба хаагчдыг томилоод хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулаад явуул гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги нь нэг байранд байдаг. Нэгдсэн ажиллагаа явуулдаг. Автомашины зогсоолоос шатны автомашиныг авч гарсан нөхцөл байдлын талаар Эрдэнэбаярыг илтгээрэй гэж хэлсэн байсан. Тухайн өдрийн 09 цаг өнгөрч байхад ахлах дэслэгч Эрдэнэбаяр над руу утсаар холбогдож “Улиастайн уулзварын “Мартаж болохгүй” самбар мөн үү, нөхцөл байдал ямар байна, зурагт хуудас авах юм, ажиллах боломж байна уу, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байгаа биз дээ” гэж асуусан. Ахлах дэслэгч Эрдэнэбаяр “бид нар яг самбар дээр ирж байна, зурагт хуудсыг авах боломжтой юм байна” гэж илтгэсэн. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагааг маш сайн хангаж ажиллаарай” гэж хэлээд утсаа тасалсан. 09 цаг 50 минутын орчим хошууч Ууганбаяр миний утас руу залгаад тасалчихсан. Би цонхоор харахад хошууч Ууганбаяр автомашины зогсоолоос гүйж байсан. Хошууч Ууганбаяр руу утсаар залгаад юу болсон талаар лавлахад ахлах дэслэгч Эрдэнэбаяр холбоо барьсан. “Гал сөнөөгч Мөнхжаргал тогонд цохиулсан” гэж хэлсэн. ...” /1хх 98-100/,

шүүгдэгч Ж.Гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би 1 дүгээр тэрэг дээр гараад ээлжнээс бууж байсан. Салаан дарга Эрдэнэбаяр ирээд “хэлтсийн дарга Улиастайд нэг самбар байгаа, тэрийг буулга гэж байна. Чи шатны машин бариад яв” гэж надад хэлсэн. Би шатны машин барих эрхтэй боловч удирдах үүрэггүй. Шатны техникчийн үүрэг. Намайг машин барьж яв гээд тэнд очоод шат удирддаг хүн байхгүй гээд намайг сагс руу гаргасан. Би сагсан дээр гарч удирдаж самбар буулгаад хурааж байх явцдаа жаахан гацдаг байсан. Заавал өөр үйлдэл хийж байж нөгөө үйлдлээ хийдэг. Хураах гэж дээшээ өргөж байгаад тогны утсанд ойртсоноос биш яг тогны утсанд хүрээгүй. Хураахад тогны иш утас руу ойртсон. Тогны утсанд шатны машин хүрээгүй. Намайг хүргэсэн гэж буруутгаж байгаа. Намайг хүргэсэн гэж буруутгаж байгаа заалтууд надад хамаагүй заалтууд. Шатны машин гацдаг учраас өөр үйлдэл хийж байж хураадаг. Тэгээд дээшээ өргөөд тогны утсанд ойртсон. Тэгээд манас гээд явсан. ...” /4хх 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/1268 дугаартай тушаал /1хх 249/,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/232 дугаар тушаалын хавсралт, албан тушаалын тодорхойлолт /2хх 68-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаартай “...Талийгаач Э.Мын цогцост хоёр гарын сарвуу, баруун шилбэнд цахилгаан тэмдэг, хүзүү, нүүрний хэсэгт түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас зүрх нь гэнэт зогсож нас баржээ. ...” /1хх 112-123/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Наранбаатар, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Урангуа нарын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “...Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэхдээ эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ дэх заалтыг, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан Э.Мыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна/ дахь заалтыг, самбар буулгах ажилд томилогдсон албан хаагчдад гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөөгүйгээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм ММЗ 4969:2000 стандартын 4.7 /ажлын байрны анхан шатны зааварчлагыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед/ дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарт гал түймэр унтраах (тусгай) зориулалт бүхий автомашин дээр суурилсан онцгой байдлын үед ашиглах тусгай зориулалтын автомеханик шатаар эд зүйл буулгах ажил гүйцэтгэж, зориулалтын бусаар ашигласан нь Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Гал түймэр унтраах дүрмийн 8 дахь (Гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн) заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2 дахь (Автомеханик шатыг өгөгдсөн цэгт зөвшөөрөгдсөн өнцгөөр цонх, тагт, дээвэр зэрэгт шатыг чиглүүлэн сунгаж, налуулж болохоор зайнд байрлуулж ажиллуулна) заалтуудыг тус тус зөрчсөн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх /Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2.1 /110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна/ заалтууд тус тус зөрчигдсөн байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжнээс буусан албан хаагчдыг самбар буулгах ажилд томилсон нь /Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан Э.Мыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан/ Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна/ дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн зурагт самбар буулгах ажилд гал түймэр унтраах (тусгай) зориулалт бүхий автомашин дээр суурилсан онцгой байдлын үед ашиглах тусгай зориулалтын автомеханик шатаар эд зүйл буулгах ажил гүйцэтгэж, зориулалтын бусаар ашигласан нь Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Гал түймэр унтраах дүрмийн 158 дахь (Гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн) заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2 дахь (Автомеханик шатыг өгөгдсөн зөвшөөрөгдсөн өнцгөөр цонх, тагт, дээвэр зэрэгт шатыг чиглүүлэн сунгаж, налуулж болохоор зайнд байрлуулж ажиллуулна) заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч Д.У нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч Д.Энь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргүүдээ тус тус гүйцэтгэн ажиллаж байсан байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид сөнөөгчөөр ажиллаж байсан Э.М нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид гал унтраах автомашины жолооч Ж.Г нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргүүдээ тус тус гүйцэтгэн ажиллаж байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг хэлнэ. Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийн дагуу эрсдэлийн үнэлгээг хийлгүүлсний дараа тухайн ажлыг гүйцэтгүүлэх байсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тушаалаар батлагдсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.3-т автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугамд хүргэхээргүйгээр сунгана гэж заасныг гал унтраах автомашины жолооч Ж.Г зөрчсөн байна. Ж.Г нь гал унтраах автомашины жолоочоор ажилладаг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тушаалаар батлагдсан гал унтраах автомашины жолоочийн албан тушаалын тодорхойлолтоор автомеханик шатыг ажиллуулах үүрэггүй байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажилд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон албан хаагчдад гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулаагүй, бичгээр өгөөгүйгээр ажиллуулсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2 дугаар хэсэгт автомеханик шатыг ямар сургалтад хамрагдаж удирдаж ажиллуулах талаар тодорхой заагаагүй бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар баталсан ажлын байрны тодорхойлолтод автомеханик шатны танхимын болон 3 шатны сургалтад хамрагдсан шатны техникч бүрэн бүтэн байдал болон аюулгүй ажиллагааг ханган ажиллуулна гэж заасан байна.

Автомеханик шатыг удирдах үед Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2 дугаар хэсгийг мөрдлөг болгон ажиллана.

Улиастайн гүүрний зүүн талд байрлах 220/110/35кв-ын Улаанбаатар, 110/10/6кв-ын Зайсан дэд станцуудыг хооронд нь холбосон 110кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугам байна. Тус цахилгаан дамжуулах агаарын шугам нь Баянзүрх дүүргийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 47/2019 дугаартай улсын комиссын актаар байнгын ашиглалтад оруулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2.1 /110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь утаснаас хоёр тийш 5 метр байна/ заалтын дагуу тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамны захын утаснаас хоёр тийш 5м-ийн зай дотор гэр, барилга байгууламж барихыг хориглох бөгөөд шугам сүлжээ эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

“Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2.1 /110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна/ заалтын дагуу цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст эзэмшигч, ашиглагч байгууллагын зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь осол болох шалтгаан нөхцөл болсон.

Э.М нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэж байхдаа тогонд цохиулж нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарах осол мөн болно. ...” /1хх 203-206/ гэсэн дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн дахин дамжуулах станцын 2021 оны 12 дугаар сарын 0З- ны өдрийн 09-10 цаг хүртэлх хяналтын камерын бичлэгийг шалгав. Камерын баруун дээд буланд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагт самбар харагдаж байв. Зурагт самбарын доод талд өргөгчтэй шат харагдаж байв. Бичлэгийн 00 минут 41 секундэд буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 28 минут 28 секундэд зурагт самбараас дээш шатыг өргөж, цааш сунгаж бичлэгийг 01 минут 20 секундэд буюу 09 цаг 28 минут 43 секундэд цахилгаан шугамд галын оч гарч буй бичигдсэн байв. Үүний дараа цахилгаан шугамны орчим зогсож байгаад бичлэгийн 02 минут 30 секунд буюу 09 цаг 30 минут 05 секундэд шатыг доош буулгаж 09 цаг 30 минут 42 секундэд цахилгааны шугамд галын оч гарч буй бичигдсэн байв. Үүний дараа цахилгаан шугамны орчим зогсож байгаад бичлэгийн 02 минут 30 минут 05 секундэд шатыг доош буулгаж 09 цаг 30 минут 42 секундэд шат хураагдаж байгаа нь бичигдсэн байв. ...” /1хх 42-43/ гэсэн тэмдэглэл зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Г.Эрдэнэцэцэг нараас “...ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй буюу хамааралгүй, бусдын буюу шатны техникчийн хийж гүйцэтгэх ажлыг салаан дарга, ангийн захирагчийн тушаалаар хийсэн, ...Ж.Г нь мэргэжлийн бус, өдөр бүр шатны техникчийн ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй бөгөөд шатыг удирдахдаа дээр юу байгааг, шатыг буруу удирдвал ямар алдаа гарах, ямар хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ямар ч боломж байгаагүй, ...эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, цахилгааны таслалт хийлгэж зааварчилгааг өгөөгүй, амрах ёстой цагт нь алба хаагчдаа амраахгүйгээр хийх ёсгүй ажлыг гүйцэтгүүлсэн дээд албан тушаалтны шийдвэрийг хамт биелүүлсэн ангийн захирагч, салаан захирагч нар хариуцлага үүрэхгүй албан тушаалаар ялгаварлан гадуурхаж байна, ...өндөр хүчдэлтэй цахилгааны шугаманд амь хохирогч бахь хүргэсэн, эсхүл төмөр бүтээцтэй тээврийн хэрэгслийн шатыг жолооч хүргэсэн, өндөр хүчдэлийн шугамын ойролцоо өндөрт ажил үүрэг гүйцэтгэхдээ зохих төрийн байгууллагаас зөвшөөрөл авч цахилгаан таслалт хийлгэх байсан эсэх, ажил үүрэг гүйцэтгэсэн газарт газардуулга байсан эсэх, самбарын ойролцоо хэдэн метрт цахилгаан соронзон орны нөлөөлөл үүссэн, Ж.Гийг олон жил жолоочоор ажилласан, дадлага, туршлагатай, шатны машин барих сургалтад суусан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өндөр хүчдэлтэй машин болон Ж.Г нь цахилгаан гүйдэлд ороогүй шалтгаан зэргийг шинжлэх ухаан талаас нь тодруулж тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдээр шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хэргийг прокурорт буцаалгүй эргэлзээтэй баримтуудаар Ж.Гийг гэм буруутай гэж үзсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулж, үндэслэлгүйгээр ял халдаасан, ...иймд шийтгэх тогтоолын Ж.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Т.Ганболд, Д.Хишигбаатар нараас “...тухайн ажлыг газар дээр нь хийж гүйцэтгэсэн томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, нөхцөл байдлын үнэлгээ хийгээгүйгээс болж хүний амь нас хохирсон байхад хууль зөрчиж, хуулиар хориглосон нэг ч үйлдэл хийгээгүй Д.Эыг буруутгасан нь үндэслэлгүй, ... дээд байгууллагаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх нь төрийн тусгай алба хаагчийн тангарагаар хүлээсэн үүрэг бөгөөд энэ үүргийг хэрэгжүүлсэн Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дарга, тухайн хэрэг зөрчлийн үед баг хамт олныг удирдан ажиллаж байсан тус ангийн салааны захирагч нараас онцгойлон Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргыг сонгон авч хариуцлага хүлээлгэсэн нь ойлгомжгүй байна, ... Д.Э ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хууль, Гамшгаас хамгаалах хууль ч зөрчөөгүй. Тухайн үед “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль үйлчилж байсан бөгөөд энэ хуулийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол гарч улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан байсан үе. Энэ үед Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн төрийн тусгай алба хаагчийн хувьд Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар олгогдсон зарим эрхээ хязгаарлуулсан байсан үе байхад үүнийг хууль хяналтын байгууллагын бүх шатанд анхаарч үзээгүй, ... Гал түймэр унтраах, аврах ангийн дотоод дүрмээр ээлж солилцох асуудал өглөөний 8 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд явагддаг ба ээлж солилцож дуусаад дарга нараас үүрэг даалгавар өгсний дараа тухайн ээлжинд гарсан бүрэлдэхүүн амрах ёстой. Гэтэл анонс буулгах асуудал 8 цагаас 9 цаг 28 минутын хооронд үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг тул хэрэг гарах үед тухайн ажилд дайчлагдсан алба хаагчид ээлжнээс буучихсан амарч байсан гэж үзэх боломжгүй, ... хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээгээр жинхэнэ хуулийн хариуцлага хүлээх ёстой албан тушаалтан нь эхний ээлжинд тухайн хэрэг явдлын үед баг хамт олныг өөрөө сонгон авч удирдан ажилласан салааны захирагч Б.Э байтал түүнд ямар ч хуулийн хариуцлага хүлээлгээгүй, ... иймд Д.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэж тодорхойлжээ.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэхдээ эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалт,

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарт гал түймэр унтраах (тусгай) зориулалт бүхий автомашин дээр суурилсан онцгой байдлын үед ашиглах тусгай зориулалтын автомеханик шатаар эд зүйл буулгах ажил гүйцэтгэж, зориулалтын бусаар ашигласан нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2 дахь (Автомеханик шатыг өгөгдсөн цэгт зөвшөөрөгдсөн өнцгөөр цонх, тагт, дээвэр зэрэгт шатыг чиглүүлэн сунгаж, налуулж болохоор зайнд байрлуулж ажиллуулна) заалт,

Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх /Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно/ заалт,

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2.1 дэх /110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна/ заалт тус тус зөрчигдсөн байна.

Шүүгдэгч Д.Э нь дээрх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг үл биелүүлэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар ангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгснөөс амь хохирогч Э.М нь 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрч тогонд цохиулан амь нас нь хохирсон үйлдэлд гэм буруутай байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Э нь Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын хувьд албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн удирдан зохион байгуулах чиг үүргээ буюу дээрх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэж үзнэ.  

Харин шүүгдэгч Ж.Гийн хувьд, гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодох эрхгүй байсан нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрний зүүн талд байрлах гал түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбараас “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа хайхрамжгүй хандаж өргөх шатыг 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсний улмаас хохирогч Э.М нь тогонд цохиулж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Ж.Г, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Дээрх дүгнэлтээс үзэхэд, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г, Д.Э нарын үйлдлийн шинж чанарыг харгалзахгүйгээр тэднийг “Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэм буруутай гэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй болсон байх тул шүүгдэгч Д.Эыг хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон, шүүгдэгч Ж.Гийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж өөрчлөв.

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Г.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Т.Ганболд, Д.Хишигбаатар нарын давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч нарын гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Г, Д.Э нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, шүүгдэгч нарын өөрсдийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд, шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Гийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарын тус бүр цагдан хоригдсон 89 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1229 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Эыг Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Гийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Гийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Г нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Ж.Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шүүгдэгч Д.Эад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас, шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тэдний тус бүрийн цагдан хоригдсон 89 хоногийг хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэднийг нэн даруй сулласугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед шүүгдэгч Д.Э нь 2.942.500 төгрөгийг, шүүгдэгч Ж.Г нь 2.492.500 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мт төлснийг дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Г.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Хишигбаатар, Т.Ганболд нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР