Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0864

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0864 

Улаанбаатар хот

“К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.4.3, 5.4.9, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “К б” ХХК-ийн “Б.Ч-ийг “М” ХХК-ийн захирлаар томилсон шийдвэрийг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Дүрэм”-ийг бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б.Ч-ийг “М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ … Шүүх хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: К бны зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Тодруулбал, “К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК болон Б.Ч нарт холбогдох “Б.Ч болон Б.Б нарын хооронд хийгдсэн “М” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, түүний дагуу хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ, Б.Ч-ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, дүрэм баталсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий иргэний хэрэг үүсэж байгаатай холбогдуулан уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.

Харин шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж заасныг үндэслэн хангаагүй юм. Өөрөөр хэлбэл шүүгч К бны нэхэмжлэлтэй Б.Ч-т холбогдох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан хэрэгтэй холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7214 тоот шүүгчийн захирамжаар уг захиргааны хэргийг түдгэлзүүлж, улмаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 4635 тоот шүүгчийн захирамжаар хэрэг сэргэсэн тул дахин шийдвэрлэхгүй гэж үзсэн.

Гэтэл уг хүсэлт нь К б-ны нэхэмжлэлтэй Б.Ч-т холбогдох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийвэрлэгдэж буй маргаантай холбогдуулан гаргасан хүсэлт бус харин К б-ны нэхэмжлэлтэй Ч-т болон “М” ХХК-нд холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяа маргаантай холбоотой хүсэлт юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан дахин хүсэлт гаргаагүй бөгөөд өөр хэрэгтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг үндэслэн хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг уг хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-г баримтлан шийдвэрлэсэн нь буруу болсон. Улмаар уг хуулийн заалтыг баримтласнаар нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан гомдол гаргах эрхийг шүүгч хязгаарласан ноцтой зөрчил гаргасан.

Нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг шүүгч хязгаарласан хэдий боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.5 “Гомдол гаргаж болох шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд энэ хуульд заасан холбогдох заалтыг бус хуулийн өөр зүйл, заалтыг баримталсан нь тухайн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй” гэсэн зохицуулалтын дагуу гомдол гаргахаа илэрхийлсэн боловч шүүгч нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг улам дордуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний хэргийг шийдвэрлэхгүйгээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь иргэний хэргийн шүүхээс Б.Ч болон Б.Б нарын хооронд хийгдсэн “М” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Б.Ч-ийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, дүрэм баталсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцсон нөхцөлд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйлдлийг тодорхойлох боломжтой юм. Тийм ч учраас нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг хүсэлт гаргасан нь үндэслэлтэй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, 85 дугаар зүйлийн 85.1-д заасныг үндэслэн шүүгчээс татгалзан гарах хүсэл гаргасан. Хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал шүүгч татгалзал байгаа эсэхийг өмнө асуусан үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзан гаргах хүсэлтийг гаргах эрхийг шууд хязгаарласан.

Татгалзан гаргах хүсэлтийг татгалзан гарах үндэслэл бий болсон нөхцөлд л гаргах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан шүүгчээс татгалзах зургаан үндэслэл шүүх хуралдааны өмнө болоод шүүх хуралдааны аль ч үе шатанд илрэх боломжтой юм. Тийм ч учраас мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д “Энэ хуулийн 84.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө бичгээр, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад илэрхий болсон бол энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, тэмдэглэлд тусгуулан татгалзан гарах үүрэгтэй” гэж зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь хэргийн оролцогчийн зүгээс 85 дугаар зүйлийн 85.1-д заасны дагуу хүсэлт гаргахад нэгэн адил хэрэглэгдэх зохицуулалт байна.

Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн уг хуульд заасан эрхийг ноцтой зөрчиж, татгалзан гаргах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон Компанийн тухай хуулиудийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь “М” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, хавсаргасан баримтуудыг шалгаж, бүрдүүлбэр бүрдсэн байхад татгалзах эрхгүй талаар, мөн нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал хэн байхаас үл шалтгаалж “К б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний талаарх шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. К бны зүгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүгч шийдвэрлэхдээ урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлээгүй асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасныг баримтлан шийдэж, уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж тайлбарлан гомдол гаргах эрхийг хангаагүй” талаар дурджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “К б” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ““М” ХХК болон Б.Ч нарт холбогдох “Б.Ч болон Б.Б нарын хооронд хийгдсэн “М” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, түүний дагуу хийгдсэн эрх шилжүүлэх гэрээ, Б.Чийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, дүрэм баталсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий иргэний хэрэг үүсэж байгаатай холбогдуулан уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлээгүй атлаа урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудал гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.1-д заасныг баримтлан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан байна.

Энэ талаарх гомдол үндэслэлтэй боловч “К б” ХХК-ийн дээрх нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгээгүй байсантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шийдвэр гарахад нөлөөлөөгүй байх тул уг гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Мөн давж заалдах гомдолд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, 85 дугаар зүйлийн 85.1-д заасныг үндэслэн шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Шүүх хуралдааны аль ч үе шатанд татгалзах үндэслэл илрэх боломжтой ...” гэжээ.

Анхан шатны шүүх хуралдааны эхэнд шүүгч асуухад хэргийн бүх оролцогч нар татгалзах хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчээс татгалзах талаар хүсэлт гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т “Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж зааснаар шүүгчийг нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэнтэй нь холбоотой татгалзах эрхгүй. Учир нь хэргийн оролцогч нар шүүгчийн хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой зохих журмын дагуу гомдол гаргах эрхтэй байдаг тул мөн хуулийн 84.1-д заасан үндэслэлүүдэд хамааралгүй. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я болон түүний өмгөөлөгч Г.Ч-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, түүний өмгөөлөгч Г.Ч-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, түүний өмгөөлөгч Г.Ч-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР   

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ