Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 403

 

 Д.М-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                                    

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                              Х.Батсүрэн,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                      Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Д.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0376 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр.

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.М-ын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Д.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0376 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Д.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Д.М-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Д.М-ын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0376 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4. Аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаас ажлын хэсэг байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн байдаг.

5. Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.М-ын аймгийн Засаг даргатай байгуулан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд “D” буюу дутагдалтай үнэлэгдсэн тул эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүнг үндэслэн түүнд “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.  

6. Тодруулбал үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнах тайландаа гэрээнд заагдсан арга хэмжээний гүйцэтгэл, тоо чанар, хүрсэн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхой тайлагнаагүй, хамааралгүй зүйлийг тайлагнасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагддаг.

7. Энэ утгаараа үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу аймгийн Засаг даргаас спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.М-д 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар хариуцлага тооцсон.

8. Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлсэн. Гэтэл Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Засаг дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ярилцлага хийж үнэлгээг танилцуулаагүй ... хууль зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бодит байдалд нийцэхгүй, хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

9. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шуүхээс хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэн Д.М-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0376 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

11. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч Д.М нь “...миний үр дүнгийн гэрээг илт доогуур 61.5 буюу D үнэлсэн, энэ үнэлгээг ...журмын 6.4.4-д заасны дагуу “дутагдалтай” гэж ойлгохоор байна. ...“хангалтгүй” гэсэн үнэлгээ аваагүй байхад сануулах сахилгын шийтгэл ногдуулж журам зөрчсөн...” гэж марган, “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

13. Шүүхүүд Төсвийн тухай болон Төрийн албаны тухай хууль, журмын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.М-д сахилгын шийтгэл ногдуулсан Архангай аймгийн Засаг даргын Б/20 дугаар захирамж хуульд нийцэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

14. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т заасныг үндэслэн “аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.М-д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ. 

15. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр, 40.4.2-т үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн урамшуулах, хариуцлага тооцох арга хэмжээ авахаар хуульчилсан.

16. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.1-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.2-т ...гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ: ...”, 6.5-д “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. ...”, 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ...дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх...; ...“F” буюу “хангалтгүй” ...сахилгын шийтгэл ногдуулах; ...” гэж тус тус заан журамлажээ.

17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/593 дугаар захирамжаар, аймгийн Засаг даргын, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээг танилцуулахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад үүрэг болгосон байх ба аймгийн Засаг даргын энэхүү захирамжийг хэрэгжүүлэхээр тус газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн а/42 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан, тус ажлын хэсгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээгээр Д.М-ын ажлыг 61.52 D буюу дутагдалтай гэж  үнэлсэн байна.

18. Өөрөөр хэлбэл, хариуцагч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.М-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ дээрх, Ажлын хэсгийн үнэлгээг үндэслэн түүнд “сануулах” сахилгын арга хэмжээ ногдуулсан байх боловч ийнхүү сахилгын арга хэмжээ авахдаа журмын 6.1, 6.2, 6.5-д заасныг зөрчсөний гадна 7.1-д төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн “F” буюу “хангалтгүй” үнэлэгдсэн бол тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байхад, “D” буюу дутагдалтай гэж үнэлэгдсэн нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулж, журам зөрчсөн талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна. 

19. Мөн, давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгчийн гаргасан “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв боловч “үнэлгээ” нь захирамжилсан шийдвэр буюу захиргааны актын шинжийг агуулаагүй, маргаан бүхий Б/20 дугаар захирамжийн үндэслэл болсон гэж дүгнэсэн нь буруу юм.

20. Учир нь, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актын шинжийг агуулж байх боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т зааснаар үр дүнгийн гэрээг дүгнэж үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах боломжтой байтал “хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, түүний гаргасан нэхэмжлэлийг энэ үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байна.  

21. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0376 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА