| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/01199/И |
| Дугаар | 102/ШШ2024/04841 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/04841
| 2024 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/04841 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** хаягтай, рд:***, Ж***н нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** хаягтай, рд***, А*** ,А*** нарт холбогдох,
зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг 2 052 069 343 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
гуравдагч этгээдийн төлөөлөгч ***,
гуравдагч этгээдийн өмгөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв..
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн гэрээний үүрэг 2 052 069 343 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Монгол улсын Засгийн газрын 2020 оны агентлаг байгуулах тухай 49-р тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны ажлын хэсэг байгуулах тухай А273 дугаар тушаалаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, жижиг дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. *** ХХК болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хоёрын хооронд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот зээлийн, *** тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 1,400,000,000 төгрөгийн зээлийн 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн барьцаанд *** тоотод байрлах *** нарын өмчлөлийн 392 м.кв талбайтай, улсын бүртгэлийн эрхийн *** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, *** тоотод байрлах *** нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай орон сууц, *** байрлалтай *** нарын эзэмшлийн *** дугаартай, *** м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** газар, *** байрлалтай үйлдвэрийн зориулалтай ***нарын эзэмшлийн 5321 м.кв газар зэргийг тус тус барьцаалсан байна. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зөрчсөн тул 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг тухай бүрт нь цуцлах, үндсэн зээлийн төлбөр 1,400,000,000 төгрөг, зээлийн хүү 103,865,406 төгрөг, алдангийн төлбөр 361,040,195 төгрөг нийт 1,864,905,601 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөр 114,392,843 төгрөг, зээлийн алданги 691,744,467 төгрөг, үндсэн зээл 1,400,000,000 төгрөг нийт 2,052,069,343 төгрөгийг хариуцагч ***ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдээр гэрээний үүргийг хангуулж өгнө үү… гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа ...2018 онд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсантай маргадаггүй.*** ХХК нь зээл авч, тухайн зээлээрээ зориулалтын дагуу 1000 м.кв талбайд өвлийн хүлэмж барьсан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байхад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс түлэхийг хориглосон. Үүнээс болоод өвлийн хүлэмж ажиллах боломжгүй болсон. Мөн хүлэмж барьсан газар дээр захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсээд тог тасалж, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хязгаарлагдсан. Тус шүүхийн маргаанд ялагдсан байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зээлийн хүү алдангийн тооцоолол нь банк, банк бус санхүүгийн байгууллагын тооцооллоор тайлбарлаад байх шиг байна. Энэ нь иргэд хоорондын харилцаа буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана. Иймд үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг хасуулах хүсэлтэй байна...гэв.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: ...гуравдагч этгээд *** нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч. Хариуцагч *** ХХК-тай байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд барьцаалуулахыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон. Уг хамтран ажиллах гэрээний 2.1.2-т *** ХХК нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн санхүүжилтээр хүлэмжийн барилгуудыг барьж, ашиглалтад оруулна. Ашиглалтад оруулснаас хойш 6 сарын дотор тухайн барьсан хүлэмжүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаанд тавьж, *** өмчлөлийн барьцааны зүйлүүдийг чөлөөлж, барьцааны үүргийг дуусгавар болгох үүрэгтэй байсан. Хамтран ажиллах гэрээнд заасан *** ХХК-ийн үүрэг өнөөдрийг хүртэл биелэгдээгүй. Үүний улмаас *** эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Эхний ээлжид *** ХХК гэрээний үүргээ биелүүлж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүдийг чөлөөлөх үүргийг биелүүлэх ёстой. Уг үүргээ биелүүлэхгүй тохиолдолд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрсдэлтэй байна. Иймд *** ХХК-тай холбогдуулах үүргээ биелүүлсний дараа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурьтай байна... гэв.
5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 1-8 дугаар тал/
***нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ /хэргийн 9-63 дугаар тал/
2022.04.24-ний өдрийн ***тоот итгэмжлэл /хэргийн 75 дугаар тал/
2022.02.11-ний өдрийн ***с олгосн итгэмжлэл /хэргийн 79 дүгээр тал/
2022.04.28-ны өдрийн ***аас Жижиг дунд үлйдвэрийн газарт хандсан албан бичиг /хэргийн 81 дүгээр тал/
2022.05.18-ны өдрийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 102-104 дүгээр тал/
2023.02.27-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хэргийн 194 дүгээр тал/
2023.02.27-ны өдрийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 195-196 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 74 дүгээр тал/
***н иргэний үнэмлэх /хэргийн 85 дугаар тал/
*** ХХК-ийн хуулийн этгээдийн дүрэм /хэргийн 87-88 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 89-97 дугаар тал/
2023.03.14, *** ХХК-аас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 203 дугаар тал/
2018.09.05-ны өдрийн ***ХХК, *** 218-231 дүгээр тал/
2018.12.11, *** дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 232-250 дугаар тал, хоёрдугаар хавтаст хэргийн 1-3 дугаар тал/
2019.02.21, дугаар *** , Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 4-21 дүгээр тал/
2023.03.30-ны өдрийн ***тоот ***т олгосон итгэмжлэл /хэргийн 22 дугаар тал/
2024.05.22, *** нарт олгосон итгэмжлэл /хэргийн 89 дүгээр тал/ зэрэг баримтууд,
7.бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
2022.12.01-ний өдрийн *** тоот *** олгосон итгэмжлэл /хэргийн 177 дугаар тал/
2023.02.14-ний өдрийн *** тоот *** олгосон итгэмжлэл /хэргийн 188 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 205-206 дугаар тал/
2023.04.03, ***д олгосон итгэмжлэл /хэргийн 217 дугаар тал/
2023.05.08-ны өдрийн *** дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 49 дүгээр тал/
2022.08.11-ны өдрийн *** дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 50 дугаар тал/
2021.03.19, №01, ***ХХК-аас ***т ирүүлсэн хүсэлт /хэргийн 51 дүгээр тал/
2022.04.28, №05 дугаар ***ХХК-аас ***т ирүүлсэн тайлбар /хэргийн 52 дугаар тал/
2022.05.29, №08 тоот, ***ХХК-аас ***т зээлийн гэрээг сунгах тухай албан бичиг /хэргийн 53 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 55-57 дугаар тал/
Засгийн газрын тогтоол /хэргийн 58-64 дүгээр тал/
***д олгосн итгэмжлэл /хэргийн 81 дүгээр тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...зээлийн төлбөрт нийт 2 052 069 343 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,
Хариуцагч эс зөвшөөрч ...үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрнө, нэмэгдүүлсэн шаардлага болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. 2018 оны 08 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч *** сан, хариуцагч *** ХХК-ийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч нэхэмжлэгчээс 1 400 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай, ****зориулалтаар зээлэхээр тохирчээ.
5. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож
*** нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
*** нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
*** нарын эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
*** эзэмшлийн, нэгж талбарын *** дугаартай, гэрчилгээий дугаар***, ***талбайтай газар үл хөдлөх хөрөнгө,
***аар 000427548, *** байршилтай, үйлдвэрийн зориулалтай 5321 м.кв талбайтай газар үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ.
6. Зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
7. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 1400 000 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
9. Нэхэмжлэгч 1400 000 000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч хариу үүрэг буюу зээлийн хуваарийн дагуу эхний 12 сарын хугацаанд зөвхөн хүү төлөх, 13 дахь сараас үндсэн зээлийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.
Тодруулбал хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 07 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1400 000 000 төгрөг, хүү 126 636 377 төгрөг нийт 1 526 636 377 төгрөг төлөхөөс төлөөгүй Зээлийн гэрээний 4.2.6, 4.2.7-д заасан үндсэн зээл хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн буруутай.
10. Нэхэмжлэгч анх шүүхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хэрэн шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2023 оны 07 сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзсан болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан журмын дагуу 2023 оны 02 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж үндсэн нэхэмжлэлийн шаардлага 1400 000 000 төгрөг, хүү 114 342 843 төгрөг, алданги 691 734 467 төгрөг ний т нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2 025 069 343 төгрөг болгосон, энэ нь талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 8.1-д заасан “энэ гэрээ нь хоёр тал түүнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд энэ гэрээгээр хүлээсэн бүр үүргийг биелүүлэх, түүний дотор зээлийн үндсэн төлбөр болон хүү хугацаа хэтэрсэн нөхцөлд хоног тутам төлөх алдангийг эргүүлэн төлөх хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн талуудын тохиролцоог зөрчөөгүй.
12. Хариуцагчийн ...төслийн хүлэмжүүдийг барьсан газар үл хөдлөх хөрөнгийн маргаан, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон төрийн байгууллагын шийдвэрийн улмаас түүхий нүүрс түлж халуун агаар үлээх зориулалттай зуух ашиглах боломжгүй болсноос ургацаа хөлдөөж үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлийг эргэн төлөх боломжгүй байдалд хүрсэн... гэх хариуцагчийн тайлбараар өвлийн хүлэмж төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулагдах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөнийг үгүйсгэх боломжгүй, хариуцагч энэ талаар гэрээний нөгөө талд мэдэгдсэн, гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлтээ илэрхийлж байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
13. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 282.4-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг нийт 2 052 069 343 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
14. Зээлийн төлбөрийн тооцоолол баримтыг хариуцагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцооллын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үндсэн зээл 1400 000 000 төгрөг, хүү 114 342 843 төгрөг, алданги 537 726 500 төгрөг нийт 2 052 069 434 төгрөг тооцов.
15. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.
16. Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10 418 296, 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч хариуцагч *** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2 052 069 343 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу *** нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** хаягт байршилтай, ***м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, ***талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *** нарын эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***н эзэмшлийн, нэгж талбарын *** дугаартай, гэрчилгээий дугаар ***, ***, *** нарын эзэмшлийн, нэгж талбарын **** дугаартай, гэрчилгээний дугаар ***, аймаг, ****талбайтай газар үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10 418 296, 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ