| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2206000061593 |
| Дугаар | 2022/ДШМ/1090 |
| Огноо | 2022-11-15 |
| Зүйл хэсэг | 12.1.2.5., 17.3.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2022/ДШМ/1090
М.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Отгонжаргал,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батгэрэл, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/702 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Б-д холбогдох эрүүгийн 2206000061593 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
............... овгийн М.Б, ...... оны ... дугаар сарын ....-ны өдөр ..... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт ........... тоотод оршин суух хаягтай, /РД: ................/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байсан;
Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, .......... хотхоны ..давхарын ... тоот 2 өрөө байрыг түрээсэлж байхдаа хажуу өрөөг нь давхар түрээслэн амьдарч байсан Н.А-гийнд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр очсон хохирогч А.Эг орой унтаж байх үед оролдож, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчид трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн гэмт хэрэгт,
Баянзүрх дүүргийн .... дүгээр хороонд байрлах ....... хотхоны ... дугаар орц ....... тоот байрны хажуу өрөөг түрээслэхдээ 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Сд өөрийн байр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2 сарын түрээсийн мөнгө 700.000 төгрөгийг 36351278** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
фейсбүүкийн “Байрны түрээс” гэсэн зарын группт “Баруун 4 замын “......” хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын ... байрын ..... тоот гэртээ байхад нь хохирогч Б.Бгээс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны 57391326** тоот дансаар 2.200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
фейсбүүк цахим орчинд “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Ч.Ог Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж хуурч мэхлэн 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 51740631** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
“Үнэгүй.мн” гэсэн зарын сайтад “Баруун 4 замын ......” хотхонд 1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан М.Эөөс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 79-70 тоотод байхад нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн Л.Дүүрэнжаргалын Төрийн банкны 1303 0037 8566 тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
фейсбүүк цахим орчинд “Моnhbааtаг Вуmbadorj” гэсэн нэртэй хаягаас “Улсын их дэлгүүрийн хажуу талын 1 дүгээр байранд хажуу өрөө түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, хохирогч Д.Гээс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5174063192 тоот дансаар 350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
фейсбүүк цахим хуудсанд байршуулсан “Айфоне 12 про макс гар утас зарна” гэсэн зарын дагуу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Атай холбогдож, улмаар Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ... дугаар байрны орцонд уулзаж, худалдан авах гэж байгаа мэтээр итгүүлэн, хуурч хохирогч Б.Агийн “Айфоне 12 про макс” гар утсыг залилан мэхэлж авч 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,
фейсбүүк цахим орчинд “байр түрээсэлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Жийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “түрээсийн төлбөр, урьдчилгаа” гэж шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 51740631** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 118 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч А.Э цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ялыг хорих ялын доод хэмжээгээр багасган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон хүчиндэх гэмт хэрэгт холбогдон гэм буруутайд тооцогдож хорих ялаар шийтгэгдсэн. М.Б-ийн зүгээс гэм буруугийн тал дээр маргадаггүй, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг нь 5 жилээс 12 жил хүртэл хорих ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна. Ийм учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь, М.Б нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй байгааг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчиндэх гэмт хэрэгт оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.
Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хуульд заасан үндэслэлээр ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тухайн үед нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хорих ялын дээд хэмжээ 12 жил эсхүл 15 жил ял тогтоосон хэрэгт хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүйгээр ял оногдуулж болохоор заасан тул уг хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх эсэхэд ямар нэг эсрэг байр суурь байхгүй. Анхан шатны шүүх хуульд заасан хэмжээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ байх” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, .... хотхоны ... давхарын ...тоотод 2 өрөө байрыг түрээсэлж байхдаа хажуу өрөөг нь давхар түрээслэн амьдарч байсан Н.Агийнд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр очсон хохирогч А.Эг орой унтаж байх үед оролдож, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчид трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Эгийн “...Анужин бид хоёр орон дээр унтахаар болсон. Тэгсэн М.Б “би жижигхэн буйдан дээр унтана, чи энэ орон дээр унт” гэхээр нь би орон дээр нь гараад унтсан. Унтаж байгаад нэг сэрсэн чинь Анужин, Хулан, Ганцацрал гурав байгаагүй, нөгөө өрөө рүү ороод нөгөө хэдийг асуусан чинь гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би орон дээрээ буцаж хэвтээд хальт зүүрмэглэж байсан чинь гэдэс рүү гар орж ирсэн, тэгэхээр нь би “зайлаач дээ” гэсэн чинь М.Б өөдөөс инээгээд “чи ямар ууртай юм бэ” гээд байсан, эхэндээ гарыг нь аваад “цаашаа буйдан дээрээ унт” гэсэн чинь “би одоо тэсэхгүй” гэлүү амандаа юм бувтнаад байсан. Тэгсэн миний дотуур өмдийг тайлсан. Надтай секс хийх гээд дайраад байсан. Би “зүгээр байчих, зогсчих” гэсэн чинь өөдөөс ямар ч юм хэлэхгүй хүчилж байгаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд хөдөлсөн. Эхэндээ би тийчлээд эсэргүүцэл үзүүлсэн, ерөөсөө зогсохгүй байхаар нь гарнаас нь мултраад боссон чинь араас тэвэрч аваад дахиад надтай секс хийхээр нь би уйлсан чинь “чи яагаад уйлаад байгаа юм” гээд байсан. Би ямар нэгэн юм хэлэлгүй хувцсаа өмсөөд гэрээс нь гараад явсан. ...” /1хх 11-13, 17-19, 21/,
гэрч Л.Г-ын “...А.Э, М.Б хоёр гэрт үлдсэн. Анужинг гарч ирснээс хойш 30 минутын дараа А.Э Х-ийн утас руу залгасан. Аваад ярьсан чинь А.Э уйлаад “би хүчиндүүлчихлээ” гэсэн. Тэгээд бид нар гайхаад “юу болоод байгаа юм бэ, хаана байгаа юм гэсэн” чинь А.Э “орцонд байна” гэхээр нь “гараад ир” гэж хэлсэн. А.Э гарч ирээд уйлаад “М.Б гэх залуу намайг дургүй байхад зөндөө эсэргүүцсэн боловч яагаад ч дийлсэнгүй” гээд уйлаад байсан. М.Б А.Эд “би чамтай ерөөсөө бэлгийн харьцаанд ороогүй, чи андуураад байгаа юм биш үү” гээд гүрийгээд байсан. ...” /1хх 26-28/,
гэрч М.Э-ын “...Би М.Б-д хандаж “чи яахаараа айлын хүүхэд хүчинддэг юм бэ, чамайг цагдаад өгнө, хувцас хунараа өмс, цагдаа руу явна” гэж хэлсэн чинь М.Б өөдөөс “ахаа би хүчиндээгүй” гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн гадна ирсэн. Гадаа ирсэн чинь М.Б уйлаад “цагдаад битгий өгөөч, би саяхан хар тамхины хэрэгт холбогдон мөрдөнд байж байгаад гарч ирсэн, дахин цагдаа сэргийлэхтэй холбогдмооргүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи болсон зүйлийг үнэнээр нь хэл” гэсэн чинь М.Б “А.Эг дургүй байхад нь секс хийсэн, А.Э надад таалагддаг байсан, би архи уучихсан согтуудаа А.Эг тэвэрч аваад секс хийсэн” гэж хэлсэн. ...” /1хх 37-39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11810 дугаар “...А.Эд бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт трихомониаз өвчний халдвар илэрсэн. Харин ДОХ, тэмбүү, заг хүйтэн өвчний халдвар илрээгүй. ...” /1хх 53-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1408 дугаар “...М.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна. Бэлэг эрхтэнд нь гадны биед байхгүй байна. М.Б нь бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү, заг хүйтэн, трихомониазтай байна. ...” /1хх 63-64/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар,
мөн шүүгдэгч М.Б нь:
1. Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд байрлах ....... хотхоны .... дугаар орц, ....... тоот байрны хажуу өрөөг түрээслэхдээ 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Сд өөрийн байр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2 сарын түрээсийн мөнгө 700.000 төгрөгийг 36351278** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2. “Үнэгүй.мн” гэсэн зарын сайтад “Баруун 4 замын “......” хотхонд 1 өрөө, бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан М.Эөөс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 79-70 тоотод байхад нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн Л.Д-ын Төрийн банкны 1303 0037 85** тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
3. Фейсбүүк цахим орчинд “1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Ч.Ог Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж хуурч мэхлэн 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 51740631** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
4. фейсбүүк цахим орчинд “Моnhbааtаг Вуmbadorj” гэсэн нэртэй хаягаас “Улсын их дэлгүүрийн хажуу талын 1 дүгээр байранд хажуу өрөө түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, хохирогч Д.Гээс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 51740631** тоот дансаар 350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
5. фейсбүүк цахим хуудсанд байршуулсан байсан “Айфоне 12 про макс гар утас зарна” гэсэн зарын дагуу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Атай холбогдож, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны орцонд уулзаж, худалдан авах гэж байгаа мэтээр итгүүлэн, хуурч хохирогч Б.Агийн “Айфоне 12 про макс” гар утсыг залилан мэхэлж авч 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. фейсбүүкийн “Байрны түрээс” гэсэн зарын группт “Баруун 4 замын “......” хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хорооллын ..... байрын ..... тоот гэртээ байхад нь хохирогч Б.Бгээс 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкны 5739132668 тоот дансаар 2.200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
7. фейсбүүк цахим орчинд “байр түрээсэлнэ" гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Жийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь "түрээсийн төлбөр, урьдчилгаа" гэж шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 51740631** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Сгийн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхонд зарын дагуу хажуу өрөө түрээсэлсэн. Байр түрээслүүлэгч М.Б 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн мөнгөө 2 сараар өг гэж хэлээд 700.000 төгрөг 36351278** дугаарын Бүжинноров гэх дансаар шилжүүлэн авсан. 2 хоногийн дараа жинхэнэ байрны эзэд нь ирээд намайг түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаас гаргасан. ...” /1хх 131/,
хохирогч Б.Бгийн “...2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар байрны ... тоотод гэртээ байж байхдаа фейсбүүкээр “Байрны түрээс” гэсэн группт баруун 4 замын “......” хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 944260** дугаар руу холбогдож Хаан банкны 57391326** дугаарын данс руу 2.200.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үедээ “Янжинлхам.Г” гэсэн фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чаталсан. Би шилжүүлэхээсээ өмнө 944260** гэсэн дугаартай холбогдоход залуухан эрэгтэй хүн авч байсан. ...” /1хх 167/,
гэрч Г.Я-ын “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн хугацаа дуусаж байрнаасаа гарах гээд эд зүйлсээ янзалж байтал М.Б манай өрөөнд орж ирээд “найздаа картаа дансны дугаартайгаа, кодтой нь хамт өгчихөөч, хуучин ажлаас цалин орох гээд байдаг, карт байхгүй байна, хэсэг хугацаанд ашиглаж байгаад өгье” гэхээр нь би өөрийн Хаан банкны 57391226** дугаартай дансны картыг өгсөн. Түүнээс хойш миний данс руу байрны түрээс гэх утгатай инээсэн smile-ийн бичиглэлтэй их хэмжээний мөнгө орох болсон. ...” /1хх 169-170/,
хохирогч Ч.Огийн “...Л.Дүүрэнжаргал гэсэн фейсбүүк хаягаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13-ын уулзварын зүүн талын Зүүн хүрээ хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ, сарын төлбөр 600.000 төгрөг гэсэн зарын дагуу уг хүнтэй 86878837 гэсэн утсаар холбогдож ярьсан. Тухайн үед надтай ярьсан хүн эрэгтэй хүн байсан. Урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхэд тухайн хүн надад зөвшөөрч Хаан банкны 51740631** гэсэн данс над руу явуулсан. Тэгээд М.Б гэсэн Хаан банкны 51740631** тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 234/,
хохирогч М.Эийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Үнэгүй.мн сайт руу ороод байр хайж байтал баруун 4 замын “......”хотхонд 1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ, нэг сарын түрээс 750.000 төгрөг, гэрээг бүтэн жилээр хийж төлбөрийг 6 сараар авна гэсэн нөхцөлтэй байсан. Тухайн дугаар руу ярьсан чинь “18 цагт ажил тарна, тэгээд байраа үзүүлж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гэж хэлсэн, тэгээд 15 цагийн үед дахин залгаж “хэзээ очиж үзэх вэ” гэж асуухад “2 залуу өглөө ирээд үзсэн, тэр 2 орохоор болчихсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өглөө яриад орой үзэхээр тохирсон биз дээ” гэсэн чинь “тэгвэл урьдчилгаа мөнгө шилжүүлчих, тэгвэл тэр хоёртой яриад болиулж, би нөгөө 2 хүнтэй яриад эргээд холбогдъё” гэсэн. Ингээд би Төрийн банкны 1303003785** гэсэн дансыг авч 6 сарын төлбөр болох 4.500.000 төгрөгийг Дүүрэнжаргал гэсэн хүний данс руу шилжүүлсэн. ...” /2хх 25-27/,
гэрч Л.Дүүрэнжаргалын “...миний хальт таньдаг М.Б найз 2022 оны 3 дугаар сард Улаанбаатар хотоос Орхон аймагт ирээд би хотод байр хөлсөлж амьдардаг байсан, тэгээд одоо байрнаасаа гараад тухайн байрныхаа эзнээс барьцаа мөнгөө авах гээд надад карт байдаггүй, карт хэрэгтэй байна гэж хэлээд миний дансыг тэмдэглэж аваад картыг минь аваад явсан. Үүнээс хойш нэг ч уулзаагүй, өөрийнхөө картыг авч чадаагүй. ...” /2хх 34-35/,
хохирогч Б.Агийн “...2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк дээр “Айфоне 12 про макс” загварын гар утас зарна гэсэн зар байршуулсан. Тэгтэл 86141*** гэсэн утаснаас холбогдоод утсыг чинь үзье гээд ярьсан. Орой 17 цагийн үед манай орцонд ирсэн бөгөөд 20-25 орчим насны, нүүрэн дээрээ баруун хацар дээрээ улаан уруулын шивээтэй, баруун нүднийхээ доод талд ойлгомжгүй бичиглэл шивүүлсэн, зүүн гарны долоовор хуруун дээр сар шивүүлсэн эрэгтэй хүн байсан. Миний утсыг худалдаж авъя, мөнгөө шилжүүлье гэж хэлээд аваад зугтаачихсан. Тухайн үед би хүүхэдтэйгээ байсан учраас араас нь явж чадаагүй. ...” /2хх 135/,
гэрч Н.Номинтуяагийн “...Парадокс дээр очиход М.Б ганцаараа байсан ба нэг гар утас барьчихсан байсан. Тэгээд энэ юун гар утас вэ, чи авсан юм уу гэж асуусан. Тэгсэн чинь “үгүй ээ, манай найз охин Янжинлхамын утас байгаа юм, бид хоёр байр түрээслэх гэсэн юм, мөнгө хэрэг болоод энэ утсыг зарах гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь өөрөө зараач гэхэд тэр дотор манай хамаатны ах байдаг юм, орж болохгүй гэж хэлсэн. Тэгээд байхаар нь би за гээд утсыг нь барьж ороод хамгийн эхний лангуунд нэг эгч байсан. Тэр эгчид утсыг үзүүлээд 2.200.000 төгрөгөөр зарсан юм. Зарсан утас “Ай фоне 12 про макс” загварын гар утас байсан. ...” /2хх 141/,
хохирогч Д.Гийн “...2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гүүрний хажууд явж байхад “Мөнхбаатар М.Б” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Улсын их дэлгүүрийн баруун хойно 10 дугаар байранд 2 өрөөний хажуу өрөөг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 86141*** гэсэн дугаар руу холбогдоход залуухан эрэгтэй хүүхэд аваад “би найз охинтойгоо амьдардаг юм, би өөрөө модны хоёрын энд оффист ажилладаг, өдөр 1 цагт уулзаж байраа үзүүлье” гэсэн зүйл ярилцсан. Ингээд би дансаа өгчих гээд хэлтэл Хаан банкны 5174063*** гэсэн данс өгсөн бөгөөд энэ “Мөнхбаатарын М.Б” гээд нэртэйгээ тохирч байсан учир шилжүүлсэн. Байрны түрээс гээд би 350.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” /2хх 177/,
хохирогч Ч.Жийн “...2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 16 цаг 19 минутын үед фэйсбүүк дээр байршуулсан байсан "байр түрээсэлнэ" гэсэн зарын дагуу 86117858 дугаар руу холбогдон Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байранд байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу ярьж өөрийн Хаан банкны 58902918** тоот данснаас 51740631** М.Б гэх хүний данс руу байрны урьдчилгаа болох 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнийг олж хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /2хх 76-77/,
шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн /1хх 75-78, 156, 2хх 59, 155, 215, 241/ мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн СБ1-22-1079 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Ай фоне 12 про макс загварын гар утасны үнэ 2.550.000 төгрөг...” гэх тайлан /2хх 145-146/, 5739132668 тоот Хаан банкны депозит дансны /1хх 181-182/, 5174063192 тоот Хаан банкны депозит дансны /1хх 244-250/, 130300378566 тоот Төрийн банкны харилцах дансны харилцагчийн /2хх 43-44/ тус тус дэлгэрэнгүй хуулгууд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 194-197, 2хх 45-46/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 198/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч М.Бийн хохирогч А.Эд хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчид трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, мөн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад 11.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын агуулгад нийцсэн гэж үзэв.
Шүүгдэгч М.Б “...Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Батбаяр “...шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-ийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж заажээ.
Хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгч М.Б нь хохирогч А.Эд хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин халдаасан, үүнээс шалтгаалж хохирогч нь эмчилгээ хийлгэх нөхцөл байдал зайлшгүй үүссэн, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх боловч хор уршгийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлийг үгүйсгэж байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг учир энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч М.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/702 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР