Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | В.Давааням |
Хэргийн индекс | 116/2024/0003/З |
Дугаар | 116/ШШ2024/0006 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 116/ШШ2024/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “ ” ХХК, /РД:/,
Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /цаашид ГХБХБГ гэх/-ын хоорондын “Нэгж талбарын , дугаар бүхий талбайд Хэрлэн сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “ ” ХХК нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан, “Нэгж талбарын , дугаар бүхий талбайд Хэрлэн сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. “ ” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/91 дүгээр захирамжийг үндэслэн тус сумын байрлах, нэгж талбарын дугаар бүхий 99.28 м.кв /га/ газрыг ашиглалт , олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулж, эрхийн улсын бүртгэлийн А-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.[1]
2.2. “ ” ХХК-д Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/90 дүгээр захирамжийг үндэслэн тус сумын байрлах, нэгж талбарын дугаар бүхий 125 м.кв /га/ газрыг ашиглалт , олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулж, эрхийн улсын бүртгэлийн А-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.[2]
2.3. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/01 дүгээр “Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээ тогтоох тухай” тогтоолоор “Дорнод аймгийн Хэрлэн сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээ”-г нэгдүгээр, “Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын газрын төлбөрийн хувь хэмжээ”-г хоёрдугаар, “Хэрлэн сумын газрын үнэлгээний бүсийн зураглал”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна[3]
2.4. “ ” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн d-23-463 дугаар албан бичгээр ...Газрын төлбөрийн ногдуулалтын талаар гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1074 тоот албан бичгээр “...танай газар нь Дашбалбар сумын нутаг дэвсгэр дээр байгаа тул таны хүсэлтэд тусгагдсаны дагуу өөрчлөлт оруулах боломжгүй” гэсэн хариуг хүргүүлжээ.[4]
2.5. Нэхэмжлэгч “ ” ХХК-аас Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.[5]
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " " ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны холимог металлын орд газарт *******, ******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Газрын тухай хуулийн дагуу газар ашиглуулах захирамж гарч, гэрчилгээ олгогдон, газрын төлбөр төлдөг. Манай компани нь ******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй, нэгж талбарын дугаар бүхий 99.28 га талбай, ******* дугаар тусгай зөвшөөрөлтэй, нэгж талбарын дугаар бүхий 125 га талбайд тус тус "ашиглалт, олборлолт явуулж буй газар"-ын зориулалтаар газрын төлбөр төлж ирсэн. ГХБХБГ-аас газрын төлбөрийн жилийн нийт ногдлыг 4-т (4-н улиралд) хуваан тухайн улирлын ногдлыг тодорхойлж татварын цахим системд нэхэмжлэл үүсгэсний дагуу тухайн аж ахуйн нэгж төлдөг. Дорнод аймгийн ИТХ-ын 2022.06.24-ний 10/01 тоот тогтоолоор газрын төлбөрийн хувийг шинэчлэн тогтоосон бөгөөд энэ тогтоолыг 2022 оны 3-р улирлаас хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс өмнөх хугацааны газрын төлбөрийн талаар маргаангүй бөгөөд 2022 оны сүүлийн хагас буюу 3-р улирлаас хойших хугацааны газрын төлбөрийн ногдол дээр маргаантай байгаа болно. Газрын төлбөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 4 дэх хэсэгт "Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно" гэж заасан учраас дээрх хоёр талбайн газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Чойбалсан хот буюу Хэрлэн сумын 5-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцох нь зөв. Тухайлбал: ЗГ-ын 2018 оны 182-р тогтоолын 4-р хавсралтаар Хэрлэн сумын 5-р бүсийн ХАА-аас бусад үйлдвэрлэлийн зориулалттай 1 га газрын суурь үнэлгээг 50 000 000 төгрөгөөр тогтоосон ба Дорнод аймгийн ИТХ-ын 2022.06.24-ний өдрийн 10/01 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Хэрлэн сумын нутагт хамаарах бүс дэх "Ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн" зориулалттай газрын төлбөрийн хувийг суурь үнэлгээний 0.15% байхаар тогтоосон. Иймд манай ашиглалт олборлолт явуулж буй талбайн газрын төлбөр "50 000 000х0.15%х2=150 000 төг" гэсэн аргачлалаар бодогдож жилд 1 га-д 150,000 төгрөг ногдохоор байна. Гэтэл Дорнод аймгийн ГХБХБГ-аас ямар аргачлалаар бодсон нь тодорхойгүйгээр нэгж талбарын дугаартай талбайн 2022 оны 3, 4-р улирлын ногдлыг га/жил-1 999 152.78 төгрөг, 2023 оны ногдлыг га/жил-1 001 242.40 төгрөг, нэгж талбарын дугаартай талбайн 2022 оны 3, 4-р улирлын ногдлыг га/жил-973 430.70 төгрөг, 2023 оны ногдлыг га/жил-973 430.70 төгрөгөөр ногдуулсан. 2022 оны ногдлыг манай компани ГХБХБГ-аас тогтоосон хэмжээгээр нь төлсөн. Тухайлбал, нэгж талбарын дугаартай 125 га талбайн 2022 оны 3, 4-р улирлын газрын төлбөрт 124 947 049 төгрөг, нэгж талбарын дугаартай 99.28 га талбайн 2022 оны 3, 4-р улирлын газрын төлбөрт 48 321 100 төгрөг төлсөн. Хэрэв газрын төлбөрийг зөв ногдуулсан бол 2022 оны 3, 4-р улиралд дугаартай 125 га талбайд 9 375 000 төгрөг, дугаартай 99.28 га талбайд 7 446 000 төгрөг төлөх ёстой байсан. Хоёр талбайн зөв ба буруу ногдлын зөрүүг тооцоолоход манай компаниар 156 447 149 төгрөгийг илүү төлүүлсэн байна. 2023 онд нэгж талбарын дугаартай талбайд 125 155 300 төгрөгийн газрын төлбөр, нэгж талбарын дугаартай талбайд 96 642 200 төгрөгийн газрын төлбөр ногдуулснаас манай компани дугаартай талбайн 1, 2-р улирлын ногдол 31 288 826 төгрөг, дугаартай талбайн 1, 2-р улирлын ногдол 24 160 550 төгрөгийг төлсөн. Хэрэв газрын төлбөр зөв ногдуулсан бол 2023 онд энэ хоёр талбайд 33 642 000 төгрөгийн газрын төлбөр төлөх ёстой байсан бөгөөд зөрүү нийт 21 807 376 төгрөгийн илүү төлбөр төлсөн. Анх 2023 оны газрын төлбөр ногдуулсан аргачлалын талаар мэдээлэл авахаар 2023.10.19-ний өдрийн d-23-423 тоот албан бичгээр ГХБХБГ-т хандсаны дагуу 2023.10.23-ны өдрийн 1/853 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ "50 000 000x1%x2=1 000 000 төг" гэх аргачлалаар газрын төлбөр ногдуулсан гэж тайлбарласан. Гэвч энэхүү аргачлал нь бодитоор оногдуулсан газрын төлбөрийн ногдолтой тохирохгүй байснаас гадна Хэрлэн сумын 5-р бүсийн газрын суурь үнэлгээг бусад сумдын газарт хэрэглэхээр тогтоосон 1%-аар үржүүлэн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, газрын төлбөр тогтоох зорилгоор тогтоогдсон "бүс" нь "суурь үнэлгээ" ба түүнээс тооцох “хувь” хэмээх хамт хэрэглэгдэх хоёр ухагдахуунаас бүрдсэн хууль зүйн ойлголт байтал Хэрлэн сумын 5-р бүсийн ХАА-аас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээ 50 000 000 төгрөгөөс, бусад сумдад тогтоогдсон хувь болох 1%-иар үржүүлэн, хоёр өөр бүсийн элементүүдийг хольж хэрэглэн газрын төлбөр ногдуулснаараа Газрын төлбөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 4 дэх хэсэг болон Дорнод аймгийн ИТХ-ын 2022 оны 10/01 дугаар тогтоолыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 4 дэх хэсгийг буруу ойлгон хэрэглэж байгаа нь дараах үндэслэлүүдээр батлагдана. 1) Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж нь улсын ба аймгийн зэрэглэлтэй хот, суурины газрын суурь үнэлгээг бусад сумдын нутаг дэвсгэр дэх газартай харьцуулахад өндрөөр тогтоох ба суурь үнэлгээг дагаад газрын төлбөр өндөр байх зарчмыг агуулсан байдаг. Түүнчлэн уурхайн эдэлбэр газраас ашиглалт явуулж буй хэсгийг аль сумын нутагт байгаагаас үл хамааран аль ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан 2 дахин өсгөж газрын төлбөр оногдуулахаар тогтоосон. Гэтэл ГХБХБГ-аас хэрэглэж буй аргачлалаар бол Чойбалсан хот буюу Хэрлэн сумын нутагт ашиглалт олборлолт хийгдэж буй талбай нь 50 000 000х0.15%x2=150 000 төгрөгийн газрын төлбөртэй, хотоос хол буюу хөдөө сумдын нутагт орших уурхайн ашиглалт олборлолт явуулж буй талбай нь 50 000 000х1%x2=1 000 000 төгрөгийн газрын төлбөр төлөх болж байна. Хуульд тусгагдсан зарчмын эсрэгээр, аймгийн төвийн уурхай нь хөдөө сумдын уурхайгаас хэд дахин бага газрын төлбөртэй болж хувирахаар байна. 2) Газрын төлбөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 4 дэх хэсгийн уг, өгүүлбэрийг уншвал ". ...бүсэд хамааруулан..." гэж заасан байдаг. Харин "..хотын суурь үнэлгээнд хамааруулан, хувийг нь тухайн уурхайн оршин байгаа бүсэд тогтоосон хувиар үржүүлэх..." гэх мэтээр заагаагүй. Иймд хуульд бичигдээгүй аргачлалаар газрын төлбөр тооцогдох болж байна. Манай компанид газрын төлбөр ногдуулах ажил нь Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамалд харъяалагддаг учраас энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр 2023.11.20-ны өдрийн d-23-463 тоот албан бичгээр, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан харъяаллын дагуу Дорнод аймгийн ГХБХБГ-ын даргад гомдол гаргасан. ГХБХБГ-аас гомдлыг хүлээн авсны дараа нэгж талбарын дугаартай талбайн 2023 оны 3, 4-р улирлын ногдол 93 866 476 төгрөгийн нэхэмжлэл, нэгж талбарын дугаартай талбайн 2023 оны 3, 4-р улирлын ногдол 72 481 650 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус цуцалсан боловч 2023.12.25-ны өдрийн 1/1074 оот аргачлалыг зөв гэж үзсэн бөгөөд 2022, 2023 онд илүү төлсөн газрын төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй учраас бид энэхүү хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасныг тус тус үндэслэн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр хандаж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Нэгж талбарын , дугаар бүхий талбайд Хэрлэн сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан. Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдэл (захиргааны акт)-ийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, 2. Хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан үүсэх болсон үндэслэл нь 2023 оны 03 дугаар улирлын газрын төлбөрийг төлөхдөө манай компанийн санхүүгийн хэлтсээс өмнөх оны төлбөртэй харьцуулж үзэхэд “маш өндөр төлбөр гарсан байна” гэж мэдэгдсэн. Ингээд хуулийн зөвлөх болон Чойбалсан оффисыг шалгахыг даалгасан. 2023 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрийг газрын албанаас үүсгэсэн нэхэмжлэлийн дагуу төлсөн. 3, 4 дүгээр улирлын төлбөрийг хуулийг нэг мөр хэрэглэсний дараа төлөхөөр ярилцсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг дээр маргаан гарсан. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөртэй холбоотой тогтоол гарч, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг. Үүнээс өмнө ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Газрын төлбөр төлж байгаа зарчмыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Газрын төлбөрийг жилээр нь оногдуулдаг ба 4 улиралд хуваан төлбөрийг төлж явдаг. Нэхэмжлэлийг газрын албанаас аж ахуй нэгжид хүргүүлэн улирал бүрт төлбөрийг төлдөг гэж ойлгож болно. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “уурхайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа бол ойр орчмын төв хэсэгт хоёр дахин нэмэгдүүлж оногдуулна” гэж заасан. Газрын төлбөрийг оногдуулахдаа Засгийн газраас суурь үнэлгээг тогтоодог. Засгийн газрын 182 дугаар тогтоол дээр 1 га газрын суурь үнэлгээ 50.0 сая төгрөг байхаар тогтоосныг аж ахуй нэгжийн хувьд татгалздаггүй. Ингээд энэ суурь үнэлгээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон итгэлцүүрээр үржүүлэх ёстой болж байна. 2022 оны иргэдийн Хурлын тогтоолд Хэрлэн сумыг 0.15 гэсэн итгэлцүүрээр үржүүлэхээр тогтоосон байна. Тэгвэл аймгийн төвөөс бусад сумын итгэлцүүр яригдахаар байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ашиглалт олборлолт явуулж байгаа бол аймгийн төвийг бүсэд хамааруулна” гэж заасан. Тэгвэл 0.15 хувиар үржүүлж газрын төлбөрийг оногдуулах ёстой, ...50.0 сая төгрөгийг 0.15-аар үржүүлээд гарч байгаа мөнгөн дүнг хоёр дахин үржүүлэх ёстой гэж үзэж байгаа. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 3, 4 дүгээр улирал, 2023 онд ашиглаж буй газрын га талбайд оногдуулсан төлбөрийг манай талаас хүснэгтээр гаргаж өгсөн. 2022 оны төлбөр нь 1 999 152 төгрөг, 2023 оны төлбөр нь 1 001 242 төгрөг болж байсан. Уг нь иргэдийн Хурлын тогтоолоос хойш үргэлж тогтмол тоо байх ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл хэрэглэж байгаа га талбай нь ижил байтал янз бүрээр бодож өөр өөр тоо гаргаж байгаа нь бидэнд ойлгомжгүй байдлыг төрүүлж байна. Тиймээс нэгж талбарт оногдох ёстой байсан төлбөр болох 2022 оны 3, 4 дүгээр улирал дээр 156 447 149 төгрөгийг илүү төлүүлсэн гэж үзэж байна. 2023 оны ногдол болох 2 дугаар улирлын төлбөрийг төлсөн. Үүн дээр мөн 21.0 сая орчим төгрөгийг илүү төлүүлсэн байна. Бидэнд энэ байдлаа албан бичгээр хүргүүлсэн. 1/853 тоот албан бичигт 50.0 сая төгрөгийг 1 хувиар үржээд дахин 2-оор үржсэн талаар мэдэгдсэн байсан. Гол нь энэ аргачлалыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “бүсэд хамааруулах”-аар заасан. Газрын төлбөр тогтоох харилцаанд бүсийг ойлгохдоо суурь үнэлгээ түүнээс тооцох итгэлцүүр гэх хоёр ойлголтоос бүрдэхээр байна. Гэтэл суурь үнэлгээг Хэрлэн сумын суурь үнэлгээгээр авчихаад итгэлцүүрийг бусад сумдад заасан хоёр дахин гэдгээр үржүүлж тооцож байна. Хоёр өөр тогтоолоос өөрт ашигтай хувилбарыг сонгон авсан байгаа нь харагдаж байна. Газрын суурь үнэлгээ нь улсын зэрэглэлтэй хот, нийслэл зэрэг газруудад харьцангуй өндөр байдаг. Ингээд дотроо инженерийн шугамтай газар дагуух газрын үнэлгээ мөн өндөр байдаг. Сумдын суурь үнэлгээ нь харьцангуй бага гэж хэлж болно. Суурь үнэлгээг нь өндөр аваад дахин сумдад тогтоогдсон итгэлцүүрээр үржүүлж тооцож, хоёр өндөр элементийг хэрэглэж байгаа нь харагдаж байна. Энэ нь аж ахуй нэгжийн хувьд дарамт үүсгэж байна. Практикт буруу хэрэглэж байгаа болох нь илт харагдаж байна. Газрын суурь үнэлгээ аймгийн төв дээр хамгийн өндөр байх ёстой. Хольж ингэж хэрэглэснээр аймгийн төв дээр уул уурхайн аж ахуй эрхэлж байгаа газрууд нь 0.15 хувь гэсэн итгэлцүүрээр үржүүлж тооцоолоод, хүн амын төвлөрөл явагдаагүй, хүн ам, хотжилтоос хол хөдөө газарт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн газар нь аймгийн төв дээр уул уурхайн газраас 7, 8 дахин их төлбөр төлж байгаагаар харагдаж байна. Хуульд бичигдээгүй аргачлалаар газрын төлбөрийг манай аж ахуй нэгжид оногдуулсан гэж үзэж байна. Манай компанийн нэхэмжлэлийн шаардлага нь манай ашиглаж буй талбайд бусад сумдаас илүү төлбөр оногдуулсан Дашбалбар сумын газрын даамлын төлбөр илт хууль бус болохыг тогтоож, 2022, 2023 оны илүү төлбөр болох 170.0 сая орчим төгрөгийг дараа онуудад суутган төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Гол тайлбар нь цахимаар тооцоолж бодож байгаа гэж тайлбарласан. Гэхдээ тухайн программ дээр манай ашиглаж буй газрыг хэрхэн тооцохоор заасан нь тодорхой бус байна. Программ нь хууль тогтоомжтой хэрхэн уялдаж байгааг нь мэдэхгүй байна. Программд захирагдаж хуулийг буруу хэрэглэж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
3.3. Хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 10/01 дүгээр тогтоол нь холбогдох хуулийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 25-аас дагаж мөрдөхөөр Хууль зүй дотоод хэргийн Яаманд хянагдан баталгаажсан байдаг.
“Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу “-” ХХК-ийн ашиглалт олборлолт явуулж буй , нэгж талбарын дугаартай газруудын төлбөрийг тооцохдоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 10/01 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Хэрлэн сумын 5 дугаар бүсийн суурь үнэ, 2 дугаар хавсралтаар баталсан “Хэрлэн сумаас бусад сумдын газрын төлбөрийн хувь, хэмжээ”-г баримталж тооцсон. Энэ нь дээр дурдсанчлан холбогдох яамаар хянагдан баталгаажсаны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Газрын кадастрын мэдээллийн системд хууль, тогтоомжийн дагуу оруулж улмаар тус системээс газрын төлбөр автоматаар бодогдож байна.
Хэрлэн суманд ойр орших хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл /үүнд уул уурхайн зориулалт багтана/-ийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа 1 га газрын суурь үнэ 50 сая төгрөг байна. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийг тооцох хувь хэмжээ /харгалзах итгэлцүүр/-г аймгийн төвөөс бусад сумдад 1 хувь байхаар тогтоож өгсөн байдаг. Үүнийг жишээгээр бодож үзүүлбэл: Хэрлэн сумын 5 дугаар бүстэй ойр орших суманд уул уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдийн 1 га газрын суурь үнэ 50 сая төгрөг бөгөөд үүнийг сумдын хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл буюу уул уурхайн зориулалтад хамаарах итгэлцүүр болох 1 хувиар үржүүлж, 2 дахин өсгөж тооцвол 50 000 000*1%*2=1 000 000 төгрөг болж байгаа юм.Мөн манай байгууллагаас тус компанийн ашиглаж буй , нэгж талбарын дугаартай газруудын төлбөрийг хэрхэн ногдуулсан талаар “-” ХХК-д 2023 оны 1/853 албан бичгээр хариуг өгч байсан ч дахин гомдол ирүүлсэнтэй холбоотой Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас заавар зөвлөмж хүссэн албан бичгийг хүргүүлж, ирүүлсэн хариуг мөн 2023 оны 1/1074 тоот албан бичгээр өгсөн байдаг.
Тус газраас дээрх нэгж талбаруудын газрын төлбөрийг хуульд заасны дагуу ногдуулсан байна гэдгийг тусгасан болно. Мөн Дашбалбар сумын Засаг даргын 2022 оны А/211 дүгээр захирамжаар нэгж талбарт оруулсан өөрчлөлтийг тус сумын Газрын даамал ажлын хариуцлага алдаж бүртгүүлэх ажлыг зохион байгуулаагүйгээс үүдэлтэй төлбөрийн зөрүүг арилгах ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллаж байгааг мөн албан бичгээр хүргүүлж байсан. Харин газрын төлбөр тооцсон аргачлал зөв байгааг, тус сумын Газрын даамал газрын төлбөрийг буруу тооцоогүй гэдгийг удаа дараа өгч ажилласан хэдий ч “-” ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй байсаар байна. Иймд тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын төлбөр нь өмнөх оны төлбөрөөс ихээр бодогдож байна гэж ярьж байна. 1998 оноос хойш газрын төлбөр нэг хэвийн байсан, 2018 оноос газрын төлбөр нэмэгдэж эхэлсэн. 20 жилийн хугацаанд маш бага үнээр ашиглаж ирсэн, бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Холбогдох тогтоол шийдвэрийг эрх бүхий байгууллага гаргадаг. Хууль зүйн яамаар баталгаажсан шийдвэрийг бидэнд гардуулж өгсний дагуу бид ажиллагаагаа үргэлжлүүлдэг гэдгийг хэлэхийг хүсч байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар нэгж талбарыг маш тодорхой зааж өгсөн. 2022, 2023 онуудад өөр өөр төлбөр авсан гэж ярьж байна. 2022 оны 07 дугаар сараас хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Тиймээс зөрүүтэй төлбөр гарах нь ойлгомжтой юм.
Мөн бид илүү төлсөн төлбөрийн асуудлаар хариу албан бичгийг тухайн байгууллагад хүргүүлсэн. Тухайн бүс нутгийг хариуцсан ажилтны хайхрамжгүй алдаанаас болж илүү төлбөр авсан байна. Энэ төлбөрийг дараа улирлын төлбөрөөс хасаж тооцох боломжтой, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэхээр болсон талаараа мэдэгдсэн. Газрын төлбөр оногдуулж байгаа системийг манайх дураараа зохиогоогүй, Газар зохион байгуулалт геодезийн газраас системийг гаргасан. Танайхаас ирсэн гомдлын дагуу бид системийн талаар лавлаж асуусан. Тодорхой хариуг бидэнд ирүүлснийг хэрэгт хавсаргасан. Төв газрын үнэ төлбөр их хөдөөний газар хямд үнэтэй байх ёстой гэж тайлбарлаж байх юм. Гэтэл танай байгууллагын хувьд Монгол Улсын далд баялгийг авч ашиглаж байгаа. Шугам, төвийн газартай харьцуулахааргүй том баялгийг ашигладаг. Ийм зүйрлэл хэлж байгаа нь зохисгүй юм. Буруу тооцсон асуудлыг бид засварлахаар болсон. Тогтоолоос харахаар хамгийн өндөр нь Хэрлэн сумын бүс байгаа. Гэтэл Засгийн газрын 182 дугаар тогтоолыг мөн харж үзэх хэрэгтэй. Хөдөө сумдад ч гэсэн суурь үнэлгээ нь 160.0 сая төгрөг байхаар байсан. Бид 3 дугаар сард газрын суурь үнийн талаар хэлэлцэж Хууль зүйн яаманд хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Ингээд сүүлд хэлэлцсэн асуудлыг хүлээн авч шийдвэрлэсэн байгаа. Дараагийн дугаарт систем хөгжүүлэлтийг бид хийгээгүй юм. Бид сум орон нутагт гарч байгаа шийдвэрийг системд байршуулдаг. Систем өөрөө цаашаа бодож тооцоолдог. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/01 тоот тогтоолоор газрын итгэлцүүрийг тогтоосон. Ингэхдээ 5 бүсэд хуваасан. Дашбалбар сумтай ойр орших газар нь 50.0 сая төгрөг байхаар заасан. Зохих хууль ёсны гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээр заасан. Ингэхдээ үүнийг хоёр дахин үржиж тооцох аргачлал бидэнд ирсэн. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу системд тодорхой бүртгэсэн байдаг. Бидний хувьд системд нээсний дагуу буюу тогтоолын дагуу 0.15 гэсэн итгэлцүүрийг сум бүрт оруулж өгдөг. Сумын газрын даамал газрын төлбөрийг оногдуулдаг. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар тухайн сум нь нэгж талбараа хуваасан байсан. Сумын газрын даамал нь тухайн үед кадастрын зураг нь системд ороогүй байгаа гэдэг тайлбарыг өгч байсан. Тиймээс “ ” ХХК нь системд заасны дагуу 74.0 сая төгрөгийг төлсөн. 0.15 гэдэг нь Хэрлэн суманд хамаардаг. Сум суурин газарт аж ахуй эрхэлж байгаа учраас 1.0 сая төгрөгөөр тооцох боломжгүй. Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан дээрээс нарийвчилсан тогтоолыг анх 3 дугаар сард гаргаж байсан. Энийг баталж шийдвэрлэхгүй буцаасан. Дараагийн тогтоолыг Хууль зүйн яамнаас баталсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “ ” ХХК-аас *******ын *******, *******ийн нарт нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл олгосон[6] бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд: ... Өнөөдөр С.******* надтай холбогдсон. Эмнэлэгт яаралтай үзүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэн. Тиймээс би шүүх хуралдаанд дангаар оролцох боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.*******ыг шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү” гэж хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, нэг төлөөлөгч оролцож байгаа тул С.*******ыг чөлөөлж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.
3. Нэхэмжлэгчээс, “... Газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг ... дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
4. Нэхэмжлэгч “ ” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны холимог металлын орд газарт *******, ******* дугаар тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эрхэлдэг. ******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй, нэгж талбарын 21110001002 дугаар бүхий 99.28 га талбай, ******* дугаар тусгай зөвшөөрөлтэй, нэгж талбарын дугаар бүхий 125 га талбайд тус тус “ашиглалт олборлолт явуулж буй газар”-ын зориулалтаар газрын төлбөр төлж ирсэн[7] байна.
5. Нэхэмжлэгчээс дээрх газруудын төлбөрт маргаж буй хугацаанд буюу 2022 оны 3, 4-р улирал, 2023 оны 1, 2-р улиралд тооцсоноор:
- 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 59,469,211.00 төгрөг, 24,160,550.00 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 32,738,919.00 төгрөг, 32,738,919.00 төгрөг, 24,160,550.00 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 12,080,278.00 төгрөг, 15,644,413.00 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 12,080,275.00 төгрөг, 15,644,413.00 төгрөг тус тус төлсөн[8] бөгөөд газрын төлбөр төлсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй.
6. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт газар ашиглагч тул дээрх хуулийн дагуу газрын төлбөр тооцон төлнө. Хуульд зааснаар дээрх газрын төлбөрийг “... ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан” тооцох бөгөөд “ ” ХХК-ийн ашиглаж буй газартай хамгийн ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорнод аймгийн Чойбалсан хот /Хэрлэн сум/-ын “бүсэд хамааруулан” тооцохоор байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
7. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Газрын суурь үнийг Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлд “Хот тосгон, бусад суурины газрын 1 га газрын суурь үнэлгээг 50.0 сая төгрөг” байхаар тогтоосон бөгөөд суурь үнэлгээг 50.0 сая төгрөгөөс тооцоолон төлүүлж байгаад талууд маргаагүй байна.
8. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Эзэмшиж ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж заажээ.
8.1. Дээрх хуульд заасны дагуу Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/01 дүгээр “Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээ тогтоох тухай” тогтоолоор “Дорнод аймгийн Хэрлэн сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээ”-г нэгдүгээр, “Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын газрын төлбөрийн хувь хэмжээ”-г хоёрдугаар, “Хэрлэн сумын газрын үнэлгээний бүсийн зураглал”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан[9] бөгөөд дээрх тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
8.2. Нэхэмжлэгчээс, дээрх тогтоолд заасан “Хэрлэн сумын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээ”-нд хамааруулан, өөрөөр хэлбэл дээрх тогтоолын 1-р хавсралтыг баримталж, суурь үнэлгээ 50.0 сая төгрөгөөс 0.15 хувиар бодож буюу бууруулан тооцох ёстой гэж маргаж байна.
8.3. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “итгэлцүүр хэрэглэх” зохицуулалтын агуулга, шалгуур нь “...инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага”-ыг харгалзан тогтоох бөгөөд итгэлцүүрээр өсгөж, бууруулах хувийг хуульд заасан хязгаарт багтаан тогтоох эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд олгосон байна.
8.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас итгэлцүүрийн хувийг тогтоохдоо “Дорнод аймгийн Хэрлэн сумын, Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын” гэж ялгамжтайгаар тогтоосон нь дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасан “... инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлага” зэрэг хуульд заасан шалгуурыг харгалзан, өөрөөр хэлбэл байршлаас хамааран итгэлцүүрийг хэрэглэхээр тогтоосон байна.
8.5. Иймд нэхэмжлэгчийн ашиглаж буй газар нь Дашбалбар сумын 1-р баг /Сэвсүүл жараахай/-т хамаарч байгаа[10] учир аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10/01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Дорнод аймгийн Хэрлэн сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь хэмжээ”-нд хамаарах итгэлцүүрийг хэрэглэх үндэслэлгүй бөгөөд дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Дорнод аймгийн Хэрлэн сумаас бусад сумдын газрын төлбөрийн хувь хэмжээ” буюу Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлд ашиглалт олборлолт явуулах уурхайн талбайд хамаарах “1 хувь”-аар тогтоосон итгэлцүүрийг хэрэглэж тооцсон нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
9. Нэхэмжлэгчээс, ...Газрын төлбөрийг ногдуулж буй Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.
9.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж хязгаарлагдмал агуулгаар, хаалттай жагсаалтаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 47.1.1-47.1.6-д заасан шинжийн аль нэгэнд хамаарах нөхцөлд л захиргааны акт илт хууль бус байхаар заасан.
9.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” бол тухайн захиргааны акт илт хууль бус болох үр дагавартай. Дээрх хэмжээний урьдчилсан нөхцөл нь захиргааны актаар хаяглагдсан этгээдийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан, өөрөөр хэлбэл хууль зөрчихийг шаардсан, тэрхүү хууль бус үйлдэл эс үйлдэхүйг хийснээр хаяглагдсан этгээдэд эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээх эрсдэл үүсэхээр байвал тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ.
9.3. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна” гэж заасан бөгөөд газрын төлбөр ногдуулахаар нэхэмжлэх үүсгэн төлүүлж байгаа нь нэхэмжлэгчийг хууль зөрчихийг шаардаагүй, газрын төлбөр төлснөөр ямар нэг хариуцлага хүлээх эрсдэл үүсгэх нөхцөл байдал бий болоогүй тул дээрх үндэслэлээр илт хууль бус гэж үзэх боломжгүй.
9.4. Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийн хувь хэмжээ тооцон ногдуулж буй аргачлал, хэмжээтэй маргаж байгаа бөгөөд газрын төлбөрийн хувьд маргаж буй хугацаанд төлсөн хураамжийн зарим хэсэгтэй маргахгүй, илүү төлсөн төлбөрөө суутгуулах хүсэлт гаргасан.
10. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчид ногдуулсан газрын төлбөрийг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн тогтоосон нь хуульд нийцсэн бөгөөд, газрын төлбөр ногдуулж буй захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
11. Нэхэмжлэгчээс, Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага дээрээ үндэслэж, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах шаардлага гаргасан байна.
12. Нэхэмжлэгчийн “...Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага үндэслэлгүй байх тул дагалдах шаардлагыг хангах боломжгүй буюу “хууль бусаар илүү төлүүлсэн гэх төлбөрийг дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг хариуцагчид даалгах” үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “ шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, “Нэгж талбарын , дугаар бүхий талбайд Хэрлэн сумаас бусад сумдад тогтоосон хувь (1%)-иар газрын төлбөр ногдуулсан Дорнод аймгийн ГХБХБГ-ын Дашбалбар сумын газрын даамлын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож, хууль бусаар илүү төлүүлсэн 2022 оны 156 447 149 төгрөг, 2023 оны 21 807 376 төгрөг буюу нийт 178 254 525 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар дараа оны газрын төлбөрт суутган тооцохыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ шинь” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ
[1] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 21, 51-55 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 26 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 6, 43 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 11-19 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 21, 51-55-р хуудас
[10] Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас