Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/04742

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/04742

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

гомдол гаргагч: *** тоотод оршин суух хаягтай, рд:***, *** ирүүлсэн,

хариуцагч: ***, *** холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гомдол гаргагчаас хариуцагчид холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

2. *** итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоо дэмжиж шүүхэд гаргасан тайлбартаа: ...манайх анх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Түүний дараа анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Анх Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр *** 197,064,000 төгрөгийг гаргуулж *** олгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаар *** шүүгчийн шийдвэр дээр үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэсэн. Тухайн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дугаар зүйл дээр нэхэмжлэгч *** нь барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир түүний тайлбарыг үндэслэн барьцааны гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй, харин хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу хариуцагчид холбогдох дахин нэхэмжлэл гаргахад энэхүү нэхэмжлэл саад болохгүй гэсэн байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийгээд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр анхны дуудлага худалдаа эхэлсэн. Анхны дуудлага худалдаа хийхдээ дуудлага худалдааны мэдэгдэх хуудас 2 хоногийн өмнө орой шуудангаар гэрт нь ирсэн, мөн шуудангаар ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа манайхаас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ авагдаж, манайхаас төлбөр төлөгчийн эзэмшил өмчлөл, ашиглалтад байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг лавлагаагаар тогтоон хөрөнгийг түдгэлзүүлсний үндсэн дээр, мөн төлбөр авагчийн барьцаанд байгаа барьцаанаас төлбөрийг гаргуулах хүсэлтийн дагуу ажиллагаа явуулсан. Үнэлгээний тайланг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч өөрөө ирж үнэлгээний тайлантай санал нийлсэн. Манайхаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу тайлангаа мэдэгдсэн. Уг мэдэгдэлдээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр *** дугаар мэдэгдлээр шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр худалдан борлуулах хугацаа олгогддог тухай мэдэгдлийг өгсөн. Төлбөр төлөгч үүнтэй санал нийлээд үнэлгээнээс багагүй үнээр худалдан борлуулах нэг сарын эрхээ авсан. Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн ханшнаас бага үнэлсэн байна гэж нэхэмжлэл гаргасан байсан. Зах зээлийн ханшнаас бага үнэлсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримт нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. Анхны дуудлага худалдааг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 7/4 дугаар тогтоолоор гэрт нь очиход төлбөр төлөгч ***байсан. Ш.Амар нь насанд хүрсэн байсан, аав уурхай руу явсан өнөөдөр орой ирнэ гэсний үндсэн дээр насанд хүрсэн хүүхдэд нь мэдэгдлийг аавдаа дамжуулж өгөөрэй гэж өгсөн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү… гэв.

 

4.Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 1-2дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

2024.04.25-ны өдрийн*** тоот ***ын үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот /хэргийн 4 дүгээр тал/

2024.04.23-ны өдрийн ***-ийн тайлан /хэргийн 5-28 дугаар тал/

2023.05.12-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 28-31 дүгээр тал/

2024.05.24-ний өдрийн *** дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 32 дугаар тал/

2024.05.16-ны өдрийн **** Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж /хэргийн 33 дугаар тал/

2024.05.24-ний өдрийн *** Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж /хэргийн 34 дүгээр тал/

***оос, ***д олгосон итгэмжлэл /хэргийн 133-134 дүгээр тал/

2024.07.05-ны өдрийн *** тоот ***ын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 143 дугаар тал/

2024.07.16-ны ***тоот ***ын албан тоот /хэргийн 144 дүгээр тал,

2024.07.05-ны өдрийн шуудангийн илгээмж хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 145-146 дугаар тал/

хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 147 дугаар тал/

нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай /хэргийн 148-150 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

2024.05.29-ний өдрийн №*** тоот ***аас ***т олгосон итгэмжлэл /хэргийн 35 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 40 дүгээр тал/

2023.09.04-ний өдрийн **** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 41 дүгээр тал/

2023.09.04-ний *** өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 42-43 дугаар тал/

2023.05.12-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 44-49 дүгээр тал/

2023.09.27-ны өдрийн *** дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хэргийн 50 дугаар тал/

2023.10.05-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 52 дугаар тал/

2023.10.19-ний өдрийн ***/ дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /хэргийн 40 дүгээр тал/

2024.03.04-ний өдрийн ***дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 54 дүгээр тал/

2024.03.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 56 дугаар тал/

2024.03.28-ны өдрийн *** дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол /хэргийн 57-58 дугаар тал/

2024.03.28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 59-63 дугаар тал/

2024.04.18-ны өдрийн *** дугаар шинжээч томилох тухай тогтоол /хэргийн 64 дүгээр тал/

2024.04.18-ны өдрийн шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэл /хэргийн 65 дугаар тал/

2024.04.18-ны өдрийн *** дугаар *** ХХК-ийн шинжээч томилох тухай тушаал /хэргийн 67 дугаар тал/

2024.04.23-ны өдрийн ***ХХК-ийн тайлан /хэргийн 68-91 дүгээр тал/

2024.04.25-ны өдрийн *** дугаар үнэлгэний мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот /хэргийн 92-95 дугаар тал/

2024.06.26-ны өдрийн *** дугаартай ***ын мэдэгдэл /хэргийн 97 дугаар тал/

2024.06.18-ны өдрийн *** дугаартай ***ын анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 98 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6.гуравдагч этгээдийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 120-121 дүгээр тал/

хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 125 дугаар тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. *** ..төлбөрт хураагдсан хөрөнгийг 309 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах... тухай гомдол гаргаж, шаардлагын үндэслэлээ ... үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ...анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг хүргүүлэхдээ дуудлага худалдаа болохоос 3 хоногийн өмнө мэдэгдэж төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр төлөгч ***од гардуулж өгөөгүй, гардуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч *** эс зөвшөөрч ... төлбөр төлөгч шинжээчийн тогтоосон үнэлгээнээс багагүй үнээр худалдан борлуулах нэг сарын эрхээ авсан. Зах зээлийн ханшнаас бага үнэлсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримт нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй. Анхны дуудлага худалдааг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *** дугаар тогтоолоор гэрт нь очиход төлбөр төлөгч ***ын хүү *** байсан. *** нь насанд хүрсэн байсан, аав уурхай руу явсан өнөөдөр орой ирнэ гэсний үндсэн дээр насанд хүрсэн хүүхдэд нь мэдэгдлийг аавдаа дамжуулж өгөөрэй гэж өгсөн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэж тус тус тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2023 оны 05 сарын 12-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ***оос 197 064 000 төгрөг гаргуулан ***т олгохоор шийдвэрлэсэн. /хэргийн 29-31, 44-49 дүгээр тал/

 

            2023 оны 09 сарын 04-ний өдрийн *** дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хэргийн 41-43 дугаар тал/

 

            2023 оны 09 сарын 27-ны өдөр ***ын шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, эдгээр ажиллагааны талаар талууд ямар нэг гомдол гаргаагүй байна. /хэргийн 51-59 дүгээр тал/

 

 Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу битүүмжилж хураан авсан, төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүртгэлтэй, **** талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *** 390 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч *** зөвшөөрөхгүй ...санал нийлэхгүй байна шинжээч томилж үнэлгээ гаргаж өгнө үү... гэсэн хүсэлт гаргажээ. /хэргийн 60-63 дугаар тал/

 

Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 04 сарын 18-ны өдөр *** ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар 309 000 000 төгрөг гэж үнэлж тайланг 2024.04.23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгчээ. /хэргийн 64-91 дүгээр тал/

 

 Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч ***од шинжээчийн хөрөнгийн үнэлгээний талаар  2024.04.25-ны өдөр мэдэгдэж, төлбөр төлөгч хөрөнгөө 1 сарын хугацаанд өөрөө бие даан худалдах санал гаргасныг тэмдэглэсэн байна. /хэргийн 92-95 дугаар тал/

 

2024.06.18-ны өдөр дугаар *** тоот шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч төлбөр төлөгч ***олд 2024.06.26-ны өдөр 4-163/16003 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /хэргийн 97-98 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй

 

5. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар ***ын гомдол үгүйсгэгдэж, гомдлын шаардлага үндэслэл тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж үзнэ.

 

6. Тодруулбал *** шүүхэд анх ирүүлсэн гомдлын үндэслэлээ ...шинжээч хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн... гэж, харин шүүх хуралдаанд тайлбарлахдаа үндэслэлээ ...барьцаа хөрөнгөөр хангах шүүхийн шийдвэрт тусгагдаагүй ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авч үнэлгээ тогтоосон нь хууль зөрчсөн... гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 48, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн хөрөнгийн талаарх мэдүүлэг авах, хөрөнгийг эрэн сурвалжлах, битүүмжлэх хураан авах ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд энэ журмын дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авсан нь хууль зөрчөөгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээний талаар төлбөр төлөгч гомдлоо гаргаагүй байна.

 

8. *** төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй.

 

9. Төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлт үнэлгээг мэдэгдсэний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу *** өөрөө сайн дураар 1 сарын хугацаанд хөрөнгөө худалдан борлуулах санал гаргасан, энэ хугацаанд албадан борлуулах ажиллагаа зогссон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд ***ын ...шинжээчийн дүгнэлт үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэрт заагаагүй ажиллагаа явуулсан... гэх гомдол шаардлага тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

10. *** анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ шүүхэд ирүүлсэн гомдолдоо ...анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг хүргүүлэхдээ дуудлага худалдаа болохоос 3 хоногийн өмнө мэдэгдэж төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн... гэж, шүүх хуралдаанд нэмж ...анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр төлөгч ***од гардуулж өгөөгүй, гардуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй... гэж тайлбарласан.

 

11. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг гардуулаагүй гэх гомдол гаргагчийн тайлбар ...тогтоолын мэдэгдлийг 3 хоногийн өмнө 2024.07.02-ны өдөр шуудангаар хүргүүлсэн... гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийн 96-98, 145-146 дугаар талд авагдсан хүсэлт түүнд хавсаргасан баримтууд, шуудангийн илгээмж хүлээлгэн өгсөн баримт гэх бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байна, мөн гомдол гаргагчийн ...3 хоногийн өмнө мэдэгдснээс гомдол гаргагчийн хууль ёсны ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн... нь тайлбар, гомдлын үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

 

12. 2024.07.16-ны өдрийн *** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэн ***од гэх албан бичгийн хариу бичгийн баримтаар анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй олгуулах гомдлыг хүлээн аваагүй, 2024.06.18-ны өдрийн дугаар *** Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 63 дугаар зүйлийн 63.1, 68, 69 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн үйл баримт нотлогдохгүй байна.

 

            13. Иймд ***ын гомдол үндэслэлгүй байх тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар ***ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан орон сууц үл хөдлөх хөрөнгийг 309 000 000 төгрөгөөр үнэлсэн *** ХХК-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах,  2024.06.18-ны өдрийн дугаар *** Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

           

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар ***ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

15. 2024.09.11-ний өдөр гомдол гаргагчаас О.Баясгаланд олгосон итгэмжлэл, 2024.05.29-ний өдөр № *** хариуцагч ***-аас ***т олгосон итгэмжлэлээр тус тус  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 35, 133-134 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч ***т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, 2024.06.18-ны өдрийн дугаар *** Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай ***ын гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ