Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1091

 

 

 

 

 

 

 

 

Э.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Пд холбогдох эрүүгийн 2208000000699 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

...... овгийн Э.П, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........................ төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн текникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн  хамт  ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ШЕ86060519/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 471 дүгээр магадлалаар хорих ялыг 3 жил 5 сар болгон өөрчилсөн;

Шүүгдэгч Э.П нь 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд О.Отой маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, Мал тууврын ...... тоотод оршин суух хохирогч О.Хгийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, 250.000 төгрөгийн үнэ бүхий 585 сорьцтой монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Пын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч О.Хд монетон гинжийг биет байдлаар буцаан өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 12 дугаар сард О.Хтай 21 дугаар хороололд танилцсан. Танилцсанаасаа хойш хоёр биенийхээ гэр орноор гарч ордог байсан. 2022 оны 11 дүгээр сард О.Х бид хоёр тусдаа гарч 2022 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 21 дүгээр хорооллын шөнийн захын замын урд талын караокед намайг хаяад явчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ алхаж харьсан. Намайг гэртээ очиход О.Х гэртээ ирээгүй байсан. Би тухайн үед 6 цаг хүртэл буюу үүр цайтал үүдэнд хүлээсэн. Ирэхгүй болохоор нь утас, түрийвчээ авах гээд түлхүүр байхгүй учраас гэрийнхээ хаалгыг эвдэж орсон. Утас, түрийвчээ авах гэж шүүгээний шургуулгыг татахад монетон гинж, утас, түрийвчтэй хамт гараад ирсэн. Тухайн үед ийм хэрэг болно гэж бодоогүй учраас барьцаалан зээлдүүлэх газар тавьсан. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр О.Х бид хоёр уулзаж гадуур хамт явж монетон гинжийг чинь барьцаалан зээлдүүлэх газар тавьсан гэж хэлсэн. Бид хоёр барьцаалан зээлдүүлэх газраа очиж авах гэтэл хаасан байсан. Орой бид хоёр хамт гэр рүүгээ очиж хоноод өглөө 11 цагт очиход онгорхой байсан тул О.Хд гинжийг нь авч өгсөн. Би Сонгинохайрхан дүүргийн ..  дүгээр хороо, Мал тууврын ....... тоотод амьдарч байгаад 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нүүж Их наранд ирж байранд хамт амьдарсан. Бидний хамтын амьдралыг хоёр талын аав, ээжүүд, найз нөхөд, ойрын садан төрлүүд бүгд мэддэг байсан. Найз Чинзориг, түүний эхнэр Оюука нар сайн мэдэх бөгөөд О.Х нь Чинзоригийн эхнэртэй хамт төмөр замд ажилладаг байсан. Миний эсрэг намайг танихгүй, үл таних хүн гэж гинж авсныг мэдсээр байж худал ярьсанд гайхаж, маш их цочирдсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би аав, ээж хоёртойгоо амьдардаг. Аав, ээж хоёр маань тэтгэвэрт гарсан, өндөр настай хүмүүс, надаас өөр харж хандах хүнгүй учраас надад оногдуулсан ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хасаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.П үйлдсэн хэргийнхээ гэм буруу, үйл баримтын тухайд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шат, шүүх хуралдаанд маргаж байгаагүй. Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял халдаасан. Э.П хохирогч О.Хтай тухайн хэрэг болсон газарт хамт амьдарч байсан гэх бөгөөд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэлийг өөрчлөн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Пыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогчоос “би шүүгдэгч Э.Птай хамт амьдарч байгаагүй. Тухайн үед найзуудтайгаа уулзах гэж гэрээсээ гарсан. Гэртээ хоноогүй. Маргааш өглөө нь гэртээ ирэхэд өрөөний хаалга эвдэрсэн онгорхой байсан. Эд зүйлс замбараагүй болсон байсан бөгөөд шүүгээнд байсан монетон гинж алга болсон байсан” гэж мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн газрын үзлэгээр хаалга эвдэрсэн байсан. Хууль бус нэвтрэлтээр уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.П нь 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд О.Отой маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Оын “...Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдэж ирээд эрүүлжүүлэхийн камерт ороод “би гаръя” гэж орилоод хэлэхэд өөр камерт оруулсан. Тус камерт 4-5 хүн байсан ба улаан малгайтай залуутай маргалдсан чинь босоод над руу дайраад цохиод, намайг тэврээд хамт газар унаад байж байхад цагдаа нар орж ирж салгаад намайг авч гарах үед улаан малгайтай залуу нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохисон. Надад учирсан гэмтлийг эрүүлжүүлэхийн камерт байсан улаан малгайтай залуу гараараа цохиж учруулсан. ...” /1хх 100-102/,

шүүгдэгч Э.Пын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-ны өдөр Хан-Уул дүүрэг, Яармагт гудамжинд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирээд эрүүлжүүлэгдсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны камерт ороод унтаж байхад шөнө нэг хүн камерт орж ирээд орилж хашхираад, хаалга нүдээд байсан бөгөөд камерт байсан хүмүүс “унтаж амармаар байна шүү дээ” гэхэд намайг хэлсэн гэж бодоод зүй бус үгээр доромжлоод байхаар нь “чи яагаад намайг доромжлоод байгаа юм” гээд барилцаж аваад хамт газар унаад ноцолдож байхад камерт байсан хүмүүс салгаж, цагдаа нар орж ирээд ... нөгөө залууг аваад гарах үед би нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. ...” /1хх 201-202/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 817 дугаар “...О.Оын биед зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хоёр шуунд зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /1хх 117-118/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар,

мөн шүүгдэгч Э.П нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Мал тууврын .... тоотод оршин суух хохирогч О.Хгийн байрны хаалгыг эвдэн нэвтэрч, 250.000 төгрөгийн үнэ бүхий 585 сорьцтой монетон гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Хгийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Мал Тууврын ...... тоотод байрлах өөрөө амьдардаг түрээсийн байрнаас гараад найзтайгаа уулзаад маргааш буюу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед гэртээ ирэхэд манай өрөөний хаалга эвдэрчихсэн онгорхой байсан. Тэгээд гэрт ороход хувцас хунар эмх цэгцгүй байсан, тэгээд тухайн үед цагдаа дуудсан юм. Манай өрөөний гоо сайхны шүүгээнд байсан монетон гинж алга болсон байсан. Би монетон гинжээ авсан, одоо надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 12/,

шүүгдэгч Э.Пын яллагдагчаар өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр О.Х бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хамт орж пиво уугаад сууж байхад О.Х намайг уг караокед хаяж явсан. Тэгэхээр нь би гэртээ харьчихсан юм болов уу гэж бодоод автобус унааны мөнгө байхгүй, нийтийн байранд нь алхаж очиход гэртээ ирээгүй, хаалга нь цоожтой байсан. Тэгээд би О.Хг хүлээгээд 5 цаг хүртэл сууж байгаад уг өрөөнд утсаа орхичихсон байсан учир утсаа авах гэж хаалгыг нь эвдэж орсон. Утсаа аваад гарахдаа  гоо сайхны шар шүүгээ дотор байсан монетон гинжийг нь авч гараад Хархорин захын ойролцоо нэг ломбардад 100.000 төгрөгөөр тавиад уг мөнгөөрөө буудал орж унтсан. 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр О.Хтай уулзаж, уг монетон гинжийг нь авч өгсөн. ...” /1хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 596 дугаар хөрөнгийн үнэлгээний “...хулгайд алдсан гэх монетон гинжний үнэ буюу нийт хохирлын дүнг 250.000 төгрөгөөр тогтоож байна...” гэсэн тайлан /1хх 15-16/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-8/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутай талаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Пын хохирогч О.Оын нүүрэн тус газар нь гараараа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогч О.Хгийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны хаалгыг эвдэн нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсны улмаас бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.П “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тэтгэвэрт гарсан, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд тэднийг минь надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд надад оногдуулсан ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хасаж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч О.Оюунчимэг “...Э.П үйлдсэн хэргийнхээ гэм буруу, үйл баримтын тухайд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шат, шүүх хуралдаанд маргаж байгаагүй. Э.П хохирогч О.Хтай тухайн хэрэг болсон гэх газарт хамт амьдарч байсан бөгөөд энэ хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлчлэлийг ... 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч Э.П нь хэрэг үйлдэгдсэн байранд оршин суух О.Хг таньдаг, уг айлаар орж гардаг, хамтын амьдралтай байсан нь хохирогч О.Хгийн эзгүйд түүний орон байрны хаалга, цоожийг эвдэлж, түүний гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, эд зүйлийг нь нууцаар авах эрх олгогдсон гэж үзэхгүй ба түүний нэвтэрсэн орон сууцыг хохирогч эзэмшиж байсан бөгөөд цоожлоод явсан хойгуур хаалгыг нь эвдлэн нэвтэрч эд зүйлийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд дүгнэлт хийдэг.

Шүүгдэгч Э.Пын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Пын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул тэнсэх зохицуулалтад хамаарахгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Пын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1170 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, ... ” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, ... гэж,  

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Э.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч О.Оюунчимэгийн “...зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР