Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2024/0121/З |
Дугаар | 128/ШШ2024/0449 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0449
2024 05 27 128/ШШ2024/0449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Т******* овгийн Х*******ийн Т*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.А,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Батт******* нарын хоорондын газар эзэмших эрхийн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батт*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Т******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн иргэн Х.Т*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр мэдэж, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч Х.Т*******т нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5,000 м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар 3,9 жилийн хугацаагаар эзэмших эрхийг олгож, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай захирамжаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн санал, дүгнэлт, эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хавсралтад заасан 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтад иргэн Х.Тын нэрийг оруулсан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай захирамжийн холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсэн зарчмыг хангаагүй гэж,
4.2. Маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэж,
4.3. Маргаан бүхий захирамжийг албан ёсоор гардуулаагүй гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т******* нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн иргэн Х.Т*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5,000 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрыг 3,9 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай захирамжаар Х.Т******* эзэмшсэн байдаг. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байгаа. Тус газар дээр нэхэмжлэгч Х.Т******* нь орон сууцны цогцолбор бүхий төслийг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын тухай хуульд заасны дагуу холбогдох журам, гэрээ, техникийн нөхцөлүүд, газар дээрээ хөрсний шинэчлэл зэрэг ийм зүйлүүдийг бүрдүүлээд ажиллаж байсан. Тухайн үед барилгын зөвшөөрлийг гаргаад хөөцөлдөөд явж байхад нэлээдгүй цаг хугацаа шаардагдаж байсан. Үүний дундуур нь яг баригдаж байх явцад Ковид-19 цар тахал гарснаас болоод дунд нь нэлээдгүй олон жил тасалдсан байдаг. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэн Х.Тын газар эзэмших эрхийг цуцалсан байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн санал дүгнэлтийн дагуу эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй. Газар эзэмших эрхийн хугацааг сунгах боломжгүй гэж хавсралтад заасан 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар Х.Т*******т олгосон хэсгийг хүчингүй болгосон байгаа юм. Ингэж газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан захирамжийг гаргахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тухайн газрыг цуцлахдаа Х.Т*******т өөрт нь мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа явуулаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт батлан гаргахын өмнө хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж байгаа. Таны эзэмшил газрыг цуцлах гэж байна, та 2 жил ашиглаагүй юм уу, эсвэл хугацаа сунгаагүй юм уу, газрын төлбөр төлөөгүй юм уу гэдэг тайлбараа ирүүл гэдэг ч юм уу, ийм байдлаар огт мэдэгдээгүй, сонинд мэдэгдсэн байдаг. Сонинд мэдэгдсэнийг өөрт нь мэдэгдсэн гэж үзэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр, үндэслэл бүхий байх гэсэн зарчим байгаа. Мөн хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гээд ерөнхий зарчим байгаа юм. Гэтэл ерөнхий зарчим нь заавал өөрт мэдэгдэх гэдэг. Гэтэл огт мэдэгдэлгүйгээр энэ актыг гаргаад, бодит нөхцөл байдал дээр 2 жил зориулалтын дагуу ашигласан юм уу, ашиглаагүй юм уу гэдгийг дүгнээгүй. Захиргааны ерөнхий хууль болон эзэмшигчтэй байгуулсан газар эзэмших гэрээн дээр гэрээг дүгнэх гэж байгаа. Бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, сонсох ажиллагааг хийхгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан байна. Мөн Т компани дээр газар цуцалсан тухай захирамжийг хүргүүлсэн гээд байгаа. Х.Т******* гэдэг хүнд өөрт бол мэдэгдээгүй байгаа. Тэгэхээр хэрэв захиргааны байгууллага иргэнтэй холбоотой гаргасан газар эзэмших эрхийг цуцалсан бол Захиргааны ерөнхий хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны актыг нэхэмжлэгч Х.Т*******т өөрт нь гардуулсан, эс үгүй бол улсын бүртгэлд бүртгэчихсэн албан ёсны хаяг, байнгын оршин суугаа гэрийн хаяг, шуудангаар эсвэл утсаар мэдэгдсэн бол хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар тэр даруй мэдэх боломжтой байсан. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг иргэн Х.Т*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батт******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлд Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг. Тус хуулийн 63.1.1-д “хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг хариуцан зохион байгуулах”, 63.1.2-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хариуцан зохион байгуулах, үр дүнг хариуцна” гэж тус тус заасан. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж ажилладаг байгаа. Мөн хуулийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасан захирамж гаргана” гэж заасан. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22.5-д Засаг даргыг захирамж гаргахаар заасан. Тус захирамж нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дугаар захирамжийг дээрх хуулийн үндэслэлээр гаргасан. Дээрх хуулийн заалт болон Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 39.1.1, 39.1.4, 40.1.6, 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1 гэх эдгээр заалтуудыг барьж захирамжаа гаргасан байдаг.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслээд эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд ашиглаагүй гэдгийг үндэслээд газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасны дагуу урьдчилан мэдэгдэх оролцоог хангах энэ зарчмыг баримталж ажиллах ёстой. Үүний хүрээнд холбогдох захирамжийг гаргахдаа дээрх холбогдох арга хэмжээг авч ажилласан гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно гэж заасан. Мөн 27 дугаар зүйлийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 21-д заасан төлөөлөгч шууд хүргүүлэх, эсвэл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон шуудан бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэхээр заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2147087 дугаар талбарт газар эзэмшигч нарын анхааралд гээд жагсаагаад иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн. Энэ сонсох ажиллагааны 27-д иргэн Х.Т******* гээд дүүрэг, хорооны дугаарыг бичиж нийтэлсэн байдаг. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 09/3379 дугаар албан бичгээр иргэн Х.Т*******т сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж байсан. Үүнтэй холбогдуулаад 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга н.Б гээд иргэн Х.Т*******ас тайлбар хүргүүлэх тухай гээд өргөдөл ирүүлсэн байдаг. Тухайн өргөдлийг үзэхэд зүгээр тайлбар бичсэн байдаг болохоос ямар нэгэн байдлаар нотлох баримт, гэрээ ч гэдэг юм уу нотлох баримтаа ирүүлээгүй. Мөн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай мэдэгдлийг 0108/2701 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Захирамж гарсантай холбогдуулан 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Х.Т******* Баянгол дүүргийн 13 дугаар хороо ******* төвийн тоотод илгээмжийг өгсөн. 13-ны өдрийн 12 цаг 40 минутад хүний нөөцийн ажилтан н.Дд гардуулж өгсөн байдаг. н.Д нь тухайн байгууллагын хүний нөөц хариуцсан ажилтан байдаг. Ер нь сонсох ажиллагааг бид хангалттай хийсэн гэж үзэж байгаа. н.Д захиралдаа танилцуулсан байх гэж бодож байна. Арай ч тийм бас хайхрамжгүй хандахгүй болов уу гэж бодож байна. Хүний эд хөрөнгөтэй холбоотой асуудал явж байгаа учраас танилцуулсан байх гэж үзэж байгаа. Газар зохион байгуулалтын албаны зүгээс газрыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Т*******ас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэргийн үйл баримтаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/115 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 133038/0065 дугаар бүхий 5,000 м.кв газрыг ******* ХХК-д эзэмшүүлсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу уг газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар иргэн Х.Т*******т үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 3,9 жилийн хугацаатай эзэмшүүлж, ******* дугаартай гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
3. Улмаар нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санал, дүгнэлтийн дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй хавсралтад заасан 27 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх ба үүнд Х.Тын газар багтжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агу*******ас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм. 6. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч нь тус газарт орон сууцны барилга барихаар “С*******” ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Зураг, төслийн ажил боловсруулах 05 тоот гэрээ байгуулж, 2021 оны 7 дугаар сард 2,000,00 төгрөг, 2021 оны 10 дугаар сард 6,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 9,000,000 төгрөг шилжүүлсэн, 2021 онд “Э*******” ХХК-аар Байгаль орчны төлөв байдлын судалгаа хийлгэж ажиллаж байсан нь тогтоогдож байх тул тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Тодруулбал, хариуцагч дээрх шалтгаан нөхцөлийг тогтоолгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
8. Харин нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай 2022, 2023 онд гаргасан хүсэлтийг Нийслэлийн Газрын албанаас хүлээн авч, хянаад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бий болсон гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
9. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тус тус заасан.
10. Нэхэмжлэгчээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах /маягт-2/ хүсэлтийг гаргаж байсан талаарх баримт авагдсан хэдий ч нэхэмжлэгч Х.Тын газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 3,9 жилийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дууссан, газар эзэмших хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаж байсан талаарх баримтгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт өгсөн эсэх талаар мэдэх зүйл байхгүй…” гэж тайлбарлаж байгаа тул 2019 оны 6 дугаар сард маргаан бүхий газрыг эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.
11. Үүнээс хойших хугацаанд буюу 2023 онд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлт ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй буюу нэхэмжлэгчийн дуусгавар болсон газар эзэмших эрхийг сэргээх, сунгах үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
12. Харин газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө гаргасан хүсэлтүүд байгаа бол энэ талаар маргах эрх нь нээлттэй.
13. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0778 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн тул энэ талаарх баримтуудыг шүүхээс дахин үнэлэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн…” гэсэн тайлбар үндэслэлгүй юм.
14. Сонсох ажиллагааны тухайд хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны өдрийн сонины 214 дугаарын сурталчилгааны хэсэгт нийт 88 иргэнд шийдвэр гаргахаас өмнөх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсний 27 дахь хэсэгт Х.Тын нэр байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорь буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг …орон нутагт хүрэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл…ашиглан хүргүүлэх” гэж заасныг зөрчөөгүй байна.
15. Иймд иргэн Х.Тын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний дугаар захирамжийн нэхэмжлэгч Х.Т*******т холбогдох “…эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй…” гэх үндэслэл нь дээрх баримтуудаар няцаагдаж байгаа хэдий ч түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 6 дугаар сард дуусгавар болсон байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Тын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох “нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн иргэн Х.Т*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ