Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/04740

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/04740

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

хариуцагч: *** холбогдох,

157 000 000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

хариуцагч *** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 157 000 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ... 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр lexus rx450 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад импортоор орж ирсэн авто машиныг хариуцагч талаас 155,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсны дараа уг машинд завсар оношилгоо хийлгээд хөдөө орон нутаг руу явсан. Хөдөө орон нутаг руу явж байх үед доголдол нь илэрч, доголдлыг нь оношлуулахаар 1 жилийн хугацаанд явсан. Эцэгт нь уг авто машин нь осол орсон машин болохыг мэдсэн. Осолд орсон машин учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу эдийн доголдолтой учраас 157,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж шаардаж байна... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...би уг авто машиныг эвдрэл гэмтэлтэйг нь өөрөө мэдээгүй. Мэдсэн бол би уг авто машиныг худалдаж авахгүй байх байсан. Нэхэмжлэгч тал өөрсдөө маш сайн үзэж хараад аваад явсан. Оношилгоо хийхэд бүтэн жилийн хугацаа шаардагдана гэдэг нь худлаа байх гэж бодож байна ...гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

шүүхэд гаргасан нэхэмжлэл /хэргийн 1-2дугаар тал/

***аас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

2022.11.22-ний өдрийн ***-ийн нэхэмжлэх /хэргийн 5-6 дугаар тал/

оношилгооны хуудас /хэргийн 7 дугаар тал/

тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 8 дугаар тал/

2022.07.07-ны өдрийн ***-ийн тооцооны хуудас /хэргийн 9-13 дугаар тал/

худалдааны хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 14 дүгээр тал/

тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 15 дугаар тал/

хуучин машины ослын түүхийн мэдээллийн тайлан /хэргийн 16-21 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 27 дугаар тал/

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

шинжээчийн дүгнэлт /хэргийн 46-62 дугаар тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ...тээврийн хэрэгслийн үнэ 155 000 000 төгрөг, зардал 2000 000 төгрөг  гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...худалдсан хөрөнгийн талаар осолд орсон тухай бүрэн мэдээлэл өгөөгүй, эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...тээврийн хэрэгслийг хүнээс худалдаж авсан, гэмтэлтэй болохыг мэдээгүй, автомашиныг худалдан аваад 1 жил 6 сарын дараа ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй … гэж маргаж байна.

 

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            4.2022 оны 06 сарын 24-ний өдөр нэхэмжлэгч хариуцагч нар амаар тохирч, нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшлийн *** улсын дугаартай, lexus RX 450h маркийн *** арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийг /цаашид тээврийн хэрэгсэл гэх/ 155 000 000 төгрөгөөр худалдан авчээ.

            5.Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болно.

            6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

 

7. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнэ 155 000 000 төгрөгийг хариуцагчид төлж тээврийн хэрэгслийг хүлээн авсан нь зохигч талуудын тайлбар, худалдаа хөгжлийн банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. 

 

8. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээврийн нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.

 

10. Тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны дараа нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд эд ангийн оношилгоо, хөдөлгүүрийн тос солих зэрэг үйлчилгээг хийлгэсэн, удалгүй үе үе мотор хүчингүй болж доголдол үүсч байсан, тухайн доголдлыг арилгуулахаар 2022 оны 07 сарын 07, 2023 оны 02 сарын 03, 2023 оны 06 сарын 02-ны өдөр, 2023 оны 06 сарын 14, 2023 оны 08 сарын 07-ны өдөр, 2023 оны 09 сарын 19-ны өдөр, 2023 оны 11 сарын 22-ны өдөр тус тус оношилгоо, үзлэгт оруулж засвар үйлчилгээ авах явцдаа  буюу 2023 оны 11 сарын 22-ны өдөр хуучин автомашины ослын түүхийн нээлттэй мэдээллийн үйлчилгээний  www.carhistory.or.kr цахим хуудаст хайлт хийж үзсэний үндсэн дээр тээврийн хэрэгсэл БНСУ-д осолд орсон, даатгалын нөхөн төлбөрөөр засвар үйлчилгээ хийлгэсэн боловч ашиглагдах боломжгүй гэсэн тэмдэглэл хийж бүртгэлээс хасагдсан болохыг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, оношилгооны хуудас, тооцооны хуудас, нэхэмжлэх үнийн санал, хуучин машины ослын түүхийн мэдээллийн тайлан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-21 дүгээр тал/

 

Мөн тээврийн хэрэгсэл хөрөнгө талуудын хооронд гэрээ байгуулагдах үед биет байдлын доголдолтой гэмтэлтэй байсан нь 2024 оны 09 сарын 05-ны өдрийн дугаар 316 тоот Хөрөнгийн үнэлгээний төв ХХК Шинжээчийн Дүгнэлтийн Дүгнэлт хэсгийн...автомашинд үүссэн гэмтэл хурдны хайрцагны суурийн бэхэлгээ лап байхгүйгээс болж байна. Хөдөлгүүрийн өндөр эргэлтэд хурдны хайрцаг чичирхийлэх хөдөлгөөнтэй болсноос хурдны хайрцагны голд гажилт өгч хөдөлгүүрт нөлөөлж байна.  Суурийн бэхэлгээ лап нь их биеийн хэв гажилтаас болж байнга эвдэрдэг байх магадлалтай. Энэхүү доголдлыг нүдээр хараад илрүүлэх боломжгүй. Гэмтэл нь автомашин Монгол Улсад импортлохоос өмнө бий болжээ... гэх баримтаар тогтоогдож байна. /хэргийн 47-56 дугаар тал/

    

11. Хариуцагчийг машин борлуулдаг хүмүүс, мөн ...өөрөө унах гэж БНСУ-аас оруулж ирсэн сайн чанарын машин... гэсэн худалдагчийн хувийн байдал болон аман тайлбарт итгэж нэхэмжлэгч худалдан авалт хийж үнийг бүрэн төлсөн атал тухайн хөрөнгийн талаар хариуцагч үнэн зөв бүрэн мэдээлэл өгөөгүй, тээврийн хэрэгсэл ашиглагдах боломжгүй, хөдөлгүүрийн өндөр эргэлтэд хурдны хайрцаг чичирхийлдэг хөдөлгөөнтэй  гэмтэл бүхий биет байдлын доголдолтой хөрөнгө худалдсан, хөрөнгө шилжих үед доголдол байсан нь тогтоогдож байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ.

12. Хариуцагчийн …Монголд улсад орж ирсэн хойно нь хүнээс худалдаж авсан, уг авто машин эвдрэл гэмтэлтэйг нь өөрөө мэдээгүй. Мэдсэн бол би уг авто машиныг худалдаж авахгүй байх байсан. Би машин хэрэгтэй байна гэхэд манай дүү Ариунболд надад худалдаж авч өгсөн. Монгол улсад явж байсан машин авсан. Гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн,  худалдсан хөрөнгө худалдан авагчид шилжсэн үеэс эрсдэл шилжих тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэх хариуцагчийн тайлбар татгалзал баримтаар нотлогдоогүй, хэнээс хэзээ худалдаж авсан, тээврийн хэрэгсэл түүний эзэмшил ашиглалтад байх хугацаандаа ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан талаар нотлоогүй, мөн   нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, дээрх нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж баримтаар няцаагаагүй.

 

13. Талуудын хооронд гэрээ байгуулагдаж хөрөнгө шилжих үед тухайн хөрөнгө тээврийн хэрэгсэл гэмтэлтэй эд хөрөнгийн доголдолтой байсан, нэхэмжлэгч түүнийг нүдээр хараад илрүүлэх боломжгүй, хариуцагч худалдсан хөрөнгийн талаар үнэн зөв бүрэн мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй,  хариуцагчийн ...авто машин эвдрэл гэмтэлтэйг нь өөрөө мэдээгүй... гэх тайлбар нь худалдсан хөрөнгийн талаар үнэн зөв бүрэн мэдээлэл өгөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн …хариуцагчийг машин борлуулдаг хүмүүс... гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул тээврийн хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг мэдэх боломжтой үүнийг нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхгүй.

 

14. Иймд нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнэд шилжүүлсэн 155 000 000 төгрөгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.7, 255 дугаар зүйлийн 255.2-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 155 000 000 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

15. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулах засвар үйлчилгээний зардал төлбөрт 2000 000 төгрөг нэхэмжилсэн боловч төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй шаардлагаа нотлоогүй тул хангахгүй орхив.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 932 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардалд 385 000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгохоор тогтоов.

17. 2023 оны 11 сарын 30-ны өдрийн нэхэмжлэгчээс *** олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч  *** гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнэд шилжүүлсэн 155 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 932 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардалд 385 000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ