Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1092

 

 

 

 

 

2022             11            15                                         2022/ДШМ/1092

 

А.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1400 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Ат холбогдох 2202000000265 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн А.А, ....... оны .... дугаар сарын ....-ны өдөр ............................ төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “........................... ажилтай, ам бүл 1, ........................ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Шүүгдэгч А.А нь 2022 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шилтгээн цогцолборт өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцсон 2,8 грамм цэвэр жинтэй өвс буюу ургамал мэт зүйлийг устгаж, энэ талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.      

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 оны 7 дугаар сарын 7-ноос 10-ны өдөр хүртэл Монгол шигтгээнд зохиогдож байсан “Playtime” нэртэй хөгжмийн фестивальд асар түрээсэлж, тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед би ачаа ихтэй байсан тул хэрэглэдэггүй том цүнхээ үүрч очсон бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн өглөөний 05 цагийн үед амрахаар найзынхаа майханд байж байтал цагдаа нар ирж, нэгжлэг хийж цүнхнээс 3 грамм өвс нэртэй мансууруулах төрлийн ургамлыг олж илрүүлсэн. Тухайн үед би худалдан борлуулах зорилгогүй биедээ авч явсан ба шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, анх удаа хэрэгт холбогдсон. Би ийм асуудал болсонд маш их харамсаж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн тус хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа ба энэ хугацаанд асуудлыг эргэцүүлж гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж, маш их гэмшиж байна. Иймд нөхцөл байдал болон хувийн байдлыг минь харгалзан надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ “хураан авсан өвс мэт зүйл болон шинжилгээнд хүргүүлсэн өвс мэт зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтийг харьцуулан шинжлэн судалж, хэн аль нь маргаагүй тул дээрх мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо” /хавтаст хэрэгт авагдсан зарим баримтуудын тоо болон хугацааны хувьд зөрүүтэй байдаг/ гэж тусгасан байх бөгөөд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээний хувьд Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ шиг талуудын хооронд үүссэн маргалдаагүй зүйлийг нэг зүйл гэж огтоос дүгнэдэггүй. Нөгөөтээгүүр шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, дүгнэж шийдвэрээ гаргадаг. Чухамдаа ийм жишгээр нотлох баримтаа үнэлэх юм бол буруугүй хүний маргалдаагүй баримтыг үнэлээд буруутай мэтээр тайлбарлахтай зүй нэгтэй ойлгогдохоор байгаа зэргээс үзэхэд шүүгчийн тус тайлбар хууль зүйн хувьд үндэсгүй юм. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас хойш, хэргийг шалгах процесс ажиллагааны хувьд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог. Чухамдаа үзлэг, шалгалт хийж эхлэхээс өмнө өөрийн цүнхэнд байсан хууль бус зүйлээ сайн дураараа гаргаж өгсөн үйлдэл яригддаг. Тиймдээ ч миний үйлчлүүлэгч хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулалгүйгээр цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэж үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Мөн миний үйлчлүүлэгчийн биед шинжилгээ хийхэд мансууруулах төрлийн зүйлс хэрэглээгүй байсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хэрэглээгүй, өөрт байсан зүйлээ гаргаж өгсөн зэрэг миний үйлчлүүлэгчийг хөнгөрүүлэх олон зүйлс тус хэргийн материалд авагдсан байдаг. Шүүх тус нөхцөл байдлыг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үнэлээгүй нь хууль зүйн үндэсгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “хуулийн зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим ёсоор “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж ял оногдуулах үндсэн суурь зарчмыг Эрүүгийн хуульд тусгаж өгсөн бөгөөд тус агуулгаас улбаалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ял шийтгэл оногдуулахдаа нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцоолох хэрэгтэй. Гэвч шүүх миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн хүрээнд бус нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулах нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрлэсэн гэж тайлбарласан. Гэвч миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нийгэмд сөрөг үр дагавар шууд үүсгэх нөхцөл байдлыг үүсгээгүй /үүнд А.Аын цүнхэнд байсан өвсний грамм хамаарч болно/, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн /өөрөө цүнхнээсээ гаргаж өгч өөрийгөө илчилсэн/ зэрэг нөхцөл байдлыг шүүх хэт өндрөөр дүгнэж шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгод үл нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Магадгүй миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах санкцийн хувьд хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-д “өөрийгөө илчилсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх тогтоогдоогүй гэж тайлбарласан нь хууль зүйн хувьд дүн шинжилгээ хийхдээ бодит фактад бус хийсвэрээр тогтоож тайлбарласан гэж үзэж байна. Үйлчлүүлэгч холбогдсон хэргийнхээ үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрч оролцсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулах боломжтой атал шүүх хэрэглээгүй, 7.1 дүгээр зүйл хангагдаж байхад үнэлээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг ашиглаагүй зэргээс үзвэл хэт нэг талыг барьж, хэт яллах дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх үндэслэлүүдээр хорих ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж тусгасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан, үйлдэлдээ гэмшин ухаарч, гэм буруугаа хүлээ зөвшөөрч байгаа нөхцөл байдал зэрэг дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар тусгасан зохицуулалтын хүрээнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтын хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, эсхүл тэнсэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн өвс мэт зүйлийг 4,1 грамм гэж бичсэн. Гэрэл зураг дээр 4,9 грамм гэж бичсэн. Мөн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолд “гялгар уутны хамт 2,8 грамм жинтэй, хар өнгийн шавар мэт зүйл” гэж бичсэн байдаг. Өвс гэх зүйл нь шавар болсон байдаг. А.Ааас 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шавар гэх бодис гарч ирсэн үү, өвс гэх бодис гарч ирсэн үү гэдэг нь эргэлзээтэй болсон. Үүнийг анхан шатны шүүхээс өвс гэж тайлбарлаад шийдвэрлэсэн. Анх хүний биед үзлэг хийгээд 4,9 грамм өвс мэт зүйл олдсон боловч шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжилгээнд хүргүүлэхэд 5,8 грамм болсон байдаг. Анх олдсон 4,9 грамм өвсийг шинжээч рүү явуулсан уу, үгүй юу. Өөр бодис явуулсан уу гэдэг нь эргэлзээтэй болсон. Өвсний хэмжээ багасаж болох ч нэмэгдэж болохгүй. 2,8 граммыг дээж болгож аваад шинжилгээ хийсэн. 3 грамм гэж цэвэр жинг тогтоогоод, дүгнэлтдээ дурдсан. Уг дүгнэлт хэргийн 28 дугаар талд байгаа. Мөн анхан шатны шүүх яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү мэдүүлэг нь дээрх эргэлзээтэй нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж дүгнэсэн. 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүний биед үзлэг хийгээд хураан авсан эд зүйл 4,9 грамм байхад шинжээчийн дүгнэлтэд 5,8 грамм болж байдаг. Үүнийг анхан шатны шүүх харьцуулан дүгнэх ёстой байсан. Шүүх яг аль нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан нь тодорхойгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Граммын зөрүүтэй асуудлыг ярьж байна. Тухайн үед хэргийн газар үзлэг хийж, эд мөрийн баримтыг хурааж аваад мөрдөгч жинлэсэн. Уг жин нь гялгар ууттай буюу бохир жинг тавьдаг. Дараа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн баталгаат жингээр жинлэгдэж нарийвчлалтай жин гардаг. Иймд 3 өөр жингийн зөрүү гарч ирэх боломжтой. Прокуророос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарах үеийн жинг үнэн зөв гэж үздэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө өөрөө хэргээ хүлээж, өөрийн биед байгаа бодисыг гаргаж өгсөн гэж байна. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж “танд бодис байна уу” гэхэд “байна” гээд гаргаж өгсөн. Үүнийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан, гэмт хэргээ сайн дураараа илчилсэн гэж үзэх боломжгүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай. Гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзээд энэ зүйлд заасан хорих ялын хамгийн бага хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой боловч мөн цээрлүүлэх зорилгыг давхар агуулж байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.А нь 2022 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шилтгээн цогцолборт өөрийн цүнхэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3.0 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...Үзлэг явуулахын өмнө А.Ааас таны биед ямар нэгэн хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байна уу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд “надад байгаа хар өнгийн цүнхэнд өвс буюу сэтгэцэд нөлөөт бодис байгаа” гэж өөрөө сайн дураараа гялгар ууттай ногоон өнгийн өвсийг гаргаж өгөв. Уг өвсийг хэмжиж үзэхэд гялгар уутны хамт 4,1 грамм жинтэй байв. Үзлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/,

шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Монгол шилтгээнд болж байгаа “Playtime” нэртэй фестивальд “Репаблик” нэртэй пабд тогоочоор ажиллахаар очсон. Тухайн үед би сүүлийн үед гаргаж үүрээгүй цүнхээ үүрээд очсон байсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 06 цагийн үед цагдаа нарт баригдахад миний цүнхэнд урьд нь хэрэглэж байсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвс нэртэй ургамал байсан. Би тухайн өвсийг 2018 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараагаас бэлтгэж байсан. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3507 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 5,8 грамм, цэвэр жин нь 3,0 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 2,8 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс “дельта-9 тетрагидроканнабинол” илэрч байна. Шинжилгээнд илэрсэн “дельта 9 тетрагидроканнабинол” нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх 27-29/ гэсэн дүгнэлт,

эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Аыг “хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Аын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг цүнхэндээ хадгалж байсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Ааас “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс “...шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, эсхүл тэнсэж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Аын “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Аын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/1400 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР