Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 116/ШШ2024/0007

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

               Нэхэмжлэгч: оршин суух, ийн /РД: /

              Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга нарын хоорондынБарилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт П. миний захиалгаар баригдах зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П., өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

           1.1. Нэхэмжлэгч П. нь Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт П. миний захиалгаар баригдах зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

              Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

           2.1. Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/158 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжаар 225м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч овогтой /*******/-ын газар эзэмших эрхийг иргэн овогтой //-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 13 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ.[1]

           2.2. Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/190 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжаар 800м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч ******* овогтой ******* /*******/-ын газар эзэмших эрхийг иргэн овогтой //-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 9 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн.[2]

           2.3. Иргэн П. нь 2021, 2024 онуудад Дорнод аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт тус тус хандан “...үйлчилгээний төвийн барилга барих барилгын ажлын зөвшөөрөл олгуулах болон үйлчилгээний зочид буудлын барилга барих зөвшөөрөл” хүссэн өргөдөл гаргасан байна.

          2.4. Дорнод аймгийн Засаг даргаас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1/2459 тоот албан бичгээр[3] “...барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй байгааг мэдэгдэж”,  аймгийн Засаг даргаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/271 тоот[4] албан бичгээр, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/064 дугаар албан бичгээр[5] иргэн П.т тус тус хандан “...хот байгуулалтын баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн шаардлага, нөхцлийг хангаагүй тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй” талаар хариу хүргүүлж байсан байна.

             2.5. Нэхэмжлэгч П.аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.[6]

             Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

           3.1. Нэхэмжлэгч П. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/158 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжийн дагуу  нэгж талбарын ******* дугаартай, 225м2 газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн тус аймгийн Засаг даргын 2017 оны А/190 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжийн дагуу  байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 800м2 газрын худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус П. надад олгосон байна. Миний бие өөрийн эзэмшиж буй газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах зорилгоор дор дурдсан зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлыг тус тус эхлүүлэх зорилгоор эрх бүхий этгээдээс барилгын ажлын зөвшөөрөл олгоход шаардагдах хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтээ удаа дараа хүргүүлээд байна. ..Миний эзэмших эрх бүхий газарт баригдах дээрх барилгуудын аль аль нь “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын нэгдүгээр хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал”-ын жагсаалтын 3.2-т заасан “16-30м өндөртэй 5-9 давхар орон сууцнаас бусад зориулалттай олон давхар барилга байгууламж”-д хамаарч байх тул Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “дунд төвөгшилтэй барилга байгууламж”-д хамаарах юм. Иймд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу дунд төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нь тус аймгийн Засаг дарга юм. Улмаар миний бие дээр дурдсан барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах учиртай архитектур төлөвлөлтийн даалгавар, архитектор төлөвлөлтийн  даалгаврын дагуу батлагдсан зураг төсөл, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын талбайн инженер-геологийн судалгааны ажлын дүгнэлт, ханган нийлүүлэгч байгууллагуудаас олгосон техникийн нөхцөл болон холбогдох бусад баримт бичгийг тус тус бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2021 оноос хойш удаа дараа аман болон бичгэн хэлбэрээр хүргүүлсэн. Гэвч Дорнод аймгийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д, мөн Монгол улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5 дугаар бүлэгт заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл бүхий нөхцөл байдал бий болоогүй байхад миний хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж өгсөнгүй өнөөдрийг хүрлээ. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар зүйлийн тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, хүсэлт гаргагчид хүргүүлнэ” гэж тодорхой заасан байх боловч Дорнод аймгийн Засаг дарга нь миний барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтүүдэд хуульд заасан хугацааны дотор барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан эсхүл зөвшөөрсөн тухай ямар нэг хариу ирүүлээгүй болно. Аймгийн Засаг даргаас 1/2459 тоот албан бичгийг надад гардуулж өгөөгүй, 1/271 тоот албан бичиг нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа надад гардуулсан гэдгийг хэлэхийг хүсч байна.  Би 3 жил хүлээгээд хариу өгөхгүй байгаа учраас арга ядаад шүүхэд хандсан. Миний хувьд хэн нэгний эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Хөдөөгийн сэргэлт гэдэг санаачлагыг гаргаж хэрэгжүүлж байгаа. Хөдөө ирсэн хүмүүст чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж байхгүй байгаа нь үнэн юм. Би кино театр бариад ганцаараа кино үзээд суухгүй, авто машины зогсоолд ганц манайхаар үйлчлүүлж байгаа иргэд машинаа тавихгүй юм. Цаана байгаа эрүүл мэндийн газар, ахмадын сувилал, банкны үйлчлүүлэгч иргэд бүгд ашиглана. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

          3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг маргаанд Барилгын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, Нийслэл Улаанбаатарын замын хөдөлгөөнийг багасгах тухай хуулиуд яригдах юм. Газар эзэмших эрх нь П.т шилжсэнээс хойш “А” даалгавар гаргуулахаар явсан. “А” даалгаврын дагуу зураг хийгдсэнээр барилга баригдах боломжтой болно. Тухайн газар дээр объект барих бүх шаардлагатай баримт буюу Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заагдсан баримтууд бүрдсэн. Зөвшөөрлийг олгохгүй байх зарчмыг ч мөн тухайн хуульд заасан байдаг. Анхнаасаа төрийн эрх бүхий албан тушаалтнуудаас зөвшөөрлийг авч ирсэн. Хамгийн сүүлийн шатны буюу эрхлэх зөвшөөрлөө л авах ёстой байсан. Харамсалтай нь аймгийн Засаг дарга энэ зөвшөөрлийг өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байна. Ямар нэгэн хариуг иргэн П.т өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “боломжгүй” гэсэн албан бичгийг П.т гардуулсан. Барилгын талбай нь 70/30 байсан нь 60/40 болсон. Энэ нь тусдаа тодорхой хэсэгт хэрэгжүүлэхээр гаргасан хууль бөгөөд уг хуулийн энэ зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй. Хот байгуулалтын тухай хуулийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр хуульчилсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэж байдаг. Энэ нь өнөөдөр ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм гэж байдаг юм. Энэ нь хуулийн дор байгаа эрхийн акт юм. Энэ журмын 5 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарладаг. Тэгвэл бичсэн хариу тайлбарт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.1.2 гэж дурдсан болохоос биш яг энэ нормыг зөрчсөн гэж тайлбарласан зүйл байдаггүй. Барилгын ажил эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах үүргийг төрийн байгууллага хүлээдэг. Хариуцагч талаас ярьж байгаа тайлбараа баримтаар нотлох ёстой юм. Эмнэлгийн бүс, зам талбайг хаасан, хаалга үүд хаасан гэж тайлбарлаж байгаа боловч баримтгүй байна. Монгол Улсын Их Хурлаас Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Энэ нь нилээн ач холбогдолтой хууль юм. Төрийн зүгээс бизнес эрхлэгч нарт дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриалсан хууль юм. Тиймээс зөвшөөрлийг хоёр ангилсан. Тусгай, энгийн гэж ангилсан. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлтэй байхаар заасан. Энэ зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгохоор хуульчилсан. Хариуцагч тал нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль яриад байх юм. Иргэний хуульд тусгай нарийн хууль эсвэл сүүлд гарсан хуулийг баримтлахаар хуульчилсан. Энэ заалтын дагуу Зөвшөөрлийн тухай хуулийг баримтлах ёстой болно. Эрх бүхий субъект нь хүсэлтийг хүлээн аваад 5 хоногийн дотор хариуг өгнө. Хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцохоор хуульчилсан. Ийм тодорхой заалт байна. Захиргааны ерөнхий хуулийн захиргааны актыг харах ёстой. Эс үйлдэхүй гэдгийг нарийн тогтоож өгсөн. Хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсвэл шийдвэрлэхгүй орхисон бол эс үйлдэхүй байхаар заасан. Өргөдөл хүсэлтээ өгсөн, 30 хоногт хариуг өгөөгүй. Шүүхэд өргөдөл өгсний дараа хариуг өгсөн. Энэ нь гарцаагүй эс үйлдэхүй мөн юм. Үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Энэ маргааныг нэхэмжлэгч талд ашигтай шийдвэрлэх боломжтой юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            3.3. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П. нь аймгийн Засаг даргын 2017 оны А/158 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийн дагуу  225м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, мөн аймгийн Засаг даргын 2017 оны А/190 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжийн дагуу  800м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар тус тус шилжүүлэн авсан байна. Аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/2459 дүгээр албан бичгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан иргэн П.т барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдсэн. Ингэхдээ Архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургийг батлахдаа нийт талбайд барилгажилтыг төлөвлөж, нийтийн эзэмшлийн газарт авто зогсоол, ногоон байгууламж төлөвлөсөн байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8-д заасныг тус тус зөрчсөн талаар хариу мэдэгдсэн. П. нь аймгийн Засаг даргад хандан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг гаргасан. Тус өргөдөлтэй танилцаж аймгийн Засаг дарга нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/271 дүгээр албан бичгээр “хот байгуулалтын баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн шаардлага, нөхцлийг хангаагүй тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй...” тухай хариуг өгсөн. Дээрх 2 барилга угсралтын ажлын зураг төсөл, барилгын ерөнхий төлөвлөгөө нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-оос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-оос доошгүй хувь нь авто зогсоол байна гэсэн шаардлага нөхцлийг хангаагүй. Учир нь 225 м.кв хэмжээ бүхий газрын 220.8 м.кв, 800 м.кв хэмжээ бүхий газрын 787.5 м.кв талбайд барилга угсралтын ажлын зураг төсөл барилгын ерөнхий төлөвлөгөөг гаргасан байсан тул Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан. Мөн Засгийн газрын 2021 оны 213 дугаар “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 5.1.2-т “Баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага нийцээгүй” үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан. П.т Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төв, зочид буудлын барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариуг өгсөн байхад барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П. нь аймгийн Засаг даргын 2017 оны захирамжийн дагуу 225м2 болон 800м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар авсан байдаг. Ингэхдээ хоёр иргэнд тодорхой үнийг төлж авсан байсан. Үүний дараа барилга барих зөвшөөрлийг Аймгийн Засаг даргаас авах үүрэгтэй. 1/24 тоот албан бичгээр аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргаас хүргүүлсэн байдаг. Ингэхдээ ажлын төлөвлөлтийн зургийг батлуулахдаа нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол, ногоон байгууламжийг төлөвлөсөн байсан. Ерөнхийдөө 30-аас доошгүй хувь нь авто зогсоол, ногоон байгууламж байхыг шаарддаг. Барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх шаардлагыг зөрчсөн байсан. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхээс тухайн газарт үзлэг хийсэн. Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, нийт газрын хэмжээнд тулгаж барилгыг барьсан байгаа нь харагддаг. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг гаргасан. Аймгийн Засаг даргаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох боломжгүй байгаа гэдгээ тайлбарлаж хариуг өгсөн. Барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй байх ёстой юм. Нийт талбайн 20-оос доошгүй хувь нь цэцэрлэг, 20-оос доошгүй хувь нь авто зогсоол байх ёстой гэдгийг мэдэгдсэн. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөл олгохоос татгалзсан. 2021 онд 70/30 гэсэн харьцаатай байсан ба 2024 оноос 60/40 болсон байгаа. 2021 онд ч гэсэн шаардлага хангахгүй байсан. Анхнаасаа зөвшөөрлийг олгоогүй байхад барилгыг барьж эхэлсэн. Тухайн үед шаардлага хангасан бол зөвшөөрлийг олгох боломжтой байсан. Аймгийн Засаг даргаас ямар нэг эс үйлдэхүй гаргаагүй юм. Тухай бүрт нь барилгыг барих боломжгүй байна гэдгийг тайлбарлаж ирсэн. Барилгын ажлын зөвшөөрөл олгох журмын 5.1.4-т заасны дагуу анхнаасаа зөвшөөрлийг олгоогүй. Үйлчилгээний төв, барилгын ажлын зөвшөөрлийг олгохгүй талаар хариу тайлбарыг байнга хүргүүлж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Энэ үйлчилгээний төв нь зочид буудал, ресторан, тоглоомын төв байршина гэж тайлбарладаг. Энэ бүхэн нь хувь хүний ашгийн төлөө асуудал бөгөөд Дорнод аймгийн хот байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Тухайн хэсэг нь БОЭТ, эрүүл мэндийн төвийн хажууд байрладаг ба эмчилгээний зориулалттай газарт хамаарч байгаа юм. Эмнэлгийн зориулалтаар барилга барьж байгаа байгууллагын хаалгыг хааж баригдсан нь газар дээр тодорхой харагддаг. Тиймээс энэ бүх шалтгаануудыг үндэслэж зөвшөөрлийг олгох боломжгүй байна. Ямар ч зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн нь нэхэмжлэгч талын буруутай үйлдэл юм. Хот байгуулалтын тухай хууль, Барилга хот байгуулалтын Сайдын тушаал, холбогдож журамд заасны дагуу л хариуцагч талаас шийдвэрүүдийг гаргаж байгаа. “А” даалгавар, загвар зураг явагдсаны дараа аймгийн Засаг даргаас холбогдох шийдвэр гарахаар байдаг. 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн талбайн 98.4 хувь дээр барилгаа барьсан байна. 2021 оны албан бичигт дурдсан байгаа. 3/697, 3/698 тоот албан бичигтэй танилцсан гэдгээ тайлбарласан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын Засгийн газрын 341 тоот тогтоолоор Дорнод аймгийн Хөгжлийн бүсийг тогтоосон. Ингэхдээ зураглал, цэг координатын дагуу бүсчилж тогтоосон. Анхнаасаа 70/30 гэсэн харилцаагаар мөрдөгдөж явсан. Сүүлд нэмэлт өөрчлөлт орж 60/20/20 байхаар зохицуулагдаж мөрдөгдөж байгаа. Барилгын ажлын зөвшөөрлийг олгох эрх нь аймгийн Засаг даргад байгаа. Ямар тохиолдолд зөвшөөрөл олгохгүй байхыг мөн хуульчилсан. Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн бол зөвшөөрөл олгохгүй гэж өмгөөлөгч өөрөө тайлбарлаж хэллээ. Анхан шатны шаардлага хангахгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

              2. Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/158 тоот захирамжаар,  225м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч овогтой /*******/-ийн газар эзэмших эрхийг иргэн овогтой //-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 13 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.[7]

              3. Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/190 тоот захирамжаар, 800м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшигч ******* овогтой ******* /*******/-ийн газар эзэмших эрхийг иргэн овогтой //-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.[8]

           4. Нэхэмжлэгч нь  өөрийн эзэмшиж буй дээрхи захирамжаар олгогдсон газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах зорилгоор зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлыг тус тус эхлүүлэх зорилгоор эрх бүхий этгээдээс барилгын ажлын зөвшөөрөл олгоход шаардагдах хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, архитектур төлөвлөлтийн даалгавар, архитектор төлөвлөлтийн  даалгаврын дагуу батлагдсан зураг төсөл, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын талбайн инженер-геологийн судалгааны ажлын дүгнэлт, ханган нийлүүлэгч байгууллагуудаас олгосон техникийн нөхцөл болон холбогдох бусад баримт бичгийг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[9]

           5. Дорнод аймгийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 1/2459 дугаартай “...Архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын зургийг батлахдаа нийт талбайд барилгажилтыг төлөвлөж нийтийн эзэмшлийн газарт авто зогсоол, ногоон байгууламж төлөвлөсөн байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх", 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т "барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх", 14.2-т "барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна", Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 5.1.2-т "баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй" заалтыг тус тус үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй байгааг мэдэгдэж байна гэсэн агуулгатай албан бичгийг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад хүргүүлсэн.[10]

            5.1 Дорнод аймгийн Засаг даргаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1/271 дугаартай “...Уг барилга угсралтын ажлын зураг төсөл, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дугаар заалтад заасан барилгажих талбай, цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоолын талбайн харьцааг хангаагүй, мөн архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан холбогдох Барилгын норм ба дүрэм, барилгажих талбай, ногоон байгууламж, авто машины зогсоол байгуулах талбайн харьцааг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй байна. Иймд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дүгээр заалт, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 5.1.2 дугаар заалтад тус тус заасан хот байгуулалтын баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн шаардлага, нөхцлийг хангаагүй тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн албан бичгийг иргэн П.д хүргүүлсэн.[11]

           5.2 Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “ Таны ирүүлсэн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 800 м.кв талбай бүхий газарт үйлчилгээний зориулалттай барилгын барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй танилцлаа. Мэдээлэл технологи хөгжингүй болсонтой холбогдон хот байгуулалтын салбарын хөгжлийг хурдасгах, байрлалд суурилсан орон зайн болон орон зайн бус өгөгдлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, иргэдэд төрөөс үйлчлэх үйлчилгээг хялбарчлах чиглэлийн хүрээнд бид бүхэн 2019 оноос хойш Хот байгуулалтын кадастрын цахим системээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэн 2021 оноос эхлэн одоог хүртэл барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгож байна. Тус систем нь хот байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохицуулдаг тул та бүхний ирүүлсэн барилгын ажил эхлүүлэх цахим хүсэлт нь холбогдох хууль, дүрэм, журмын шаардлагад нийцээгүй бол хүсэлтийн төлөв цааш шилжихгүй системээс зөвшөөрөл гаргах боломжгүй юм. Уг барилга угсралтын ажлын зураг төсөл, барилгын ерөнхий төлөвлөгөө нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дугаар заалтад заасны дагуу барилгажих талбай, ногоон байгууламж болон авто машины зогсоолын талбай нь заагдсан харьцааг хангаагүй, мөн аймгийн Ерөнхий архитекторын Архитектур төлөвлөлтийн даалгаварт Хот байгуулалтын тухай хуулийн заалтууд, холбогдох Барилгын норм ба дүрмийг тусгасан ба барилгажих талбай, тохижилт ногоон байгууламж, авто машины зогсоолын талбайн баримтлах харьцааг хэрэгжүүлээгүй байна. Иймд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дүгээр заалт, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 5.1.2 дугаар заалтуудад тус тус заасны дагуу хот байгуулалтын баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн албан бичгийг иргэн П.д хүргүүлсэн байна.[12]

              6. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд энэхүү хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгчийн зүгээс ...Миний эзэмших эрх бүхий газарт баригдах  барилгуудын аль аль нь “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын нэгдүгээр хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал”-ын жагсаалтын 3.2-т заасан “16-30м өндөртэй 5-9 давхар орон сууцнаас бусад зориулалттай олон давхар барилга байгууламж”-д хамаарч байх тул Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасан “дунд төвөгшилтэй барилга байгууламж”-д хамаарах юм. Иймд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу дунд төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нь тус аймгийн Засаг дарга юм. Улмаар миний бие дээр дурдсан барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах учиртай архитектур төлөвлөлтийн даалгавар, архитектор төлөвлөлтийн  даалгаврын дагуу батлагдсан зураг төсөл, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын талбайн инженер-геологийн судалгааны ажлын дүгнэлт, ханган нийлүүлэгч байгууллагуудаас олгосон техникийн нөхцөл болон холбогдох бусад баримт бичгийг тус тус бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу Дорнод аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2021 оноос хойш удаа дараа аман болон бичгэн хэлбэрээр хүргүүлсэн зэргээр бодит нөхцөл байдлыг дурдаад байхад, Хот байгуулалтын тухай хууль болон Барилгын тухай хуульд дурдсан асуудлыг урьдчилан шалгаж тогтоохгүйгээр, захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд П. нь тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргасны дараа Дорнод аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ... барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд тухай бүр нь өргөдөл хүсэлтэд хариу өгөөгүйг дурдах нь зүйтэй.

            8. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд ...үзлэгээр тухайн газар нь 2 давхар карказаар угсарсан барилгын суурь, барилгын ажил зогссон байдалтай, барилга тойрсон газар нь нийтийн эзэмшлийн газар байх бөгөөд барилгыг тойроод хашаалсан байлаа... 2 давхар карказан барилгын зүүн талд ухсан нүх буюу 225м2 талбай бүхий шороо байх бөгөөд тухайн ухсан нүхний зүүн талд Голомт банк, зүүн урд талд Эрүүл мэндийн төв, урд талд хуучин асрамжийн газрын суурин дээр баригдсан гэх цагаан, ягаан өнгийн 3-4 давхар барилга, баруун талд Бүсийн оношлогоо эмчилгээний төв байрлаж байгаа нь тогтоогдсон болно.[13]Иймд тус шүүхээс  П.ын, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ...Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт баригдах зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

       1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч П.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт баригдах зочид буудлын болон үйлчилгээний төвийн барилгын ажлын зөвшөөрөл олгохыг Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.т олгосугай. 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.АМАРЖАРГАЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 12-р хуудас

[2] Хавтаст хэргийн 90-р хуудас

[3] Хавтаст хэргийн 157-р хуудас

[4] Хавтаст хэргийн 158-р хуудас

[5] Хавтаст хэргийн 159-р хуудас

[6] Хавтаст хэргийн 1-6-р хуудас

[7] Хавтаст хэргийн 174-р хуудас

[8] Хавтаст хэргийн 175-р хуудас

[9] Хавтаст хэргийн 9, 87-р хуудас

[10] Хавтаст хэргийн 157-р хуудас

[11] Хавтаст хэргийн 158-р хуудас

[12] Хавтаст хэргийн 159-р хуудас

[13] Хавтаст хэргийн 184-188-р хуудас