Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1586

 

 

 

 

 

 

 

 

 

 

“УХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01375 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “УХБ” ХХК-ийн хариуцагч “Х” ХХК, Х.Б-, Б.Б-, Э.Б-, П.Э-, “Ж” ХХК, “Б” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2 446 955 466.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч “Х” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын банктай ЗГ9101/161121 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 24 хувийн хүүтэй, 2 100 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдөр ЗБГ9101/161121 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн 38 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 23 ширхэг газрыг тус тус барьцаалсан. “Х” ХХК нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Улаанбаатар хотын банкнаас зээл, зээлийн хүүний төлбөрийг төлүүлэхээр удаа дараа бичгээр мэдэгдэл хүргүүлж, биечлэн уулзаж, зээлийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажилтай газар дээр нь очиж шалгалт хийж, батлан даагч нартай зээлийн зөрчлийг арилгуулах талаар мэдэгдэл хүргүүлж, уулзалт хийх зэрэг ажиллагааг удаа дараа хийж гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсөн хэдий ч зээлийн төлбөрийг төлөх нэмэлт хугацааг зээлдэгчид олгосон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй, үр дүн гарахгүй байна. Иймд Иргэний хуулийн 451, 458, 158 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24.3 “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасны дагуу болон хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 5.4, 5.9 дэх заалт, зээлийн барьцааны гэрээний 4.2 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч “Х” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 722 530 096.98 төгрөг, үндсэн зээлийн хүүний төлбөрт 405 478 865.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81 095 773.12 төгрөг, нийт 2 209 104 735.67 төгрөгийг гаргуулах, зээлдэгч уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ЗБГ9101/161121 дугаартай зээлийн барьцааны гэрээнд заасан зарим барьцаа хөрөнгүүд болох “Ж” ХХК, “Б” ХХК, иргэн Х.Б-, Б.Б-, Э.Б-, П.Э- нарын үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилж тодруулсан шаардлагадаа:

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч “Х” ХХК, гүйцэтгэх захирал А.Ууганзаяа нараас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2 209 104 735.67 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ЗБГ9101/161121 дугаартай зээлийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүд болох хавсаргасан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 209 104 735.67 төгрөг гаргуулах, уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч нартай эвлэрэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулах саналыг хүлээн авахаас татгалзсан, зохигчид эвлэрэхтэй холбоотой хугацаа алдсан, мөн хариуцагч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гардан авч, хариу тайлбар өгөөгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан бөгөөд дээрх нөхцөл байдлуудтай холбоотой зээл буцаан төлөгдөх хугацаа хойшилж, энэ хугацаанд зээлийн төлбөр 2 446 955 466.86 төгрөг болсон байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 237 850 731.19 төгрөгөөр нэмэгдүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөрт 1 722 530 096.98 төгрөг, үндсэн зээлийн хүүний төлбөрт 603 687 808.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 737 561.65 төгрөг, нийт 2 446 955 466.86 төгрөгийг гаргуулах, зээлдэгч “Х” ХХК уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ЗБГ9101/161121 дугаартай зээлийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Улаанбаатар хотын банктай 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ9101/161121 тоот зээлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа нь үнэн боловч нэхэмжлэгчийн нийт шаардлага 2 209 104 735.67 төгрөгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний эргэн төлөлт, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн бодолтыг хянах, мөн зарим мэдээлэл тодруулах шаардлага тулгараад байгаа тул шүүх хуралдааны явцад дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно. Манай компани Улаанбаатар хотын банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээс нийт 2 209 104 735.67 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 237 850 731.91 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулах тухай саналыг нэхэмжлэгч талд тавьсан. Иймд зохигч талуудын саналыг үндэслэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

Бусад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй, “Х” ХХК, Х.Б-, Б.Б-, Э.Б-, П.Э-, Женералтек ХХК, Болд ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 237 850 731.19 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох”-оор зохицуулсан ч нэхэмжлэгчийн шаардсан 237 850 731.19 төгрөгийн задаргаа тодорхойгүй буюу чухам яаж, хэрхэн тооцоолсон нь тодорхой бус ойлгомжгүй байна. Түүнчлэн, Улаанбаатар хотын банк “Х” ХХК хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчил гаргасан тохиолдолд банкны зүгээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой. Улаанбаатар хотын банкны хувьд зээлдэгч “Х” ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдрүүдэд зээлийн төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг ба үүнээс хойш бүтэн 3 жилийн турш зээлийн хүүг явуулсны эцэст шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүйн зэрэгцээ шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Иймд нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкны гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ9101/161121 тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт буюу үндсэн зээлд 1 722 530 096.98 төгрөг, зээлийн хүүд 603 687 808.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120 737 561.12 төгрөг, нийт 2 446 955 466.34 /хоёр тэрбум дөрвөн зуун дөчин зургаан сая есөн зуун тавин таван мянга дөрвөн зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБГ9101/161121, 2018-12-31-ний өдрийн ЗБНГ9102/181231/1/ дугаартай зээлийн барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 480 477.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 12 392 727 /арван хоёр сая гурван зуун ерэн хоёр мянга долоон зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх дүгнэхдээ ЗБГ9101/161121 тоот Зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156.3-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 56.1.8-д заасан шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ” нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 156.3-т заасан шаардлагыг хангасан бөгөөд хариуцагч нар барьцаанд бүртгэгдсэн гэх үйл баримттай огт маргадаггүй, Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх санаачлагаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн зээлийн барьцааны гэрээнд хуулбарлахад техникийн алдаанаас үүдэлтэй улсын бүртгэгчийн тамга арилсан нөхцөл байдал байгаа бөгөөд бодит байдал дээр барьцаа хөрөнгүүд улсын бүртгэлд барьцаанд бүртгэгдсэн, хариуцагч болох барьцаа хөрөнгийн өмчлөгч нараас Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй бөгөөд барьцаанд бүртгэгдсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг.

Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах...” гэж заасны дагуу шаардлагатай тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас барьцаанд бүртгэгдсэн талаарх лавлагааг авах талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт, тайлбарыг шүүх харгалзан үзээгүй. Нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт байсан атал хэргийн материалд хавсаргаж өгсөн гэрээнд бүртгэгдсэн талаарх тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй гэж үзэж, байгаа нь тухайн маргааны нэг мөр шийдэхгүй бөгөөд сүүлд улсын бүртгэл дээр маргаан үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байна.

Зохигчид барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж хариу тайлбар гаргасан хэдий ч зарим барьцаалуулагч болох хөрөнгийн өмчлөгч нараас хөрөнгө барьцаалах итгэмжлэл, зөвшөөрөл Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу авагдсан байгаа талаар шүүх дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг “Зээлдэгч “Х” ХХК нь уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ЗБГ9101/161121 дугаартай Зээлийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах” гэж тодорхойлон, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх анхаарч үзэлгүйгээр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нөгөөтэйгүүр хэргийг анхан шатны шүүх хурлаар хэлэлцэхийн өмнө бусад хариуцагч нарын өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан бөгөөд тус хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр байтал анхан шатны шүүгч хүсэлтийг өөрөө шийдвэрлэн, хүсэлтийг хүлээн авалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3,168.1.4-т заасан зөрчилд хамаарна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “УХБ” ХХК нь хариуцагч “Х” ХХК, Х.Б-, Б.Б-, Э.Б-, П.Э-, “Ж” ХХК, “Б” ХХК-д тус тус холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 2 446 955 466.86 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Х” ХХК нь “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн төлөлтийг үндсэн зээлээс хасуулах, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж, бусад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр байдлын шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “УХБ” ХХК, хариуцагч “Х” ХХК нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ9101/161121 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгчээс зээлдэгчид 2 100 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг хавсралтаар баталсан хуваарийн дагуу  буцаан төлөх үүргийг харилцан хүлээжээ. /хх 10-12/

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Б” ХХК, “Ж” ХХК, Х.Б-, Э.Б-, Б.Б-, П.Э- нарын болон бусад иргэд, аж ахуйн нэгжийн 61 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалсан зээлийн барьцааны гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан /хх-13-21/, зээлийн барьцааны нэмэлт гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Х.Б-, “Б” ХХК нартай байгуулж 12 үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалсан гэрээнүүд хэрэгт баримтаар авагдсан байна. /хх-22-23/

 

            Нэхэмжлэгч нь зээлийн хөрөнгө 2 100 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч “Х” ХХК уг мөнгийг хүлээн авсан, гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон болон зээлийн үлдэгдэл төлбөртэй  талаар талууд маргаагүй.

 

Зээлдэгч “Х” ХХК гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн нь тогтоогдсон байна.

 

Зээлийн гэрээний 4.5-д гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг энэ гэрээгээр хүлээсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 9.2-т зээл төлөх хугацаа дууссан нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж харилцан тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтад нийцэх тул 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон ч нэхэмжлэгч зээлийн үлдэгдлийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.

 

            Зээлдэгч “Х” ХХК-ийн 2 удаагийн зээлийн төлөлт нь гэрээний хугацаанд байх ба дуусгавар болсноос хойш төлөлт хийгээгүй, зээлдэгчийн төлсөн нийт 1 320 777 814 төгрөгийг нэмэгдүүлсэн, хүү, зээлийн  хүү, үндсэн зээлд тооцож хасалт хийсэн нь гэрээний 5.4-т заасанд нийцсэн байна.

 

Дээрхээс дүгнэвэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 1 722 530 096.98 төгрөг, зээлийн хүүд 603 687 808.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120 737 561.12 төгрөг, нийт 2 446 955 466.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон гэрээнд заасанд нийцнэ.

 

Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь зээлийн барьцааны ЗБГ9101/161121 дугаартай гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр барьцаалуулагчийг төлөөлж “Х” ХХК-ийн захирал Х.Алтансүх, тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ууганчимэг, Гүйцэтгэх захирал А.Ууганзаяа нартай байгуулсан /хх-13-21/ байх бөгөөд мөн өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ЗБНГ9102/181231/1/ дугаартай барьцааны гэрээг нэхэмжлэгч Х.Б-, “Б” ХХК нартай байгуулж, 3.9-д барьцаалж буй 61 эд хөрөнгийг жагсаалтаар нэрлэн, гэрээний 1.4 дэх заалтаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохыг тус тус харилцан тохиролцсон, талуудын уг тохиролцоо нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн  зохицуулалтад нийцсэн байна.

    /хх 13-23/

 

            Дээрх зээлийн барьцааны гэрээнд улсын бүртгэлд бүртгэгдсэн талаарх тэмдэг, тэмдэглэгээ хийгдээгүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болох бөгөөд шүүх  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Х” ХХК-аас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2 446 955 466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Анхан шатны шүүх шүүх хуралдааныг хуульд заасан журам, дэгийн дагуу хэргийг агуулгаар нь хэлэлцэхээс өмнө шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний хүсэлтээр оролцож байгаа өмгөөлөгч нар татгалзахгүй гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Хэрэг хэлэлцэх явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаагүйтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргахаар шаардсаныг хангах үндэслэлгүй, тодруулбал, хүсэлтийг хуульд зааснаар  даруй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй тул татгалзлыг хүлээн аваагүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ