Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1093

 

 

 

 

 

 

  2022             11           15                                         2022/ДШМ/1093

 

Б.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлээр Б.Өт холбогдох 2207000000129 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн Б.Ө, ...... оны ..... дугаар сарын ....-ны өдөр .................. төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ........................ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт .......................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................./,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Утай хардалтын улмаас маргалдаж, улмаар нүүр болон цээжин тус газар цохисноос эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хугарлын завсар дотор шулуун булчин ивэрлэлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Өыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Дэлгэрэх хотхоны ....... тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 8 сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.У нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон П.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох талаар дүгнээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, шүүгдэгч Б.Өын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч Г.У нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 хоног хэвтэн эмчлүүлж, улмаар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нүдний ухархайн дотор ханын хугарлыг сэргээх хагалгаанд орж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.736.150 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04/3110 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан. Улмаар шүүгдэгч Б.Өаас хохирогч Г.Уянгын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 2.736.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор П.Ганбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Гэтэл шүүх шүүгдэгч Б.Ө нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой 2.736.150 төгрөгийг хохирогч Г.Уд төлсөн гэж дүгнэснийг хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгч П.Ганбаатарын шүүгдэгч Б.Өаас 2.736.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүх хуралдааны явцад тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, хэлэлцэхгүй орхих талаар ... шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтыг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгч Б.Өаас 2.736.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлэх талаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор эсэргүүцэлдээ 2.736.150 төгрөгийг шүүгдэгч Б.Өаас гаргуулахаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн байна. Б.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн байдаг. Уг хохирлын мөнгийг төлсний дараа прокуророос иргэний хариуцагчаар татсан. Анхан шатны шүүх “хохирлыг хохирогчид төлсөн, давхардуулан төлөх боломжгүй, иймд бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хороо, 55 дугаар байрны 01 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Утай хардалтын улмаас маргалдаж, улмаар нүүр болон цээжин тус газар цохисноос эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хугарлын завсар дотор шулуун булчин ивэрлэлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Уянгын “...Б.Ө ер нь бол их хартай. Ажил төрөл хийлгэхгүй, байнга хий харддаг юм. Тэгээд би мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан болохоор Б.Өыг архиа уугаад алга болсон хойно нь анкет бөглөөд өгсөн чинь тэнцээд 2022 оны 1 дүгээр сараас эхлээд ажилдаа орсон. Ингээд ажилд орсноос хойш бол бүр байнга хий хардаж хэрүүл хийдэг ба дэлгүүр орсон ч гэсэн дэлгүүрийн худалдагчтай хүртэл хардаж байдаг. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бол ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирсэн чинь Б.Ө ирсэн байсан ба бид 2 зүгээр дарс уугаад сууж байтал маргааш нь “монгол бичгийн хичээлтэй байсан чинь орохоо больсон шүү” гээд манай даргаас мессеж ирснийг Б.Ө уншаад намайг дахиад хий хардаад уурлаад маргалдаж эхэлсэн. Бид 2 маргалдаж байгаад 00 цагийн үед Б.Өыг яв гээд хөөгөөд гаргасан чинь хаалга тогшоод цонх руу чулуу шидээд байхаар нь би хэвтэж байгаад за яршиг, маргааш нь ажилтай юм чинь оруулчихъя гэж бодоод 03 цагийн үед том хүүгээ хаалгаа онгойлгоод өгчих гэж хэлээд гэртээ оруулсан. Би энэ үед хэвтэж байтал орж ирснээ гал тогооны өрөөнд хэсэг чимээгүй суугаад байхаар нь би нүдээ аниад хэвтэхэд зүүрмэглээд байж байтал гэнэт миний дээрээс хүн ирээд суухаар нь сэрээд дээш хартал Б.Ө байсан ба шууд баруун нүд рүү хэд хэдэн удаа гараараа нүдээд цохиод цээж рүү цохих гэхээр нь би эвхрээд хэвтэхэд бага хүү сэрээд уйлаад, том хүү дундуур орж ирээд салгасан. Дээрх гэмтлүүд Б.Ө миний дээр гарч суугаад гараараа хэд хэдэн удаа нүдэж цохих үед учирсан. ...” /хх 5-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаартай “Г.Уянгын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хугарлын завсраарх дотно шулуун булчин ивэрлэлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх 17/ гэсэн дүгнэлт,

аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 35-36/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 37-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, харьцуулан шинжлэн судлах байдлаар үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоон шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Өын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Уянгыг бусадтай хардан хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Ө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Уянгыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршигт дүгнэлт хийхэд түүнд анхан шатны шүүхээс 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирчээ.

Прокурор Д.Аянагүл “...хохирогч Г.У нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, улмаар нүдний ухархайн дотор ханын хугарлыг сэргээх хагалгаанд орж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.736.150 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан. Улмаар шүүгдэгч Б.Өаас хохирогч Г.Уянгын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 2.736.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалтын шатанд тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор П.Ганбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт шүүгдэгч Б.Өаас 2.736.150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх талаар нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хохирогч Г.У нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, улмаар нүдний ухархайн дотор ханын хугарлыг сэргээх хагалгаанд орж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.736.150 төгрөгийн зардал гарсан буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор П.Ганбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, дээрх зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Өаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргажээ /хх 95-96/.

Улмаар хэрэгт прокурорыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.  

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой 2.736.150 төгрөгийг хохирогч Г.Уд төлсөн гэж дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч П.Ганбаатарын нэхэмжилсэн 2.736.150 төгрөгийг шүүгдэгч Б.Өаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн атлаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 84-84 тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 8 сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байх тул зөвтгөн өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Өаас 2.736.150 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд нөхөн төлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, Дэлгэрэх хотхоны ...... тоот оршин суух газраа өөрчлөх үүргийг 8 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР