Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 000003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба  

            Улсын яллагч Л.Оюунтуяа   

            Шүүгдэгч Н.Ганбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Нямхүүгийн Ганбаярт холбогдох 1725002750188 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

Боржигон овгийн Нямхүүгийн Ганбаяр, Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, белазны оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. 

            .

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Ганбаяр нь 2017 оны 09 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын авто зам дээр 22-62 ОРО улсын дугаартай “Тоёота камми” маркийн автомашиныг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгал сөрж 99-12 ОРО улсын дугаартай Паз маркийн автобусыг мөргөж Б.Пүрэвдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Б.Пүрэвдоржийн  “2017 оны 09 сарын 23-ны өдөр Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах Горьдлого бааз дээр Ерөөлт, Ганбаяр бид нар 1-2 шил архи хувааж уусан. Тэгээд архи ууж явж байгаад харих гэж яваад ийм зүйл болсон. Би тухайн үед архи уугаад согтуу байсан тул болсон зүйлийг сайн санахгүй байна. Дэнж багийн Хунтын хажууд архи ууж байсан. Тэгээд тэрнээс хойш мэдэхгүй байна. Осол болох үед Ганбаяр машин барьж явсан. Би хажуу талд нь унтаад явж байсан. Өөр хүн байгаагүй. Энэ машин аав Баасанхоролын машин байсан. Ганбаяр тухайн үед аавын машины хохирол 4 800 000 төгрөг, миний эмчилгээнд 1800 000 төгрөг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

2.Иргэний нэхэмжлэгч Б.Дүүрэнжаргалын “Би автомастер ХХК-нд диспечир ажилтай, манай байгууллагын 99-12 ОРО улсын дугаартай Паз автобусыг гэр хороолол Их залуу багийн чиглэлд машин ирээд мөргөсөн байсан. Эвдэрсэн эд ангид үнэлгээ хийгдсэн. Нийт 1 640 000 төгрөгийн хохирол учирсан байсан. Манай байгууллага учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

3. Гэрч М.Сономцэрэнгийн “2017 оны 09 сарын 23-ны өдөр 20 цагийн үед автомастер ХХК-ний эзэмшлийн 99-12 ОРО улсын дугаартай Паз маркийн автобусыг жолоодон шугамандаа явж байгаад Хабитат Их залуу багийн эцсээс Согоот багийн 6-1 дүгээр байр руу явж байтал Цагаанчулуут багийн урд “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын авто зам дээр баруунаас зүүн чиглэлтэй явж байхад сөрөг урсгалаас саарал өнгийн 22-62 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний жолоодож явсан автомашины урд гуперийг мөргөсөн, миний бие зүгээр ямар нэгэн гэмтэл аваагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р хуудас/

5. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13-р хуудас/

6. Согтуурал шалгасан тэмдэглэл. /хх-ийн 16-17-р хуудас/

            7. Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 143 дугаартай дүгнэлтийн “22-62 ОРО улсын дугаартай “Тоёота Камми” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Ганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний лавлагааг үзэхэд ВСДЕ ангилалын 494838 тоот эрхийн үнэмлэх хүчинтэй байна. Ж.Ганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2 дахь заалт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Эрүүгийн 172500275 тоот хэргийн газрын схем зураг дээр 22-62 ОРО улсын дугаартай “Тоёота камми” маркийн тээврийн хэрэгслийн тормозны мөрний тухай тэмдэглэл байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна. Паз маркийн 99-12 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Сономцэрэн нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн  үндэслэл байхгүй байна. гэсэн дүгнэлт, мэдүүлэг. /хх-ийн 39-40-р хуудас/

            8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 12-ны 875 дугаартай дүгнэлийн “Б.Пүрэвдоржийн биед баруун гарын шууны ясны далд хугарал, зүүн нүдний алимны доргилт гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсгөл, шилэнцэрийн бүдэгшил, зүүн нүдний ухархайн доод ар хананы хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн дээд доод зовхинд урагдсан шарх, зүүн дээд зовхины ирмэгний сэтэрч урагдсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Шинэ гэмтэл байна. Баруун гарын шууны ясны далд хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гэмтлийн улмаас хүүхэн харааны өргөсөл, шилэнцэрийн бүдэгшил үүсч зүүн нүдний хараа 0.1 болж буурсан нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний салстад цус харвалт, зүүн дээд доод зовхинд урагдсан шарх, зүүн дээд  зовхины ирмэгний сэтэрч урагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт     /хх-ийн 46-47-р хуудас/ болон Н.Ганбаярын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганбаяр мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ганбаяр нь 2017 оны 09 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт “Жаст ойл” шатахуун түгээх станцын зүүн талын авто зам дээр 22-62 ОРО улсын дугаартай “Тоёота камми” маркийн автомашиныг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгал сөрж 99-12 ОРО улсын дугаартай Паз маркийн автобусыг мөргөж Б.Пүрэвдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Н.Ганбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч Н.Ганбаяр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Ганбаярын 494836 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

            Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Хохирогч Б.Пүрэвдорж, иргэний нэхэмжлэгч Б.Дүүрэнжаргал, Г.Баасанхорол нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Нямхүүгийн Ганбаярыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Ганбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар  хасч, 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Ганбаярт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 1725002750188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Н.Ганбаярын 494836 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохын тус тус дурьдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Ганбаярт оногдуулсан 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС