Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2024/0020/З |
Дугаар | 118/ШШ2024/0026 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 118/ШШ2024/0026
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус Завхан аймаг дахь ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* би, Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.******* нь бүртгэлийн БОХ-7 дугаартай "... Б.******* нь тарвага агнасан" гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Б.*******д 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2-т "Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж хуульчилсан. Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд холбогдогчийг Б.******* мөн эсэхийг нотолж, тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл холбогдогчийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, гадаад паспорт түүний хуулбарууд зэрэг нотлох баримт авагдаагүй нь эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй атлаа зөрчлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна гэж үзэхээр байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна", мөн хуулийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно, ... 2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр..." гэж зохицуулсан атал эрх бүхий албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.******* нь Дээрх зөрчлийн хэрэгт байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зөрчлийг гаргасан байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... эсхүл амьтныг агнах Хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж хуульчилсан атал хуулийг буруу хэрэглэж, зөрчилд холбогдогч Б.*******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох" гэснийг зөрчиж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.*******ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Б. *******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... би иргэн Б.******* тарвагаа агнасан гэх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж зөрчил холбогдогч Б.*******д 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн юм. Уг зөрчлийн хэрэг бүртгэлийн материалыг хянасан прокурор миний гаргасан алдаа дутагдлыг хянан шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлтийг танай байгууллагад хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн зөвшөөрч байна. Цаашид дээрх алдааг дахин гаргахгүй ажиллах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Б.******* “ ...тарвага агнасан..." гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар иргэн Б.*******г 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.*******ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргасан.
Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцож гаргуулахгүйгээр шийтгэл оногдуулсан ” гэж тодорхойлсон байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд мөн зүйлийн 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох“ гэж тус тус заасан.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзвэл нөхөн төлбөрийг зөрчилд холбогдогчоос гаргуулахаар байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР