Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1585

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-, “Э” ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01725 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.О-, “Э” ХХК нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК нь “ГБ” ХХК-аас зээл авч, зээлийн үүрэгт өөрийн өмч Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулсан. Уг зээл нь богино хугацаатай, хүүгийн нөхцөл их зэргээс шалтгаалан төлж чадаагүй хугацаа хэтэрч, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар дугаар 26-ны өдрийн 0248 тоот захирамжаар “Э” ХХК болон Б.О- нараас 137 305 205 төгрөг гаргуулж “ГБ” ХХК-д олгохоор болсон. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Баянзүрх дүүргийн 166 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Өлзийбаяр нь барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилоход тус хөрөнгийг 240 350 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Уг хөрөнгийг банкинд барьцаалах үед 218.5 м.кв талбайтай байсан боловч хожим зээл авч, хөрөнгө оруулалт хийсээр 145.92 м.кв талбайтай өргөтгөл барьсан бөгөөд цэвэр, бохир ус, дулаан, цахилгаанд холбосон. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд 218.5 м.кв талбайтайгаар 240 350 000 төгрөгөөр үнэлсэн байна. Зүй нь, тухайн хөрөнгүүдийг хамт үнэлсэн бол үнэлгээ өндөр болно. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ 345.92 м.кв талбайтай газрыг хамт үнэлээгүй орхисон байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар аливаа хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 2-3 аргыг хэрэглэхээр заасан ба Үнэлгээний олон улсын стандартын 105.10 зүйлийн 4 дэх хэсэгт үнэлгээчин өөр өөр үнэ цэнийг дундажлахгүйгээр харин шинжлэн тодруулах замаар тайланд тусгана гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нийт үнийг дундажлан гаргаснаар сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаагаас гадна өртгийн аргаар үнэлгээ хийсэн тооцооллыг хавсралтаар үзүүлэв гэсэн боловч уг аргаар хийсэн тооцоолол байхгүй байна. Төвийн шугамд холбогдсон байршил сайтай газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт үнэлээгүй, 145.92 м.кв талбайтай өргөтгөлийг үнэгүйдүүлсэн байна. Бодит байдал дээр 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 145.92 м.кв талбайгаар нэмэгдсэн байхад 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ гаргасан учраас гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02484 тоот захирамжаар “Э” ХХК, Б.О- нараас 138 219 881 төгрөгийг гаргуулж “ГБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 2204017281 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоотод байрлах 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076542 дугаарт бүртгэлтэй 218.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19261821/01 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19261821/04 тоот тогтоолоор барьцаалан хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож, үнийг тогтоогоогүй тул шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний “С” ХХК нь зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 240 350 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний тайланг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шинжээчээс хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Талуудад дуудлага худалдаанд үнэлүүлсэн үнэлгээний 70 хувиас эхлэн дуудагдахыг сануулж, эрх, үүргийг тайлбарласан. Одоо шинжээчийн тогтоосон үнэ болох 240 350 000 төгрөгийн 70 хувь 168 245 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Төлбөр төлөгч “Э” ХХК, Б.О- нараас төлбөр гаргуулахаар барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахтай холбоотой ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21 тоот тогтоолын дагуу “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр миний бие Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв талбайтай газарт үнэлгээ тогтоосон.

Нэхэмжлэгчийн хэлснээр 2019 оны байдлаар үнэлгээний олон улсын стандарт 2017 үйлчилж байсныг дагаж мөрдсөн. Тогтоолын дагуу 218.5 м.кв талбайтай хувийн сууцны үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв өмчлөлийн газрын хамт үнэлсэн ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн жишиг хандлага, өртгийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж үнэлгээ хийсэн. Зах зээлийн жишиг хандлагын арга нь дотроо нийтэд арилжаалах, харьцуулан жиших гэсэн аргад хуваагддаг бөгөөд хэргийн материалын 40-41 дэх талд өртгийн хандлагын аргаар 295 117 544 төгрөгөөр үнэлсэн. Харин зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэхдээ газар болон газрын өртөг шингэсэн ба үнэлгээ хийж байгаа хөрөнгөтэй хамгийн ойр үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан хэргийн 33, 34 дугаар талд дүгнэлтэд тодорхой дурдсан. Үнэлгээний олон улсын стандартын 105 дахь заалтын 30.6-д заасныг харгалзан үзэж, итгэлцүүрийн дүн дээр 1 м.кв нь газрын өртөг шингэсэн байдлаар 1 100 000 төгрөг, нийт 245 350 000 төгрөгийн үнэлгээ гарсан гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК болон Б.О- нарын гаргасан хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах Ү-2204076542 тоот улсын бүртгэлийн дугаартай 218.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байршилтай Г-2204017281 тоот улсын бүртгэлийн дугаартай 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үнэлгээний тайлангийн 3 дугаар талд үнэлж буй хөрөнгийн Ерөнхий мэдээлэл гэсэн хэсэгт 218 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 145 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 350 м.кв талбай бүхий өмчлөгдсөн газрын хамт гэжээнэлэгдэж байгаа хөрөнгөнд өргөтгөл багтсан гэжээ. Үнэлгээний тайлангийн 19 дүгээр талд үнэлгээний товчоо хэсгийн 1-д үнэлэгдсэн хөрөнгийн талбайг 218 м.кв-аар тооцож дүнг 240 350 000 төгрөгөөр тогтоосон байна. Энэ дүнг үнэлж буй хөрөнгийн дүн гэжээ. Гэтэл үнэлж буй хөрөнгийн танилцуулгад дурдсан 145.92 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлээгүй орхиж үнэгүйдүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээ тогтоохдоо үнэлгээний олон улсын стандартыг мөрдөнө. Үнэлгээ тогтоосон дүгнэлтэд 350 м.кв өмчлөгдсөн газар орсон гэх боловч тухайн газрыг үнэлж цэгнэсэн ямар ч тооцоо ажилбар байхгүй байна. Уг газар нь Энхтайвны өргөн чөлөөнд зам дагуу байршилтай инженерийн шугам холбогдсон газар байхад энэ үнэ цэнийг үнэлэлгүй орхиж төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж орхисон нь тодорхой байна. Бодит байдалд 218 м.кв +145 м.кв үл хөдлөх эд хөрөнгө +350 м.кв өмчлөгдсөн газар уг эд хөрөнгө бүх дэд бүтцээр холбогдсон байхад зөвхөн 218 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 240 350 000 төгрөгөөр үнэлж бусдыг үнэлээгүй орхисон нь тодорхой байна. Шүүх энэ байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй. Үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох асуудал нь эрх бүхий этгээдийн тусгай мэдлэг шаардагдсан ажиллагаа байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шинжээч томилно” гэж заасан. Нэхэмжлэгч тал үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий 3-аас доошгүй мэргэжлийн компанийн шинжээч нарыг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ зөв эсэх , уг хөрөнгө зах зээлийн ханшаар ямар үнэ цэнэтэй болохыг тогтоолгохоор шүүхэд 2 удаа бичгээр хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй гэтэл шүүх үнэлгээний акт ийнхүү эргэлзээтэй байхад нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарлаж нэхэмжлэлийг зөвхөн барьцаа хөрөнгийн хүрээнд дүгнэн хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий болоогүй хууль ёсны болоогүй гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд хэргийг давж заалдах шатны шүүх хурлаар хянаж шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.О-, “Э” ХХК нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02484 дугаар шийдвэрээр Б.О-, “Э” ХХК нараас “ГБ” ХХК-д 137 305 205.48 төгрөг төлүүлэхээр, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

            Дээрх шийдвэрийг Б.О-, “Э” ХХК нар сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2019/11017 тоот захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр зааж, 101/ГХ2019/00883 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн байна.

 

            Зохигчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгсөн, хөрөнгийн лавлагааг бусад этгээдээс авсан, эд хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан ажиллагааны талаар маргаагүй.

 

            Барьцааны хөрөнгө буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжилж хураасан Б.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204076542 дугаарт бүртгэлтэй 218.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204017281 дугаарт бүртгэлтэй 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг төлбөр төлөгч нараас 601 293 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал гаргасныг /хх-77-79/ төлбөр авагч “ГБ” ХХК зөвшөөрөөгүй, шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргажээ. /хх-81/

 

            Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн боловч үнэлгээчний үнэлгээ үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

 

            Төлбөр төлөгч нар нь барьцааны эд хөрөнгөд шүүхийн шийдвэр гарснаас хойш 145.92 м.кв талбайтай өргөтгөл хийсэн, уг өргөтгөл нь барьцаалсан 218.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс болон газраас салгах боломжгүй талаар үнэлгээний санал гаргахдаа тодорхой тайлбарласан боловч үнэлгээчийн уг өргөтгөлийг үнэлгээнд оруулаагүй болох нь үнэлгээний тайлан, үнэлгээчний шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

            Өргөтгөл нь төлбөр төлөгчийн барьцааны хөрөнгө болох 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд уг хөрөнгийг барьцаалснаас хойш нэмж баригдсанаас гадна 350 м.кв талбайтай газраас салгаж үл болох хөрөнгө байна. Шүүх өргөтгөлийг Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь хэсэгт заасан эд юмсын бүрдэл хэсэг болох талаар эрх зүйн дүгнэлт хийсэн атлаа үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалагдаагүй хөрөнгө тул үнэлгээнд оруулаагүй нь буруу биш гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.

 

Учир нь зээлийн хөрөнгөөр сүүлд нэмж баригдсан байхад төлбөр төлөгчийг өргөтгөлөө барьцаалалгүй салгаж үлдээсэн гэж үзэхгүй бөгөөд барьцаалсан хөрөнгийг өргөтгөж үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь 145.92 м.кв-аар нэмэгдэн барьцаалсан газраас салгаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө шинээр бий болсон байхад хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдээгүй гэж үзэх боломжгүй, өргөтгөлийг үнэлэлгүй үлдээсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцэхгүй  талаарх нэхэмжлэл болон давж заалдах гомдол үндэслэлтэй болно.

 

Шүүхийн шинжилгээний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгах үүрэгтэй байхад эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдсон шинжээч нь шинээр нэмж баригдсан өргөтгөлийг оруулалгүй үнэлгээ гаргасан нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204076542 дугаарт бүртгэлтэй 218,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204017281 дугаарт бүртгэлтэй 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 240 350 000 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК болон Б.О- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204076542 дугаарт бүртгэлтэй 218,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204017281 дугаарт бүртгэлтэй 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 240 350 000 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ