Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/1117

 

 

 

 

Г.О, Г.Б, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Г.О,

шүүгдэгч Г.Б,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүгдэгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.О, Г.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2202000000228 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .......овгийн Г.О, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр ....................... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл Урлагийн Их Сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. ........ овгийн Г.Б, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ........................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............................ ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ..................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/;

3. ............... овгийн Б.Н, ................. оны .... дүгээр сарын .......-ны өдөр ........................ төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эцгийн хамт .............................. тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Шүүгдэгч Г.Б нь Г.Отай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 137 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 31,2 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 23 дугаар байрны гадна Б.Нт өгсөн,

мөн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 55 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-нээс 10-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн дэнжийн 24 дүгээр гудамжны 121 тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.О нь Г.Бтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 137 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

уг “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 50,8 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-нээс 10-ны өдөр хүртэлх хугацаанд  Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрны ... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Буянт-Ухаа 23 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 31,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Баас олж авсан,

улмаар 31,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” гэх нэртэй газар цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Б, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Оыг 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О, Г.Б, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Б.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14.857.000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Г.Б, Г.О тус бүрээс 7.428.500 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх шүүгдэгч Б.Нын биед үзлэг хийж хураан авсан гэх “1” дугаартай уутны хамт 66,8 грамм жинтэй, цэвэр жин 64,3 грамм өвс ургамал, “2” дугаартай 0,5 литрийн хажуу хэсэгт нь хоёр цоолсон хуванцар сав, шүүгдэгч Г.Бынд хийсэн нэгжлэгээр хураан авсан гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 40,2 грамм, цэвэр жин нь 31,5 грамм, шүүгдэгч Г.Оын гэрээс хураан авсан гэх “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал гялгар ууттай жин нь 45,8 грамм, цэвэр жин нь 28,6 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал, гялгар ууттай жин нь 23,5 грамм, цэвэр жин нь 20,2 грамм, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал, гялгар ууттай жин нь 33,7 грамм, цэвэр жин нь 15,7 грамм, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал, гялгар ууттай жин нь 2,5 грамм, цэвэр жин нь 2,0 грамм, цагаан өнгийн аяга, мөнгөлөг цаас, “5” гэсэн дугаартай хуванцар сав, мөнгөлөг цаас зэргийг зохих журмын дагуу устгахыг, АL4376541, АО4451236 серийн дугаартай 10 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Оад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Г.Б, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх шүүгдэгч Г.Оыг шүүгчийн захирамжаар гэм буруутайд тооцож 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж заасантай нийцээгүй байна.

2. Шүүгдэгч Г.О нь бусадтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг л хэргийг нэг удаагийн үйлдлээр хангаж үйлдсэн. Гэтэл шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хангаж үйлдсэн мэтээр дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болж чадаагүй.

3. Шүүх ийнхүү Г.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг хэргийг олон удаа үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн хэрэгт тооцож буруу дүгнэснээр ял шийтгэлийг бусдаас ялгамжтайгаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноох үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл, ялгамжтайгаар тогтоох асуудлыг үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзэж байна.

4. Г.О нь дөнгөж 20 нас хүрч байгаа хүмүүжил, ухаан төлөвшөөгүй, энэ хэргийн мөн чанар, хор уршиг, үр дагаврыг бүрэн ухамсарлаж ойлгох чадвар суугаагүй өсвөр насны хүүхэд юм. Хуульд зааснаар хөнгөн ангилалд хамаарах хэргийг анх удаа үйлдсэн боловч үйлдсэн хэргээ анхнаас нь шударгаар хүлээж, бэлтгэж хадгалсан өвсөө хаа байгааг нь зааж өгч, хэргээ илчлэхэд идэвхтэй байдлаар оролцож, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэмт үйлдэл, хэргийн зүйлчлэл, гэм буруудаа огт маргаагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ял хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг тогтооно” гэж, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн болон үндэсний аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно” гэж тус тус заасан. Гэтэл дээрх хүүхдүүд нь анх удаа энэ төрлийн хэрэг үйлдсэн, энэ хэргээс болж нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхолд ямар нэг бодит хохирол, хор уршиг учраагүй, Г.О нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж яваагүй, Соёл урлагийн их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан хүн юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь 1-5 жил зорчих эрх хязгаарлах ял, 1-5 жил хорих ял эдлүүлэх заалттай. Анх удаа, хөнгөн, хохирол, хор уршиггүй байдлуудыг харгалзан үзэж Г.Оад зорчих эрх хязгаарлах ялыг шүүх сонгон хэрэглэх бүрэн боломжтой. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд ийм байр суурьтай оролцсон.

5. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, “Дарь финанс ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 21-91 УБЕ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн тогтоосон үнэ 14.877.500 төгрөгийг нэр бүхий 3 шүүгдэгчээс хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хуулийн дээрх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг нөхөн төлүүлэх зохицуулалт юм. Шүүгдэгч нарын өвс түүхдээ унаж явсан тээврийн хэрэгсэл нь хуулийн энэ заалтад хамаарахгүй тул уг тээврийн хэрэгслийн үнийг хувааж улсын орлогод төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны болоогүй.

6. Шүүгдэгч Г.Оад холбогдох хэрэгт дээрх нөхцөл байдлууд байгаагаас гадна ээж, 12-15 насны хоёр дүүтэйгээ амьдардаг, ээж нь ТҮЦ-д ажиллаж байгаад одоо ажиллахаа больж, тодорхой цалин орлогогүй болсон. Ар гэрийн амьдрал хүнд байдалтай байгаа нь шүүгдэгчийн хувийн байдалд хамаарна гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Оад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөн тогтоож, давж заалдах гомдолд дурдсан бусад үндэслэлийг хянан зөвтгөж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагаанд “өвс” гэх бодисыг илрүүлэхэд идэвхтэй оролцож байгаа газрыг нь зааж өгсөн. Миний эцэг, эх, дүү нар Өвөрхангай аймагт амьдардаг ба би эцэг, эх, дүү нараа асарч халамжлан амьжиргааг нь авч явдаг. Хэрэгт холбогдохоосоо өмнө би “Миний сүлжээ” дэлгүүрт хяналтын ажилтнаар ажиллаж байсан. Би ажлын газрын хамт олон, зөв үйл явдалтай найз нөхөдтэй байсан ба энэ орчноосоо халтирч муухай хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цаашид ямар ч хэрэгт орохгүй өөрийгөө сахин хамгаалж, хянаж, ажил хөдөлмөрөө хийж, хүн шиг амьдарч чадна гэдгээ батлан тангараглаж байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн буруутай үйлдлээс болж хэрэгт татагдсан. Аав, ээж хоёр маань салаад удаагүй, ээж, хоёр дүүгийн хамт айлын хашаанд амьдарч байгаа бөгөөд дүү нар минь харгалзах хүнгүй тул ээж ажлаасаа гарч, тодорхой орлогогүй амьдарч байгаад санаа минь маш их зовж байна. Миний бие Соёл урлагийн их сургуульд 3 дугаар дамжаанд суралцдаг бөгөөд одоогоор чөлөө авсан байгаа. Миний бие хоригдож байх хугацаандаа их зүйлийг бодож, тунгаан ажиллах насан дээрээ ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Мөн дахин ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Миний бие хоёр дүүдээ буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй, зөв замаар амьдрах үлгэр жишээч ах нь баймаар байна. Гэм буруугаа зөвшөөрч байна. Иймд ... миний эрх зүйн байдлыг дээшлүүлж, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эцгийн маань биеийн байдал маш муу байгаа. Нүднийх нь даралт ихэсдэг өвчтэй. Хоёр 7 хоногийн өмнө хагалгаанд орсон. Одоогийн байдлаар эгч маань аавыг асарч байгаа. Би аавынхаа хажууд байж эм тариаг нь дөхүүлж өгөх хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдож, шалгагдах үеэсээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн. Б.Н мөрдөгч, прокурорын дуудсан цагт байнга ирдэг байсан, гэм буруу дээрээ маргаагүй, прокурорын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 4 шинжтэй. Тодруулбал, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэсэн 4 шинжтэй. Миний үйлчлүүлэгч мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан гэсэн 2 шинжээр гэм буруутайд тооцуулсан. Б.Нын эцэг, эх нь салсан бөгөөд эцэг, эх нь хоёул хөдөлмөрийн чадвараа 50-60 хувь алдсан ба одоо эцэгтэйгээ амьдардаг. Б.Н ажил хийж эцгээ тэжээдэг. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Иймд эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн зарчимд нийцүүлэн миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулж залуу хүн гэнэн томоогүй зангаасаа болж алдсаныг нэг удаа уучилж өгнө үү” гэв.

Прокурор Г.Билгүүжин шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг сонслоо. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгын хүрээнд шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан тэдэнд хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Шүүгдэгч нар энэ төрлийн бодисыг бусад хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг, хэрхэн хэрэглэх талаар зааж өгдөг нь тогтоогдсон. Прокурорын зүгээс шүүгдэгч Б.Нын үйлдлийг тухайн бодисыг олж авсан, хадгалсан гэсэн 2 шинжээр, шүүгдэгч Г.Бын үйлдлийг түүж бэлтгэсэн, хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэсэн 3 шинжээр, Г.Оын үйлдлийг хадгалсан, түүж бэлтгэсэн гэсэн 2 шинжээр тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх мөн ийм байдлаар дүгнэсэн. Шүүгдэгч Г.Б нь “явж түүе, бэлтгэе, төрсөн өдөр болох гээд байна” гэх мэтээр бусдыг уриалдаг бөгөөд өвсийг сүүнд буцалгаж А, М нарт өгсөн нь түүний хувийн байдлыг харуулж байна. Шүүгдэгч Г.Оын хувьд дөнгөж танилцсан хүмүүстээ тухайн бодисыг хэрэглэхийг уриалдаг нь энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг тодорхой харуулж байна. Автомашины тухайд, “Дарь финанс ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй “Тоёота Приус 20” маркийн автомашиныг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг автомашиныг Төв аймаг руу явж өвс түүж бэлтгэхдээ ашигласан  гэж үзсэн учир шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б нь Г.Отай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 137 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 31,2 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 23 дугаар байрны гадна Б.Нт өгсөн,

мөн “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 55 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-нээс 10-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгийн дэнжийн 24 дүгээр гудамжны 121 тоот хашаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

шүүгдэгч Г.О нь Г.Бтай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 137 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

уг “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 50,8 грамм цэвэр жинтэй бодисыг 2022 оны 6 дугаар сарын 01-нээс 10-ны өдөр хүртэлх хугацаанд  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64б байрны 101 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 23 дугаар байрны гадна Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай 31,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Г.Баас олж авсан,

улмаар 31,2 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 6 дугаар сарын 06-наас 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” гэх нэртэй газар цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Г.Оын амьдарч байгаа байр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байр, ...давхарт ... тоот 2 өрөө орон сууцны ...унтлагын өрөөний цагаан өнгийн шүүгээнд байгаа гэв. Уг өвсийг би 2022 оны 6 дугаар сарын 01-02-ны хооронд Төв аймгийн Борнуур сумаас түүсэн гэв. Уг шүүгээнээс хар өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйлийг гарган цахилгаан жин дээр жинлэхэд 45,8 грамм байсныг 1 дугаар тавьж, өнгөгүй гялгар ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйлийг цахилгаан жин дээр жинлэхэд 23,4 грамм өвс байсныг 2 дугаар тавьж, Хүннү супермаркет гэсэн бичигтэй цагаан өнгийн гялгар ууттай, ёроол хэсэгтээ ногоон өнгийн өвс мэт зүйлийг цахилгаан жин дээр жинлэхэд 33,8 грамм байсныг 3 дугаар тавьж, цагаан өнгийн шүүгээний залгаа шүүгээнээс цагаан өнгийн аягатай, түүний дотор тугалган цаас, ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг цахилгаан жин дээр жинлэхэд 2,5 грамм байсныг 4 дугаар тавьж хураан авав. Г.О тагтан дээр өвсийг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр байгаа гэж хэлэн 0,5 хэмжээтэй доод хэсэгтээ цоолж, тугалган цаасанд 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн байсныг 5 дугаар тавьж хураан авав. ...” /1хх 3-9/,

мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон байранд нэгжлэг хийсэн “...Г.Бын амьдарч байгаа байр болох Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Сонсголонгийн Дэнжийн .... тоотод нэгжлэг хийхэд манай байранд байхгүй, харин хажуу талын эзэнгүй хашааны модны завсарт өвс нуусан гээд өвс байгаа газраа зааж өгч 121 дугаартай хашааны модон доор хийсэн цагаан ууттай, ногоон өнгийн өвс мэт зүйл гаргаж ирснийг цахилгаан жин дээр жинлэхэд 67,5 грамм байсныг 1 дугаар тавьж, хураан авав. ...” /1хх 10-14/,

мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн “...Б.Нын гаргаж өгсөн гялгар ууттай өвсийг 1 дугаар тавьж жинлэхэд уутны хамт 39,9 грамм жинтэй байлаа. 0,5 литрийн цэвэр усны сав хажуу хэсэгтээ хоёр цоолж 10 төгрөгийн дэвсгэрт хуйлж шургуулсан байсныг 2 дугаар тавьж хураан авав. ...” /1хх 15-17/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Б.Н, Г.О, Г.Б нарын шээсэнд ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх хариу гарч байгаа. ...” /1хх 18-23/ гэсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

гэрч Д.М-йн “...Баяржаргал, Оюунбат нартай 2022 оны 6 дугаар сарын 01-ний орой танилцсан. Баяржаргал гэх банди нь машинтай ирээд хотоос 61-ийн гарам гараад явсан. Хаашаа явж байгаа талаар асуухад хотоос ойрхон гэж Оюунбат хэлсэн. Ингээд шөнө байсан тул унтаж сэрээд явж байхад хаана гэдгийг нь мэдэхгүй, хөдөөгийн сумын төв бололтой нэг газар ирээд түүнийг хэтрээд тариалангийн талбайн хажууд зогсож 2 банди буугаад явсан. Машинаас буусан 2 банди тариалангийн талбай руу ороод утасныхаа гэрлийг тусгаж юм хайгаад байгаа бололтой нилээд удсан. Орж ирэхдээ тус тусдаа уутанд өвс хийсэн байсан. Тэндээс хөдлөөд уулын энгэрт очоод газан плиткан дээр түүсэн өвсөө сүүтэй хольж буцалгаад уусан. Оюунбат, Баяржаргал нар түүсэн өвсөө суудлынхаа доогуур хийгээд Улаанбаатар хот руу ирсэн. 6 дугаар сарын дунд үеэр Оюунбат гэх залуу нь “Чи цагдаад бариад өгчихлөө” гээд утсаар залгаж хараагаад байсан. ...” /1хх 53-54/,

шүүгдэгч Г.Оын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа. 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр найз Баяржаргал, Анужин, Марал гэх хоёр охинтой хамтдаа Төв аймгийн Борнуур сум руу явж зам дагуу ургасан каннабис өвсийг Баяржаргалтай хамт түүж бэлтгээд хотод ирээд өөрийн амьдардаг байрандаа хадгалж байгаад баригдсан. Марал, Анужин хоёр хамт түүгээгүй, машинд сууж байсан. Үүнээс өөр зүйл болоогүй, өөрийн түүсэн өвс ургамлыг ямар нэгэн хүнтэй хамт хэрэглээгүй, ганцаараа хэрэглэж байсан, хэн нэгэн хүнд өгөөгүй. Би 2 жилийн өмнө өвс гэх бодисыг хэрэглэж үзсэн. ...” /1хх 103/,

шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр найз Оюунбат залгаад “6 дугаар сарын 05-нд Анужингийн төрсөн өдөр болно, тэрнээс өмнө найзад нь юм буюу өвс хэрэгтэй байна, чи найздаа олоод өгөөч” гэж гуйхаар нь “өөртөө байхгүй, явж л түүхгүй юм бол” гэж ярилцаад түүхээр болсон. Гэрээс очиж аавын машиныг аваад шөнө 01 цагийн үед уулзаад ... Борнуур сумаас жаахан зайтай газар очиход өвс ургасан байхаар нь Оюунбат бид хоёр нэг нэг уут бариад түүгээд буцаад хотод ирээд салсан. Найз Наранбаатар гялгар ууттай өвсийг хамт хэрэглэснийхээ дараа “надад жаахан өвс өгчих” гээд гуйгаад байхаар нь түүсэн өвснөөсөө өгсөн. Би өөрийнхөө арын хашааны буланд түүж авч ирсэн өвсөө нууж байгаад цагдаа нар нэгжлэг хийх үеэр гаргаж хураалгасан. ...” / хх 111/,

шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 06-ны орой гэрийн ойролцоо амьдардаг найз Баяржаргалтай хамт өвс гэх бодисыг бонго болон тамхины цаасанд ороож хэрэглэж үзсэн. Тухайн үед надад гоё санагдаж бичлэг үзэхэд бодит мэт санагдсан. Маргааш нь ажил руугаа буцахаас өмнө Баяржаргалаас өвс авахаар болж гялгар уутанд хийж боосон ургамлыг авч явсан. Очоод жижиг усны саванд 10 төгрөг хуйлж хийгээд татаж хэрэглэж үзсэн, чадахгүй болохоор нь цаасанд ороож татаж хэрэглээд үлдсэн өвсийг өөрийн хувцас хийж явдаг хар өнгийн цүнхэндээ хийчихсэн байсан. Ажил дээрээ байхад цагдаагаас хүмүүс ирж “Баяржаргалаас авсан өвс чинь хаана байна” гэхээр нь “цүнхэнд байгаа” талаар хэлж хураалгасан. ...” /1хх 121/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3162 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Оюунбат 2022.06.10” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад хамаарна. ...” /1хх 57-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3161 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Наранбаатар 2022.06.10” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад хамаарна. ...” /1хх 63-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3154 дүгээр “...Б.Наас хурааж авсан гэж ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “2” гэсэн хаягтай хуванцар сав, АL4376541 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. ...” /1хх 69-70/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3155 дугаар “...Г.Баас хураан авсан гэж ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 75-76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3153 дугаар “...Г.Оын гэрээс хураан авч ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай мөнгөлөг цаас зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 82-84/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3744 дүгээр “...“Нэгжлэг Баяржаргал” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 60,0 гр, цэвэр жин нь 55,0 гр байна. Б.Наас хураан авсан гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 41,1 гр, цэвэр жин 31.2 гр байна. Хуванцар сав, хуйлсан АL4376541 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэрэгт ургамал мэт зүйлийн үлдэгдэл байхгүй байсан тул жинг тогтоох боломжгүй. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 3154, 3155 дугаартай дүгнэлтээр “Нэгжлэг Баяржаргал” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Наранбаатараас хураан авсан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн тул нэг төрлийн ургамал гэж үзэх үндэслэл болж байна. ...” /1хх 226-227/ дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Оыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Ныг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Бын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг, шүүгдэгч Г.Оын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг, шүүгдэгч Б.Нын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Б “...үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ...мөрдөн шалгах ажиллагаанд “өвс” гэх бодисыг илрүүлэхэд идэвхтэй оролцож байгаа газрыг нь зааж өгсөн, ... эцэг, эх, дүү нараа асарч халамжлан амьжиргааг нь авч явдаг. Би ажлын газрын хамт олон, зөв үйл явдалтай найз нөхөдтэй байсан ба энэ орчноосоо халтирч муухай хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Г.О “...өөрийн буруутай үйлдлээс болж хэрэгт татагдсандаа харамсаж байна, ... эцэг, эх хоёр маань салаад удаагүй, ээж, хоёр дүүгийн хамт айлын хашаанд амьдарч байгаа бөгөөд дүү нар минь харгалзах хүнгүй тул ээж ажлаасаа гарсан, ...би Соёл урлагийн их сургуульд 3 дугаар дамжаанд суралцдаг. Гэм буруугаа зөвшөөрч байх тул миний эрх зүйн байдлыг дээшлүүлж, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “...Г.О нь бусадтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг л хэргийг нэг удаагийн үйлдлээр хангаж үйлдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хангаж үйлдсэн мэтээр дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болж чадаагүй, ... нэг хэргийг олон удаа үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн хэрэгт тооцож үндэслэлгүй, буруу дүгнэснээр ял шийтгэлийг бусдаас ялгамжтайгаар буюу 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноох үндэслэл болсон, ...Г.О нь дөнгөж 20 нас хүрч байгаа хүмүүжил, ухаан төлөвшөөгүй, энэ хэргийн мөн чанар, хор уршиг, үр дагаврыг бүрэн ухамсарлаж ойлгох чадвар суугаагүй өсвөр насны хүүхэд бөгөөд гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах хэргийг анх удаа үйлдсэн, хэргээ анхнаас нь шударгаар хүлээж, бэлтгэж, хадгалсан өвсөө зааж өгч хэргээ илчлэхэд идэвхтэй оролцож, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруудаа огт маргаагүй, ... анх удаа, хөнгөн, хохирол, хор уршиггүй байдлуудыг харгалзан үзэж Г.Оад зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү, ... шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шүүгдэгч нараас хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...Г.О нь 12-15 насны хоёр дүүтэйгээ амьдардаг, ээж нь тодорхой цалин орлогогүй, ар гэрийн амьдрал хүнд байгаа нь шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах тул ...Г.Оад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөн тогтоож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус гэмт хэргийг үйлдсэн онцлог шинж, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хууль зөрчсөн байдал, гэм буруутай зан үйл зэргийг харгалзан үзэх учиртай.

Энэ гэмт хэргийн хувьд шүүгдэгч Г.О нь “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч Г.Б нь түүж бэлтгэсэн, хадгалсан, мөн бусдад өгсөн, шүүгдэгч Б.Н нь уг бодисыг олж авсан, хадгалсан зэрэг байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангаж байгааг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял шийтгэснийг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин, шүүгдэгч Г.Б, Г.О, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн зүгээс өөрсдийн үйлдэлдээ гэмшиж буй хандлагаас гадна урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Быг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Оыг 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ныг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон тус тус хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б, Г.О, Б.Н нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангаж байгааг харгалзан дээрх зүйл, хэсгийг журамласныг хууль хэрэглээний хувьд буруу гэж үзсэнгүй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж,

мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг нэг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж,

мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл болон 3.7 дугаар зүйлийн аль аль нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх шинжийг тодорхойлсон байх боловч 3.1 дүгээр зүйл нь бүлэглэсэн буюу хамтран оролцсон оролцогчийн оролцоог нарийвчлан тодорхойлсон бол 3.7 дугаар зүйл нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь үйлдлээрээ бие биеийнхээ хууль бус үйлдлийг дэмжиж оролцсон байдлаар нь ялган зааглах байдлаар хууль тогтоогч хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Б, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус давхардуулан журамлах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Г.О нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис буюу өвс түүхээр урьдчилан ярьж тохиролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд нийцнэ.

Яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримтад, шүүгдэгч Г.Б, Г.О нарыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгслийн үнийг хуваан шүүгдэгч тус бүрээс гаргуулах талаар ямар нэг дүгнэлт хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 14.857.000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Г.Б, Г.О тус бүрээс 7.428.500 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын үүнтэй холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд, шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлын “... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү ...” гэсэн хэсгийг, шүүгдэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдлын ... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1203 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Б, Г.О, Б.Н нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/1203 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Оыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлын “... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү ...” гэсэн хэсгийг, шүүгдэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдлын ... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэсэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.О, Б.Н нарын тус бүр цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР