| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0005/э/ |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.Г, А.Ц /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх Раднаа овгийн Бат-Өлзийгийн Ганхөлөг, Бооёо овгийн Аюурын Цэнд-Очир нарт холбогдох 1728001300115, 1728001300115А дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.Цэнд-Очир нь Б.Ганхөлөгтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан-Уулын 8-14 тоотод орших Н.Хишигтийн гэрт байхдаа нууцаар, хууль бусаар Б.Оюунбилэгийн эзэмшлийн iphone-6 гар утсыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Ганхөлөг нь А.Цэнд-Очиртой бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан-Уулын 8-14 тоотод орших Н.Хишигтийн гэрт байхдаа нууцаар, хууль бусаар Б.Оюунбилэгийн эзэмшлийн iphone-6 гар утсыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Цэнд-Очир Б.Ганхөлөг нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Хан-Уулын 8-14 тоотод орших Н.Хишигтийн гэрт байхдаа нууцаар, хууль бусаар Б.Оюунбилэгийн эзэмшлийн iphone-6 гар утсыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ.
Шүүгдэгч Б.Ганхөлөг шүүгдэгч А.Цэнд-Очиртой гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.Цэнд-Очир, Б.Ганхөлөг нар нь бүлэглэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Б.Оюунбилэгийн... “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Баяндалай сум руу яваад 13-ны өдрийн 16 цагийн үед аймгийн төвд гэртээ ирэхэд Хөлөг гэдэг залуу ганцаараа унтаж байсан. Төд удаагүй манай нөхөр Хишигт гаднаас ороод ирсэн. Нөгөө залуу сэрээд босоод гэрээс гараад явсан. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлээд манай нөхөр Хишигт миний гар утас алга болсон байна гэж хэлээд байсан. Тэгхээр нь би туүний согтуу явж байгаад гар утсаа гээсэн юм байгаа биз гэж бодоод өнгөрсөн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүүхдийнхээ Iphone-6 маркийн гар утсыг тахилын шургуулганд хийсэн байсан тэр утас нь байна уу үгүй юу гэж бодоод үзэхэд байхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Би гар утас байхгүй болхоор нь би нөхөртөө энэ талаар хэлэхэд тэр Ганхөлөг, бас нэг залуутай гурвуул гэрт архи уусан гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр гар утсыг авсан юм байна гэж бодсон. Би хулгайд алдагдсан Iphone-6 маркийн гар утсаа эргүүлж олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Н.Хишигтийн... “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орой би Хайрхан дэлгүүрийн гадаа Хөлгөө гэдэг залуутай тааралдаад хоёулаа гэрлүү явъя гээд манай гэрлүү очсон. Тэгээд би тэр Хөлгөө гэдэг залууд хоол хийж өгөөд тэгсэн Хөлөг дэлгүүрээс нэг шил Ерөөл нэртэй архи авч өгсөн. Хөлгөө эндээс нэг найзыгаа авъя гээд Их-Уулын хэд байлаа тэрийг нь мэдэхгүй байна, жижигхэн залуу байсан тэгээд гурвуулаа гэрт очоод архийг хувааж уугаад тасарчихсан. Өглөө босоход Хөлгөө унтаж байсан. Тэгж байтал удаагүй нөгөө жижиг залуу гаднаас ороод ирсэн. Бид гурав дахиж архи нэмж уугаад дахиад тасарчихсан байсан. Тэгээд юу болсоныг мэдээгүй нэг мэдэхэд эхнэр ирчихсэн байсан маргааш нь билүү нөгөөдөр нь ч билүү гэрт байсан гар утас алга болсон байна гэж эхнэр хэлж байгаад цагдаагийн байгууллагад хандсан байсан. ...Телевизийн доод талын тахилын саванд байсан. Түүнийг манай эхнэр мэдээгүй юм. ipone-6 rap утасны содон шинж тэмдэгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч М.Отгончимэгийн... “2017 оны 11 дүгээр сарын 11-12 ны үед байх өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Хөлөг, Оогий хоёр орой 18 цагийн үед Хүсэл арвижих гэх өөрийн дэлгүүртээ сууж байхад Цэнд-Очир, Хөлгөө хоёр гар утас зарна гээд хар өнгөтэй гар утас гаргаж ирэхээр нь юун гар утас вэ? гэсэн чинь Хөлгөө нь миний гар утас байгаа юм гэхээр нь за чи яахав наад утсыг чинь би 80.000-д авъя 2 хоноод ирээд аваарай ирэхгүй болвол зарна шүү гэсэн чинь Хөлөг найдвартай миний утас байгаа юм удахгүй ирээд авна гээд 80.000 мянган төгрөг аваад явсан. ..утасны гадуураа хар гэртэй саарал өнгийн IPONE-6 гэдэг гар утас байсан. Тухайн үед асааж үзээгүй утасныхан нь цэнэг нь дуусчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Яллагдагч Б.Ганхөлөг мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр байсан санагдаж байна. Тэр өдөр Онги дэлгүүрийн тэр хавьд явж байгаад Хишигт ахтай таараад хамтдаа тэдний гэрт нь очсон. Замаараа 2 шил архи аваад Цэнд-Очирыг гэрээс нь аваад явсан. Тэгээд бид гурав Хишигт ахын гэрт очоод хоол хийж идээд архийг хувааж ууцгаасан. Орой 21 цагин үед Хишигт ах бид хоёр унтаад Цэнд-Очир гэр лүүгээ явсан. Өглөө босоогүй байхад Цэнд-Очир хүрээд ирсэн. Би тэндээс яваад дэлгүүр орж 2 шил архи аваад буцаж ирээд гурвуулаа архийг хувааж уугаад согтчихсон архи ууж байхад Хишигт ах намайг хамт хөдөө яваад ирье гэж хэлээд гарсан. Түүнийг явахаас өмнө нь Цэнд-Очир гараад явсан байсан. Цэнд-Очир намайг унтаж байхад гаднаас орж ирсэн байсан. Би тухайн үед согтуу байсан, Цэнд-Очир гар утас авсан байсан. Би нэг сэрэхэд Хишигт ах эхнэрийн хамт ирсэн байсан, би согтуу байсан болохоор санаа зовоод гэрээс гарч яваад Цэнд-Очирынд очиход тэр би ийм утас авсан гээд нэг том хар утас гаргаж ирээд барьцаанд тавьж архи ууя гэж хэлсэн бид хоёр гэрээс гараад нөгөө гар утсыг дэлгүүрт аваачиж өгөхөд аваагүй, Онги дэлгүүр дээр очоод нөгөө утсыг 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэр миний дүүгийн гар утас би кодыг нь мэдэхгүй байна түр байж байг гэж үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл дэлгүүрийн худалдагчид хэлээд байсан. Тэгээд буцаж Цэнд-Очирын гэрт очиж архи уусан. Цэнд-Очирыг хаанаас гар утас авсаныг нь мэдээгүй тэр хэлэхдээ Хишигт ахын гэрийн ширээ гэлүү дээ нэг юман дээрээс авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ганхөлөг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй“ гэв.
Яллагдагч А.Цэд-Очир мөдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеээр байсан санагдаж байна өдрийг санахгүй байна. Тэр өдрийн 21 цагийн үед намайг гэрт байхад гадаа хүн дуудсан гараад ирэхэд Ганхөлөг намайг хамтдаа айлд очъё гэж хэлээд намайг дагуулаад Хан-Уулын 8-р гудамжинд байдаг айлд очсон. Айлын эзнийг Хишигт гэдэг хүн байсан. Тэгээд бид гурав 2 шил архи хувааж уугаад шөнө нь гэрлүүгээ явсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад буцаад Хишигт ахынд хүрээд очиход нөгөө хоёр байж байсан. Гэрт Ганхөлөг унтаж байсан. Ганхөлөг босоод дэлгүүр явж нэг шил архи авчирч гурвуул хувааж уусан. Хоол хийж идчихээд Хишигт ах гэрээс гарч яваад ирэхгүй байсан. Ганхөлөг бид хоёр гэрт үлдсэн. Тэгсэн Ганхөлөг Хишигт ах бид хоёрын ууж байсан архи үлдсэн байх ёстой гээд Ганхөлөг бид хоёр архи эрсэн. Тэгээд явж байтал шургуулган дотор гэртэй гар утас байсныг нь харчихаад Ганхөлөгт ийм утас байна гэж үзүүлсэн чинь Ганхөлөг би авлаа гээд нөгөө гар утсыг кармаалсан. Хишигт ахыг хүлээгээд байхад ирэхгүй байхаар нь бид хоёр гэрийг нь хаагаад 12 цагийн алдад гэрээс гарсан. Бид хоёр Онгийн өмнө талд байдаг нэг дэлгүүрт ороод нөгөө гар утсыг 80.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Мөнгөөр нь архи авч уусан. Гэрийн баруун хойд талд байсан тахилын юм уу гэмээр жижигхэн бор өнгийн түмбүүшиг дотор хар өнгийн мэдрэгчтэй нэг ширхэг гар утас байсан. ...Ганхөлөг надаас салаад буцаад Хишигтийнд очсон юм шиг байна лээ. Би нэлээд их согтуу байсан. Хишигтийнд байхад архи гараагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Цэнд-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй“ гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл 2017.11.17-ны өдөр “Уг дэлгүүрийн худалдагчаас 1 ширхэг гар утсыг 13.5 сантиметрийн урттай, 7 сантиметрийн өргөнтэй саарал өнгийн гэртэй, утасны ар талд Iphone гэсэн бичигтэй, гадна хар гэрний ар талд нь VORSON гэсэн бичигтэй, цэнэг нь дуусаад унтарсан 1 ширхэг гар утас” /хх-ийн 03 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 2017.11.21-ний өдөр “IPHONE6 маркийн хар саарал гар утсыг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” /хх-ийн 04 дүгээр хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт №133: “IPHONE6 маркийн гар утас 1 ширхэг нь зах зээлийн дундаж үнэ 500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нар бүлэглэн хулгайлах гэмт хэргийг шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлджээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оюунбилэгт 500.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ганхөлөг, шүүгдэгч А.Цэнд-Очир нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн 1728001300115 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг дарга Ц.Дэнээдоржийн “А.Цэнд-Очир нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Их-Уулын 16-10 тоотод, ам бүл 1 оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” /хх-ийн 34 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Цэнд-Очирын иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатоор батлуулсан хувь /хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Ганхөлөгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагын тодорхойлолт /хх-ийн 38-45 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нарыг бүлэглэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хөх Раднаа овгийн Бат-Өлзийгийн Ганхөлөг, Бооёо овгийн Аюурын Цэнд-Очир нарыг бүлэглэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нарыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөг, А.Цэнд-Очир нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ