| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2024/0015/З |
| Дугаар | 114/ШШ2024/0014 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 114/ШШ2024/0014
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2024/0015/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гийн тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б*******т холбогдуулан гаргасан “2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлттэй зөрчлийн хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б******* “*******” ХХК нь ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэх зөрчлийн *******дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу шалгалтын хүрээнд хянав. Материалд цугларсан нотлох баримтуудаар ******* ХХК нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан “Ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” болох нь тогтоогджээ.
Эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн гаргасан зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих зөрчлөөр мөн зүйлд “1 дэх хэсгийн 1.4 дэх заалт” хуульчлагдаагүй хуулийн заалтаар торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн, тухайн хуулийн этгээд амьтны тухай хууль зөрчсөн үйл баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах гэж өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдлоо.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дархан- Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б*******ын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гаас тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б*******т холбогдуулан “... 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа ... Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих зөрчлөөр мөн зүйлд “1 дэх хэсгийн 1.4 дэх заалт” хуульчлагдаагүй хуулийн заалтаар торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах гэж өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагчаас Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гийн “2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Дархан- Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Б******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА