| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02670/И |
| Дугаар | 102/ШШ2024/04577 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/04577
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2024/04577 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:*** тоот хаягтай, рд: ***, *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***тоот хаягтай, рд: ***, *** холбогдох,
хувьцаа шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан компанийн хувьцаа шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ***, *** нар ***-ийн 100 хувийн хувьцааг 50,000,000 төгрөгөөр худалдах гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд хандаж бүртгүүлсэн. 50,000,000 төгрөгөөр компанийнхаа хувьцааг үнэлээд явцын дунд төлбөрөө төлөхийг тохирсон боловч *** нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхгүй байгаа. Үүнтэй холбогдуулаад удаа дараа гэрээний үүргээ гүйцэтгэх, хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд гэрээнээс татгалзах хүртэл арга хэмжээ авна гэсэн мэдэгдлийг ***т хүргүүлсэн. Уулзаж ярилцахаар төлбөрөө төлнө, болохгүй бол компанийг нь өгнө гэдэг учраас бид шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлахад хандсан. Өнөөдрийн байдал шиг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирдэггүй, энэ хүн одоо тус компанийн хувьцаа эзэмшигч эсэх мөн эсэх нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр дуусгавар болсон. Нэр бүхий компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэхийг ***т даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч хариу тайлбараа өгсөн эсэхээс үл хамаараад хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
***гээс ***олгосон итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/
2022.03.23-ны өдрийн бд:*** дугаар, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 4 дүгээр тал/
2022.03.23-ны өдрийн бд:*** дугаар, Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 5 дугаар тал/
2024.01.05-ны өдрийн ***т хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 6 дугаар тал/
2024.03.23-ны өдрийн ***т хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 7 дугаар тал/
хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 23 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 24 дүгээр тал/
2024.03.01-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, 2024.03.22-ны өдрийн дугаар 00064 Баянгол дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хэргийн 25, 37 дугаар тал/
***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 26 дугаар тал/
***-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 32-33, 36 дугаар тал/ зэрэг баримтууд,
4. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
***аас *** олгосон итгэмжлэл /хэргийн 10 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...***-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний үүргээ зөрчиж хувьцааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж байна... гэж тайлбарлав.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигч тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2022 оны 03 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нар бичгээр Худалдах худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ байгуулан, нэхэмжлэгч буюу худалдагч *** өөрийн эзэмшлийн рд:***, ***-ийн /цаашид компани гэх/ нэг бүр нь 41 166 төгрөгийн үнэ бүхий 10 000 ширхэг 100 хувь хувьцааг 50 000 000 төгрөгөөр хариуцагч буюу хулдалдан авагч ***т худалдахаар, уг компанийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ баримтууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-5 дугаар тал/
4. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
5. Гэрээний дагуу нэхэмжлэгч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 10 000 ширхэг хувьцаа, компанийн эрхийг хариуцагчийн эзэмшил өмчлөлд шилжүүлэх, хариуцагч буюу худалдан авагч хувьцааны үнэ 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж, компанийн эрхээ шилжүүлэн авах үүрэг хүлээсэн.
6. Нэхэмжлэгч хариуцагчийн эзэмшил өмчлөлд компанийн хувьцаа эрхийг 2022 оны 04 сарын 07-ны өдөр бүрэн шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл баримтуудаар тогтоогдож байна.
7. Хариуцагч хариу үүрэг буюу худалдан авсан хувьцааны үнэ 50 000 000 төгрөгийг огт төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч хариуцагч талд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож заасан хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзахаа 2023 оны 03 сарын 23-ны өдөр, 2024 оны 01 сарын 05-ны өдөр тус тус бичгээр мэдэгдэж, хариуцагчид мэдэгдлийг хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 6-7 дугаар тал/
8. Гэвч хариуцагч тогтоосон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 2023 оны 03 сарын 23-ны өдөр шилжүүлсэн компанийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигч хэргийн бодит байлалд нийцсэн үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлдэг.
10. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ...миний зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл 50 000 000 төгрөгөө төлөөгүй... гэх нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн ...*** нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхгүй байгаа... гэх тайлбараар, нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, түүнийг шийдвэрлэсэн тэмдэглэл баримтаар хариуцагч худалдан авсан компанийн хувьцааны үнийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 25, 37 дугаар тал/
11. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөнд тооцож, зохигчийн хүсэлтээр түүний эзгүйд, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
12. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 172 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан рд:***, ***-ийн нэг бүр нь 41 166 төгрөгийн үнэ бүхий 10 000 ширхэг 100 хувь хувьцааг нэхэмжлэгч ***д буцаан шилжүүлэхийг хариуцагч ***т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ