| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02851/И |
| Дугаар | 102/ШШ2024/04259 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/04259
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/04259 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэни хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Д ургийн овогтой Ө Нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, З ургийн овогтой Н Мд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,351,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч Н.Мд холбогдуулан 5,351,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Өлзийхутаг овогтой Н миний бие 2023 оны 3 сард 3-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед Н овогтой М гэх хүнийг болж улмаар дотно харилцаатай болсон. М надаас 21 насаар ах бөгөөд надад хэлэхдээ өмнө нь эхнэртэй байсан түүнээсээ 2 хүүхэдтэй харин намайг тэр орхиод явсан би их зовлон үзсэн гээд өөрийгөө надаар өрөвдүүлж сайн хүн мэтээр ойлгуулж итгэл төрүүлж эхэлсэн. Үүнээс хэдэн сарын дараа би түүний үгээр байх хэмжээнд итгэж сайн болсон байсан учираас Мийн өгөөч гэсэн мөнгийг өгдөг мөн тэдний хэрэглээний зардалыг (хоол хүнс, ахуйн хэрэглээ, бензин, 2 хүүхдүүдийнх нь хэр би өөрийн мөнгөнөөс төлдөг байсан. Би ааваасаа мөнгө авч эхэлж эгчтэйгзэ хамт бараа зардаг анхны бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа. Миний хаан банкны хадгаламжийн данснаас 2023/08/08нд 300,000 төгрөг анх удаа зээлээч гэж авч байсан. Дараачаас мөнгө өг гэсэн байдлаар Хаан банкны харилцах ............ данснаас 2023/08/30нд 50,000 төгрөг, Мийн дансанд 2023/08/31 нд 100,000 Мийн дансанд, 2023/09/17нд 100,000 Мийн дансанд, 2023/12/29нд 200,000 Э /Мийн ээж/, 2024/01/04нд 62,892 univision төлбөр/ Мийн гэрийн/, 2024/01/06нд 99,000 Мийн гэрийн усны шүүлтүүр солиулсан мөнгө, Миний Голомт банкны харилцах данснаас 2023/10/15нд 50,000 Мийн дансанд, 2023/10/15нд 56,000 Тэмүүлэн/ Мийн хүүхэд/, 2023/10/15нд 50,000 Тэмүүлэн/Мийн хүүхэд/, 2023/11/20нд 50,000 Мийн дансанд, 2023/11/24нд 100,000 Мийн дансанд 2023/11/26нд 150,000? Мийн дансанд 2023/11/29нд 120,000 Мийн дансанд 2023/12/02нд 150,000 Мийн дансанд 2023/12/03нд 100,000 Мийн дансанд 2023/12/03нд 500,000 Мийн дансанд 2023/12/08нд 1,218,600 Мийн онгоцны билетын мөнгө 2023/12/18нд 180,000 2хүүхдийх нь шүдний эмнэлэгийн мөнгө/ Мийн зэх өгнө гэсэн боловч өгөөгүй/ 2023/12/19нд 35,000 Тэмүүлэн/ Мийн хүүхэд/ 2023/12/21нд 1,580,000 Мийн байрны түрээсийн мөнгө 2024/01/04нд 100,000 Э/Мийн ээж/ данснуудад шилжүүлсэн. Эдгээр мөнгө бол зөвхөн дансаар шилжигдсэн гүйлгээ. Үүнд гэрийн хүнс мах бэлэн мөнгө өгсөн гэх мэт үнийн дүнг хасаад гарсан юм. Энэ бүх хугацаанд М чамтай хамт амьдрахыг хүсдэг, чи л миний жинхэнэ хайр чамаас өөр хүнд хэзээ ч ийм хайртай болж байгаагүй гэх үгсийг надад хэлдэг би түүнд нь маш их итгэдэг байсан. Гэтэл 2024 оны 1 сард би харилцаагаа гэрийхэндээ хэлэхэд гэрийхэн дургүйцэж тэр шалтгаанаар намайг болон гэр бүлийг минь М маш ихээр гутаан доромжилж, би чамайг чадсан эргүү тэнэг минь гэж харааж миний төлбөрөө төлж каргогоор ирсэн барааг минь хүртэл очоод авсан байсан. Би маш их сэтгэлээр унаж өөртөө гутарч, сэтгэл санаа тогтворгүйтэж, бусдад болон өөртөө итгэх итгэлгүй болж сэтгэл зүй болон санхүү мөнгөөрөө маш их хохирсон. Энэ хүний үйлдсэн хэргээс болж чанай гэр бүлийхэнд ялгаагүй хүнд тусаж хямарсан. М өмнө нь 2 хүнтэй суугаад анхны эхнэрээсээ 2 хүүхэдтэй, 2 дахь эхнэрээсээ 1 хүүхэдтэй гэдгээ нууж худлаа хэлснийг харилцааны сүүлд мэдсэн. Энэ мэт бодит байдлыг нууж намайг төөрөгдүүлж итгэлийг ыинь урвуулан ашиглаж надаас мөнгө дансруугаа шилжүүлж авсаар байсан. Анхнаасаа надтай дотно харилцаатай болох замаар намайг ашиглаж, мөнгө салгаж авах санаатай байсан нь түүний бичсэн мессежүүдээс би ойлгосон. Иймд хариуцагч Н.М лүү дансаар шилжүүлсэн мөнгө болох 5,351,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.М нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 5,351,000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Уичр нь нэхэмжилсэн мөнгө нь дан ганц миний хүч хөдөлмөрөөр худалдаа наймаа хийснээс эх үүсвэртэй. Бид хоёр огт хэлцэл хийж тухайн мөнгийг өгч авалцаагүй. Ахуйн хүрээнд харилцан туслах хүрээнд шилжүүлж байсан. Миний зүгээс нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгөөр үнэлэгдэх таблет, гар утас, үнэ бүхий үнэртэй ус нэмэлт амин дэм зэргийг өгч амьдрал ахуйд нь туслалцаа үзүүлж байсан. Олон удаа мөнгөн туслалцаа үзүүлсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилготой мөнгө нэхэмжилж байгаа гомдолтой байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4/, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17-35/, Голомт банк ХК-ийн дансны хуулга /хх-ийн 36-45/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Н.М нь надаас мөнгө зээлээч гээд мөнгө зээлдэг байсан. Надаас нийт 5.351.000 төгрөг авсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжилсэн 5,351,000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Уичр нь нэхэмжилсэн мөнгө нь дан ганц миний хүч хөдөлмөрөөр худалдаа наймаа хийснээс эх үүсвэртэй. Бид хоёр огт хэлцэл хийж тухайн мөнгийг өгч авалцаагүй. Ахуйн хүрээнд харилцан туслах хүрээнд шилжүүлж байсан. Миний зүгээс нэхэмжлэгчид 10,000,000 төгрөгөөр үнэлэгдэх таблет, гар утас, үнэ бүхий үнэртэй ус нэмэлт амин дэм зэргийг өгч амьдрал ахуйд нь туслалцаа үзүүлж байсан. Олон удаа мөнгөн туслалцаа үзүүлсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилготой мөнгө нэхэмжилж байгаа гомдолтой байна гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Ө.Нийн эзэмшлийн Хаан банкин дахь ............, ............ тоот, Голомт банкин дахь ............... тоот дансны хуулгаар 2023.08.06-ны өдрөөс 2024.01.04-ний өдөр хүртэл хугацаанд .................. тоот дансанд hair, temuulen birtday, хүү охин хоёроос нь, .................., Н-с Н.М-д, Тэмүүлэн өлзийхутаг Номиндахьэх, ehner Н М, Ent-23120800073, Тэнгис тэмүүлэнд шүд, Т, байр н.м, ээжид л.Э гэх гүйллгээний утгатай 21 удаагийн шилжүүлгээр нийт 5,351,000 төгрөг шилжүүлсэн байна.
4.2.Хариуцагч нь нэхэмжлэгчээс Хаан банкны ............, ........... тоот, Голомт банкин дахь ............... тоот дансаар нийт 5,351,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлсэнийг үгүйсгэж маргаагүй.
5.Нэхэмжлэгчийн Хаан, Голомт банкны дансаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн hair, temuulen birtday, хүү охин хоёроос нь, Т ө Н, ehner Н М, Т т шүд, Т, ээжид л.Э гэх утгаар шилжүүлсэн мөнгийг зээлдүүлэх зорилгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
6.Харин Хаан банкин дахь ............ тоот, Голомт банкин дахь тоот данснаас ..............., Н-с Н.М-д гэсэн утгаар хийгдсэн 62,892 төгрөг, 50,000 төгрөг, 50,000 төгрөг, 100,000 төгрөг, 150,000 төгрөг, 120,000 төгрөг, 100,000 төгрөг, 500,000 төгрөг, 1,218,600 төгрөг, 1,580,000 төрөг бүгд 3,931,492 төгрөгийн шилжүүлгийг харилцан туслах зорилгоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
7.Нэхэмжлэгч нь хариуцагчийн мөнгө зээлэх хүсэлтийг зөвшөөрч мөнгө шилжүүлж байсан гэснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 5,351,000 төгрөгөөс 1,419,508 төгрөгийг буцаан шаардах эрхтэй болохоо, хариуцагч 3,937,492 төгрөгийг төлөх үүрэггүй болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.
10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч Н.Мөөс зээл 3,937,492 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
11.Иймд хариуцагч Н.Мөөс 3,931,492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Нэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,419,508 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Мөөс 3,931,492 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Нэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,419,508 төгрөгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөөс 80,054 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР