| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0003/э/ |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ж.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан овгийн Жамбалын Адъяад холбогдох 1728000920073 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Ж.Адъяа нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Шивээ хүрэн хилийн боомтоос хойд зүгт нүүрс тээврийн хатуу хучилттай зам дээр Л.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 37-37 УБҮ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.8в дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган Ч.Болдын би махбодид хүнд, Д.Нямдоржийн бие махбодид хүндэвтэр, Л.Эрдэнэцэцэгт 11.610.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.Адъяа нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Шивээ хүрэн хилийн боомтоос хойд зүгт нүүрс тээврийн хатуу хучилттай зам дээр Л.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 37-37 УБҮ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.8в дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган Ч.Болдын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Нямдоржийн эрүүл мэндэд хүндэвтэр, Л.Эрдэнэцэцэгт 11.610.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Ж.Адъяагийн гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:
Хохирогч Д.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 10 дугаар 01-ний өдрийн өглөө гаалийн байцаагч Болд, Гансүх, Баярмагнай, сантехникч Адъяа нарын хамт би Гурвантэс сумын нутагт байрлах Сухантын гол гэдэг газрыг үзэхээр миний эзэмшлийн 3737 УБҮ улсын дугаартай автомашинаар явцгаасан. Би өөрөө машинаа барьж явсан. Сухантын гол гэдэг газарт 12 цагийн үед очсон. Шивээхүрэн боомтоос Сухантын гол гэх газар нь ойролцоогоор 70 гаруй километрд байрладаг. Сухантын гол дээр очоод бид нар цай чанаад хоол хийж идэцгээсэн. Мөн тэндээ 1 шил 750 граммын Болор нэртэй архи хувааж уусан. Тэгээд 16 цагийн үед бид нар боомт руугаа буцахаар болж машиныг сантехникч Адъяагаар унуулсан. Учир нь би архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан болохоор Адъяад машинаа өгсөн. Тэгээд буцаж яваад боомтоос хойд зүгт 9 километрд нүүрс тээврийн хатуу хучилттай зам дагуу осолд орсон. Осол болсоны дараа машин бол дөрвөн дугуйн дээрээ тогтсон байсан. Баярмагнай Гансүх хоёр тусламж дуудахаар явсан. Учир нь тэнд гар утасны сүлжээ орохгүй байсан. Удалгүй боомтоос манай байцаагч нар машинтай ирцгээсэн. Тухайн үед осолд орсон хүмүүсийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Би автомашины зорчих хэсгийн арын суудал дээр унтаж байсан болохоор юу болсоныг мэдээгүй. Миний биед хамарнаас бага зэрэг цус гарсан байсан. Баруун талын эгэм хэсгээр хөндүүртэй байсан. Дараа нь Улаанбаатард Гэмтэл согогын үндэсний төвд очоод рентгэн зураг авхуулахад баруун эгэмний доод хэсэг нь хугарсан байсан. Өөр гэмтэл учраагүй. Мөн томографикийн шинжилгээ өгч үзэхэд өөр ямар нэгэн гэмтэл бэртэл гарч ирээгүй. Уг автомашины 4 хаалга, 2 толь, хойд гэрэл хосоороо, Автомашины дээвэр хэсгийн кузов, автомашины урд хойд салхины шил болон 4 хаалганы салхины шил, арын хэсгийн 2 шил, хойд гупер, зорчих хэсгийн арын аюулгүйн дэр гарч ирсэн эд ангиуд, багаажны хаалга, хонгоны хэсгийн 2 талын кузов нь эвдэрсэн. Ойролцоогоор 10.000.000 төгрөгөөр үнэлж байгаа. Гэхдээ би Адъяагаас энэ мөнгийг нэхэмжпэхгүй. Надад санал гомдол байхгүй. Одоо миний биеийн байдал сайжирсан хэвийн байгаа. Надад санал гомдол байхгүй. Нэхэмжпэх зүйл байхгүй. Адъяа ах тухайн үед архи уугаагүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 31-р хуудас/,
Хохирогч Ч.Болд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомтоос хамт ажилладаг хүмүүс болох Нямдорж, Гансүх, Баярмагнай, ажилтан Адъяа нартай хамт Нямдоржийн эзэмшилийн 3737 УБҮ улсын дугаартай лексус 470 маркийн автомашинаар малын мах авах зорилгоор Элбэг дэлгүүр рүү явсан. Мал авах хүний утас нь холбогдохгүй байсан болохоор дэлгүүрээс ойр зуурын хүнсний зүйл аваад Сухантын гол гэх газар руу явсан. Уг газарт очоод бид нар хоол хийж идээд 1 шил архи хувааж уусан. Үдээс хойш бид нар боомт руугаа буцах болж Адъяагаар машинаа унуулаад буцсан. Адъяа архи уугаагүй байсан болохоор түүгээр машин унуулсан. Замдаа явж байгаад нүүрс тээврийн зам дээр автомашин онхолдож унасан. Тухайн үед толгой л өвдөөд байсан. Маргааш нь Улаанбаатар хот руу явж Гэмтэлийн эмнэлэгт үзүүлэхэд намайг шууд хагалгаанд ор гэсэн. Улмаар би толгойны гэмтэлтэй гэсэн шалтгаанаар хагалгаанд орсон. Миний тархинд цус хурсан байна гэсэн оноштойгоор 2017.10.03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хагалгаа хийгдсэн. Өөр гэмтэл байхгүй. Одоо миний бие хэвийн байна. Эмчилгээ сайн хийгдсэн. ...би осол болсоны дараа жолооч Адъяад ойролцоогоор 70 грамм архи өгч уулгасан. Адъяа их айж сандарсан байсан ба бие нь гэмтчихсэн өвдөлт өгөөд байгаа юм шиг харагдахаар нь архи уулгачихсан юм. Надад санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Биеийн байдал зүгээр ямар нэгэн зовиур байхгүй байна. ..осол болсоны дараа нь Адъяад шилний ёроолд байсан архийг өгсөн юм. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн... “Лексус 470 маркийн 3737 УБҮ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг. Миний эзэмшлийн автомашин бөгөөд манай нөхөр Дангаасүрэнгийн Нямдорж бид хоёр дундаа эзэмшдэг гэр бүлийн дундын өмч юм. Автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/
Гэрч Я.Гансүхийн “...Би Шивээхүрэн боомт дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажил хийдэг. БНХАУ-ын үндэсний баяр болж байгаатай холбогдуулан Монгол улсын хил 2017.10.05-ны өдөр хүртэл хааж ажилчид амралтын байдалтай байгаа. 2017.10.01-ний өдөр би хамт ажилладаг Нямдорж, Баярмагнай, Гансүх, Адъяа нартай хамт Нямдоржийн машинаар Гурвантэс сумын нутагт байдаг Хуршуут гэдэг газрыг очиж үзэхээр явсан. Бид Хуршуут гэдэг газарт очоод хоол унд хийж идээд архи ууцгаасан. Адъяад архи өгөөгүй. Орой болтол суугаад гэр рүүгээ буцахаар болсон. Нямдорж архи уусан байсан болохоор машинаа Адъяаг уна гэж байх шиг болсон. Тэгээд бид боомт руу буцаж явах замдаа онхолдсон. Осол болсоны дараа уг газарт утасны сүлжээ байгаагүй тул би Баярмагнайтай хамт боомт руу алхаж очиж хүмүүсд мэдэгдсэн. Уг осол болсон газарт боомтоос хойд зүгт 9 километр зайд нүүрсний зам дээр болсон. ...Бид нар тэнд очоод хоол хийж идсэн тэгээд бид нар 1 шил болор архи задлаж Болд, Нямдорж. Баярмагнай бид нар хувааж уусан Адъяаг архи уугаагүй болохоор нь машин бариулна гээд Сухантын гол гэх газраас Адъяа нь Нямдоржийн машиныг унаад явсан. Тэгээд машин замын хажууруу онхолдоод машин 4 дугуйн дээрээ байж байсан. Тэгээд машины араас би эхлээд буусан дараа нь Баярмагнай буусан дараа Нямдорж буусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудас/,
Гэрч Б.Баярмагнайгийн:”... 2017.10.01-ний өдөр хилийн боомт амарчихсан амралтын өдөр байсан. Би байцаагч Нямдорж, Ч.Болд, Я.Гансүх нарын хамт цахилгаанчин Адъяаг аваад Гурвантэс сумын нутагт устай газар байдаг очиж үзье гээд явсан. Тэгээд Сухантын гол гэдэг газарт очоод хоол хийж идээд амарч байгаад буцаад боомт руу явсан. Буцахдаа 1 шил архи байсныгаа Нямдорж, Болд, Гансүх бид дөрөв хувааж уусан. Тэгээд буцахдаа машинаа Адъяагаар бариулааад явсан. Арын суудлын голд нь миний бие, миний зүүн гар талд Нямдорж, баруун гар талд Гансүх, урд талд жолоочийн хажуугийн суудалд Болд сууж явсан. Машин хөдлөөд жаахан яваад би унтаад өгчихсөн. Тэр үед машин засмал зам руу ороогүй байсан. Тэгсэн чинь надад доргилт мэдрэгдсэн. Намайг юу болсоныг ойлгоогүй байхад машин зогссон. Тэгээд би машинаас буугаад харахад машин дээврээрээ хөрвөөсөн маягтай эвдэрсэн байсан ба машин дотор байсан Нямдорж, Гансүх хоёрыг гаргасан. Урд талд сууж байсан 2 хүн өөрсдөө гарсан байх. Тэр үед Гансүх хөл дээрээ босоод явж байсан ба Болд, Нямдорж, Адъяа гурав хөдөлж явах боломжгүй юм шиг санагдаж байсан. Дараа нь би боомт руу тусламж дуудахаар залгасан боловч утсаа авсан хүн байгаагүй. Тэгэхээр нь би ганцаараа боомт руу зам дагаад алхчихсан. Боомт дээр алхаж очоод гаалийн алба хаагч нартаа болсон явдлын талаар хэлсэн. Мөн намайг боомт дээр ирээд удаагүй байхад Гансүх араас алхаад ирсэн. Дараа нь машин яваад үлдсэн 3 хүнийг авчирсан. Би осол болсоны дараа Адъяагаас юу болов оо гээд асуухад Адъяа надад хариулахдаа урдуур юм орсон гэж надад хариулсан. Миний тархи хөдөлчихсөн байсан. Тархины зураг хүзүүний зураг авхуулсан ба тархины болон ясны гэмтэл байхгүй байна гэж эмч хэлсэн. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Ер нь Ж.Адъяаг хоол хийлгэнэ гэж авч явсан байсан. Тэгээд бид нар архи уучихсан болохоор Адъяаг машин бариад яв гэж хэлээд машин бариулж явуулсан. Осол болсон дараа Адъяа архи уусан байсан. Тиймээ боомт дээр ирсний дараа Адъяагийн бие нь өвдеөд байна гэж хэлж байсан тэгээд гэртээ ороод архи уусан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Адъяа мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 10 дугаар сарын 01 ны өдөр 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын гаалийн газарт ажил дээрээ байж байхад манай гаалийн байцаагч Нямдорж, Болд, Баярмагнай, Гансүх энэ дөрөв салхинд гаръя гэж хэлэхээр би Нямдоржийн машинд нь суугаад Шивээхүрэн боомтоос хойд зүгт байдаг 60 км-т байдаг Сухантын гол руу явсан. Тэгээд өдөр 12 цагийн үед Сухантын гол дээр ирчихээд тэндээ хоол цай хийж идчихээд тэр дөрөв нэг шил Болор архийг тэр хувааж ууцгаасан. Тэгээд буцаад явахаар болж Нямдорж намайг машин бариад явахуу би архи уучихсан байна гэж хэлэхээр би Нямдоржийн 37-37 Убү улсын дугаартай Лексус-470 маркийн машиныг нь жолоодоод явсан. Тэгээд шороон замаар явж байгаад нүүрсний засмал зам руу ороод удаагүй явж байтал гэнэт машины буруу талын урд дугуй нь хагараад рулээ булаагаад замын хажуу руу ороод нэг хөрвөөгөөд буцаад дөрвөн дугуйн дээр тогтсон. Тэгээд машинаас эхэлээд Нямдорж, Болд, Баярмагнай, Гансүх нар гараад дараа нь намайг машинаас татаж гаргасан. Тэгээд Шивээхүрэн боомт руу явган явж сумын цагдаа эмнэлэг дуудсан. Машины буруу талын дугуй нь хагарсанаас болж машин онхолдсон. Дараа нь машиныг нь харахад буруу талын хойд урд дугуй нь ташраараа хагарчихсан байсан. Би тухайн үед машины эд ангийг дугуйг нь шалгаагүй. Харин замд явж байхад Нямдорж “миний машины дугуй их муу шүү” гэж хэлж байсан. Би осол болох үед машины хаазаа хасаад тормосыг огчом гишгээгүй мөн рулээ тэгшлээд тэгээд дийлдээгүй машин засмалаас гарч онхолдсон. Би тухайн үед ойролцоогоор 80 км цагийн хурдтай явж байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Осол болсны дараа миний нуруу их гэмтээд маш их өвөөд байхаар нь Болд надад архи уулгасан түр ч гэсэн намдах болов уу гээд би өгсөн архинаас уучихсан юм. Бусдаар бол машин жолоодож явахдаа би огт архи уугаагүй юм. Би тухайн үед 4 гаалийн байцаагчтай явж байсан. Миний барьж явсан автомашины дугуй нь гэнэт хагарсанаас болж машин онхолдсон. Үүний улмаас болж Ч.Болдын биед нь хүнд гэмтэл, мөн Д.Нямдоржийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. харин Гансүх, Баярмагнай нарын биед нь гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Адъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өглөө босоод 07 цагийн үед моторын байшин, усны өрөөг шалгаад ирсэн чинь Болд байцаагч хүрээд ирсэн. Мах чанах тогоо байна уу? гэхээр нь байгаа гээд гаргаж өгсөн. Бид нар салхинд явах гэж байгаа. Хамт явъя гэсэн. Би ажилтай шүү дээ гэсэн чинь амралтын өдөр гайгүй шүү дээ удахгүй хонохгүй гэсэн. Нямдорж өөрөө машинаа барьж явсан. Буцахдаа Нямдорж би архи уучихсан байгаа учраас та бариад яв гэсэн. Том тэрэг явдаг засмал дээр гараад дугуй хагараад би нэг талруугаа хэлтийгээд байгааг мэдээд аль болох дараад яваад байсан. Сүүлдээ дийлээгүй унасан. Хохирогч нарт гэмтэл учирсан. Надад нурууны 2 сэртэн хугарсан. Гэмтэл согогт хэвтэж эмчлүүлсэн. Намайг байцаалтанд байхад ажилдаа ор гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би Б.Болор-Эрдэнэ прокурорт хэлсэн. Б.Болор-Эрдэнэ прокурор ярьсан. Нэг хэсэг чимээгүй болсон. Машин тэрэг эвдээд, цалин мөнгөгүй, ажилгүй шахуу, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Гурвантэс сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Бат-Очирын 2017.10.18-ны Шинжээчийн дүгнэлт “1. Лексус-470 маркын 37-37 УБҮ улсын дугаартай суудлын автомашины жолооч Жамбал овогтой Адьяа нь "Шивээхүрэн-Нарийнсухайт"-ын нүүрс тээвэрлэлтийн гаалийн баталгаат зам дээр байрлуулсан 2.1- "Орох хориотой" тэмдэг,6.4."в"-" суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин" гэсэн нэмэлт тэмдэгнүүдийг зөрчин бетон зам руу орж, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас жолоодож явсан автомашинаа онхолдуулж зам тээврийн осол гаргасан байна. 2. /лексус-470 маркын 37-37 УБҮ улсын дугаартай суудлын автомашины жолооч Жамбал овогтой Адьяа нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалт, мөн дүрмийн 2.7-н "в"-д заасан" зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм,бэлдмэл хэрэглэх"-ийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай байна.” /хх-ийн 51 дүгээр хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2017.10.30-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.10-ны өдрийн №484 дүгээр дүгнэлт “1. Ч.Болдын биед тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-ийн 60 дугаар хуудас/
Комьютерт томографикийн шинжилгээ 2017.10.03-ны өдөр /хх-ийн 62 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.10-ны өдрийн №487 дүгээр дүгнэлт “1. Д.Нямдоржийн биед эгэм ясны хугарал, цээжний 12-р нугаламын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 67 дугаар хуудас/
Комьютерт томографикийн шинжилгээ 2017.10.03-ны өдөр /хх-ийн 69 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.09-ний өдрийн №480 дүгээр дүгнэлт “1. Ж.Адъяагийн биед бүсэлхийн 1-4-р нугаламын хөндлөн сэртэнгийн баруун ба зүүн талын далд хугарал, бүсэлхийн 1-3-р нугаламын дарагдаж, шахагдсан хугарал гэмтлүүд үүсчээ. 2. Дээрх гэмтэл ньтухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-ийн 72 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.10-ны өдрийн №485 дүгээр дүгнэлт “1. Я.Гансүхийн биед гэмтэл тогтоогпсонгүй” /хх-ийн 78 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.10-ны өдрийн №486 дүгээр дүгнэлт “1. Б.Баярмагнайгийн биед гэмтэл тогтоогпсонгүй” /хх-ийн 84 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-14 дүгээр хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Ж.Адъяагийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ.
Шүүгдэгч Ж.Адъяагийн болгоомжгүй үйлдлээр үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Болд биед тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл үүссэн ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг, хохирогч Д.Нямдоржийн биед эгэм ясны хугарал, цээжний 12-р нугаламын хугарал, хамар ясны хугарал гэмтэл үүссэн ба 2. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тус тус тогтоогдсон байна.
3737 УБҮ улсын дугаартай Тоёота Лексус автомашины эзэмшигч нь Л.Эрдэнэцэцэг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Адъяагаас хохирогч Ч.Болд, Д.Нямдорж , иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нар нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Адъяагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх тул мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэх бөгөөд мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасахаар заасан байх тул шүүгдэгч Ж.Адъяагийн “В, С, Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Адъяад Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Адъяа нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Адъяагийн 79848 дугаартай “В,С,Е” ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
Эрүүгийн 1728000920073 дугаартай хэргээс шүүгдэгч Ж.Адъяагийн хувийн байдлыг нотолсон нотлох баримтууд Үүнд:
Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 96-102 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 103 дугаар хуудас/
Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар багийн Засаг даргын “Ж.Адъяа нь Зүүнсайханы 1б-27 тоотод ам бүл 1 оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/
Ж.Адъяагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 105 дугаар хуудас/
Ж.Адъяагийн жолооны үнэмлэх болон 3737 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 106 дугаар хуудас/
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 107 дугаар хуудас/
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ж.Адъяа цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,
36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цагаан овгийн Жамбалын Адъяаг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Адъяад тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.Адъяа нь оршин суугаа газар, өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Адъяа нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Адъяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Адъяагийн №79848 дугаартай В,С,Е ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Адъяа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Адъяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ