Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/39

 

                                  Д.М*******, Р.Н*******, Н.А******* нарт

                                         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор М.Сайнзаяа, шүүгдэгч Д.М*******, Р.Н*******, тэдний өмгөөлөгч Ч.Отгонжаргал, нарийн бичгийн дарга М.Долгор нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэлийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөөрч гаргасан прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцэлээр Д.М*******, Р.Н*******, Н.А******* нарт холбогдох 2015001100037 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Д.М

Монгол Улсын иргэн, Р.Н

Монгол Улсын иргэн, Н.А

Д.М*******, Р.Н******* нар нь бүлэглэж Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг “........ гэх газраас 2018 оны 10 дугаар сард иргэн Р.Д*******ын 1 тооны нас гүйцсэн хар зүсмийн үхрийг,

2018 оны 11 дүгээр сард иргэн Н.Н*******ын 1 тооны хээр алаг зүсмийн морийг, иргэн Г.Б*******ын 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үхрийг, иргэн М.А*******ийн сартай хонгор зүсмийн, сартай халтар зүсмийн нас гүйцсэн морийг, иргэн Н.Ө*******ын 1 тооны үхэр буюу хөх саарал зүсмийн хязаалан гуна, хар зүсмийн шүдлэн гуныг,

2019 оны 01 дүгээр сард иргэн М.М*******ын 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн үхрийг, Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн “........ гэх газраас иргэн Ж.Бийн сартай халтар зүсмийн үрээ, дэлтэй хүрэн зүсмийн үрээ, хул зүсмийн үрээ, хээр зүсмийн үрээг тус тус хулгайлсан гэмт хэрэгт,

Н.А******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   Булган аймгийн Прокурорын газраас: Д.М*******, Р.Н******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.А*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.М*******, Р.Нямсүрэн нарыг цагаатгаж, Шүүгдэгч Н.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан Н.А******* нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хургүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж, шүүгдэгч Н.А*******, цагаатгагдсан этгээд Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд Д.Мөнхбат, Р.Нямсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор М.Сайнзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хэргийг 2022 оны 09 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд шүүгдэгч Р.Н*******гийн 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрчээр мэдүүлэг өгөх үед дуу дүрсний бичлэг хийсэн гэх хэсгийн байцаагч С.Гийн утсанд хийгдсэн гэх СД бичлэгийг тус тус нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, дээрх үндэслэлүүдээр 344 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэж, 4 дэх хэсэгт “... мөрдөн шалгах ажиллагааны журам сахих, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байхад хохирогч Н.Н*******ын дүү Н.Ныг Р.Н*******гийн мэдүүлэг шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан, хөндлөнгийн гэрч Н.Н нь ах Н.Н*******ад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүргээ зөрчиж, Р.Н*******гийн мэдүүлгийн талаар мэдээлэл өгсөн, хохирогч Н.Н******* нь дүүгийнхээ хэлснийг эх сурвалжаа болгон хохирогчоор гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /ямар нотлох баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, үүргээ зөрчсөн гэж дүгнэж байгаа талаар тодорхой баримт дурдаагүй, ойлгомжгүй/

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч Р.Н*******гийн гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Л.Б, Н.Н нарын мэдүүлэг мөн гэрч Б.Э, хохирогч Н.Н******* нарын мэдүүлгийн эх сурвалжийг шүүх хууль зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэсэн үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 344 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн тул дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно” гэжээ.

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас “гэрч Р.Н*******гийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн мэдүүлэг, гэрч Р.Н*******гийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн мэдүүлэг, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн Р.Н*******гийн Мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэгдэл, гэрч Н.Н, С.Г, Н.О, Б.Э нарын мэдүүлэг, гэрч С.Гаас гаргаж өгсөн СД бичлэг” зэргийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээд гэрч Р.Н*******гийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн мэдүүлэг, гэрч Р.Н*******гийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн мэдүүлэг, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн Р.Н*******гийн Мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, С.Гаас гаргаж өгсөн “СД” бичлэг зэргийг нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны явцад бүрэн эхээр уншиж хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, ба шийдвэрийн үндэслэлийг танилцуулаагүй төдийгүй тухайн шийдвэрт гомдол гаргах эрхийг тайлбарлан өгөлгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогч, талуудын гомдол гаргах эрхийг хязгаарлаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Өмгөөлөгч Ч.Отгонжаргалын гаргасан хүсэлтийг хүлээн авч гэрч Н.Н, С.Г, Н.О, Б.Э нарын мэдүүлгийг нотлох баримтаас хасаж тооцоогүй атлаа гэрч Л.Б, Н.Н, Б.Э, хохирогч Н.Н******* нарын мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолд шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж дүгнэж бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүх хохирогч Н.Н******* нь 2018 оны 11 дүгээр сард 1 тооны хээр алаг зүсмийн морио хулгайд алдаж мал хулгайлах гэмт хэргийн улмаас 900.000 төгрөгийн хохирол учирсан талаарх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байхад түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж дүгнэж уг хэргийг шалгахад цугларсан бусад нотлох баримтууд буюу хохирогч Н.Н*******ын мэдүүлэг, /2-р хх-н 118-120, 122-123/, гэрч Ч.Эийн мэдүүлэг, /2-р хх-н 126-127/, гэрч Б.Ггийн мэдүүлэг, /2-р хх-н 130-131/, гэрч Н.Ны мэдүүлэг, /2-р хх-н 140, 144-145/, гэрч Л.Бын мэдүүлэг, /2-р хх-н 146, 149-151/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 210096 дугаартай дүгнэлт, /2-р хх-н 153-158-119/ зэргийг шинжлэн судлаагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Мөн гэрч Л.Б, Н.Н, Б.Э нарын мэдүүлгийг шинжлэн судлахгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх хууль зүйн үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй.

Мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Г нь М.М*******аас мэдээлсэн М-335 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Р.Н*******гээс гэрчийн мэдүүлэг авсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдүүлэг авч мэдүүлэг шалгах ажиллагаанд явсан, улмаар Р.Н*******гийн мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн”, 1.3-т “гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийгөө илчилж ирсэн” үндэслэлийн дагуу гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгахаар “2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 1930 минутад Ж.Бийн 4 тооны адуу хулгайлагдсан, Н.Н*******ын 1 тооны морь хулгайлагдсан” гэх зэргээр нийт 6 гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгүүлж М дугаар авсан байна. Гэтэл Р.Н*******гийн мэдүүлэг шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгийн нууцлалыг хөндлөнгийн гэрч Н.Н, мөрдөгч С.Г нар хохирогчоор тогтоогдвол зохих этгээдүүдэд задруулж хэлснээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгдэж, шалгах үндэслэл болсон мэтээр илт үндэслэлгүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Прокурор Д.М*******, Р.Н******* нарын үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “гэрч Р.Н*******гийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн мэдүүлэг, гэрч Р.Н*******гийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн мэдүүлэг, 2020 оны 02 сарын 21-ний өдрийн Р.Н*******гийн Мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл”-ийг яллах талын нотлох баримт болгож дурдаагүй, яллах дүгнэлтийн эх сурвалж болгоогүй. Харин шүүхээс хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзэж шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлахдаа бүрэн эхээр судлах санал, хүсэлтээ илэрхийлж оролцсон. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан, хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө, урьдчилан нотлох баримтаар тооцохгүй гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн нь хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж үзэв гэж тогтоолын 14-р талд дүгнэсэн. Энэ нь гэмт хэргийг хэн үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй, нотолбол зохих байдал нотлогдоогүй мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй дутуу хийгдсэн гэж шүүх дүгнэсэн үзсэн бол хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ шүүхэд байсан. Гэтэл прокурорын яллах талын баримтууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа талаар шүүхийн шийдвэрт тодорхой, үндэслэл бүхий бичээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь Шүүхийн шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан асуудлуудыг тодорхой тусгаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй, мөн зүйлийн 1.10-д заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарна.

Шүүгдэгч Р.Н*******, Д.М******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж, Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасан нь хэдийгээр тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх заалтууд мөн боловч гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх ашиг алдагдаж, шударга ёс гажуудах шалтгаан болох ёсгүй юм.

Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагаас эхлээд прокурор дээр ирсэн хэрэгтэйгээ танилц гэхээр нь ханьтайгаа хоёулаа танилцлаа. Гэрч Л, Г, миний хань бид 2 гарын үсэг маань буруу байна. Дашинчилэнд аваачаад бид нарыг бурууутан болгоод ард түмэнд зарласан гарын үсэг чинь буруу байна гэхэд шүүх шийддэг юм аа гээд базаж авчраад энд ирсэн. Энэнээс хойш бид ямар хүнд хандахаа мэддэггүй. Отгонжаргал өмгөөлөгчийг авч байж өдий зэрэгтэй явж байна. Г, Эрдэнэчимэг гээд өмгөөлөгчтэй байсан бол бид 2 аль хэзээний шоронд явчихсан байгаа. Прокурор хүн их муухай юм ярьж байна. Үүнд их харамсаж байна. Намайг яллах гээд байна. Би тийм олон тооны хүний юмыг аваагүй. Авгай хүүхэд маань бичиг үсэггүй. Бичиг үсэггүй хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар зурчихсан. Би Л, миний өмгөөлөгч Г нарын нүүрэн дээр хэлэхэд шүүх шийддэг юм гэсэн. Дараа нь Эрдэнэчимэг өмгөөлөгч хэрэлдээд би өмгөөлөхгүй гээд явахад нь миний авгай хүүхэд хоёрыг  аль болохгүй дээр нь гарын үсэг зуруулсан. Намайг Өмнөговьд том тэрэг бариад явж байхад Г өмгөөлөгч чи прокурор дээр ирээд ганц гарын үсэг зураад л болоо гээд намайг авчруулаад тэгээд энэ юун гарын үсэг вэ гэхэд шүүх рүү шийдэх болоод явтал хамгийн сүүлд бид хэдийг хулгайч болгоод гар утсанд бичлэг хийчихсэн байсан. Тэгвэл 2018 онд бичлэг энэ тэр байсан юм бол тэр шорондоо хурдхан явуулчихгүй яасан юм. 4 жил би мал хөрөнгөгүй болж байна. Маргааш ир, нөгөөдөр шуурга шуурах гэж байна гэхэд л тэдний тэдэн цагт та ирээрэй гэхээр нь малаа хаяж ирсээр байгаад хувхай хоосон болсон. Төрийн банкинд 16,000,000 төгрөгийн хэргийг шүүх үнэн шийдээд байдаг. Энэ хүн ял өгөх гээд байдаг. Одоо ингээд гарын үсэг зурсан гээд зүтгээд байх юм. Би малаа зардаг нь А*******. А*******ээ хамгаалаад байгаа. А******* тод хөх алаг адуу, тод хөх үхэр гэж оруулж ирж байгаа. Би тийм мал аваачиж өгөөгүй. Би өөрийнхөө тамгатай очсон. Та малчныхаа тамгыг аваад ир гэсэн. Гарал үүслийн ногоон дэвтэртээ тэмдэглээд авъя гээд би малаа аваачаад тамгаа дарж өгчхөөд эргээд хулгайч болоод явж байна. Прокурор заавал яллах гээд байдаг ямар шалтгаан байдаг юм бэ гэдэгт гомдолтой байна. Би шүүхэд их баяртай байна. Үнэн зөв шийдэж өгдөг юм байна” гэв.

 

Шүүгдэгч Р.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надаас мэдүүлэг аваагүй мөртлөө баахан юм бичээд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байсан. Тэгээд одоо тийм сиди байгаа. Прокурор нь одоо бид 2-ыг яллах гэж үзээд байна. Яагаад яллах гээд байгаа юм. Хүний гарын үсэг зурчхаад яллах гээд байна. Яагаад бид 2 энэ хүнд өстэй болчхоод байна. Миний гарын үсгийг Г л зурсан байх өчнөөн олон хавсралтад зурчихсан байсан. Би харсан. Өөрөө шинжлүүлсэн миний гарын үсэг биш гарсан. Гомдолтой байна. Прокурор ял өгөх гээд зүтгээд байдаг ямар учиртай юм бол доо” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл тус бүрт тайлбар өгье. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 224 дугаар цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Энэ цагаатгах тогтоол гарснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын, цагдаа мөрдөн байцаалтын зүгээс хэрхэн яаж хуулийг дураараа тайлбарлаж, зөрчиж, хууль бус нотлох баримтыг яаж цуглуулж, бэхжүүлж хэрэг болгож орж ирдгийг тодорхой тайлбарласан бөгөөд энэ урт хугацаанд хэвийн юм шиг болсон зүйлийг таслан зогсоож чадсан хууль зүйн ач холбогдолтой шийтгэх тогтоол гэж үзэж байгаа. Энэ шүүх хуралдааны хувьд цагаатгах тогтоол гэдэг байдлаар тайлбарлахыг хүсч байна. Учир нь шүүгдэгч нарын хувьд энэ тогтоол цагаатгах тогтоол. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 224 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Бүхэлд нь хүчингүй болгуулна гэдэг нь энэ шийтгэх тогтоолд 3 шүүгдэгч байдаг. Мөн А*******тэй холбоотой хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах эрх зүйн ач холбогдол Прокурорын хувьд байхгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй шүүгдэгч А*******ийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байдлаар бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлт байна. Гэтэл эсэргүүцлийн тодорхой хэсэгт шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарт холбогдох хэсэгт гомдол гаргаад байдаг. А*******ийн эрх зүйн байдлыг прокурорын зүгээс илтэд буруутгаж гомдол гаргах эрх хэмжээ байхгүй. Өөрт холбогдох зөвшөөрөхгүй байгаа хэсэг дээрээ гомдол гаргах эрхтэй байгаа. Прокурор 15, 16 агуулгаар гомдлоо тайлбарладаг. 3-4 агуулгаар давж заалдах эсэргүүцлийг бичсэн байдаг. Шүүхийн захирамжид гомдол гаргах эрх олгоогүй. Үргэлжлүүлэн шүүх хуралдаан хийсэн гэдэг. Шүүх нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт шийдвэрлэн 344 дүгээр захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарладаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой үе шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргадаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч ганцхан 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр тэр асуудлыг яриад байдаг юм биш. Анхан шатны шүүхээр, давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэхэд урьдчилан шийдвэрлэх гээд бүх шатанд энэ асуудлыг ярьдаг. Хууль зөрчсөн нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх гээд байна шүү дээ гэдэг байдлаар бүх шатанд ярьдаг. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудлыг авч хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгж шийдвэрлэхдээ наана чинь нэг өмгөөлөгч яриад байна шүү дээ. Нотлох баримтыг хүчингүй болгуулах хүсэлт өгөөд байхад нь аль хэсгийг хасаад аль хэсгийг хасахгүй байгаа вэ гэдэг асуудлыг шийдвэрлээгүй чинь анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл боллоо гэж ахин хэлэлцүүлэхээр буцаасан. Шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг ахин хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг анхнаас нь хэлэлцэх асуудал байгаа болохоос шинээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах асуудал байхгүй. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нотлох баримт болон бусад ажиллагаатай холбоотой хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаж шийдвэрлэнэ. Энэ хүсэлтийг аль ч шатанд шийдвэрлэж болно. Шүүх энэ асуудлыг тухай бүр шийдвэрлэнэ гэж хуульчилсан. Энэ зарчмын дагуу шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд хүсэлт байна уу? гэх асуултад хууль зөрчиж цугларсан нотлох баримтыг хэрэгт авагдсан баримтаас хасуулах тухай хүсэлтийг тухай бүрд нь дурдсан. Шүүх хүлээн авч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Бүхэлд нь хангаагүй. Шүүх шийдвэрийг хэрхэн яаж гаргаснаа тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг шүүх оролцогчдоос асууж шийдвэрлэсэн. Энэ бүр цаг минуттай хэргийн тэмдэглэлд байгаа. Гомдол гаргах эрхтэй юу? үгүй юу? гэдгийг шүүх бүрэлдэхүүн тайлбарласан. Мөн яг ингэж тайлбарлаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Түүн дээр гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналыг оролцогч нарт тавьсны дагуу шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн байгаа. Тэгэхэд прокурорын зүгээс 344 дугаар захирамжид гомдол гаргах эрхгүй. Мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн бүх цаг үед, яллах дүгнэлт унших, асуулт асуух, хариулт авах бүх цаг үед прокурор мэтгэлцэх зарчмыг хангаж оролцуулсан. Прокурорын мэтгэлцэх зарчмыг нэг удаа алх цохиж хязгаарласан зүйл байхгүй. Эрх тэгш мэтгэлцээний зарчимд тулгуурласан бүх нотлох баримтыг прокурор өөрийн яллах дүгнэлт болон яллах дүгнэлтэд дурдаагүй баримтыг хүртэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан. Яллах дүгнэлтэд нотлох үүрэг бүхий баримтыг шинжлэн судлах шүүхийн мэтгэлцээнийг хязгаарлаж байгаа бол бусад нотлох баримтыг хүртэл шинжлэн судлах бололцоог олгож өгсөн. Захирамж  танилцуулаагүй. Захирамжид гомдол гаргах эрхийг хангаагүй. Мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэдэг нь үгүйсгэгдэнэ. Тухайн захирамжийг авмаар байна гэж албан бичиг явуулж байж олж авсан гэдэг ч албан бичгээр танилцана уу? биечлэн ирээд танилцана уу? энэ хүний эрх хэмжээний асуудал. Яагаад бусад оролцогч нар хүрч ирээд хэргийн материалтай танилцаад тэмдэглэл хийж аваад байхад эрхэм прокурор заавал албан бичгээр тэр захирамжийг авах ёстой юм. Энэ бол зөвхөн өөрийн ажил хэргийн хувьд тухайн асуудалд хэрхэн эрх хэмжээтэй хандаж байгааг л харуулж байгаа. Албан бичгээр хүргүүлсэн нь прокурорын эрх ашгийг хөндөөд байгаа зүйл байхгүй байна. Н, Б, Э, Н******* нарын мэдүүлгийг шинжлэн судлах, шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт нотлох баримтаар үнэлээгүй гэдгийг дурддаг. Үүнийг үнэлэх боломжгүй. Яагаад энэ асуудлуудыг шүүх өөрийн дотоод итгэлээр эдгээр нотлох баримтыг шийтгэх тогтоолд үндэслэх боломжгүй вэ гэдгийг тухайлан заасан. Хэрвээ шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь уншиж танилцсан бол энэ тухай дүгнэлтүүдийг тухай бүрт тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл Н*******гийн мэдүүлэг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг шалгах ажиллагаа илтэд хууль бус болсныг шүүх анзаарч нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа мөрдөгч нарыг гэрчээр байцаадаг. Энд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маш ноцтой зөрчинө. Хуудас болгонд гарын үсэг зурах ёстой шүү дээ гэхээр хуудсыг зөвхөн эхний нүүрээр тайлбарлаж мэтгэлцдэг. Хуудас бүрт гарын үсэг зур гэдэг маань яриад байгаа зүйл бүрийнхээ дор гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Өөрөөр нь гарын үсэг зуруулах ёстой. Хуурамчаар бичиг баримтыг бүрдүүлэх ёсгүй байдаг. Бичиг үсэг мэдэхгүй. Үр хүүхэд хань ижлийнхээ эсрэг мэдүүлэг өгч байгааг хуульд зааснаар тайлбарлаж өгөх ёстой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчсөн учраас захирамжаар тодорхой зааж өгсөн. Сд-г нотлох баримтаас хассан нь журам зөрчиж гар утсан дээрээ аваад байгаа бичлэг байна. Нотлох баримтыг яаж цуглуулж бэхжүүлж авах вэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд нэг бүрчлэн заагдсан байгаа. Мөрдөгч ажлаа хийж мэдэхгүй байгаа бол хуулиа уншаад хийхэд хууль зөрчихгүй байх боломжтой. Хүний эрхийг хар муйхараар зөрчиж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж гэм буруутай болгож шийдвэрлэж болохгүй гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд та нар нотолбол зохих зүйлийг хуулийн дагуу нотол гэсэн шаардлага тавьсан байдаг. Хуулийн дагуу нотлогдоогүй баримт сэлт хичнээн сайхан бичигдсэн байгаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 1 дүгээрт хуулийн үндэслэл болоогүйг шийтгэх тогтоолд дурдсан. 2 дугаарт тухайн сд бичлэг нь бусдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж цуглуулж мэдсэн нууцлалыг бусдад задруулж байгаа нэг хэлбэр болсон. Э, Н*******, Н, Г, Б гээд бүх хүмүүст энэ асуудлыг задалсан нь ойлгомжтой болсон. Үүнийг шийтгэх тогтоолд дурдсан. Шүүхийн шийдвэрийг эрхэм прокурорын хувьд уншсан байх гэж бодож байна. Мөрдөгчийг гэрчээр асуусан байдаг. Хүнээс мэдүүлэг авахдаа мөрдөгч сууж байгаад хээр гадаа гудамжинд сууж байгаа мэт мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэг авч байхдаа хуулийн шаардлагатай ажил хийж байх үедээ хэн дуртайг нь оруулж гаргадаг. Хэн дуртай нь тэр гэмт хэргийн талаар ярьж байгаа мэдээллийг орж сонсдог. Би өөрийнхөө биш хүний малыг хулгайлсан шүү гэж ярьж байсныг нь би сонссон гэж хожим шүүх хуралдаан дээр авч ирж гэрчийн мэдүүлэг авдаг. Энэ үнэхээр хуульд нийцэх боломжгүй. Хүний мөрдөж байгаа хэрэгтэй холбогдуулан  дотоод итгэлтэй нь уялдуулаад гэрчийн мэдүүлэг авах боломжгүй. Хяналт тавьж байгаа прокурор нь чи тийм мөрдлөг хийж байсан биз дээ. Одоо үүнийхээ талаар ярь гээд яриулдаг. Энэ бол хуульд нийцсэн нотлох баримт биш гэж шүүх нарийн зохицуулалт хийж дүгнэлт гаргасан. М*******аас гаргасан М дугааартай гомдол болгоныг 1 цагт биччихээд гээд прокурор эсэргүүцэлдээ дурддаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэн анх гомдол гаргасныг цаг минуттай нь гаргаж ирсэн. Хохирогч болгон мэдээллийн эх сурвалжийг мөрдөгч Гаас авсан байдаг. Жишээлбэл Н мэдүүлэг шалгах ажиллагаанд яваад хохирогч Н*******ад хөндлөнгийн гэрчээр явсан ажиллагааныхаа талаар нууцыг задруулсан. Хохирогч болгоны гэрт нь очиж танай малыг Д.М******* эхнэр хүүхэдтэйгээ авчихсан байна. Бичлэг нь надад байна гээд утсан дахь бичлэгээ үзүүлж байгаад гэрчийн мэдүүлгийг нь уншуулж байгаад гомдол авдаг. Энэ бүхнийг гомдол мэдээллийн М дугаараар М335-М1477 дугаартай бүх гомдол бүрт авагдсан.  2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг, 21-ний өдрийн мэдүүлэг шалгах ажиллагаануудыг яг ижилхэн хуулбарлаад гомдол мэдээллийн ар болгонд хийчихдэг. Энэ 4, 5 хуудас хавтаст хэрэгт шинээр нотлогдоод байгаа баримтууд цөөхөн. М дугаартай гомдол болгоны ард Н*******гийн мэдүүлэг, мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, ногоон дэвтэр гурвыг канондож хийгээд байдаг. Их шалгаад ийм олон хавтастай болсон юм биш. Канондож хийсэн баримтууд байгаа. М дугаартай гомдлууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууц задруулсан. Гийн өгсөн мэдээллийн эх сурвалжаас хохирогч нар ингэж гомдол гаргах болсон байна гэдгийг шүүх дүгнэсэн. Ингэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнийг прокурорын зүгээс агуулга ач холбогдол гэхээсээ илүү нэг цаг хугацаанд тайлбарлаж бичиж байгаа нь өөр цаг хугацаатай байна гэдэг тайлбарыг үгүйсгэж байгаа. Прокурорын зүгээс шүүх бодит байдлыг зөрүүтэй тааварлаж бичсэн гэж байгаа. Энэ шийтгэх тогтоол дээр ямар нэгэн байдлаар таамаглаж, тааварлаж бисэн үг өгүүлбэр байхгүй. Бичсэн үг өгүүлбэр дүгнэлт бүрийнхээ ард хуудасны дугаараар ямар нотлох баримтыг иш үндэс болгож байгаагаа тайлбарлаж бичсэн. Ингэж бичихдээ аль хуулийн дагуу үгүйсгэгдэж эсвэл үндэслэл болж байна гэдгийг тухайлан тайлбарлаж бичсэн. Энэ шийтгэх тогтоол нийт 19 хуудастай байдаг. Үндэслэл болгоны ард бодит нотлох баримтад тулгуурласан хэрэгт авагдсан хуудасны дугаараар, хуульд заагдсан хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж бичсэн нь прокурорын энэ шийтгэх тогтоолыг тааварлаж бичиж байна гэдэг тайлбар хууль зүйн үндэслэлгүй үгүйсгэгдэж байгаа. Өөрийн шийдвэрлэж байгаа байдлаа эссээ байдлаар тааварлаж бичдэг шийтгэх тогтоол гэж байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэж байгаа гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд 2020 оны 2 дугаар сарын 21, 22-ны мэдүүлэг шалгах ажиллагаа болон мэдүүлгийг эх сурвалж болгож оруулж ирээгүй. Зөвхөн ач холбогдлын хувьд хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай байдлаар шинжлэн судалсан юм гэсэн. Прокурорт шинжлэн судлах ч эрх байхгүй. Яллах дүгнэлтийн хүрээнд буруутгах ажиллагааг нотлох үүргийг л хүлээж байгаа. Үнэхээр нотлогдохгүй бол цагаатгана. Энэ хуульд заасан прокурор болон шүүгдэгч нарт олгосон эрх хэмжээ. Прокурор нотлох үүрэгтэй. Нотлох баримтаа хууль бусаар бүрдүүлсэн байна гэж шүүх үзэж байгаа тохиолдолд яллах дүгнэлт үгүйсгэгдэж байгаа. Гэтэл яллах дүгнэлтдээ дурдаагүй атлаа эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн байх юм уу? эсвэл үнэхээр мэтгэлцээгүй байтлаасаа бусад нотлох баримтыг шинжлэн судалж байсан асуудал байх уу. 2020 оны 2 сарын 21, 22-ны өдрийн нотлох баримтаас хасаж шийдвэрлээд байгаа нотлох баримт 1 дүгээрт хассан, 2 дугаарт яллах дүгнэлтэд тэрийгээ дурдагдаагүй. Яг тэрийгээ барьж ахиж эсэргүүцэл бичээд байдаг. Яагаад яллах дүгнэлт дээр дурдаагүй байсан байж захирамжид гомдол гаргах эрхтэй байсан гэж гомдол гаргаад байгаа вэ? яагаад тэр баримт давж заалдах шатны шүүх дээр ач холбогдолтой байсан гэж маргаж байгаа юм. Гэтэл энэ хэрэг дээр бусдыг буруутгах гол зүйл 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг л байдаг. Тэр мэдүүлгийг эх сурвалж болгож бусад баримтуудыг бүгдийг хуурамчаар үйлддэг. Энэ хэрэг дээр ганцхан Н*******гийн мэдүүлэг хуурамчаар үйлдэгдээд байдаг биш. Ө*******ынхыг хүртэл хуурамчаар үйлддэг. Энэ бүх цаг хугацаанд 3 жилийн туршид прокурор хяналт тавьдаг. Үүнийг зөвтгөх гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Дахиж нэмж мөрдөгчийг гэрчээр оролцуулж орж ирдэг.  Хуулийг заавал ингэж муйхараар хэн нэгнийг далайлгаж буруутгах гээд байгаа асуудлыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 224 дүгээр цагаатгах тогтоолоор  тодорхой хэмжээнд энэ ойлголтыг таслан зогсоосон эрх зүйн өндөр ач холбогдолтой тогтоол гэж үзэж байгаа. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолбол зохих зүйлийг нотлоогүй, нотлох баримт хууль бус байна гэж үзсэн бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой байсан гэж тайлбарладаг. Гэтэл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль эрх зүйн орчин бүрдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шийтгэ, эсвэл цагаатга гэж заасан байдаг. Энэ нь хууль ёсны үндэслэлтэй нотлох баримтад тулгуурласан. Хуулийг үнэн зөв хэрэглэсэн байвал ингэж шийд гэж байгаа. Нэмэлт мөрдөн байцаалтад хэдэн удаа буцаалгах юм. Буцаах тоолондоо прокурорын алдаатай хийсэн ажиллагааг шүүх засах ёсгүй. Тийм учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр цагаатгаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн эрүүгийн хэрэг хэзээ яаж болсон вэ? гэдэг тал дээр дүгнэлт хийгээгүй гэж тайлбарладаг. Энэ дүгнэлтийг шүүх гэхээсээ илүү прокурор дүгнэлт хийх ёстой. Прокурор дүгнэлт хийж байж энэ хэргийг шүүх рүү оруулах ёстой. Хэзээ, хаана, хэн хэрэг үйлдсэнийг прокурор тогтоож байж шүүхээр энэ хэргийг шийдвэрлүүлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүртэл хэзээ яаж хэрхэн шийдвэрлэгдсэнийг шүүх дүгнээгүй байна гэдэг. Энэ нотлогдохгүй учраас дүгнэлт хийхгүй. Нотлогдохгүй учраас нотлогдохгүй байна гэдэг дүгнэлт хийнэ. Энэ гэмт хэрэг 2019 онд гарсан юм уу? 2020 онд гараад байгаа юм уу? цагаан пробокс машинтай ганцхан А*******ийнд очоод байгаа юм уу? Болдоогийнд очоод байгаа юу гэдэг нь нотлогдохгүй байгаад байна. Нотлогдохгүй байна гэдгээс өөр дүгнэлт хийх боломжгүй. Шүүх өөрийн хэмжээнд энэ асуудалд дүгнэлт хийсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр зөвхөн А*******ийн асуудлыг тайлбарлаад, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг дээр Д.М*******, Р.Н******* нарын асуудлыг авч хэлэлцжээ гэдэг. Гэм буруугийн тал дээр гэм буруутай хүний асуудлыг л тавина. Гэм буруугүй хүнийг гэм буруутай болгох гэж тэр бүлэг рүү оруулж бичих ёсгүй. Шүүхийн шийтгэх тогтоол бичигдвэл зохих хэмжээндээ бичигдсэн. Дүгнэвэл зохих хэсэгт асуудлыг дүгнэсэн байгаа. Хохирол, хор уршиг ямар байдалтай байна вэ? гэдэгт Р.Н*******, Д.М******* нарын асуудлыг давхар шийдвэрлэх ёстой. Харин гэм буруугийн асуудал дээр А*******ийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин нотлогдохгүй байна гэдэг нь удиртгал хэсэгтээ орж байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол бичигдвэл зохих,  багтааж болох агуулгуудыг бүрэн агуулсан байна гэж үзэж байгаа. Мөн прокурорын яллах дүгнэлтийг няцаасан эсвэл үндэслэлгүй болох шийдвэрийг тайлбарлаагүй гэдэг асуудал эсэргүүцэлд дурдагддаг. Би өмнө нь хэлсэн шийтгэх тогтоол удиртгал хэсэг, гэм буруугийн болон гэм хорын бүх асуудалд үндэслэл тайлбараа бичсэн. Прокурорын яллах дүгнэлтийг хэрхэн яаж үгүйсгэж байгаа болон няцааж байгаа асуудлуудыг шийтгэх тогтоолын 14 дүгээр хэсэгт тухайлан тайлбарласан байгаа учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шийдвэрлэх ёстой асуудлуудыг бүгдийг шийдвэрлэж, хүний эрхийг хангасан, хуул хэрэглээ, хууль зөрчсөн асуудлуудыг шийдвэрлэж чадсан эрх зүйн өндөр ач холбогдолтой шийдвэр гаргасан байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.М*******, Р.Н*******, Н.А******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан прокурор М.Сайнзаяагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасаан үндэслэлээр буюу шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна гэж үзэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, зарим хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан гэрч С.Г, Н.Оргилтуяа, Ч.Э, Б.Г нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн дүгнэлт зэргийг  үнэлээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс тухайн нотлох баримтуудыг хэрэгт цугласан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалбал хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзээгүй болно. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан  дээрх гэрч нарын мэдүүлэг, дүгнэлт зэрэг баримтат мэдээллүүдийг бусад нотлох баримттай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ээ цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарыг цагаатгасан үндэслэл болох нотлох баримтын агуулгыг тодорхой тусгаагүй, улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн  талаар дүгнээгүй, хэт ерөнхий, хялбарчилсан дүгнэлт хийж хуульд заасан шаардлагыг зөрчсөн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4-т заасан цагаатгасан этгээдийн хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар дурдаагүй алдаа гаргажээ.

Шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байх тул шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэр хүлээн авснаас хойш 10 жилийн дотор тухайн орон нутгийн шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нар нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай нотолж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...  эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийтэд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Энэ 2 шинжийн аль нэг нь хангагдаагүй тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй.

            Прокурорын дүгнэлтэд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт, түүнийг үнэлэх журмыг зохицуулсан 16-р бүлгийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Прокурорын шүүгдэгч нарыг буруутгаж буй дүгнэлт нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЗ/344 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар “Шүүгдэгч Р.Н*******г 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд гэрчээр асууж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулж, яллах нотлох баримт болгон ашиглаж, үүнд тулгуурлан түнийг өөрийн нөхөр Д.М*******ын хамт мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэж дүгнэж нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх боловч захирамжийнхаа хууль зүйн болон бодит үндэслэлийг тайлбарлаагүй оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байна. Түүнчлэн  шүүгдэгч нарт холбогдох хэрэгт 2017 оны Эрүүгийн хууль эсхүл 2020 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх эсэхэд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн үед гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй талаар, шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь дээрх гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Прокурорын “Дээрх шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны явцад бүрэн эхээр уншиж хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, ...шийдвэрт гомдол гаргах эрхийг тайлбарлан өгөлгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогч, талуудын гомдол гаргах эрхийг хязгаарлаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасны дагуу тухайн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг, шүүх шийдвэрээ хуульд зааснаар уншин сонсгож, хүчинтэй болж, хуульд заасан хугацаанд бүрэн эхээр, бичгээр үйлддэг болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Н.А******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “...би өмнө нь мэдүүлэг өгөөгүй, Г манай хүүхдүүдтэй холбогдоод мах өгсөн авсан гарын үсэгтэй юмны талаар мэдүүлэг авсан. Би өөрөө байгаагүй, миний дэвтрийг үндэслэн мэдүүлэг бичсэн, би өөрийн биеэр мэдүүлэг өгч байгаагүй гэж...” зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Н.А*******ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, Е1958846 дугаартай гадаад паспортын хуулбар, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай хуралдааны тэмдэглэлийн 34-38 дахь талд гэрч Н.А*******ийг шүүх хуралдаанд цахимаар оролцож өгсөн мэдүүлэг болон хэргийг прокурорт буцаах тухай 2021/Ш3/29 дугаартай шүүгчийн захирамж, гэрч Н.А*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг,  гэрч З.Б, С.Г нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Н.А*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.А*******ийн дээрх үйлдэл нь заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Н.А*******д хуульд заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус хангасан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн Зургаадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг хуульд зааснаар баримталсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуульд нийцээгүй зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.А*******д холбогдох болон бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/224 дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ХҮРЭЛБААТАР              

 

                                       ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ