Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай ****дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын **** аманд *** ХХК-д 10297 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар олгожээ.

2.2.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын **** амны хязгаарлалтын бүсээс *** ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 10297 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ****дугаар тушаалаар Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутагт орших **** ам нэртэй газарт 10297м2 га талбайг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар хууль тогтоомжийн дагуу авсан. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/363 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1126 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичгээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны дотор газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь манай байгууллагын газар ашиглах эрхэнд хууль бусаар халдсан гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж баримтжуулах үүрэгтэй байхаар заасан. Манай компанид Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас уг акттай холбоотой мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, зөвшилцөх боломжоор хангалгүйгээр захиргааны акт гаргасан байна. "***" ХХК-ийг газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан байсан. Манай компанийн зүгээс гурвалсан гэрээ байгуулахаар хэд хэдэн удаа биеэр хандсан боловч манай компанитай гэрээ байгуулаагүй өдийг хүрсэн.

Гэрээ байгуулаагүйгээс шалтгаалж газрын төлбөрөө төлөх гэхээр газрын нэхэмжлэх үүсэхгүй, хаана хэдэн төгрөг хэрхэн төлөх нь тодорхойгүй биднээс үл шалтгаалах захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүйд хүрч манай байгууллагыг газрын төлбөр телех боломжоор хангаагүй юм.

*** ХХК нь авсан газар дээр Амралт, сувиллын цогцолбор байгуулах төслийг 10237.1м буюу 1.03 га талбайд нийт 233,540,600 төгрөгөөр хэрэгжүүлэхээр төсөвлөж *** ХХК-ийн хүсэлтийн дагуу Байгаль орчны зовлох үйлчилгээний **** ХХК-тай гэрээ байгуулсан. Мөн бид тухайн газрыг ашиглах эрх авснаас хойш үйл ажиллагааны төслүүдийг боловсруулж, холбогдох эрх бүхий зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдээр барилгын зураг төсөл боловсруулж, төслийн дагуу баригдах барилгын ажлын санхүүжилт эдийн засгийн байдал, ковид-19 зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан удааширсан нөхцөл байдалтай байсан.

Газрын тухай хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх бүхий гэрчилгээтэй этгээд тухайн газарт заавал үл хөдлөх эд хөрөнгө барих, бариагүй нь газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл болох тухай зохицуулалт байхгүй юм. Мөн газар ашиглах эрхийг цуцалсан тухай шийдвэрийг мэдэгдээгүй зэрэг үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас **** аманд байрлах 10297м2 га газрын ашиглах эрх цуцлагдаж одоогоор газраа ашиглах эрхгүй болоход хүрээд байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай **** тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ***** ХХК 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах ****** аманд 10,795 м.кв газар авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ****тушаалаар аваад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *** тоот тушаалаар манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *** тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхгүйг хүчингүй болгож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "***" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны ****дугаар тушаалаар "***" ХХК-д Богдхан-Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд **** амны хязгаарлалтын бүсэд 10297 м талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" *** дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 тоот саналаар нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Гэтэл Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гуравласан гэрээг байгуулж, эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь тухайн компанийн үүрэг юм. Мөн Богдхан-Уулын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас *** ХХК-д холбогдуулж газар ашиглах эрхийг нь 2023 оны *** дугаар тушаалаар цуцалсан. Гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасан үндэслэлээр цуцалсан. Энэ үндэслэлээр цуцалсан үндэслэл газрын төлбөрөө төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Хэрэгт авсан баримтаар газрын төлбөр төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Газрын төлбөрөө төлөөгүй нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... манай компани нь маргаан бүхий газартай холбоотой Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчлүүдийг гаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ... *** ХХК нь Газрын тухай хуульд заасны дагуу гарын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрхийн хүчингүй болгосон нь үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай **** дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын **** аманд *** ХХК-д 10297 м.кв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгожээ.

5.Дээрх тушаалыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас нэхэмжлэгч *** ХХК-д маргаан бүхий 10297 м.кв талбайг ашиглах ***** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.

6.Нэхэмжлэгч *** ХХК нь дээрх байдлаар газар ашиглах эрхээ авсан байхад нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийн хүчингүй болгох тухай *** дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

7.Маргаан бүхий дээрх тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ****дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан 11 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч *** ХХК нь газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

8.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно., 10.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй., 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.

9.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй байсан бөгөөд энэ талаар үзлэгт оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлсэн бөгөөд энэ талаар маргаагүй болно.

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын үзлэгт оролцохдоо ... Манай компани нь маргаан бүхий газар дээрээ хийсэн бүтээн байгуулалтын ажил одоогоор байхгүй байгаа, маргаан бүхий газрыг тойруулж жижиг хашаа татсан боловч тэр нь нураад одоо мэдэгдэх зүйлгүй болсон байна, газар байгаа контейнер, гэр зэрэг нь манай компанийнх биш урд барилга барьж байгаа компанийн эд зүйлүүд байх би сайн мэдэхгүй байна. гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

12.Тус шүүх нэхэмжлэгч *** ХХК-ийн газрын тооцоо нийлсэн актыг гаргуулахаар Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/1761 дугаартай албан бичгийг хүргүүлжээ.

13.Дээрх албан бичгийн хариуг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар албан бичгээр ирүүлсэн байх бөгөөд уг албан бичигт Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд хуулийн этгээд *** /РД:****/ ХХК нэрээр газрын бүртгэлгүй байна. гэжээ.

14.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч *** ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

15.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах. тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

16.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдийн шүүх хуралдаануудыг хойшлуулсан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох боломжоор удаа дараа хангасан бөгөөд өмгөөлөгч нь дахин шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан *** ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.