Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0360/З |
Дугаар | 404 |
Огноо | 2018-10-24 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 404
Ц.А, Г.Ц, С.С, Ц.М
нарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Х.Батсүрэн,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0443 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Н.Н, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр.
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0423 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.10, 32.1.13, 159 дүгээр зүйлийн 159.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0443 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 443 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч давж хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, орон нутгийн хурлын дүнгийн холбогдох хэсгийн хүчингүй болгох... эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд олгоогүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч нарын зүгээс Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 тойрогт явуулсан сонгуулийг зохион байгуулсан Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны шийдвэр үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Харин Өмнөговь аймгийн сонгуулийн хороог Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай” 21 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтыг үндэслэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтыг үндэслэн татан буулгасан байсан. Иймд захиргааны бүхий л үйл ажиллагааны суурь харилцааг зохицуулж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу татан буугдсан Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн этгээдийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, мөн тухай сонгуулийн хорооны гаргасан сонгуулийн дүнгээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нэр дэвшигчтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох эрх зүйн үр дагаврыг байгуулсан, татан буулгах шийдвэр гаргасан Сонгуулийн ерөнхий хороо хариуцахаар байна.
7. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2-т заасан эрх зүйн үр дагаваруудыг шаардаж байгаа болно. Харин Сонгуулийн хуулийн эдгээр заалтуудыг хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий этгээд нь тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага юм.
8. Гэтэл Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан байгаа бөгөөд ийнхүү татан буугдсан байгаа тохиолдолд татан буугдсан сонгуулийн хорооны бүртгэсэн нэр дэвшигч нарыг хэн нэрийн жагсаалтаас хасах вэ гэдгийг Сонгуулийн тухай хуулиар зохицуулаагүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн суурь зохицуулалт уг харилцаанд үйлчлэх ёстой. Ийнхүү хууль тогтоогчийн зүгээс нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаад зорилт чиг үүргээ хэрэгжүүлээд татан буугдчихдаг байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврыг хэн хариуцах вэ гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтаар тодорхой хуульчилсан гэж үзэж байна.
9. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа, эрх үүргийг зохицуулсан хуулиар Сонгуулийн ерөнхий хороонд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах эрх хуулиар олгогдоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь захиргааны эрх зүйн харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн дамжин шинээр орсон зарчмын шинжтэй чухал зохицуулалтын хэрэглээ, агуулга, ач холбогдлыг үгүйсгэсэн шийдвэр боллоо. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Сонгуулийн ерөнхий хороог эрхээ хэрэгжүүлэхийг шаардаагүй, харин ч эсрэгээрээ өөрийн татан буулгасан байгууллагынхаа үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврыг хариуцах үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа болно.
10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 443 дугаар магадлалыг өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрог Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрог Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Д, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
12. Нэхэмжлэгч Ц.А, Г.Ц, Ц.М, С.С нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Өмнөговь аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдаж, 8 дугаар сарын 01-ний өдөр татан буугдсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу татан буугдсан сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн этгээдийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нэр дэвшигчтэй холбоотой хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зохион байгуулах үр дагаврыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцна” гэж тодорхойлсон, мөн энэ үндэслэлээр хяналтын гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
13. Шүүхүүд Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Сонгуулийн ерөнхий хороонд, аймгийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн этгээдийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах, мөн сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зохион байгуулах эрх хуулиар олгогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ.
14. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Сонгуулийн ерөнхий хороо /цаашид “Хороо” гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн”, 3.3-т “Хороо нь аймаг, ...ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана”, 7 дугаар зүйлийн 7.5-д “Хороо аймаг, ...ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь зөвхөн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
15. Харин, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулахаар, 31.5-д аймаг, нийслэлийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулахаар хуульчилсан, өөрөөр хэлбэл тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг аймгийн сонгуулийн хороо шууд удирдан зохион байгуулж явуулахаар, харин сонгууль нэгэнт дуусч тухайн сонгуулийн хороо татан буугдсаны дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль /нөхөн болон ээлжит бус сонгууль/ зохион байгуулагдах нөхцөл, шаардлага бий болсон тохиолдолд энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д зааснаар шинээр сонгуулийн хороог байгуулахаар тус тус зохицуулжээ.
16. Иймд нэхэмжлэгч нарын, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо нь түүнийг байгуулсаныхаа хувьд, татан буугдсан аймгийн сонгуулийн хорооны эрх зүйн үр дагаврыг бүрэн хариуцах ёстой гэж маргасан нь үндэслэлгүй байна.
17. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. ...” гэж зааснаар нэхэмжлэгч нарын маргасан, тухайн маргаантай харилцааг хуулиар зохицуулаагүй бол Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхээр байна.
18. Гэвч дээрх байдлаар буюу Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль зохион байгуулагдах нөхцөл, шаардлага бий болсон тохиолдолд шинээр сонгуулийн хороог байгуулахаар хуульд тухайлан зааж зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг энэ тохиолдолд хэрэглэх боломжгүй бөгөөд шүүхүүдийн “...орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах, мөн сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох, дахин сонгууль зохион байгуулах эрх нь аймгийн сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
19. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0423 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0443 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА