Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 133/ШШ2024/00476

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: *************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************** холбогдох,

үндсэн зээл 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,241,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,767 төгрөг, бусад зардал 9,300 төгрөг, нийт 2,726,906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ************* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************* нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр * дугаартай********** барьцаат зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3,3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд А33 загварын гар утсыг барьцаалсан. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,717,606 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс огт төлөлт хийгдээгүй байна. зээл 2,717,606 төгрөг, энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,726,906 төгрөгийг ************** гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ************* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл төлж дуусгана. Бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ************* холбогдох үндсэн зээл 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,241,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,767 төгрөг, бусад зардал 9,300 төгрөг, нийт 2,726,906 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч ************ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Миний бие 2024 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл төлж дуусгана. Бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлж дуусгана гэх тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,000 төгрөгнөөс 29,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,710 төгрөгийг улсын орлогоос, 29,290 төгрөгийг хариуцагч *********** гаргуулж, ************* ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************** нь үндсэн зээл 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,241,938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,767 төгрөг, бусад зардал 9,300 төгрөг, нийт 2,726,906 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч ************** ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,000 төгрөгийн тал хувь 29,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,710 төгрөгийг улсын орлогоос, 29,290 төгрөгийг хариуцагч *********** гаргуулж, ************** ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ