Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04914

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04914

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны **** тоотод оршин суух, регистр ******, Т**** овогт Ал*****   Н****,

Хариуцагч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, Ш*** хотхон М**** гудамж, * дүгээр байрны* тоотод оршин суух, регистр ******, Номгон овогт М**** Д****,

Нэхэмжлэлийн шаардлага:60 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*****, өмгөөлөгч С.О***** хариуцагч  М.Д***** өмгөөлөгч Н.И******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н***** нь хариуцагч М.Д*****  холбогдуулан 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би хотын захад хувийн сууц худалдах зарын дагуу хариуцагч болох М.Д*************** уулзахад өөрийн байшингийн талаар Бид энэ хашаа байшингаа өөрсдөө амьдран суух зориулалтаар маш чанартайгаар бариулж өнөөг хүртэл 10 гаран жил амьдран сууж байна.Энэ хугацаанд газар хөдлөлт болон ойрхон байрлах Гүнжийн булагтай хамааралтайгаар ямар ч асуудал гарч байгаагүй.Учир нь ойрхон байрлалтай гүнжийн булаг нь манай хашаанаас доош байрлалтай учир усны халиа болон сөрөг ямар ч нөлөөлөл байдаггүй..." гэсэн настай хүмүүсийн хэлсэн үгэнд итгэсний үндсэн дээр талууд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 0024 тоот үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний дагуу 40,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийн дугаар 0025 тоот өмчлөлийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцон Хаан банкны 2023.01.26-ны өдрийн ЗГ/2023******** тоот зээлийн гэрээгээр жилийн 20,4 хувийн сарын 1,7 хувийн хүүтэйгээр зээл авч, 2023 оны 2 дугаар сарын 02-ний өдөр нийт 50,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкин дах *********** төгрөгийн дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан.

Уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш өвлийн хугацаанд ашиглаагүй бөгөөд хавар газар гэсэж дулаарсантай холбоотойгоор тус байшиндаа амьдрахаар очсон боловч энэ үед байшингийн шал доош сууж хонхойлт үүссэн байсан ба үүнээс улбаалаад байшингийн дотор хана таазнаасаа хөндийрч том хэмжээний завсар гарч хаалганууд гажиж хаагдахаа больсон зэрэг ноцтой асуудлууд гарч ирсэн.Холбогдох асуудлаар хариуцагч Д****** гуайтай ярьж юунаас болсон шалтгааныг тодруулж асуухаар өөрөөр хэлбэл байшингийн суурийг яаж хийсэн, яагаад ингэж хазайлт муруйлт үүсэж байгааг асуух гэсэн боловч хөдөө явсан, утас нь холбогдохгүй гэх удаа дараа тайлбарыг түүний бэр болох Сараа гэдэг хүн өгсөн.Олон дахин утсаар нь залгаж байж холбогдон миний зүгээс та хүрч ирээд одоо байгаа байдлыг хараад яг юунаас болсон тухайг тайлбарлаж ярилцаад өгөөч гэж хэд хэдэн удаа хүсэлт тавьсан боловч хариуцагчийн зүгээс нэгэнт зараад борлуулсан одоо манайд хамаагүй" гэж хариулан уулзахаас татгалзсан болно.

Гэрээний 2.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө нь хувийн сууцны зориулалтай бөгөөд уг гэрээний 4.1-дэх заалтад Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй" гэж мөн уг гэрээний 4.3 дах заалтад худалдагч тал худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдлын талаар холбогдох мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй", гэрээний 4.6-д гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй", гэрээний 4.7-д худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч тал шаардлага гаргах эрхтэй, гэрээний 5.1 дэх заалтад үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг хариуцна гэж тус тус зохицуулахаар заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Бид өөрсдөө байшинг засварлуулж янзлуулах талаар барилгын мэргэжлийн хүнээс асууж зөвлөгөө авахад анхнаасаа байшингийнхаа суурийг буруу барьсан үед газрын хөрснөөсөө шалтгаалаад ингэж гажилт үүсдэг тул байшингийн суурийг бүхэлд нь өөрчилж шинээр барихгүй бол болохгүй" гэсэн зөвлөгөө өгсөн болно. Иймд суурь шаланд яг ямар асуудал байгааг гаднаас нь харж мэдэх боломжгүй учраас илрүүлж мэдэх зорилгоор байшингийн шалны паркетин хэсгийг хуулж үзсэн болно.Байшинг нурах эрсдэлтэй, засварлах боломжгүйг урд нь мэдэж байсан гэдгийг нотлох баримт:

Байшингийн суурь цементэн шал нь бүхэлдээ хагарч удаа дараа тухайн хэсэгт нь нөхөөс цемент цутгалт хийж байсан нь ил тодоор цементийн өнгөөрөө ялгарч харагдаж байгаа бөгөөд дахин хагаралт үүсэж бүх өрөөний шал нийтдээ энд тэндгүй хагарч ан цав завсар зай гарсан байна.

Байшингийн суурийн гажилтаас болж хана цонхны хэсгээрээ цуурч том хэмжээтэй ан цав завсар үүсэж (дотор нь янз бүрийн даавуу, дулаалгын материалаар чихээс хийж) гадуур нь өнгөлөн далдалж обой наасан байна.

Барилгын даацын хананд цууралт ан цав гарч нурах эрсдэлтэй байсныг аргалах зорилгоор байшинг бүхэлд нь машины трос төмрөөр чангалан ороож бэхэлж боосон байсныг олж мэдсэн болно.

Энэ бүхнээс байшинг эзэмшиж байх хугацаандаа удаа дараа засах гэж оролдож байсан буюу худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан байна гэж үзэж гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулан гэрээгээр өөрийн хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн болно.Харин худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу хэвийн ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд хариуцагч доголдлыг арилгах арга хэмжээ авахаас татгалзсан нь үүссэн нөхцөл байдал зөрчлийг арилган засварлах ажлыг талаар хоорондоо тохиролцох боломж олдохгүй худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.3 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгүүд нь нэгдмэл зориулалттай тул уг гэрээнүүдийн 4.6, 4.7, 5.1, 5.2, 6.5 дах заалтуудад тус тус зохицуулсны дагуу 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 0024 тоот үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00** тоот өмчлөлийн газар худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 254 зүйлийн 1, 256 дугаар зүйлийн 1, 256 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн цуцалж, холбогдох гэрээнүүдийн үнийн дүн болох 50,000,000 төгрөг, учирсан бодит хохирол болох нэхэмжлэгчийн сар бүр төлж байгаа Хаан банкны зээл болон зээлийн хүүгийн төлбөр 8,500,000 төгрөг, Хаан банкны зээлийн үйлчилгээний шимтгэл болох 400,000 төгрөг, нотариатчийн үйлчилгээний хөлс 99,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэгтийн хураамж 40,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би нэгж талбарын дугаар 1****** дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-********* дугаарт бүртгэгдсэн, ********* дугаар гэрчилгээтэй өөрийн өмчлөлийн *** м.кв талбайтай газар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо Бэлхийн ** дугаар гудамж **  тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн ** м.кв талбайтай, хувийн байшин /өвлийн сууц/ 2 тал хашаатай үл хөдлөх хөрөнгө /үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй 10 гаруй жил гэр бүлийнхээ хамт амьдарсан хувийн сууцаа зарж эмгэнийхээ хамт хөдөө гарч хэдэн мал авч амьдрах зорилготойгоор зарахаар 2022 оны 10 сард зар тавьсан байсан.Хэд хэдэн хүмүүс ир үзэж худалдаж авахаар янз бүрийн санал тавьж ярилцаж уулзаж байсан. Гэтэл манай баруун гудамжны баруун үзүүрт оршин суудаг өвгөн /Н***** өвөө нь/ ирж зарна гэж байсан үзэж болох уу гэхэд нь байшингаа үзүүлсэн.Маргааш нь тэр өвгөн эмгэнээ дагуулж дахин орж үзээд би охиндоо хэлье гээд гарсан.Хэд хоногийн дараа Номундарь ээж өвөөгийн хамт ирж үзээд надаас Гүнжийн булгийн ус орж ирдэг үү, энэ байшинг юугаар барьсан бэ? давхарлаж болох уу? Шалаа яаж хийсэн гэх зэргээр асууж би асуултад үнэнээр нь хариулж байшинг үзэж харж байсан.Ээж О*** гэгч нь охиныхоо нэр дээр авах гэсэн юм зээл олдох эсэх нь нь мэдэгдэхгүй байна гэж хэлээд явсан.Ингээд өвөл идшиндээ явсан хойгуур О******* ирж охинд маань байшинг худалдаж авъя гэж хэлсэн байсан.Биднийг ирсний дараа ээж О****** нь манайд ирж зээл авах болсон банкны хүмүүс ирнэ сайн үзүүлээрэй, нэгэнт авахаар болсон юм чинь зараа ав гэсэн.Үүний дараахан банкны хүмүүс ирж үзэж зураг аваад явахдаа боломжийн юм байна, **,** га илүү газартай юм уу гэж асууж байсан.Ингээд 2023.01.06-ны өдөр гэрээ хийж 50 000 000 төгрөгийг Номундарь шилжүүлэн өгсөн.Гэрээ хийсний дараа Номундарь ааваараа дамжуулан манайхыг нүү харин нүүхдээ аавд бүх юмаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлүүлсэн байсан.Ингээд бид нэгэнт зарж үнийг нь төлсөн учраас сандран Яармагт айлын хашаанд эд хөрөнгөө хэд хэдэн удаа машин хөлслөн зөөж нүүсэн.Байшин суллаж Номундарийн өвөөд хүлээлгэж өгсөн.Өвөө нь бүх өрөө тасалгааг үзэж хүүхдүүд нь өнөө маргаашгүй ирнэ гэхээр нь тэгвэл хөлдөнө гэж халаалтын усыг нь юүлж, гал зуухны тавилга, том өрөөнд байсан диван, цонхны хөшиг гэрэл, хувцасны өлгүүр зэргийг тэр чигт нь үлдээж түлхүүрүүдийг хүлээлгэж өгсөн.Мөн гадаа урт нь 8 м өргөн 3,6 м өндөр нь **-*** см, төмөрлөсөн агуулах саваа зүгээр өгсөн.Хүлээж авсан өвөө нь баярлалаа гээд үлдсэн.Мөн Номуундарийн ээж О****** илүү дутуу юм байвал үлдээгээрэй гэж байсан тул гараашаа өгсөн.Ингээд гэрээ хийж Номундарийн хамт газрын албаар орж үл хөдлөх хөрөнгө болох байшин, газрын гэрчилгээг 1,0 сая төгрөг төлж өөрийн өмчлөлийн ***м.кв газраа өгсөн.Бусад бүх тооцоог хийж ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй эрчим хүчний гэрээг шилжүүлж өгсөн.Ингэж нэхэмжлэгч Н****** нь надтай харилцан тохиролцож 70 м.кв талбай бүхий өвлийн орон сууц болон өмчлөлийн *** м.кв газрыг үзэж худалдаж авахаар тохиолцож гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлсэн.Би 2023.01.06-ны өдрийн 0024, 0025 дугаартай гэрээнд заасан үүргээ биелүүлж худалдан авагчид хөрөнгийг хүлээлгэн өгсөн бөгөөд А.Н****** ч үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээн авч үнийг нь бүрэн төлсөн.Гэтэл худалдан авч байгаа тал нь өөрсдөө нүдээр үзэж харж үнийг тохирч үл хөдлөх хөрөнгийг хүлээн авчхаад гэрээний 4.7, 5.1 заасны дагуу худалдсан эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан хэн аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг хариуцна гэж заасны дагуу дээрх гэрээг цуцалж өөрт хохирол учирсан гэж үзэж 60 000 000 сая төгрөг надаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Би дээрх худалдсан хувийн сууцаа 2012 онд 28,0 сая төгрөгөөр бариулахаар тохирч эхнэр тэтгэвэр барьцаалсан зээл, би цалингийн зээл авч, ах дүүгээсээ мөнгө цуглуулж бариулсан юм.Бид 10 жил уг байшиндаа амьдарсан.Байшингийн суурийг өндөр газар нь ** см, нам газар нь *** см, арматурыг ** үеэр хийж бетон цутгаж хийсэн.Байшингийн суурийг 4 машин шороо хийж дүүргэсэн бөгөөд шалны бетон цутгалтыг 1 миксер бетон зуурмаг хийж цутгасан юм.Байшинд анх тамбарыг бариулаагүй бөгөөд сүүлд нь өөр хүмүүсээр тамбар бариулсан бөгөөд тамбар нь суурь цутгаж хийгээгүй байшин нь тусдаа суурь цутгасан учраас байшинтай нь холбож тойруулж тросоор бэхэлж өгсөн юм.Орон сууцандаа 10 жил амьдрах хугацаанд бага саг засвар хийж байсан нь нэхэмжлэгчийг үзэж харахад нүдэн дээр нь ил харагдаж байсан учраас тэр заримыг нь асууж тодруулж байсан юм.Миний хувьд доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан зүйл огт байхгүй.Гэтэл доголдлыг нуун дарагдуулсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Байшинг худалдан авагч өөрөө болон ээж, өвөөгийн хамт хэд хэдэн удаа ирж үзэж харж зарим зүйлийг тодруулан асууж байгаад худалдан авахаар гэрээ байгуулан үнийг нь төлчхөөд 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа намайг доголдлоо мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 2 гэрээг цуцалж гэрээний үнэ 50 000 000 төгрөг, өөрт нь учирсан бодит хохирол гэж 10 000 000 төгрөг нэмж нийт 60 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хаан банкны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгууд, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, улсын бүртгэлийн газарт төлсөн мөнгөний баримт, зураг авах болон боловсруулсан үйлчилгээний хөлс төлсөн баримт, гэрэл зургийг шүүхэд өгсөн./хх 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12-21, 22, 29-30/

Хариуцагчаас:Гэрэл зургууд, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар төлсөн баримтыг шүүхэд өгсөн./хх 52-57, 58/

Хөрөнгийн үнэлгээний тайланг шүүх бүрдүүлсэн./хх 68-104/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Худалдагч нь худалдах, худалдан авах гэрээний 4.1, 4.3 дэх заалтыг зөрчсөн тул гэрээний үнэ 50,000,000 төгрөг, Хаан банкны зээл болон зээлийн хүүгийн төлбөр 8,500,000 төгрөг, Хаан банкны зээлийн үйлчилгээний шимтгэл 400,000 төгрөг, нотариатчийн үйлчилгээний хөлс 99,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тэмдэгтийн хураамж 40,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Би худалдсан хувийн сууцаа 2012 онд бариулсан, 10 жил уг байшиндаа амьдарсан, байшингийн суурийг өндөр нь газар ** см, нам газар нь *** см, арматурыг 8 үеэр хийж бетон цутгаж, суурийг 4 машин шороо хийж дүүргэсэн бөгөөд шалны бетон цутгалтыг 1 миксер бетон зуурмаг хийж цутгасан, тамбарыг нь суурь цутгаж хийгээгүй байшин нь тусдаа суурь цутгасан учраас байшинтай нь холбож тойруулж тросоор бэхэлж өгсөн, би доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан зүйл байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Хаан банкны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгууд, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, улсын бүртгэлийн газарт төлсөн мөнгөний баримт, зураг авах болон боловсруулсан үйлчилгээний хөлс төлсөн баримт, гэрэл зургууд, үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар төлсөн баримт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

А.Н***** нь М.Д***** 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, С****** дүүргийн ** дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны 266 тоотод байршилтай, *** м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 1463003250 дугаартай, улсын бүртгэлийн Г-****** дугаарт бүртгэлтэй, 000661734 дугаар гэрчилгээтэй газрыг худалдаг авч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна./хх 7/

Мөн А.Н***** нь М.Д***** 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Б***** *** дугаар гудамжны *** тоотод байршилтай, ** м.кв талбайтай, хувийн сууцны улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, ****** дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна./хх 9/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч А.Н***** нь дээрх 2 гэрээний үүргийг М.Д****** бүрэн төлсөн, худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Хаан банкны 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад зохигчид маргахгүй байна./хх 22, 6, 11/

Харин худалдан авсан хувийн сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, хариуцагч доголдлыг арилгах арга хэмжээ авахаас татгалзсан тул гэрээг цуцалж, гэрээний үнэ болон уг гэрээнээс үүссэн хохирол гаргуулах тухай үйл баримтад маргаж байна.

Х**** Ү**** Т*** ****-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Б**** ** дугаар гудамжны *** тоотод байршилтай, ** м.кв талбайтай хувийн сууц нь ** м.кв талбайтай тамбартай баригдсан, газар нь гадаргуугийн усны эх үүсвэртэй ойр байрлалтай, хөрсний ус бүхий газар байна, барилга нь хөнгөвчилсөн хийцтэй боловч суурийг цутгаагүй, шугам суурийн гүн нам талдаа ** см, өндөр талдаа ** см байна.Барилгын шал хагарч гэмтсэн байна.Барилгын суурийн хөрсийг бүрэн солиогүй, шавартай хөрстэйн улмаас хөрс температурын нөлөөнөөс хөлдөж, гэсэж хөдөлгөөнд орсноос шал бүхэлдээ хагарч гэмтсэн байна.Шалны хагарал гэмтлээс болж дотор хана цуурч, дотор хаалга гажиж хаагдахгүй болсон, сууцны барилгыг барихдаа тамбарын хийцийг барилгатай шууд тулгаж хийсэн байна.Суурийн хөдөлгөөн үүсэх үед тамбар барилгаас салж зай завсар гарсан тул тамбарыг барилгатай холбож бэхлэхийн тулд тросоор бэхэлгээ хийсэн байна.Тамбар хийхдээ барилгатай бэхлэх шийдвэр гаргахгүйгээр хийсэн тул байшинтай трос төмрөөр бэхэлсэн байна.Барилга нь хөнгөвчилсөн хийцтэй, баригдаад 10 жил болсон тул суурийн суулт нэмэгдээгүй, суурийг хүчитгэж бэхлэх аргаар засварлаж болно.Суурь засварлахад цонх, хаалга сольж засварлахад хана нурах эрсдэлтэй, барилгыг нурааж шинээр барихгүйгээр засварлаж болно, байшинг засварлаж хүн амьдрах нөхцөл бүрдүүлэхэд шаардагдах зардлын дүн 21 227 000 төгрөг болно гэжээ./хх 71-99/

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй", 4.3-т Худалдагч тал худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдлын талаар холбогдох мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй" гэж талууд тохиролцсон байна.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд худалдагч нь худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дах заалтыг зөрчсөн байх бөгөөд тухайн хувийн сууцыг үүргийн гүйцэтгэлд нөлөөлөхөөр доголдолтой гэж үзэхээр байх тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 526.1-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

С***** дүүргийн ** дугаар хороо, Б***** ** дугаар гудамжны *** тоотод байршилтай, *** м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын 1******* дугаартай, улсын бүртгэлийн Г-***** дугаарт бүртгэлтэй, ******** дугаар гэрчилгээтэй газар дээр баригдсан хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь доголдолтой байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-т зааснаар талуудын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлээс Хаан банкны зээл болон зээлийн хүүгийн төлбөр 8,500,000 төгрөг, нотариатчийн үйлчилгээний хөлс 99,000 төгрөгийг гэрээнээс үүссэн хохирол гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын 961 000 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байх тул 9 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 410 150 төгрөг, шинжээчийн зардлын 1 100 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч болон шинжилгээний байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 256.3-т заасныг баримтлан М.Н*****, М.Д***** нарын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон худалдах, худалдан авах гэрээнүүдийг цуцалж, М.Д**** 50 440 000 /тавин сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан А.Н*****олгож, үлдсэн 9 560 000 /есөн сая таван зуун жаран мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д***** 410 150 төгрөг гаргуулан А.Н********** М.Д******** 1 100 000 төгрөг гаргуулан Х********* Ү* Т** ХХК*******-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН