Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Иргэний хариуцагч: Б.Равжир,

Иргэний нэхэмжлэгч: Г.Нандинцэцэг,

Шүүгдэгч: Ж.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөш Буяа овгийн Жамсрангийн Цэцгээд холбогдох 1728001230107 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                       Яллагдагч Ж.Цэцгээ нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны баруун талын хатуу хучилттай зам дээр 68-29 ӨМӨ улсын дугаартай Тоёота клугер автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэмбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Цэцгээ нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны баруун талын хатуу хучилттай зам дээр 68-29 ӨМӨ улсын дугаартай Тоёота клугер автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэмбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, явган зорчигч С.Энхлхагвын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Намайг гэртээ байж байхад хамт тоглодог Энхлхавга блоконоор дуудсан. Тэгээд би хувцасаа өмсөөд гарсан. Тэгээд бид хоёр Голомт банкны тэнд гүйгээд явж байхад цэнхэр өнгийн машин харагдсан. Тэгээд түк гэж дугараад намайг мөргөсөн. Түүнээс цаашаа би юм санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амгаланзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 11 дүгээр cap 06-ны өглөө би хүүгээ гэрт ганцааранг нь үлдээгээд идэх хоолыг нь үлдээгээд миний хүү босоод энийг идээрэй гэж захиж үлдээгээд би эгчийн эмийн санд суухаар гарсан. Эмийн санд очоод сууж байхад манай эх Өлзийжаргал залгаад Эрхэмбаярыг Голомт банкны хажууд машин мөргөсөн байна гэхээр нь би эмийн сангаас гарч гүйгээд ослын газар ирэхэд замын цагдаа ирчихсэн байсан нэг саарал машин боржуур даваад зогсож байсан. Тэгээд яах учраа олохгүй байж байхад танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь танай хүү машинд мөргүүлсэн байна одоо эмнэлэгийн хүлээн авах дээр байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг орсон чинь миний хүү ёолоод нүдээ нээхгүй хэвтэж байсан. Тэгээд тэндээсээ рентгенд харуулсан чинь ясны хугарал байхгүй байна гэсэн мөн цээжний зураг авахуулсан. Гэмтэл гайгүй байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт бид хоёр хэвтсэн. 7 хоногийн дараа томографикийн шинжилгээнд орсон чинь тархинд цус харвалттай, дагзны баруун заадас дагасан хугарал байна. Улаанбаатар хот явж үзүүл гэсэн. Тэгээд бид хоёр БОЭТ-ийн гэмтлийн тасагт 14 хоног хэвтээд гэртээ гарч 2 хоноод Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж MRI-ны шинжилгээнд орсон. Эх нялхасын мэдрэлийн эмчид үзүүлсэн. Тэгээд эмчилгээ заалгаж ирээд мэдрэлийн Бүтэнжаргал гэдэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар хэвийн байгаа хүү маань ямар нэг зовиур хэлэхгүй байгаа эмчилгээ хэвийн явагдаж байгаа. Манай хүү намайг ажилд явсан хойгуур гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд хамт тоглодог хүүхдийн хамтаар явж байгаад машинд мөргүүлсэн байна лээ. Цэцгээгийн зүгээс уулзаж холбоотой байгаа юм. Мөн эм тариа эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж байгаа. Одоогоор нэхэмжлээд байх асуудал байхгүй байна. Дахин хүндрэл гарвал тухай үед нь нэхэмжилнэ. Одоогийн байдлаар хэвийн байгаа хүү маань ямар нэг зовиур хэлэхгүй байгаа одоо хичээлдээ явж байгаа. Цэцгээ эгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан учирсан бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Сугир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 дүгээр cap 06-ны өглөө манай хүү найз Эрхэмбаярын хамтаар Голомт банк орчихоод буцаад Монгол байгаль гэрлүүгээ явж байна байсан юм байна лээ. Тэгээд явж байгаад машинд мөргүүлсэн байна лээ. Тэгээд мөргүүлсэний маргааш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед тархи доргисон байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Одоо бол биеийн байдал зүгээр байгаа дараа нь 2 удаа бариачид бариулж байсан юм. Ямар нэгэн санал, хүсэлт, гомдол, нэхэмжпэх байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Нандинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Манай хүүхэд одоохондоо гайгүй. Нарийн шинжилгээнд ороогүй. Тэр үедээ гайгүй хэрнээ хэдэн жилийн дараа мэдэгддэг. Тийм зүйл надад тохиолдсон. Цаашид гарах зардал яах билээ гэж бодсон. Одоохондоо гомдол санал байхгүй. Одоо шээхдээ хүрэн өнгөтэй шээгээд байгаа. Бөөрийг нь бариулна. Мөнгө өгсөн. Бариулна. Цаашид эмчилгээ хийгдвэл хохирлоо нэхэмжилнэ” гэв.

Иргэний хариуцагч Б.Равжир мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 11 сарын 06-ны өглөө Би эхнэр Ж.Цэцгээгээр өөрийн эзэмшлийн тоёота клугер маркын авто машинаа бариулаад гэрээсээ гараад төв рүү явсан. Бид хоёр яваад Даланзадгад зочид буудлын өмнүүр явган хүний гарц дөхөж ирсэн энэ үед явган хүний гарц чөлөөтэй замаар ямар нэгэн хүн явахгүй байсан. Харин Шүүхийн хашааны хажууд 2 хүүхэд тоглоод ноцолдож байгаа харагдсан. Тэгээд явган хүний гарц өнгөрөх агшинд 2 хүүхэд ороод ирсэн машин юм мөргөх чимээ гарсан хөгшин ч машинаа зогсооссон буугаад ирэхэд машины зүүн урд талд бараан өнгийн хувцастай хүүхэд газар хэвтэж байсан. Тэгээд бууж ирээд түргэн Цагдаа дуудсан. Тэгээд удалгүй түргэн цагдаа нар хүрээд ирсэн. Нэг хүүхэд нь хөнгөн гэмтсэн байна. Нөгөө хүүхэд нь хүнд гэмтсэн байна. Осол болсон цагаас эхлээд хүүхдүүдийн эмчилгээний бүх асуудлыг шийдэж өгсөн гэж бодож байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэрээр байгаа боловч эхнэр бид хоёрын дундын хөрөнгө байгаа. Цаашид мэргэжпийн эмч нарын дүгэлтээр хүүхдийн биед хүндрэл гарвал гарах зардлыг даана.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, “Хариуцлагатай л байх ёстой. Хүүхдүүд их хөдөлгөөнтэй байдаг. Анхаарал болгоомжтой байх хэрэгтэй, хэрэв цаашид хүүхдүүдийн биеийн эрүүл мэндийн байдалд эмнэлгийн оношилгоо, аппаратаар үндэслэлтэй дүгнэлт гарсан байх юм бол бид хангалттай хариуцна. Бусад механик гэмтлийг хариуцахгүй гэдгийг л хэлмээр байна” гэв.

Шүүгдэгч Ж.Цэцгээ мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 11 сарын 06-ны өглөө 11 цаг өнгөрч байхад би гэрээсээ ажилдаа гарсан. Гэрээс гарахдаа 68-29 өмө улсын дугаартай клугер маркын авто машиныг би жолоодоод хажуудаа нөхөр Равжирыг суулгаад явсан. Гэрээс гараад Нисэх явдаг засмалаар худалдааны төв орохоор хойноосоо урагш явж байсан. Даланзадгад зочид буудлын өмнө ирэхэд зам дээр ямар нэгэн саад болон хүн байгаагүй. Тэгээд явж байхад Голомт банкны урд талын хайсны хажууд байх 2 хүүхэд хоорондоо ноцолдоод байж байсан. Тэгээд би Голомт банктай зэрэгцэж ирэхэд би явган хүний гарц хараад хурдаа сааруулсан. Тэгээд гарц өнгөрөхөд нөгөө хоёр хүүхэд гэнэт замруу гүйгээд ороод ирсэн. Би хүүхдийг хараад машины рулийг баруун гар тийш нь дараад тормосоо гишгээд зогссон. Тэгэхэд цэнхэр хувцастай хүүхэд нь машины зүүн хамар хэсэг рүү мөргөөд эргэж гүйгээд Голомт банкны үүдэнд очоод зогссон. Би тэрийг харчихаад буугаад ирэхэд машины зүүн урьд талд хар хувцастай хүүхэд зам дээр хэвтэж байсан. Очоод нөгөө хүүхдийг өргөх гэхэд хажууд байсан хүмүүс наад хүүхдээ хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины суудал дээр тавьдаг хивсээ аваад толгой доор нь хийчихээд цагдаа, түргэн 2луу залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд нөгөө хүүхдийг аваад явсан. Цагдаа ирээд хэмжилт хийсэн. Би явган хүний гарц хараад хурдаа сааруулаад 20 орчим км цагийн хурдтай явж байхад 2 хүүхэд зам руу гүйгээд ороод ирсэн. Би хүүхдийг хараад машины рулийг зүүн тийш нь дарсан. Машинаас буугаад харахад машины баруун урд талын дугуй боржуур даваад эко хавтан дээр гараад зогсож байсан. Манай нөхөр Равжирын нэр дээр байдаг нөхрийн машин байгаа. Нэг хүүхэд нь хөнгөн гэмтсэн байна. Нөгөө хүүхэд нь хүнд гэмтсэн байна. Би энэ хүүхдүүдийн эм тариаг бүгдийг нь хангаж байсан мөн өдрийн 2-3 эргэлт оруулж байсан. Одоо хүүхдүүдийн биеийн байдал сайн болсон байгаа. Би хүнд гэмтсэн Эрхэмбаярыг ээжийх нь хамтаар Улаанбаатар хотруу явуулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Цэцгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2 жижиг хүүхэд ноцолдоод байж байсан. Баруун гар тийш нь дараад баруун талруу орсон. Цэнхэр хувцастай хүүхэд нүдний буланд гүйгээд өнгөрсөн. Шууд л цагдаа дуудсан. Өвгөн бид 2 утасдсан. Хүүхдээ дээш нь авах гэж байсан чинь хөдөлгөж болохгүй гэсэн. Суудлынхаа хивсийг толгой доор нь тавиад хүлээж байсан. Цагдаа ирж хэмжилт хийсэн. Журмын хашаанд машинаа тавьчихаад цагдаагийн машинтай түргэн орсон. Бүх зүйл хийгдсэн орон дээр байж байсан. Харагдах ил шарх байхгүй байсан. Тэр үеэс эхлээд өвчин намдаагч авч хийсэн. Тарианууд байхгүй байсан учраас авчирч өгсөн. Эмчилгээг тэр өдөр нь эхэлсэн. 23 цаг хүртэл харж байж байгаад байнга эргэж байсан. Тэр өдөр хоёуланг нь үзүүлсэн. Энхлхагва 7 хоног хэвтсэн. Эрхэмбаяр 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Энхлхагвад 7 хоног хэвтэхэд нь эм тариа таслаагүй өгч байсан. Эрхэмбаяр томограффикийн шинжилгээ тааруухан гарсан. Эрхэмбаярын эмчилгээнд 1,814,915 төгрөгийн эм тариа авч өгч байсан. Өчигдөр 500.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Эрхэмбаяр тархины хүнд гэмтэлтэй гэсэн учраас биеийн тамирт орохгүй чөлөөлөгдсөн байгаа. Би өөрөө явж чадахгүй байлаа. Манай хүү охин 2 хотод дагуулж яваад бүх шинжилгээ юмыг нь хийлгэсэн. Сэтгэл санаа хэцүү юм. Үнэхээр харамсаж байна. Өдий насанд үнэхээр гэмшиж байна. Хойшид гарах эмчилгээний зардлыг төлөхөд бэлэн байна. 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш тайван ч унтаж чадахгүй, дуу чимээ салахгүй сар гаруй болсон. Эрт орой байнга унаатай явах хэрэг болно. Энэ ослоос болж мэдрэлд их өөрчлөлт орсон” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.13-ны өдрийн №549 дүгээр дүгнэлт “Г.Эрхэмбаярын биед хуйхны зөөлөн эдийн няцрал, тархины хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, дагзны ясны хугарал, баруун түнхний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хх-ийн 30 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.10-ны өдрийн №550 дүгээр дүгнэлт “С.Энхлхагвын биед тархины доргилт, дух, баруун шанаа, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-ийн 32 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт: “1.ЗХД-ын 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд аюул саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ЗХД-ын 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг жолооч Ж.Цэцгээ зөрчсөн. 2.ЗХД-н 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтыг явган зорчигч 7 настай Г.Эрхэмбаяр, 9 настай С.Энхлхагва нар зөрчсөн. 3.Тоёото клугер маркын 6829өмө улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Цэцгээ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,5, мөн хуулийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.” /хх-ийн 35 дугаар хуудас/

           Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдсон байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иймд шүүгдэгч Ж.Цэцгээ нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны баруун талын хатуу хучилттай зам дээр 68-29 ӨМӨ улсын дугаартай Тоёота клугер автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ЗХД-ын 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд аюул саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ЗХД-ын 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг жолооч Ж.Цэцгээ зөрчсөний улмаас явган зорчигч 7 настай Г.Эрхэмбаяр, 9 настай С.Энхлхагва нарыг мөргөж зам тээврийн осол гаргасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Ж.Цэцгээгийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ж.Цэцгээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэмбаярын эмчилгээний зардалд 1814915 төгрөг төлөгдсөн, тул гомдол саналгүй гэж хууль ёсны төлөөгч Б.Амгаланзаяа, шүүгдэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хх-54 дүгээр хуудас/,  гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй С.Энхлхагвын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх ба эмчилгээний зардалд 629420 төгрөг төлөгдсөн тул гомдол саналгүй гэж иргэний нэхэмжлэгч Ш.Сугир шүүгдэгч Ж.Цэцгээтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хх-53 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөөнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ.

 Иймд насанд хүрээгүй хохирогч Г.Эрхэмбаярын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн, С.Энхлхагвын биед учирсан хөнгөн гэмтлийн хор уршгийг арилгахад гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Цэцгээгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хуулийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал буюу 94 настай өөрийн ээж Б.Цэндийг асардаг зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Шудрага ёсны зарчимд нийцэх тул мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг нөхөн төлөх илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ. Мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-д Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасахаар заасан байх тул шүүгдэгч Ж.Цэцгээгийн “В”ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн 1728001230107 дугаартай хэргээс шүүгдэгч Ж.Цэцгээгийн хувийн байдлыг нотолсон нотлох баримтууд Үүнд:

Ж.Цэцгээгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/

Ж.Цэцгээгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/

Ж.Цэцгээгийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 52 дугаар хуудас/

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Ж.Цэцгээгийн жолоочийн үнэмлэх болон 68-29 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ж.Цэцгээ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, “В” ангиллын жолоочийн 575480 дугаартай үнэмлэхийг шүүхэд  ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,

                  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Өөш Буяа овгийн Жамсрангийн Цэцгээг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Цэцгээд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэцгээ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг журамтай болохыг тус тус мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Цэцгээгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 575480 дугаартай жолоочийн үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэцгээд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгйин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар насан хүрээгүй хохирогч Г.Эрхэмбаярын хууль ёсны төлөөлөгч Б.Амгаланзаяа, хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Г.Нандинцэцэг нар цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэцгээ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цэцгээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ТӨМӨРХҮҮ