| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0447/3 |
| Дугаар | 128/шш2024/0394 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 128/шш2024/0394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Сарантуяа,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Б.Саруултуяа,
Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн Б.Саруултуяад холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинсанаа, гуравдагч этгээд Б.Саруултуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Золбаяр, гэрч Ц.Төмөр-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ч.Сарантуяагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/441 дүгээр тоот захирамжийн Б.Саруултуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар Г.Дашзэвэгт тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 6 дугаар хаягт байрлах нэгж талбарын 1462001639 дугаартай 400 м.кв газрыг зуслагийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ.
3.Улмаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу түүний нэр дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хамтран эзэмшигч хасах тухай” А/106 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
4.Харин гуравдагч этгээд Б.Саруултуяад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/441 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд 613 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
5.Нэхэмжлэгчээс “газар эзэмшүүлэх эрхгүй этгээд газар эзэмшүүлсэн, сонсох ажиллагаа болон хээрийн судалгаа хийгээгүй, эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчсөн” гэж маргажээ.
6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1/Сүхбаатар дүүргийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай” А/441 тоот захирамжаар Бадамцэрэнгийн Саруултуяад тус дүүргийн 19-р хороо Шарга морьтод 613 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна.
Б.Саруултуяад эзэмшүүлсэн гэх газар нь манай газартай хил залгаа байрлалтай, Ч.Сарантуяа миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
2/ Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” -ыг ноцтой зөрчсөн.
Уг журмын 4.2-т “эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дэс дарааллыг зохицуулсан байдаг” Тухайлбал: 4.2.1.“Хүсэлтийг хүлээн авах, бүртгэх”, 4.2.2.“Суурин судалгаа хийх”, 4.2.3.“Хээрийн судалгаа хийх”, 4.2.4.“Шийдвэрийн төсөл боловсруулах”, 4.2.5.“Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх”, 4.2.6.”Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах”, 4.2.7.“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх”, 4.2.8.“Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох”, 4.2.9.“Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх”, гэж тус тус заасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны эрх бүхий этгээдүүд хээрийн судалгаа хийгээгүй.
Журмын 7-д хээрийн судалгаа хэрхэн хийх талаар зохицуулсан. Тухайлбал: 7.2.1.“Нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлох”, 7.2.2. “Хүсэлтэд дурдсан газрын хил заагийг урьдчилсан байдлаар тогтоох”, 7.2.3. “Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх”, 7.2.4.“Инженерийн шугам сүлжээ, үер, усны ам, далан, ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүстэй давхцаж буй эсэхийг нягталж үзэх”, 7.2.5.“Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох”, 7.2.6.“Эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт /сервитут/ тогтоох болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй энэхүү журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу тэмдэглэл үйлдэх” гэж заасан. Б.Саруултуяад эзэмшүүлсэн гэх газрын доогуур инженерийн шугам сүлжээ буюу ондор хүчдэлийн шугам байдаг. Өөрөөр хэлбэл 2010, 2013, 2014 онд зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн 10 кВт-ийн шугам дээр маань бусдад газар эзэмших эрх олгосонд гомдолтой байна. Мөн хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлоогүйгээс иргэн Б.Саруултуяатай маргаан үүссэн байгаа болно.
3/Газрын тухай хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг ноцтой зөрчсөн. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д дүүргийн засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан байдаг. Тухайлбал: 21.5.1.“хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал өгөх”, 21.5.2.“нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.5.3. “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ч.Сарантуяа манай гэр бүлийн хувьд 2010, 2013, 2014 онд зохих дүрэм журмын дагуу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас техникийн нөхцөл гаргуулан авч өндөр хүчдэлийн буюу 10 кВт-ын шугам тавьсан болно. Өөрөөр хэлбэл инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг зөрчин Б.Саруултуяад газар эзэмших эрх олгосонд гомдолтой байна.
4/Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг ноцтой зөрчсөн. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн байдаг.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 тоот тогтоолын 3-р хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т зааснаар: 1-20 хүртэл кВт цахилгааны дамжуулах шугамын захын утаснаас хоёр тийш 10 м зай нь хамгаалалтын зурваст багтдаг.
Б.Саруултуяад эзэмшүүлсэн газар доогуур хийгдсэн инженерийн шугам сүлжээнд олгогдсон 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0097/2014 тоот техникийн нөхцөлийн 9.7-д:“хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг томилох бөгөөд шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн байгаа.
Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн засаг дарга Эрчим хүчний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчин Б.Саруултуяад газар эзэмших эрх олгосонд гомдолтой байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан: “Нэхэмжлэгч Ч.Сарантуяа нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны зориулалтаар газар эзэмшдэг. Тухайн газарт 4 улирлын турш амьдрах зориулалттай байшин бариад, урт хугацааны туршид амьдарч байгаа. Сүүлд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр энэхүү газрыг эзэмших эрхийг сунгасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/441 тоот захирамжаар Б.Саруултуяад 615 м.кв газрыг зуслангийн зориулалтаар олгосон байгаа. Энэ нь Ч.Сарантуяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Урьдчилсан шийдвэрлэх журмын дагуу бол нийслэлийн Засаг даргад хандсан байгаа. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2021 оны 18087 тоот тушаалын хавсралтаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам гэж байдаг. Энэ журмыг ноцтой зөрчсөн байна. Энэхүү журмын 4.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг бичсэн зохицуулсан байдаг. Эхлээд хүсэлт хүлээн авна, бүртгэнэ, суурин судалгаа хийнэ, хээрийн судалгаа хийнэ, шийдвэрийн төсөл боловсруулна гэсэн байдаг. Эндээс харахад Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий албан тушаалтнууд тухайн газарт суурин судалгаа, хээрийн судалгааг хийгээгүй. Үүнийг дүүргийн Засаг дарга хянаагүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэж байгаа юм. Энэхүү журмын 7-д хээрийн судалгааг хэрхэн яаж хийх талаар зохицуулсан байдаг. Газрын нэгж талбарын эргэлтийн цэгийн солбицлын утгыг тогтоож, тухайн газрыг шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг тодорхойлно. Хүсэлтэд дурдсан газрын хилийн заагийг урьдчилсан байдлаар тогтооно. Мөн бусдын эзэмшил, өмчлөл ашиглалтад байгаа газартай давхцаж байгаа эсэхийг нягталж үзнэ. Мөн инженерийн шугам сүлжээ, үер усны ам, бусад зүйлтэй давхцаж байгааг хянана. Мөн хөршүүдийн болон нэгж талбарын орц, гарцыг тодорхойлно. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг тогтоох болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр бол шаардлагатай тохиолдолд хөршүүдтэй уулзаад, энэхүү журмын 2-т зааснаар тэмдэглэл үйлдэхээр зохицуулсан байгаа. Гэтэл Б.Саруултуяад эзэмшүүлсэн гэх энэ газрын доогуур инженерийн шугам явж байгаа буюу өндөр хүчдэлийн шугам, 380 вольтын шугам явж байгаа юм. Энэ шугамыг Ч.Сарантуяа болон түүний гэр бүлийнхэн 2010, 2013, 2014 онуудад зохих зөвшөөрлийн дагуу 0,4 квт-ын шугам хийлгэсэн байдаг. Одоо хүртэл энийг ашиглаж байгаа. Энэ өндөр хүчдэлийн шугам дээр газар эзэмших эрх олгосон. Мөн хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тодорхойлоогүй иргэн Б.Саруултуяад маргаан үүсгэсэн зүйл харагддаг. Хээрийн судалгаа хийсэн юм уу, хийгээгүй юм уу? хийсэн бол холбогдох баримтаар, хийгээгүй бол тэр талаараа тодорхойлолт ирүүлэхийг шаардсан. Хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжууд байгаа. Энэ захирамжийг хариуцагч бол биелүүлээгүй. Дараагийн нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалт хэсгийг бол ноцтой зөрчсөн гэж харж байгаа юм. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1, 21.5.2, 21.5.3 дахь хэсэгт энэхүү газар эзэмших эрх олгох, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллагаануудыг хийх эрхийг олгосон байгаа. Нэхэмжлэгч Ч.Сарантуяагийн хувьд 2010, 2013, 2014 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас техникийн нөхцөл аваад 0,4 квт-ын шугам тавьсан. Тэгэхлээр инженерийн шугам сүлжээ бүхий газарт энэ газар хамаарч байгаа. Дүүргийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа. Инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмших асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэдэг. Одоо шийдвэрлэх боломжгүй байгаа байх. Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай, хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсөн бусад үйл ажиллагаануудыг барьж байгуулахыг хориглож байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам, сүлжээг хамгаалах дүрэм гэж байдаг. Энэ дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ дүрмийн 2.2-т 1к.вт хүртэл цахилгаан дамжуулах шугамын захын утаснаас 2 тийшээ 1-1,5 метр зайд хамгаалалтын зурвас багтдаг. Тэгэхээр Ч.Саруултуяад эзэмшүүлсэн газар доогуур инженерийн шугам сүлжээ явж байгаа газрыг олгосон. Эрх бүхий байгууллагын техникийн нөхцөл бусад бүх юм нь гарсан. Тэгээд шугам сүлжээ хийгдээд хүлээж авсан акт байгаа. Техникийн нөхцөл олгогдоод 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 0097/2014 тоот техникийн нөхцөл байгаа. Энэ техникийн нөхцөлийн 9.7-д бичсэн байгаа. Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг томилох бөгөөд шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд заасан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Эрчим хүчний хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмуудыг ноцтой зөрчиж Б.Саруултуяад газар эзэмших эрх олгосон. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл дээр сонсох ажиллагааны талаар зохицуулсан зохицуулалттай. Захиргааны акт гарахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг бол тодорхойлдог. Бусад хүмүүсээс тайлбар авах, санал гаргах ердийн боломжит хугацааг заавал зайлшгүй олгох ёстой. Энийг яагаад хийгээгүй гэхээр холбогдох дүрэм журмыг зөрчөөд хариуцагч хээрийн судалгаа хийгээгүй. Гэтэл дүрэм журам дээрээ хээрийн судалгааг хийнэ гэж заасан байна. Хээрийн судалгааг хийж болно, шаардлагагүй тохиолдолд хийхгүй гэдэг ийм зохицуулалт байхгүй, шууд хээрийн судалгааг хийнэ гэж байгаа юм. Тийм учраас хээрийн судалгааг хийгээгүй учраас сонсох ажиллагаа явуулах шаардлагатай эсэхээ өөрсдөө тодорхойлж чадаагүй. Энэ дээр нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга хяналтаа тавиагүй асуудал гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал шүүхэд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д сонсох ажиллагаа явуулах, явуулаагүй, явуулах шаардлагагүй гэж хэлсэн. Тодорхой тохиолдолд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж бичсэн. Үүнийг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас яагаад сонсох ажиллагаа хийгээгүй талаарх баримтаа ирүүлэх хүсэлтийг гаргасан. Шүүгч хүсэлтийг хангаж шийдсэн. Энэ баримтыг шаардсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Ийм асуудал бол байгаа шүүгч ээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох тухай А/441 тоот захирамжийн Б.Саруултуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зусланд иргэн Б.Саруултуяа нь газар эзэмших хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан бөгөөд хүсэлтийг судалж үзээд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “3/02 дугаар тогтоол, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 6/26 тогтоолд тусгасны үндсэн дээр дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 тоот захирамжаар иргэн Б.Саруултуяад газар эзэмших захирамж гарсан.
Иргэн Б.Саруултуяад эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгч Ч.Сарантуяад эзэмшүүлсэн газартай ямар нэг байдлаар давхцалгүй энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заагдсан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заалтыг зөрчөөгүй байна.
Мөн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд эрчим хүчний ямар нэг хориглолт хамгаалалтын зурвас бүртгэгдээгүй “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХГ нь хуучнаар Ерөнхий төлөвлөгөөний газар буюу Хот байгуулалт хөгжлийн газарт цахилгааны шугамын хамгаалалтын зурвасаа батлуулж бүртгэлд оруулснаар газрын нэгдсэн мэдээллийн санд хамгаалалтын зурвас ордог.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2021 оны А/187 дугаар журмын 4.1-т газар эзэмших эрх олгохтой холбоотой үйл ажиллагааны дараалал гэж байгаа. Энэ журмын 4.2.2.2 дээр суурин судалгаа хийх гэж байгаа. Өргөдөл хүлээж аваад суурин судалгаа хийсний үндсэн дээр 4.2.3 буюу хээрийн судалгаа хийх дарааллаар явдаг. Хээрийн судалгаа хийх дараалал, хээрийн судалгаа яагаад хийгдсэн, хийгдээгүй вэ гээд ярьж байна. Хээрийн судалгааг үндсэн хэдэн нөхцөл байдлаас шалтгаалж хийдэг. Өмнө хурлууд дээр тайлбарласан байгаа. Энэ нөхцөл байдал нь ямар нэгэн этгээдэд шинээр газар олголт биш, тухайн газар нь кадастрын зурагт бүртгэлтэй газрын илүүдэл буюу тэр байшинтай хэсгийн хойд талын талбайг эзэмших хүсэлт гаргасан, тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан иргэн нь тэр байшинд гэр бүлийн хүнтэйгээ хамтран амьдраад олон жил болоод, илүү талбай дээрээ хүсэлт гаргасан байгаа юм. Тэрнээс танихгүй хүнд газар олгоод тэрэнд сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй гэдэг утгаар газар олголт хийсэн юм байхгүй. Тийм учраас хээрийн судалгаа хийхэд суурин судалгаа хийх явцад хээрийн судалгаа хийхгүй байх үндсэн шаардлагуудыг хангасан байгаа юм. Суурин судалгааг нь хийгээд үзэхэд, газрын эргэлтийн цэг тэмдэгтээр тодорхойлогдсон байна. Хашаанд баригдсан байгаа. Хээрийн судалгаа хийхэд хашаа баригдаагүй, илүү талбай шинээр авч байгаа тэнд нь кадастрын компани очоод газрын цэг тэмдэгтийг нь тогтоогоод хашаа барих шаардлага тавьсан тохиолдолд хээрийн судалгаа хийдэг. Тэгэхлээр хээрийн судалгаа хийх шаардлага байхгүй байсан. Тэр хашаа нь олон жил баригдсан илүү талбай байсан. Орц, гарц гэж яриад байна. Орц, гарц бусдын газар руу орох гарахыг хаасан зүйл байхгүй. Тэр нэг хашаагаар орц орж гардаг. Тэр хүний нэгж талбар болгон тусдаа гарцтай байдаг гэдэг үүднээсээ гарцыг хаагаагүй. Гудамж нь чөлөөтэй байгаа. Хоёрдугаарт тэр 10 квт-ын шугам орсон, ороогүй. Газар доогуур 04 к.вт-ын шугам явж байгаа талаар нотлох баримтаар “Улаанбаатар цахилгаан зүүн түгээх” ТӨХК албан бичиг ирүүлсэн байна. 10квт-ын шугам гудамжаар өнгөрч байгаа. Энийг үгүйсгэхгүй. Сүхбаатар дүүргийн Засаг дарга эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 21.5.1, 21.5.2. 21.5.3 дахь хэсгийг зөрчсөн гэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга тэр шугам сүлжээг мэдээллийн санд бүртгэх, хамгаалалтын зурваст оруулах эрх бүхий субъект нь биш. Сүхбаатар дүүргийн Засаг дарга “Улаанбаатар түгээх шугам сүлжээ” ТӨХК тухайн зуслангийн бүсэд шугам, цахилгааны шугам олгож байгаа. Хот байгуулалт хөгжлийн газар руу тухайн шугамынхаа трансыг явуулдаг. Тэр трансыг Хот байгуулалтын хөгжлийн газар оруулаад, Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай 7-14 хоногтоо баазаа солилцдог. Энэ мэдээлэл солилцсоны хүрээнд энэ шугамууд манай мэдээллийн санд харагддаг. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрт оногдоогүй эрх хэмжээгээр тэр шугам сүлжээг оруулах эс үйлдэхүй хийгээгүй байгаа. Оршин суугчдаас санал авч, сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Хээрийн судалгаа хийсэн, хийгээгүй байна гэдгийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гээд байна. Хээрийн судалгаа хийсэн, хийгээгүй гэдгийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байгаа. Нотлох баримт гаргах боломжгүй учраас шүүхэд тайлбараа хэлээд явсан. Тухайн хариуцаж байгаа газар зохион байгуулагч мэргэжилтэн газар дээр нь очоод хээрийн судалгаа хийсэн, үгүй нь тодорхойлох боломжгүй болсон. Тэр хүн нь өөр дүүрэг рүү шилжээд явсан. Тэгээд бичиг баримт дээр хээрийн судалгаа хийсэн, хийгээгүй гэсэн тэмдэглэгээ байхгүй. Ийм учраас гэрч асуулгах хүсэлт гаргаад, гэрч асуухаар болсон. Гэрчийн мэдүүлгээс энэ асуудал тодорхой болох байх. Нэхэмжлэх талын гаргаад байгаа үндэслэлүүдэд дурдсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн зүйл байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрчим хүчний хууль зөрчөөд эрчим хүчтэй холбоотой асуудал яриад байна. Энэ Эрчим хүчний хууль зөрчсөн гэж байгаа бол эрчим хүчний салбарт нь гомдол гаргаад явсан нь дээр байх. Эрчим хүчний байгууллага ажлаа хийгээд, тэрийгээ газрын салбар руу мэдээллээ оруулж өгөөгүйгээс ийм асуудал үүсээд, маргаад явж байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгож өгнө үү” гэв.
8.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“...2022 оны өвлийн хүйтэнд гэр барьж амьдрах зорилготой өөрийн байшингийн хойд талын нийтийн эзэмшлийн газрыг өөрийн нэр дээр авах хүсэлт өргөдлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж өгсөн юм. Энэ газрыг миний нэр дээр болгон хүү бид 2-ыг гэр барин амьдрах өвлийг даван туулахад туслахыг хүсч өөрийн биеэр цаг авч, өргөдлийн хариугаа авахаар удаа дараа хандаж байсан.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга миний энэ хүнд байдал, удаа дараа болж буй гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг минь харгалзан үзэж 613 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газрыг эзэмших эрх бүхий гэрчилгээг 2022 оны А/441 дүгээр захирамжаар гэрчилгээ олгогдсон. Тус газар нь миний хадам эх болох Д.Сарантуяагийн эзэмшил бүхий газартай огт хамааралгүй, нийтийн эзэмшлийн газар бөгөөд байгалийн хамгаалалттай бүс биш, иргэд аж ахуйн нэгж байгууллагад хохирол төвөг учруулах зам хаах боох гарц орцгүй болгох зэрэг асуудал огт байхгүй байршил бүхий газар...” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гурван үндэслэл гаргаад,тайлбарлаж байна. Сонсох ажиллагааны тухайд иргэн, иргэн, хуулийн этгээдэд эерэг мэдээлэл бүхий буюу эрх олгож байгаа захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг ярих ёсгүй зүйл байгаа юм. Энэ сонсох ажиллагаатай холбоотой процессыг газрын албанаас тохирох үйл ажиллагаануудыг хийгээд, суурин судалгаа хийсэн гэдэг нь хариуцсан тайлбараар тогтоогдож байна. Тэгэхээр шийдвэр гаргалтын үйл явцтай холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй процессын ноцтой алдаа гаргасан хариуцагчийн буруутай үйлдэл хариуцагчийн тайлбараас харагдахгүй байна. Ийм учраас хууль зүйн үндэслэл талаасаа, процесс ажиллагаа талаасаа сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэл нь бол о үндэслэлгүй байна Энэ инженерийн шугам сүлжээтэй холбоотой Эрчим хүчний тухай хууль яриад байна. Инженерийн шугам сүлжээ гэж юуг ойлгож байгаа вэ? Инженерийн шугам сүлжээ бол олон нийтэд цахилгаан эрчим хүчийг түгээх, нийтийн эзэмшлийн буюу тухайн шугам сүлжээг хариуцаж байгаа байгууллагын өмчийн асуудал дээр тэр шугам сүлжээний асуудал яригдана. Өрх, хэрэглэгч болгон руу орж байгаа шугамыг инженерийн шугамын шийдэл гэх нь үндэслэлгүй байна. Энэ тухайн үед нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хувьд хамтын гэр бүлийн амьдралтай байсан. Энэ хариуцагчийн тайлбараар энэ нь нотлогдож байгаа.Нийт эзэмшиж байсан газрынхаа илүүдэл газраа эзэмшихээр Б.Саруултуяагийн нэр дээр хүсэлтээ гаргасан. Энэ хүсэлтийн дагуу Дүүргийн Засаг дарга захирамж гаргаж газар олгосон. Ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/334 дүгээр захирамжаар Г.Дашзэвэгт тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 6 дугаар хаягт байрлах нэгж талбарын 1462001639 дугаартай 400 м2 газрыг зуслагийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу түүний нэр дээр шилжүүлжээ.
2.Харин гуравдагч этгээдэд мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 613 м2 газрыг зуслагийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгожээ.
3.Нэхэмжлэгчээс “газар эзэмшүүлэх эрхгүй этгээд газар эзэмшүүлсэн, сонсох ажилагаа болон хээрийн судагаа хийгээгүй, эрчим хүчний хамгаалалтын зурвас зөрчсөн” гэж, хариуцагчаас “дүүргийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд газар эзэмшүүлсэн, мөн шугам сүлжээг мэдээллийн санд оруулах, хамгаалалтын зурвам тогтоох эрх бүхий этгээд биш” гэж, гуравдагч этгээдээс “холбогдох журмын дагуу хүсэлтээ гаргаж газрыг эзэмшсэн” гэж тус тус маргажээ.
4.Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрууд хөрш зэргэлдээ оршдог бөгөөд өөр хоорондоо давхцалгүй, харин нэхэмжлэгчийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0097/2014 тоот техникийн нөхцлийн дагуу хийлгэсэн 0,4 КВ агаарын болон кабель шугам нь гуравдагчийн газраар дайран өнгөрдөг болох нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ашиглалт, засварын зүүн төвийн 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 31/290 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно” гээд хүснэгтийн 1,2-т захын утаснаас 2 тийш 1-1.5м, газар доор байрласан бол шугамаас хоёр тийш 1м байхаар тогтоожээ.
5.Хэдийгээр гуравдагч этгээдийн эзэмшиж буй газраар нэхэмжлэгчийн 0,4 КВ агаарын болон кабель шугам дайран өнгөрч буй хэдий ч уг үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй.
6.Учир нь тухайн шугамыг гуравдагч этгээдийн газраас тойруулах замаар зөрчлийг арилгах боломжтой бөгөөд гарсан зардлыг түүнээс нэхэмжлэх эрхтэй.
7.Мөн Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/ 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.2.3-д “..............хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэжээ.
8.Гэтэл Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д “"инженерийн шугам сүлжээ" гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг” хэлнэ гэж заасан бөгөөд өрхийн хэрэглээнд зориулж татсан цахилгааны кабель шугамыг уг тодорхойлолтод хамруулах боломжгүй.
9.Нөгөөтэйгүүр гэрч шүүх хуралдаанд “газрыг очиж үзсэн, 2 хоногийн дараа өргөдлийг хүлээн авсан” гэж мэдүүлсэн тул хариуцагчаас маргаан бүхий газрыг олгохдоо Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 4.2.3-д заасан хээрийн судалгааг хийсэн гэж үзэхээр байна.
10.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчид сонсох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй.
11.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/ 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “.................дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус заасан нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулгаас өмнө/ 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус баримтлан Ч.Сарантуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн Б.Саруултуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ