Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1598

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.С-, Д.Ж- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01457 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.С-, Д.Ж- нарын хариуцагч “НХ” ХХК, “НТ” ХХК, Ш.Б- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 345 219 000 төгрөг гаргуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж, гэрээ хүчингүй болгуулах үндсэн, Менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107 600 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206050770 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж-, түүний өмгөөлөгч Э.Г, нэхэмжлэгч Ж.С-ийн өмгөөлөгч Э.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “НХ” ХХК-ийн захирал иргэн Ш.Б-тай хамтран 50:50 хувийн хөрөнгө оруулалттай “Э” ХХК-ийг машин үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулсан. Миний аав Монгол улсын зөвлөх инженер Д.Ж- удирдан “НХ” ХХК-ийн хивсний агуулах байсан хуучин байшинд капитал засвар хийж, дэд бүтцийг шинэчлэн байгуулж машин үйлдвэрлэлийн технологи стандартын дагуу шинээр цахилгаан, дулаан, уур усны дэд бүтэц, үйлдвэрийн байрны засварын төлөвлөлтийг хийж, гүйцэтгэлийг хангуулсныг дагуу хамтарсан компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард Нийслэлийн нийтийн тээврийн газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0191 дугаартай тендерт “Э” ХХК нь “НТ” ХХК-тай түншлэлээр оролцох хэлцэл хийж, тендерийн 2 дугаар багц болон 3 дугаар багцад хамаарах төслүүдийн 30%-н ашгийг “НТ” ХХК-д өгөхөөр албан ёсны тохиролцоонд хүрсний үндсэн дээр “Э” ХХК нь “НТ” ХХК-д үйлдвэрлэгчийн баталгааг гаргаж өгсөн. “НТ” ХХК нь НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2, 3 дугаар багцад оролцохдоо хариуцлагагүй, хайхрамжгүй хандаж компанийнхаа санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлж өгсний улмаас тухайн тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын №1769, №1674 албан тоотуудыг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “НХ” ХХК-ийн охин компани “НТ” ХХК-д ирүүлсэн. Хувьцаа эзэмшигч Ш.Б- болон түүний “НТ” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас НХААГ-14/0191 тоот тендерийн 2,3 дугаар багцуудын санхүүжилт саатсанаас “Э” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа доголдох нөхцөл бүрдсэн. Хэдийгээр НХААГ-14/0191 тоот тендерийн 2, 3 дугаар багцууд дээр шалгарч чадаагүй ч гэсэн хувьцаа эзэмшигч Ж.С-ийн 3528 тоот патентыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь 2 дугаар багцын 20 ширхэг 1-800Т загварын автобусыг тендерт ирүүлсэн үнийн саналын дагуу шууд худалдан авах 2015 оны 8 дугаар сарын 13- ны өдрийн А/670 тоот захирамж гарган Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1  дэх хэсэгт заасан патент эзэмшигч Ж.С-ийн давуу эрхийн хүрээнд 5 383 500 000 төгрөгийн борлуулалтыг хийсэн. “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б-ы “НТ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, үйлдлээс үүдэн “Э” ХХК-д хохирол учирсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигч байсан Ж.С- тухайн тендерээс 345 219 000 төгрөгийг Нийслэлийн тээврийн газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0191 дугаартай тендерт “Э” ХХК, “НТ” ХХК-тай түншлэлээр оролцох барааны үнийн хэлцлийг үндэслэн, Компанийн дүрмийн 6.5 дугаар заалтын хүрээнд “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан Ш.Б-аас нэхэмжилж байна. Иймд НХААГ/14/0191 тоот тендерийн 2 дугаар багцад оногдох 235 725 000 төгрөг, 3 дугаар багцад оногдох 109 949 000 төгрөг, нийт 345 219 000 төгрөгийг “НХ” ХХК болон иргэн Ш.Б-аас гаргуулж, “Э” ХХК-ийг үүсгэн байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 107 600 000 төгрөгийн үнэтэй байрыг барьцаалсан барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоотын 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлж, “Э” ХХК-ийн дүрмийн 6.5 заасны хүрээнд тус компанид учирсан хохирлыг хувьцаа эзэмшигч Ш.Б- шууд хариуцах бөгөөд хувьцаа шилжүүлэн авахдаа байгуулсан барьцааны гэрээ болон менежментийн гэрээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлүүдийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “НХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Компанийн тухай хуульд зааснаар манай компани нь “Номин трейдинг"ХХК-ийн толгой компани боловч 2014 онд “Э” ХХК нь “НТ” ХХК-тай хамтран тендерт шалгарч оролцох, ажил гүйцэтгэснээр ашиг олох байсан эсэх нь “НХ” ХХК-д ямар ч хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл тусдаа бие даасан хоёр компанийн үйл ажиллагааны үр дүнг гуравдагч компани хариуцах ёстой гэж тодорхойлж байгаа нь ямар ч үндэслэлгүй буюу Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Тендерт оролцоход бүрдүүлэх бичиг баримтыг хангалттай бүрдүүлсэн ч шалгарах байсан гэдэг нь тодорхойгүй. Шалгараад ажил гүйцэтгэлээ гэхэд яг хэдий хэмжээний ашиг олох байсныг тодорхойлох боломжгүй. Менежментийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК-ийг иргэн Ш.Б-, Ж.С- нар 50/50 хувийн хөрөнгө оруулалтаар буюу тус бүр 165 000 000 нийт 330 000 0000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан. “Э” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн машины үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааг явуулж ирсэн ба тус компанийн үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан боловч алдагдалтай ажиллаж 2016 оны байдлаар компанийн нийт алдагдлын хэмжээ 2.3 тэрбум орчим хүрсэн байсан. Энэ нь 2016 оны компанийн санхүүгийн баталгаат тайлангаар тогтоогдсон. Цаашид энэ байдлаар үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Энэ нөхцөл байдлын улмаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Э” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Тус хурлаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ж.С- өөрийн эзэмшлийн бүх хувьцаагаа “НХ” ХХК-д худалдах, худалдагч талын зүгээс менежментийн гэрээ байгуулах гэсэн хоёр асуудлыг шийдсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Э” ХХК-ний 50 хувийн хувьцааг худалдан авсан тохиолдолд худалдагч талтай менежментийн гэрээ байгуулах асуудлыг хамт шийдвэрлэх болсон шалтгаан нь 2017 оны 01 дүгээр сард буюу хувьцаа худалдан авах үед 2.3 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай байсан байна. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчид нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг тул дээрх алдагдлыг 50/50 хувийн хувьцаа эзэмшигчид тэнцүү хэлбэрээр хариуцах ёстой байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар худалдан авагч тал 4/3 хувийн, худалдагч тал 4/1 хувийн харьцаатай хувааж хариуцахаар харилцан тохиролцсон. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал өөрийн хариуцсан алдагдал болох нийт алдагдлын 4/1 хувь буюу 550 000 000 төгрөгийн дүнгийн хэмжээнд дүйцэх зөвлөх, туслах үйлчилгээг үзүүлэх, мэдлэг чадвартай боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулахаар тохиролцож энэ талын харилцааг менежментийн гэрээнд нарийвчлан зохицуулахаар тохиролцсоны дагуу худалдагч талын томилсон зөвлөх инженер буюу нэхэмжлэгч Д.Ж-тай менежментийн гэрээ байгуулсан. Менежментийн гэрээгээр талууд гэрээний гол нөхцөлүүд болох талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага, хугацаа зэргийг тодорхой тусган байгуулж энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг хуульд нийцүүлэн байгуулж, нэхэмжлэгч Ж.С- өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, Барьцааны гэрээг хувьцаа худалдагч тал болон түүний томилсноор менежментийн гэрээгээр үүрэг хүлээсэн Д.Ж- нар хүлээн зөвшөөрч хамтран байгуулсан. Иймд менежментийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “НТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “НТ” ХХК нь нэхэмжлэлд дурдсан буюу Нийслэлийн тээврийн газраас зарласан НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2 болон 3 дугаар багцад оролцохоор материал бүрдүүлж өгсөн үйл баримттай маргахгүй, гэвч “Э” ХХК-тай тендерийн төслөөс 30 хувийн ашиг хүртэхээр харилцан тохиролцсон албан ёсны хэлцэл байгуулаагүй бөгөөд зөвхөн тус компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажилласан. Учир нь “Э” ХХК нь тухайн үед буюу 2014 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан тендерийн оролцогчийн хуульд заасан ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх зэрэг шаардлагыг хангах эсэх нь эргэлзээтэй байсан. Түүнчлэн хариуцагч “НТ” ХХК нь НХААГ-14/0191 дугаартай тендерт оролцохдоо холбогдох баримт, бичгийн бүрэн бүрдүүлж өгсөн байлаа ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиалагч буюу Нийслэлийн нийтийн тээврийн газар нь хариуцагч компанийг сонгон шалгаруулах эсэх нь эргэлзээтэй буюу заавал сонгоно гэсэн баталгаа огт байхгүй. Учир нь тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах тул тендерт оролцогч бүр тендерт шалгарах боломжгүй юм. Мөн хариуцагч нь тендерт шалгарсан байлаа ч уг үйл ажиллагаанаас яг хэдий хэмжээний ашиг олох байсан эсэх тодорхойгүй мөн ашиг олсон байлаа ч тухайн үед “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан, нэхэмжлэгч Ж.С- нь ямар тооцооллын үндсэн дээр нэхэмжлэлд дурдсанаар тендерийн 2 дугаар багцаас 235 725 000 төгрөгийн, 3 дугаар багцаас 109 949 000 төгрөгийн буюу нэхэмжлэлд бичсэнээр 345 219 000 төгрөгийн ашиг орлого олох байсан эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн тээврийн газраас зарласан “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажил НХААГ-14/0191 дугаартай Тендерт “Э” ХХК нь “НТ” ХХК-тай түншлэлээр оролцох барааны үнийн хэлцэл”-ийг үндэслэн, Компанийн дүрмийн 6.5-т заалтын хүрээнд “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан Ш.Б-аас дээрх тендертэй холбогдуулж 345 219 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь иргэн Ш.Б- нь тухайн үед Ж.С-ийн адил “Экологбус ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд шалгарах эсэх нь тодорхойгүй тендерт хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ялагдсан гэж үзэн хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ж.С- “НТ” ХХК, түүний захирал Ш.Б- нь хариуцлагатай хандаж, бичиг баримтаа бүрэн гүйцэт өгч идэвхи зүтгэл, сэтгэл гаргасан бол хоёр багц тендерт “Э” ХХК шалгарч улмаар хувьцаа эзэмшигч миний бие багагүй орлого авах байсан гэсэн. Иргэн Ш.Б- 2014 оны үед болон одоо “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй. Мөн түүнчлэн “НТ” ХХК-тай холбоотой маргааны зүйлийг яагаад Ш.Б-д холбогдуулж төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “НХ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Э” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ж.С- өөрийн эзэмшлийн бүх хувьцаагаа худалдах, хувьцаа худалдсантай холбогдуулан менежментийн гэрээ байгуулах гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн. Хувьцаа эзэмшигч Ж.С-ийн эзэмшлийн 500 ширхэг хувьцааны нэгж хувьцааг 330 000 төгрөг буюу нийт 165 000 000 төгрөгөөр “НХ” ХХК худалдан авсан. Тухайн үед тус компани 2.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан тул талууд тус алдагдлыг худалдан авагч тал 4/3 хувийн, худалдагч тал 4/1 хувийн харьцаатай хувааж хариуцахаар харилцан тохиролцсон. Худалдагч тал өөрийн хариуцсан 4/1 хувь буюу 550 000 000 төгрөгийн дүнгийн хэмжээнд худалдан авагч “НХ” ХХК-д дүйцэх зөвлөх, туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор мэдлэг чадвартай боловсон хүчнээ томилж, түүнийг тогтвор суурьшилтай ажиллуулахаар тохиролцож энэ харилцааг менежментийн гэрээ байгуулж, нарийвчлан зохицуулахаар тохиролцсоны дагуу худалдагч талын санал болгосон төлөөлөгч болох Д.Ж-тай менежментийн гэрээ байгуулсан. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 7/01 тоот менежментийн гэрээний 1 дүгээр зүйлд энэ гэрээний зорилгыг санхүүгийн алдагдлын хэмжээг үе шаттайгаар бууруулах, 3 жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн болгох, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх гэж тодорхойлсон. Мөн гэрээний 4 дүгээр зүйлд “Б” тал нь гэрээний хугацаанд “Э” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн болгох, гэрээний хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах үүрэгтэй гэж зааж өгсөн. Гэвч үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хувьцаа худалдан авах үед үүссэн алдагдал арилаагүйн дээр менежментийн гэрээний хэрэгжилтийн үед компани нэмж алдагдалд орсон болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Манай компанийн хувьд “Э” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу “Шаардах эрх шилжүүлэх” гэрээ байгуулснаар 17/01 тоот Менежментийн гэрээний үүргийг шаардах эрх үүссэн. Иймд худалдагч талын томилсон төлөөлөгч болох Д.Ж- нь менежментийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаа хаяж явсан тул Д.Ж-, Ж.С- нараас менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107 600 000 төгрөгийг гаргуулж, менежментийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв хэмжээтэй Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206050770 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хувьцаа эзэмшигч Ж.С- нь машин үйлдвэрлэлийн уйл ажиллагаа явуулах “Э” ХХК-ийн үйлдвэрийн байрны капитал засвар, реконструкци хийх, дулааны болон цахилгаан хангамжийн дэд бүтцийг шинэчлэх, J-800N загварын автобусны угсралт үйлдвэрлэл зохион байгуулах, хүлээлгэн өгөхөд бэлэн болгох үүргийг хүлээн ажилласан. НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2, 3 дугаар багцуудад нийлүүлэх J-800N загварын автобуснуудын угсралт үйлдвэрлэлийн зардлыг Номин Юнайтед банк бус байгууллагын сарын 3 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтаар 8 237 160 000 төгрөгт багтаан 9 223 500 000 төгрөгийн борлуулалт хийж 986 340 000 төгрөгийн ашигтай ажиллаж, ашгийн 70 хувь болох 690 438 000 төгрөгийг “Э” ХХК, 30 хувь болох 295 902 000 төгрөгийг “НТ” ХХК тус тус хуваан авах хэлцлийг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, нябо Ц.Болормаа, “Номин моторс” ХХК-ийн захирал Б.Энхээ нар хувьцаа эзэмшигчдийг байлцуулан хийсэн. Харин “НТ” ХХК нь НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2, 3 дугаар багцад оролцохдоо хариуцлагагүй хандаж, тендерийн материал бүрэн бүрдүүлж өгөөгүйн улмаас тухайн тендерт амжилттай оролцож чадаагүй нь “Э” ХХК-ийг “Номин Юнион” банк бус санхүүгийн байгууллагын нэг сарын хэт өндөр буюу төгрөгийн 3.18 хувь, долларын 2.44 хувийн хүүтэй мөнгөний дарамтад оруулах нөхцлийг бүрдүүлсэн. Хэдийгээр 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НХААГ-14\0191 тоот тендерийн 2, 3 дугаар багцад шалгарч чадаагүй ч иргэн Д.Ж-, Ж.С- нарын боловсруулан батлуулсан “J-800N загварын автобусны техникийн ерөнхий шаардлага” МNS-6310:2012 үндэсний стандарт болон 3528 тоот патентыг үндэслэн 2015 оны 8 дугаар сард J-800N загварын 20 ширхэг автобусыг шууд худалдан авах гэрээг Нийслэлийн Тээврийн газартай байгуулж, 5 383 500 000 төгрөгийн борлуулалт хийсэн. Энэхүү борлуулалтад оногдох “Э” ХХК-ийн 471 450 000 төгрөгөөс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилаагүй болно. Хувьцаа эзэмшигч Ш.Б- нь “Э” ХХК дээр угсарч үйлдвэрлэж байсан J-800N загварын том оврын автобусны барааны тэмдэгтийг хувьцаа эзэмшигч Ж.С-ийн зөвшөөрөлгүйгээр “НХ” ХХК дээрээ шилжүүлэн авсан, НХААГ-14/0191 тендерт оролцохдоо дэндүү хариуцлагагүй, байж боломгүй алдаа гаргасан, “Номин Юнион” банк бус санхүүгийн байгууллагынхаа нэг сарын төгрөгийн 3.18%-3.4%, долларын 2.44 хувийн өндөр хүүтэй хөрөнгө оруулалтын зээлээр давхар ашиг хийж, нарийн технологийн машин үйлдвэрлэлийн бизнесийн үйл ажиллагаа явуулахыг шахаж, хэл амаар доромжлох зэрэг зохисгүй үйлдлүүд гаргасан. Бизнесийн хамтрагчаа дарамтлан шахаж, хараат байдалд оруулах замаар цаашид оюуны өмчийг дээрэмдэж, хөдөлмөрийн мөлжлөгт оруулах оролдлого зэрэг бизнесийн ёс зүйгүй үйлдэл нь “Э” ХХК-ийн 50 хувийн хувьцаагаа шилжүүлэн өгөхөөс өөр аргагүй байдалд биднийг түлхэн оруулсан бөгөөд “Номин Юнион” банк бус санхүүгийн байгууллагынхаа нэг сарын төгрөгийн 3.18%-3.4% долларын 2.44 хувийн өндөр хүүтэй мөнгө хүүлэлт болон өөрсдийнхээ буруутай үйлдлээс үүдэлтэй санхүүгийн алдагдлыг хүлээн зөвшөөрүүлэх барьцааны болон менежментийн гэрээг тулган хүлээлгэж байгуулсан. Иргэн Д.Ж- нь “Э” ХХК дээр НХААГ-14Ю191 тоот Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх 5 383 500 000 төгрөгийн төслийн ажил гүйцэтгэснээс гадна Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Монгол наадам цогцолборт J-800ЕV-1 загварын 12 ширхэг 369 120 420 төгрөгийн төсөл, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж J-800EV-2 загварын 8 ширхэг 348 000 000 төгрөгийн төсөл, Нийслэлийн Боловсролын газрын захиалгаар J-800М загварын 3 ширхэг 527 900 000 төгрөгийн төсөл зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан бөгөөд хамтарсан компанийн анхны төслөөс ноогдол ашиг нэхэмжилж байна. Д.Ж- нь “НХ” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээний хүрээнд машин үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан “Э” ХХК-ийн бизнесийн гадаад орчныг сайжруулах талаарх хууль эрх зүйн орчныг бий болгож 2018, 2019 онуудад улс, аймаг орон нутагт зарлагдаж буй төрөл бүрийн автобус худалдан авах тендерт оролцох талаар “НХ” ХХК-ийн удирдлагуудад удаа дараа санал тавьж саналыг үл тоомсорлон тухайн тендерүүдэд оролцож байгаагүй. Мөн менежментийн гэрээний дагуу “Э” ХХК дээр угсарч үйлдвэрлэж, Өмнөговь, Нийслэлд нийлүүлсэн J-800EV бага оврын цахилгаан автобуснуудын баталгаат засварын үйлчилгээг гүйцэтгэж ирсэн. Иймд “НХ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан менежментийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн заалтыг үл зөвшөөрч байгаа ба “НТ” ХХК-ийн буруутай үйлдлээс үүдэлтэй “Э” ХХК-ийн алдагдлыг бид хариуцах ёсгүй тул хүчээр тулган хүлээлгэсэн, хэдийгээр хүчинтэй хугацаа дууссан менежментийн гэрээн дээр үндэслэсэн барьцааны гэрээг хүчингүй болгож, “Э” ХХК байгуулахад оруулсан бидний хөрөнгө оруулалтад оногдох Хан-Уул дүүргийн 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байр, 129 тоотод байрлах байрыг барьцаанаас чөлөөлж, НХААГ-14/0191 дугаартай тендерийн 2,3 дугаар багцад оногдох ногдол ашгийг олгуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-, Д.Ж- нарын НХААГ 14/0191 тоот тендерийн 2 дугаар багцад оногдох 235 725 000 төгрөг, 3 дугаар багцад оногдох 109 949 000 төгрөг, нийт 345 219 000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Э” ХХК, Д.Ж- нарын хооронд байгуулагдсан Менежментийн гэрээ, мөн өдөр “НХ” ХХК болон Ж.С-, Д.Ж- нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож, барьцаанд буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоотын 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НХ” ХХК-ийн нэхэмжлэгч Ж.С-, Д.Ж- нарт, холбогдуулж Менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107 600 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв хэмжээтэй Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- 2206050770 дугаарт бүртгэгдсэн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1,59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 493 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “НХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 150 төгрөгийг /2200203582881 нэхэмжлэхийн дугаартай/ улсын орлогоос гаргуулж хариуцагч “НХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Ж-, Ж.С- нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хамтарсан “Э” ХХК-ийн дүрмийн 6.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигч Ш.Б- болон түүний “НТ” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас НХААГ-14/0191 тоот тендерийн 2,3-р багцуудын санхүүжилт саатсанаас “Э” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа доголдох нөхцөл бүрдсэн юм. Мөн компанийн дүрмийн 6.51, Компанийн тухай хуулийн 9.4-д тодорхой зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нарын ямар буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан эсэх, хариуцагч дээрх хохирлыг хариуцах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэгч тал нь энэ талаар нотлоогүй байна гэсэн хариуцлагагүй дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч хариуцагч нар анх компанийн байгуулахдаа компанийн дүрэмд хэрэв талууд хэн нэг нь буруутай үйл ажиллагааны улмаас компанид хохирол учирсан тохиолдолд тухайн буруутай этгээд хариуцахаар талууд маш тодорхой зохицуулалтыг оруулж, харилцан тохиролцсон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дээрх тендерт баталгаажсан тайлангаа өгөөгүй, дүйцэх ижил төстэй ажлын гэрээ, комиссын актыг ирүүлээгүй байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг шүүхийн журмаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлсэн бөгөөд хариуцагчийн буруутай үйл ажиллагааг нотолсон байтал шүүх нотлоогүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Талууд хариуцлагатай хандан гэж дээрх гэрээ, дүрэм байгуулсан атлаа тендерийн анхан шатны, наад захын баримтыг гаргаж өгөөгүйгээс болж компани тендерт шалгараагүйн улмаас хохирч, олох ёстой байсан орлогоор хохирсон тал шүүхэд хохирлоо ийнхүү шаардах эрхтэй. “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б-ы “НТ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, үйлдлээс үүдэн “Э” ХХК-д хохирол учирсан бөгөөд тухайн 4 үед хувьцаа эзэмшигч нар ийнхүү хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигч байсан Ж.С- би тухайн тендерээс 345 219 000 төгрөгийг Нийслэлийн тээврийн газраас зарласан “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил” НХААГ-14/0191 дугаартай тендерт “Э” ХХК, Номин трейдинг ХХК-тай түншлэлээр оролцох барааны үнийн хэлцэл”-ийг үндэслэн, Компанийн дүрмийн 6.5-д заалтын хүрээнд “Эколог бус” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан Ш.Б-аас нэхэмжлэх эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн атлаа үндэслэлээ тайлбарлаагүй. Нэгэнт “Э” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хохирол учруулсан хувьцаа эзэмшигч Ш.Б-тай цаашид хамтран ажиллах боломжгүй, түүнд нэхэмжлэгч талаас итгэл алдарсан тул 50 хувийн хувьцаа эзэмшигч Ж.С- нь нийт хувьцааг хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Ш.Б-д шилжүүлэн өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17/02 дугаар барьцааны гэрээгээр нэхэмжлэгч нар өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөө “НХ” ХХК-д гэрээний 2.1-д заасны дагуу үндсэн гэрээ буюу менежментийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан. Барьцаагаар хангагдах үүргийг үндсэн гэрээний 2.1-д заасан хугацаанд үндсэн гэрээний 4 дэх хэсэгт заасан эрх үүргийг бүрэн гүйцэтгэсэн байдлаар тодорхойлно. Үндсэн гэрээ буюу менежментийн гэрээний 2.1 гэрээний хугацаа 3 жилийн хугацаанд хүчинтэй гэж зохицуулсан. Менежментийн гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан бол 3 жил буюу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр менежментийн гэрээ дуусгавар болсон. Нэгэнт гэрээний хугацаа дууссан тул барьцаалуулагч өөрийн үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх эрхтэй. Барьцааны гэрээний 2.3, 2.8-д заасны дагуу Д.Ж- нь менежментийн гэрээний дагуу тохирсон хугацаанд үр бүтээлтэй, тогтвортой суурьшилтай ажилласан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 17/02 дугаар Барьцааны гэрээний 1.2-т заасны дагуу менежментийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгох зорилгоор барьцаалуулагч болох нэхэмжлэгч Ж.С-, Д.Ж- нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцаа барьцаалж, тухайн гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа үүссэн. Барьцааны гэрээний 2.8 дахь хэсэгт “...барьцаалуулагч нь Үндсэн гэрээний 4 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлж, үндсэн гэрээгээр тохирсон хугацаанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажилласнаар энэхүү гэрээний 2.1-д заасан дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх нь барьцаалуулагчид шилжинэ” гэж заасан. Барьцаалуулагч нь үр бүтээлтэй ажиллаж үндсэн гэрээ болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж ажилласан тул барьцааны гэрээний 2.8, 20.9-д заасны дагуу барьцааны гэрээ дуусгавар болж, барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь барьцаалуулагч шилжүүлэн авах бүрэн эрхтэй байна. Барьцааны гэрээний 3.1.1-д заасны дагуу барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах эрхтэй байна. Барьцааны гэрээний 5.1-д барьцаалуулагч нь үндсэн гэрээний үүргээ зөрчсөн бол барьцааны зүйлээр Үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ” гэж заасан. Анхан шатны шүүх буруу ойлгож, барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийг Ш.Б-д холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй гэж буруу дүгнэлт хийсэн байна. Менежментийн гэрээний 5.1-т Б тал болох нэхэмжлэгч Д.Ж- нь гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээнд тохирсон хугацаанд зөвлөх үүргээ тогтвор суурьшилтай ажилласан бөгөөд энэ нь түүний хийсэн ажлаар тогтоогдож байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээгүй, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь алдаатай боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй тул маргааныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Ж.С-, Д.Ж- нар нь НХААГ 14/0191 тоот тендерийн 2 дугаар багцад оногдох 235 725 000 төгрөг, 3 дугаар багцад оногдох 109 949 000 төгрөг, нийт 345 219 000 төгрөгийн хохирол гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Э” ХХК, Д.Ж- нарын хооронд байгуулагдсан Менежментийн гэрээ, мөн өдөр “НХ” ХХК болон Ж.С-, Д.Ж- нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээг тус тус хүчингүй болгож, барьцаанд буй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч “НХ” ХХК, “НТ” ХХК болон Ш.Б-д холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч марган, нэхэмжлэгч нарт холбогдуулан Менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнэ болох 107 600 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

            “Э” ХХК, “НТ” ХХК хамтран тендерт оролцож олох байсан орлогоор хохирсон гэж 345 219 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч нар нь уг шаардлагын үндэслэлээ 2014 оны 9 дүгээр сард Нийслэлийн нийтийн тээврийн газраас зарласан Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажил НХААГ-14/0191 дугаартай тендерт “Э” ХХК нь “НТ” ХХК-тай түншлэлээр оролцох хэлцэл хийж, тендерийн 2 дугаар багц болон 3 дугаар багцад хамаарах төслүүдийн 30 хувийн ашгийг “НТ” ХХК-д өгөхөөр албан ёсны тохиролцоонд хүрсний үндсэн дээр тус компанид үйлдвэрлэгчийн баталгааг гаргаж өгсөн ч “НТ” ХХК нь тендерт оролцохдоо хариуцлагагүй, хайхрамжгүй хандаж, компанийнхаа санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлж өгсний улмаас тендерт шалгараагүй хохирсон гэж тайлбарлан, хохирлын хэмжээг тус тендерт түншлэлээр оролцох барааны үнийн хэлцэл гэх баримтыг үндэслэн тодорхойлж 345 219 000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Хэргийн 229 дүгээр талд авагдсан 345 219 000 төгрөгийн тооцооллыг гаргасан бичгийн баримтад “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа, ахлах нябо, эдийн засагч Ц.Болормаа, “Номин моторс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхээ нар хэлцэл хийсэн гэж гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч “НТ” ХХК, “НХ” ХХК-ийн эрх бүхий этгээд уг хэлцэлд оролцоогүй байна.

 

Түүнчлэн, гэрээний үүргээ зөрчсөний улмаас хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан шууд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Хэрэгт авагдсан баримтаар “НТ” ХХК, “НХ” ХХК, Ш.Б- нарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт бодит хохирол учирсан нь тогтоогдохгүй байна.

 

Иймд 345 219 000 төгрөгийн хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Э” ХХК, Д.Ж- нарын хооронд байгуулагдсан Менежментийн гэрээ, мөн өдөр “НХ” ХХК-тай Ж.С-, Д.Ж- нарын байгуулсан барьцааны гэрээ нь талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохиролцож тогтоон, гарын үсгээр баталгаажуулж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дээрх 2 гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Харин талуудын тогтоосон гэрээний үргэлжлэх 3 жилийн хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон, гэрээний хугацаа үргэлжилсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээний дагуу барьцаагаар хангагдаж байсан үүрэг шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх үед Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан үндэслэлээр дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тул мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

“Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Б- болон Д.Ж- нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Менежментийн гэрээгээр “Б” тал буюу Д.Ж- нь  экобус үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн болгох, машин үйлдвэрлэл, машин тоноглол, сэлбэг эд анги үйлдвэрлэх, нийлүүлэх, угсрах зэрэг үйл ажиллагаанд өөрийн мэдлэг туршлагын хүрээнд байнгын зөвлөгөө зөвлөмж өгөх, ажлын явц гүйцэтгэлд хяналт тавих, удирдлагын хяналтаар үүрэгжүүлэх, зааж сургах үүргийг, “А” тал буюу Ш.Б- нь гэрээний хугацаанд хэрэгжүүлэх төсөл тендерийн ажилд хамтран үр ашигтай ажиллах, удирдлагын түвшинд шийдвэр гаргах, хяналт тавих, зөвлөх инженерийн санал санаачилгыг дэмжих, ажиллах нөхцөл боломжоор хангах  үүргийг харилцан хүлээсэн, уг гэрээний агуулгаас үзвэл талуудад хөлсөөр ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч тал нь Д.Ж- нь менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг хаяж явсан гэх боловч гэрээнд хэрхэн хяналт тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байснаа болон “Б” тал буюу Д.Ж-ы буруутай үйл ажиллагааны улмаас “Э” ХХК-д хохирол учирсныг баримтаар нотлоогүй, гэрээний үүргийг дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул менежментийн гэрээний үүрэгт 107 600 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлд тооцогдохоор, хамтад нь шийдвэрлэх боломжтой байхад хүлээн авахаас татгалзсан нь буруу болно.

 

Менежментийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах агуулгатай барьцааны гэрээг Ж.С-, П.Жаргалсайхан нар нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “НХ” ХХК-тай байгуулсан тул нэхэмжлэгчийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59,83 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Номин холдинг ХХК-д даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх хэсгийг хангаж, үлдэх гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохирол гаргуулах “НТ” ХХК болон Ш.Б-, Номин холдинг ХХК”д холбогдуулсан нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосон болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/01457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 259 дүгээр зүйлийн 259.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-, Д.Ж- нарын “НХ” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 129 тоот 59.83 м.кв талбай бүхий байрыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг буюу НХААГ 14/0191 тоот тендерийн 2 дугаар багцад оногдох 235 725 000 төгрөг, 3 дугаар багцад ногдох 109 949 000 төгрөг, нийт 345 219 000 төгрөгийг гаргуулах, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Э” ХХК, Д.Ж- нарын хооронд байгуулагдсан Менежментийн гэрээ, мөн өдөр “НХ” ХХК-тай байгуулсан Барьцааны гэрээг тус тус хүчингүй болгох шаардлага болон “НХ” ХХК-ийн Ж.С-, Д.Ж- нарт холбогдуулан гаргасан Менежментийн гэрээний үүрэгт барьцаа хөрөнгийн үнийн дүн болох 107 600 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “3” гэсэн дугаарыг “2” гэж, “улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “НХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 150 төгрөгийг /12200203582881 нэхэмжлэхийн дугаартай/ улсын орлогоос гаргуулж хариуцагч “Номин холдниг” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч “НХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 150 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “НХ” ХХК-аас 695 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-, Д.Ж- нарт олгосугай” гэж, тогтоох хэсгийн “4” гэсэн дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 493 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ