Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04484

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04484

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

гомдол гаргагч: *** тоот хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ***хаягтай, ***т холбогдох,

           

үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            шүүх хуралдаанд

гомдол гаргагч ***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***,

шинжээч*** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гомдол гаргагчаас хариуцагчид холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

2. Гомдол гаргагч *** гомдлын үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Үл хөдлөх эд хөрөнгийг маань үнэлсэн үнэлгээ яагаад доогуур байна гэж үзэж байгаа вэ гэхээр Монгол улсын сүүлийн статистикийн мэдээг авч үзэхэд Баянгол дүүргийн манай ойр хавийн хаусын дундаж үнэлгээ нь 4.9 тэрбум төгрөг байгаа. Сүүлийн 10 жилд хаусын хэрэглээ илүү өргөн болоод 85.6 хувиар өссөн статистик тоо баримт гарсан байна. Энэ тоо баримтаар тооцоод үзэхэд өнөөдөр зөвхөн хаус нь 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Дээрээс нь нэмээд газартай, тэр газар нь сунгаж болно. Манай хажуу талд байдаг газрыг 5 жилийн өмнө би авах гээд сонирхож байхад 350,000,000 төгрөг гээд би авч дийлээгүй. Нийтийн байрны бодит ханш нь ремакс дээр хуучин орон сууцны дундаж ханш нь 2024 оны 05 дугаар сарын байдлаар 3,870,000 төгрөг, шинэ байр нь 4,100,000 төгрөг гээд зах зээлийн дундаж ханш нь байгаа. Үндэсний статистикийн хороо болон ремакс гээд мэргэжлийн компанийн үнэлгээг би судалгаа хийсэн. Би өөрөө судлаач хүн болохоор тоонд их дуртай. Яаж ч бодсон нийтийн байрны ханш ийм үнэтэй байхад өөрийн газартай бие даасан хаусыг яагаад ингэж доогуур үнэлж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байр хотын А бүс гэж үзэж болохоор байрлалтай. Манай барилга зүгээр айлын сууц биш, оффис маягаар тохижуулсан. Хана нь маш сайн хийгдсэн, маш дулаахан, 5 өрөөтэй, өрөөнүүд нь том, доошоо граштай, доороо үүзлийн өрөө нь маш том учраас үйлдвэрийн барилга гэж харж болно. Анх банк үнэлэхдээ маш доогуур үнэлж байсан. Иймд би хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *талбайтай, орон сууцны зориулалттай, зоорины давхрын хамт 3*вхар, нийт 5 өрөөтэй, төвийн бүх шугам сүлжээнд холбогдсон үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн газрыг нь банк 1,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан, эднийх 100 гаруй сая төгрөгөөр үнэлсэн байгаа нь хэт доогуур байна  гэж үзэж байна...гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1989 дугаар захирамжаар ***, *** нараас нийт 773 511 353 төгрөгийг гаргуулж, Хас банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэл нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч *** нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо 10 дугаар хороолол, амины орон сууц 78Б тоот хаягт байршилтай 263 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй, бүртгэлтэй. Тус хаягт байрлах 243 м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг 2021 оны 1 сарын 24-ний өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчийн зүгээс 3,900,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн байгаа. Уг хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу ***-ийн шинжээч Ц.Оюунчимэгийг томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход нийтдээ 813,093,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг 2024 оны 2 сарын 20-ны өдөр хүлээн аваад төлбөр төлөгчийн болон төлбөр авагч нарт 2024 оны 2 сарын 21-ний өдрийн албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болоод өөрөөр хэлбэл бие даан худалдан борлуулах сарын хугацаа авах боломжтой болохыг мэдэгдсэн. Уг эрхийнхээ дагуу төлбөр төлөгчийн зүгээс шүүхэд гомдол гаргасан байгаа. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх ажиллагаа процессын дагуу, хуульд заасны дагуу явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Гомдол гаргагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

гомдол /хэргийн 1-3 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

2024.02.20-ний өдрийн №*** дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хэргийн 6 дугаар тал/

иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 7 дугаар тал/

газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа /хэргийн 8 дугаар тал/

үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хэргийн 9-10 дугаар тал/

2022.05.26-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 11-14 дүгээр тал/

2024.02.27-ны өдрийн *** тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 17 дугаар тал/

2024.02.29-ний өдрийн *** дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас***-д ирүүлсэн мэдэгдэл /хэргийн 18 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *** олгосон итгэмжлэл /хэргийн 23 дугаар тал/

2022.11.29-ний өдрийн *** дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 36-37 дугаар тал/

2022.11.29-ний өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 38-39 дугаар тал/

2022.05.26-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 40-46 дугаар тал/

2022.12.14-ний өдрийн *** дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хэргийн 47 дугаар тал/

2023.01.17-ны өдрийн *** дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хэргийн 48 дугаар тал/

2023.01.19-ний өдрийн Улсын бүртгэлийн хэлтэс /хэргийн 49 дүгээр тал/

Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 50 дугаар тал/

2023.03.03-ны*** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хэргийн 51-53 дугаар тал/

2024.01.24-ний өдрийн *** дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хэргийн 54-55 дугаар тал/

2024.01.24-ний өдрийн ***дугаар шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хэргийн 56-57 дугаар тал/

2024.01.26-ны өдрийн №04/24 дугаар ***-ийн тайлбар /хэргийн 58-59 дүгээр тал/

2024.01.29-ний өдрийн ***дугаар Хас банк ХК-ийн албан бичиг /хэргийн 60 дугаар тал/

2024.01.30-ний өдрийн 1/41 дугаар шинжээч томилох тухай тогтоол /хэргийн 61 дүгээр тал/

2024.01.30-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх тухай тогтоол /хэргийн 62 дугаар тал/

2024.01.30-ний өдрийн Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт /хэргийн 63 дугаар тал/

2024.01.30-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсны тэмдэглэл /хэргийн 64 дүгээр тал/

№007 ***-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тайлангийн дугаар /хэргийн 65-85 дугаар тал/

2024.02.20-ний өдрийн №*** дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас***-руу хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 86 дугаар тал/

2024.02.21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 87 дугаар тал/

2024.02.20-ний өдрийн *** дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл / хэргийн 88 дугаар тал/

Үнэгүй.мн сайтын 3 ширхэг фото зураг /хэргийн 122-124 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. *** ..төлбөрт хураагдсан хөрөнгийг 813 093 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах... тухай гомдол гаргаж, шаардлагын үндэслэлээ ... барилгын шинж байдал буюу хана нь маш сайн хийгдсэн, маш дулаахан, 5 өрөөтэй, өрөөнүүд нь том, зоорины давхрын хамт 3 давхар, нийт 5 өрөөтэй, төвийн бүх шугам сүлжээнд холбогдсон үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн...  гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч *** эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбар нотлогдохгүй байна... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2022 оны 05 сарын 26-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ***-ийн нэхэмжлэлтэй, ***, *** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 839 505 874 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт 769 505 874 төгрөгийн хэмжээнд эвлэрч, мөнгөн төлбөрийн үүргийг хэсэгчлэн төлөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 40-46 дугаар тал/

 

            2022 оны 11 сарын 29-ний өдрийн *** дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хэргийн 36-39 дугаар тал/

 

            2022 оны 12 сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, эдгээр ажиллагааны талаар талууд ямар нэг гомдол гаргаагүй байна. /хэргийн 47-57 дугаар тал/

 

 Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу битүүмжилж хураан авсан, төлбөр төлөгчийн *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй,***м кв талбайтай амины орон сууц хөрөнгө, мөн хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаар бүхий *** газар хөрөнгийн үнийн саналаа 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дотор ирүүлэхийг 2024 оны 01 сарын 24-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн, 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 04/24 тоот тайлбараар төлбөр төлөгч газар, амины орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгөө нийт 3. 9 тэр бум төгрөгөөр үнэлж байгаагаа мэдэгдсэн, 2024 оны 01 сарын 29-ний өдөр *** тоот албан бичгээр төлбөр авагч төлбөр төлөгчийн ирүүлсэн үнийг саналыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хэргийн 57-60 дугаар тал/

 

Төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар талууд тохиролцоогүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 01 сарын 30-ны өдөр ***ийг шинжээчээр томилж, шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн хандлагын аргаар 813 093 000 төгрөг гэж үнэлж тайланг шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид 2024 оны 02 сарын 20-ны өдөр, төлбөр төлөгчид 2024 оны 02 сарын 21-ны өдөр тус тус мэдэгдэж баримт үйлдэн, хөрөнгөө бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг тайлбарлан өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 61-88 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй

 

5. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар ***гийн гомдол үгүйсгэгдэж, гомдлын шаардлага үндэслэл тайлбар баримтаар тогтоогдохгүй байна гэж үзнэ.

 

6. Тодруулбал ***гийн ...төлбөрт хураагдсан хөрөнгийн бүтээц хийц чанар шинж байдлын мэдээллийг бүрэн үнэлээгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн.. гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

7. *** хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээний олон улсын стандарт,үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, интернет вэб сайтууд дахь үнийн мэдээлэл,  МУ-ын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хөрөнгийн мэдээлэл буюу барилгын бүтээц хийц, зориулалт байршил, шугам сүлжээ, ашиглалтад орсон байдал, талбайн хэмжээ, өмчлөл, эзэмшил, зарах үнийн санал, худалдааны нөхцөл, нэгж талбайн үнэ зэрэг хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалт шинж байдлуудыг бусад хөрөнгүүдтэй харьцуулан жишиж судлан өртгийн хандлагын аргаар амины орон сууцыг 661 650 563 төгрөгөөр, зах зээлийн хандлагын аргаар газар 147 543 000төгрөг, амины орон сууыг 665 550 426  төгрөгөөр тооцон зах зээлийн хандлагын аргад 100 хувь ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 813 093 000 төгрөг гэж тооцсон шинжээчийн үнэлгээ тайлан, Буфа үнэлгээ ХХК-ийн шинжээчийн ... бодит байдал дээр нь үзлэг хэмжилтээ хийгээд орчны судалгаа тооцооллуудыг хийж үнэлгээг гаргасан байгаа. Уг барилга маань төмөр каркастай, блокон дүүргэлттэй, 2 давхар барилга байсан. ...яг 10 дугаар хорооллын тухайн байршлын урд тал, хойд тал, хойд талын 2 объект, урд талын нэг объект гэсэн объектуудыг сонгож зах зээлийнхээ үнэ цэнийг гаргасан байгаа. Үнэ цэнийг гаргахдаа бид тухайн үнэлэгдэж байгаа барилгатай хамгийн ижил төстэй гэсэн сонголтуудыг авсан учраас бид ямар нэгэн зөрүүгийн чанар байдлын ялгааны асуудлыг авч үзээгүй байгаа. Орон сууцын үнэ бол тухайн үеийн статистикийн 1 дүгээр сарын 10-ны байдлаар буюу шинээр Баянгол дүүрэг дээрх хуучин орон сууцад 3,000,000 төгрөгийн үнэтэй байсныг би олж харж байсан. Газар маань эзэмших эрхтэй газар байсан. Энэ газрыг үнэлэхдээ мөн ялгаа байхгүй 10 дугаар хорооллын 6 дугаар хорооны байршилд байгаа тухайн объектын ард, тун ойрхон 2 байршлыг сонгож газрын үнэ цэнээ гаргасан. ...газруудыг харьцуулж манай газар маань 263 м.кв газар байгаа. Үүнийг харьцуулаад нэгжийн үнэ маань 561,000 төгрөг гэж гарсан байгаа. Яг тухайн байршил дээр нь авсан байгаа учраас орон зай болон ямар нэгэн эрдэм шүүмжлэлийн ялгаа хийгдээгүй гарсан. Газрыг зөвхөн зах зээлийн үнэ цэнээр тооцоолсон байгаа. Газар болон барилгын үнийн зах зээлийн үнэ цэнэ нийлээд 813,093,000 төгрөг гэсэн зах зээлийн үнэ цэнэ гарсан байна... гэх шинжээчийн дүгнэлт тайлбар баримтаар үгүйсгэгдэж байна.

 

8. *** ...амины орон сууц хөрөнгийг 2017 онд бараг 475,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан, түүнээс хойш Хаусын үнэ 85.6 хувиар өсөж байгаа учраас би хөрөнгөө 3 тэрбум төгрөгөөр үнэлсэн... гэх тайлбар баримтаар нотлогдоогүй.

 

            9. Иймд ***гийн гомдол үндэслэлгүй байх тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар ***гийн ***т холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан газар, амины орон сууц үл хөдлөх хөрөнгийг 813 093 000 төгрөгөөр үнэлсэн ***-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

           

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар ***гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

11. 2024.03.11-ний өдрийн №01/77 тоот хариуцагчаас И.Гомбожавт олгосон итгэмжлэлээр тус тус  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 23 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч ***т холбогдуулан гаргасан төлбөрт хураагдсан газар, амины орон сууц үл хөдлөх хөрөнгийг 813 093 000 төгрөгөөр үнэлсэн ***-ийн тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч ***гийн гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ