Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 129/ШШ2024/00462

 

 

 

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00462

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . хороо, . тоотод оршин суух Т овгийн Ц.У

Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Б овгийн Д

Нэхэмжлэлийн шаардлага: 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

Гэрч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

Хариуцагч Д.Д-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Д-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.Д-д холбогдуулан самар худалдах, худалдан авах гэрээний үүрэг 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

 

            Би 2021 оны 9 сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд самар заруулахаар 1 килограммыг нь 18000 төгрөгөөр тооцож 2 тн 640 кг самрыг В.Б-д нийлүүлсэн. Нийлүүлсэн самар зарагдсаны дараа мөнгөө авахаар В.Б-с шаардахад чиний самрын мөнгө 40,000,000 төгрөгийг Д.Д-д шилжүүлсэн. Д.Д-с мөнгө авсны дараа чиний 40,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би 40,000,000 төгрөг Д.Д-д шилжүүлэх зөвшөөрлийг В.Б-д өгөөгүй. Би В.Б-д самрын мөнгө 40,000,000 төгрөгийг чамаас авах ёстой гэж шаардсаны дагуу В.Б Д.Д-д хандаж самрын үнэ 40,000,000 төгрөгийг Ц.У-нд өгөөрэй гэж хэлсэн байдаг. В.Б-н хэлсний дагуу Д.Д 2,000,000 төгрөг, Р.Б 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг надад өгсөн. Одоо би хариуцагч Д.Д-с В.Б-н авах 31,000,000 төгрөг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбартаа: В.Б-н гаргасан самар худалдаж авах саналыг Д хүлээн зөвшөөрсөн учраас 2021 оны 10 сарын 10-нд Д.Д-н данс руу В.Б самар авах зорилгоор 40,000,000 төгрөг шилжүүлсэн. В.Б-с 40,000,000 төгрөг хүлээн авсантай Д.Дашдорж маргадаггүй бөгөөд В.Б Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн  бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу самар авахаар 40,000,000 төгрөгийг В.Б хариуцагч Д.Д- шилжүүлж, В.Б, Д нар самар худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан.  40,000,000 төгрөгийг Д.Д-д шилжүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байна. Д.Д-с самраа хүлээж аваагүй нь гэрч Б, М нарын мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч тал В.Б-г самар хүлээж авсан гэдгийг нотлох баримтаар нотлоогүй. В.Б самраа хүлээж аваагүй учраас Д.Д-с шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй. Энэ мөнгөө Ц.У-д өг гэж Д.-н хэлсний дагуу Ц.У-д 9,000,000 төгрөг өгсөн. Д.Д-с самрын мөнгө шаардах эрхээ В.Б У-д шилжүүлсэн. Энэ шаардах эрх шилжүүлсэн гэрээний дагуу Ц.У Д.Д-с 31,000,000 төгрөг шаардах эрхтэй байна. Гэрч Р.Б мөнгөө хүмүүсээс авчихвал Ц.У-д өгнө гэж хэлдэг. Хариуцагч тал В.Ба-тэй самар авахаар хамтран ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч ашиг, алдагдал, хаяг байршил, оруулах хөрөнгийн хэмжээ, хүлээх үүрэг, хариуцлага зэргээ харилцан тохиролцсон нь тодорхойгүй, хамтран ажилласан нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолж чадахгүй байна. В.Б, Д нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа зүйл тусдаа гэрээний асуудал буюу Д самар авахдаа н.М, Р.Б гэх хүмүүстэй хамтарч ажиллах, дундаас нь ашиг авах зэрэг нь хариуцагчийн асуудал. Энэ талаар тусдаа шаардлагаа гаргаад явж байгаа юм байна. В.Б, Д нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээнд шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох талаар заагаагүй учраас Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу В.Б шаардах эрхээ Ц.У-д шилжүүлсэн. Д.Д самрын үнийн үлдэгдэл төлбөр 31,000,000 төгрөгийг өгнө гэдэг боловч одоог хүртэл өгөөгүй учраас шаардах эрх шилжүүлэх хэлцлийн үндсэн дээр В.Ба-н мөнгийг Д.Д- нэхэмжилж байна. Ц.У В.Б-с хичнээн төгрөг авах байсан нь энэ маргааны үйл баримтад огт хамаагүй.  Үүнээс үл хамаарч В.Б-н Д.Д-с шаардах самрын үнийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Д-с самрын үнэ 31,000,000 төгрөгийг гаргуулж Ц.У-д олгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:

 

2021 оны 10-р сард Улаанбаатар хотод оршин суудаг В.Б, Г.М 2 над руу утасдаж Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад бид нар самар авахаар болсон та хүрч ирж бид нартай хамт самар авалцаач, бид нар мөнгө гаргаж байгаа, та ч бас тодорхой хэмжээний мөнгөтэй ирээрэй гэсэн санал тавьсан. Би ганцаараа очиж чадахгүй, Р.Б-н хамт очно гэдгээ хэлэхэд зөвшөөрч биднийг хүрээд ир гэсэн. 2021 оны 10 сарын 05-нд очиход В.Б, Г.М нар Зүүнхараагийн харьяат Ж.М н.М хоёрыг танилцуулж энэ 2 хүн нутгийн иргэд учир самранд явах найдвартай хүмүүстэй гэрээ хийнэ, та 2 ирсэн самрын чанарыг шалгаж Улаанбаатар хот руу ачуулна гэсэн бөгөөд тус бүр өөрсдийн ажлыг зөвшөөрсөн. 2021 оны 10 сарын 10-нд В.Б-с миний дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь В.Б, Г.М хоёрын хэлсний дагуу н.М Р.Б нарын зөвшөөрлөөр У-н Хаан банкны данс руу 12,000,000 төгрөг, Б-н Хаан банкны данс руу 10,000,000 төгрөг, Э-ын Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг, Б-н Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: В.Б, Г.М нар Улаанбаатар хотод самар зарах, н.М н.М нар хүмүүстэй гэрээ хийж самар авах, Д.Д, Р.Б хоёр самрын чанарыг нь шалгаж Улаанбаатар хот руу ачуулах зэргээр гүйцэтгэх ажил үүргээ амаар харилцан тохиролцож н.М, н.Мө В.Б, Г.М, Д.Д, Р.Б нар хуш модны самар бэлтгэн нийлүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. В.Б Д.Да-р дамжуулж самар бэлдэж байгаа жолооч нарт 40,000,000 төгрөг өгсөн. Хэргийн үйл баримтаас харахад Д.Днь В.Б-тэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Энэ 6 хүн хамтарч самар авч компанид өгөх зорилготой байсан. В.Б-с 40,000,000 төгрөг орж ирсний дараа ямар хүмүүс рүү шилжүүлэх талаар н.М-с асууж н.М, Р.Б нарын зөвшөөрөл, Г.М  В.Б нарын хэлсний дагуу н.У н.Б, н.Э н.Б нарын данс руу уг мөнгийг шилжүүлсэн. В.Б-д өгөх мөнгийг л Ц.У-н данс руу 9,000,000 төгрөгийг Р.Б шилжүүлсэн. Ц.У-н мөнгийг зарцуулаагүй. В.Б, Д.Д нар хамтран ажиллах гэрээний дагуу бусдад мөнгөө өгчихөөд самар авч чадалгүй адилхан хохирсон учраас В.Б Д.Д-с самрын мөнгө шаардах эрхгүй. Мөн Ц.У Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 7 сарын 03-нд нэхэмжлэл гаргасан болохоос В.Б нэхэмжлэл гаргаагүй. Ц.У нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 9 сарын 9-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу В.Б-н өмнөөс самрын мөнгө нэхэмжилж байна. Ц.У өөрийнхөө эсхүл В.Б-н мөнгийг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй. Д.Д нь Ц.У-н, В.Б-н өмнө үүрэг хүлээсэн этгээд биш. Ц.У В.Б-с самрын мөнгө шаардаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ц.У В.Б-с мөнгө авах эрхгүй нь энэ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Ц.У өөрөө, мөн В.Б-н өмнөөс мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд Ц.У-н самрын үнэ 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс

- Ц.У-н ХААН банкны 5113022443 тоот дансны 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга

- Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэр

- В.Б, Э.Н /Ц.У-г төлөөлж/ нарын байгуулсан 2023 оны 9 сарын 29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай 121 дүгээр гэрээ

- Ц.У-с Э.Н-д самрын үнэ шаардах, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатчын 2023 оны 9 сарын 08-ны өдрийн 1490 дугаар тэмдэглэл,

- В.Б-н 5023200021 тоот данснаас 2021 оны 10 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг Д.Д-н ХААН банкны 5135176215 тоот данс руу шилжсэн баримт /ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас

- Д.Д-н ХААН банкны 5135176215 тоот дансны 2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга

- Н.М, Б.Э, Б.У нарын байгуулсан 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 2-14 дүгээр хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-н хүсэлтээр гэрч Г.М-с, хариуцагч Д.Д-н хүсэлтээр гэрч Р.Б, В.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.У-н хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан 31,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Би 2021 оны 9 сарын 05-ны өдрөөс 2021 оны 9 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд самар заруулахаар 1 килограммыг нь 18000 төгрөгөөр тооцож 2 тн 640 кг самрыг В.Б-д нийлүүлсэн. Нийлүүлсэн самар зарагдсаны дараа мөнгөө авахаар В.Б-с шаардахад чиний самрын мөнгө 40,000,000 төгрөгийг Д.Д-д шилжүүлсэн. Д.Д-с мөнгө авсны дараа чиний 40,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн. Би 40,000,000 төгрөг Д.Д-д шилжүүлэх зөвшөөрлийг В.Б-д өгөөгүй. Би В.Б-д самрын мөнгө 40,000,000 төгрөгийг чамаас авах ёстой гэж шаардсаны дагуу В.Б Д.Д-д хандаж самрын үнэ 40,000,000 төгрөгийг Ц.У-д өгөөрэй гэж хэлсэн байдаг. В.Б-н хэлсний дагуу Д.Д 2,000,000 төгрөг, Р.Б 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг надад өгсөн. Одоо би хариуцагч Д.Д-с В.Б-н авах 31,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

2021 оны 10-р сард Улаанбаатар хотод оршин суудаг В.Б, Г.М 2 над руу утасдаж Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад бид нар самар авахаар болсон та хүрч ирж бид нартай хамт самар авалцаач, бид нар мөнгө гаргаж байгаа, та ч бас тодорхой хэмжээний мөнгөтэй ирээрэй гэсэн санал тавьсан. Би ганцаараа очиж чадахгүй, Р.Бо-н хамт очно гэдгээ хэлэхэд зөвшөөрч биднийг хүрээд ир гэсэн. 2021 оны 10 сарын 05-нд очиход В.Б, Г.М нар Зүүнхараагийн харьяат Ж.М, н.М хоёрыг танилцуулж энэ 2 хүн нутгийн иргэд учир самарт явах найдвартай хүмүүстэй гэрээ хийнэ, та 2 ирсэн самрын чанарыг шалгаж Улаанбаатар хот руу ачуулна гэсэн бөгөөд тус бүр өөрсдийн ажлыг зөвшөөрсөн. 2021 оны 10 сарын 10-нд В.Б-с миний дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь В.Б, Г.М хоёрын хэлсний дагуу н.М, Р.Б нарын зөвшөөрлөөр У-н Хаан банкны данс руу 12,000,000 төгрөг, Б-н Хаан банкны данс руу 10,000,000 төгрөг, Эн-ын Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг, Баяраагийн Хаан банкны данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ц.У-н ХААН банкны 5113022443 тоот дансны 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэр, В.Б, Э.Н /Ц.У-г төлөөлж/ нарын байгуулсан 2023 оны 9 сарын 29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх тухай 121 дүгээр гэрээ, Ц.У-с Э.Н-д самрын үнэ шаардах, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэлийг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатчийн 2023 оны 9 сарын 08-ны өдрийн 1490 дугаар тэмдэглэл, В.Б-н 5023200021 тоот данснаас 2021 оны 10 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг Д.Даш-н ХААН банкны 5135176215 тоот данс руу шилжсэн баримт /ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл/, Д.Да-н ХААН банкны 5135176215 тоот дансны 2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Н.М, Б.Э, Б.У нарын байгуулсан 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 2-14 дүгээр хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ, гэрч Г.М, Р.Б, В.Б нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            5. Шаардах эрх шилжсэн тухайд:

 

Нэхэмжлэгч Ц.Уд-йн  2023 оны 07 сарын 04-ний өдөр гаргасан хариуцагч Д.Да-с 31,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч Д 2023 оны 07 сарын 20-ны өдөр гардаж аваад “Би Ц.У гэх хүнийг танихгүй бөгөөд Ц.У нь надад 40,000,000 төгрөг өгөх болон бидний хооронд ямар нэгэн харьцаа үүсээгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2021 оны 10 сарын 10-нд В.Б-с миний дансанд 40 сая төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь В.Б Г.М хоёрын хэлсний дагуу н.М, Р.Б нарын зөвшөөрлөөр У Б, Э, Б нарын данс руу мөнгийг шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргажээ.

 

В.Б нь Д.Д-йн Хаан банкин дах 5135176215 тоот данс руу шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг Д.Да-ос шаардах эрхийг Ц.У-д шилжүүлсэн 2023 оны 09 сарын 29-ний өдрийн гэрээг 2023 оны 12 сарын 15-нд шүүхэд шуудангаар ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч “Ц.У шүүхэд 2023 оны 7 сарын 04-нд нэхэмжлэл гаргасан болохоос В.Баянмөнх нэхэмжлэл гаргаагүй. Ц.У нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 9 сарын 29-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу В.Ба- өмнөөс самрын мөнгө нэхэмжилж байна. Ц.У  өөрийнхөө эсхүл В.Ба-н мөнгийг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй” гэж тайлбарлаж байна.

 

В.Б шаардах эрхээ шилжүүлэх гэрээ бичгээр байгуулахаас өмнө нэхэмжлэгч Ц.Уд нь Д.Д-д холбогдуулан самар авахаар шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн үлдэгдэл 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Д.Д нь В.Б-тэй хуш модны самар авах талаар харилцан тохиролцсон үйл баримттай хариуцагч маргаагүй.

 

В.Б нь хуш модны самар авахаар Д.Да-той тохиролцохдоо бичгээр гэрээ байгуулсан талаар зохигч тайлбар гаргаагүй, энэ талаар гэрч нар мэдүүлээгүй тул В.Б, Д.Д сарыг амаар хэлцэл хийсэн гэж үзнэ.  

 

Нэхэмжлэгч Ц.У-н “Би В.Ба-д самрын мөнгө 40,000,000 төгрөгийг чамаас авах ёстой гэж шаардсаны дагуу В.Б Д.Д-д хандаж самрын үнэ 40,000,000 төгрөгийг Ц.У-нд өгөөрэй гэж хэлсэн байдаг. В.Б-н хэлсний дагуу Д.Д, Р.Б нар надад 9,000,000 төгрөг өгсөн” гэсэн тайлбар, гэрч Р.Бо-н “нэг шүүхийн шийдвэр гарч нэг хүн 13,000,000 төгрөг өгсөн. У миний мөнгө гэхэд нь түүнд 9,000,000 төгрөгийг нь энэ мөнгөнөөс өгсөн”, гэрч В.Ба-н “энэ 40,000,000 төгрөгийг Ц.У авах ёстой” гэсэн мэдүүлгүүд, “2023 оны 02 сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөгийг У Д, 2023 оны 02 сарын 18, 20-ны өдрүүдэд 7,000,000 төгрөгийг Б.Р” гэсэн агуулгаар нийт 9,000,000 төгрөг шилжүүлсэн Ц.У-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр В.Б нь нэхэмжлэгч Ц.У-д шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасантай нийцэж байх тул Ц.У нь хариуцагч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна.

 

Мөн В.Б нь Ц.У-д шаардах эрхээ амаар болон бичгээр шилжүүлсэн нь хууль болон гэрээний мөн чанарт харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            6. Шаардах эрхээ шилжүүлсэн В.Б, хариуцагч Д нарын байгуулсан гэрээний тухайд:

           

Нэхэмжлэгч тал “В.Б нь самар худалдаж авахаар Д.Д-д 40,000,000 төгрөг шилжүүлж, В.Б Д.Д нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Д нь В.Б-д самар хүлээлгэж өгөөгүй учраас одоо 40,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн хариуцагч Д.Д- гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.У шаардах эрхтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч “Ж.М, н.М нар нутгийн хүмүүстэй гэрээ хийж Д.Д, Р.Б нар самрыг шалгаж авч, Р.Б, Д.Д нар ирсэн самрын чанарыг шалгаж Улаанбаатар хот руу Ж.М, В.Б нарт өгөхөөр харилцан тохиролцсон. Д.Даш-н шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг нэр бүхий хүмүүст өгсөн. Энэ 6 хүн хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас В.Б Д.Да-с мөнгө шаардах эрхгүй. Нэхэмжлэгч Ц.У Д.Д-ос мөнгө нэхэмжлэх эрхгүй” гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна.

 

Хариуцагч Д 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцсан боловч 2023 оны 12 сарын 15-нд шүүхэд ирүүлсэн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр В.Б Ц.У-д 40,000,000 төгрөг шаардах эрхээ шилжүүлсэн үйл баримтын талаар шүүхэд тайлбар гаргаагүй.

 

Хариуцагч тал В.Б, Д.Д нар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч талууд бусдаас хуш модны самар авахдаа хөрөнгө оруулсан хувь хэмжээ, ашиг, алдагдлаа хэрхэн хуваарилахаар тохиролцсон байдал болон хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ харилцан зөвшөөрөл авах эсэхийг хэрхэн харилцан тохиролцсон  талаар тайлбар, нотлох баримт хэрэгт авагдаагүй тул В.Б, Д нар хамтран ажиллах гэрээ байгуулсан нь нотлогдохгүй байна.

 

 Харин гэрч Р.Б-н “Мэн, Ба хоёр руу яриад та хоёр мөнгө гарга, жолооч нар урьдчилгаа мөнгө аваад явах гээд байна гэсэн. Тэгвэл тэр жолооч нартайгаа гэрээгээ хийчих, тодорхой хэмжээгээр мөнгө төгрөг явуулъя гэж Б ярьсан. Б Д руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Д.Д бид хоёр самар авч Улаанбаатарт Б, М нарт самраа хүргэж өгөх үүрэгтэй байсан”, гэрч В.Б-н “Би самар авах зорилгоор Д.Да-н данс руу мөнгө шилжүүлсэн. Д.Д энэ хүнд мөнгө өгөх үү, өгөхгүй юу гэж надаас зөвшөөрөл аваагүй, би тэр хүнд зөвшөөрөл өгөхгүй. Энэ 40,000,000 төгрөг Ц.Удв-н мөнгө. Самар авах гэж мөнгө шилжүүлсэн боловч самраа аваагүй” гэсэн мэдүүлгээр В.Б, хариуцагч Д.Д нар нь хуш модны самар худалдах худалдан авахаар тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзлээ.

 

Тухайн үед мөрдөж байсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар тушаалаар хуш модны самрыг 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэхээр заасан бөгөөд хуш модны самар түүх зөвшөөрлийг зохих байгууллагаас олгосон хугацаанд гэрээний талууд 2021 оны 10 сард хуш модны самар худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээний талуудын эрх ашиг хуулиар хамгаалагдана.

 

В.Б нь хуш модны самар худалдан авахаар Д.Да-жтой тохиролцож түүний данс руу 2021 оны 10 сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн баримт, гэрч Р.Б, В.Б нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд энэ үйл баримттай хариуцагч маргаагүй.

 

Хариуцагч Д нь В.Б-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн самар нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь гэрч В.Б-н мэдүүлгээр тогтоогддог, хариуцагч нь гэрээний үүрэг биелүүлснээ нотлох баримтаар нотлоогүй тул В.Б нь самар авах зорилгоор шилжүүлсэн 40,000,000 төгрөгөө Д.Д-с Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу буцаан шаардах эрхтэй байна.

 

Шаардах эрх хүлээн авсан нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Д.Д-с дээрх үүрэг болох 40,000,000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн Ц.У-д төлсөн 9,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн 31,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй, шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.2-т зааснаар мөнгийг нэхэмжлэгч Ц.У-д олгохоор шийдвэрт заах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Д-с самрын үнэ 31,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгох үндэслэлтэй байна.

 

  7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03912 дугаар шийдвэрээр Ц.У В.Б нарын маргааныг шийдвэрлэсэн бөгөөд одоо шийдвэрлэгдэж байгаа В.Б, Д нарын гэрээний үүргийн маргаан нь урьд шийдвэрлэгдээгүй тул шүүхээр шийдвэрлэгдсэн үйл баримт гэж үзэхгүй. 

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Да-с 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгов.  

 

9. Нэхэмжлэгч Ц.Уд-н нөхөр Г.М-ас гэрчийн мэдүүлэг өгөх эсэх талаар зөвшөөрөл авахгүйгээр мэдүүлэг авсан тул гэрч Г.М-ны мэдүүлгийг үнэлээгүй, мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Н.М, Б.Э, Б.У нарын байгуулсан 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 2-14 дүгээр хуш модны самар бэлтгэн нийлүүлэх гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Д-с 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Д-с 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.У-д олгосугай.

             3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй,  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол 7 хоногийн дотор хүргүүлж, хүргүүлснийг гардан авсанд тооцохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАЙГАЛМАА