Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2024/0381

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М-И*******” ХХК,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

Маргааны төрөл: Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******, Х.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“М-И*******” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  “Барилгын ажлын зөвшөөрөл хүсэх тухай” 23 дугаар албан бичгээр ...Бид дутагдлаа үе шаттайгаар арилгуулан Хотын стандарт хяналтын газрын холбогдох байцаагч нарт тухай бүрт нь шалгуулан эцэст 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-13—01/026/06 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргуулан дутагдлаа бүрэн арилгуулсан тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

3.Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн тухай” 09/дугаар албан бичгээр “Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/М-И” ХК нь 1946 оноос мах махан бүтээгдэхүүн нийлүүлэлт, худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд европ стандартад нийцсэн Ази тивийн 4 дэх том мах махан бүтээгдэхүүний үйлдвэрийг 2 онд өөрийн эзэмшлийн газар болох С******* дүүргийн 4-р хороонд барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Тухайн үед цар тахлын хөл хориотой байсан бөгөөд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч чадаагүй ажлаа үргэлжлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүй барилга барьсан учир 2022 онд холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцуулж байсан.

2/2023 оны 01 дүгээр сараас эхлэн үйлдвэр, оффисын барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын дагуу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгэж улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Үүний дараа Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж авахаар хүсэлт гаргасан боловч 09/дугаар албан бичгээр “Засгийн газрын оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т (Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид олгохыг хориглоно) гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй гэсэн хариу ирүүлсэн байдаг.

3/2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг мөрдөгдөж байгаа норм, дүрэмд заасан шаардлагыг хангасан эсэхийг тогтоосон мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл болон үе шатны баримт бичгийг нэг удаа нөхөн олгох боломжийг хууль тогтоомжийн хүрээнд судлахыг даалгасан байдаг.

Иймд бид өнөөдрийг хүртэл барилгын ажилд гаргасан дутагдлаа арилгаж, барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон ч барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүйгээс улсын комисст хүлээлгэн өгч чадахгүй байгаа учир барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 оны хавар барилгын ажлаа эхлүүлэх гэсэн боловч нөгөө ковид буюу цар тахал гарсантай холбоотойгоор эхлэх боломжгүй байсан ч цар тахал намжиж багассан үе таарч 2 оны 05 дугаар сараас эхлэн барилгын ажлаа эхлүүлсэн байсан.

Өөрөөр хэлбэл барилгын ажлаа хийхдээ тооцоолсон төсвөөс  1,5 дахин илүү өндөр өртөг гарсан. Яагаад гэвэл цар тахал гарсан байсан тул барилгын материалын үнэ болон тээврийн зардлууд маш их өссөн. Ямар ч байсан  421 хүнийг ажлын байраар хангасан үйлдвэрт бий болсон. Хэрвээ шинэ үйлдвэр ашиглалтад орох юм бол дахиад 115 хүний ажлын байр буюу нийтдээ 536 хүнийг ажлын байраар хангах боломжтой ийм үйлдвэрлэлийн барилга барьсан. Зөвшөөрөлгүй барилга барьсныг огт зөвтгөөгүй. Барилгын материал, сэлбэг хэрэгслүүд улам үнэд орж байсан тул  түрүүлээд барилгын материалын үнэ өсөхөөс өмнө бүгдийг нь татсан байсантайгаа холбоотой мөн барилга барих зөвшөөрлөөс бусад бүх материал бүрдсэн тул ямар ч байсан босгоод авъя гээд ингээд шийдсэн. Зөвшөөрөлгүй барилга барьсан асуудал нь бид нарын алдаа. 2 оны 04, 05 дугаар сард барилгын ажлаа эхэлж 2 оны 11 дүгээр сар гэхэд дотор засал зэрэг ажлаа хийж дуусгасан. 2022 оны 12 сарын сүүлээр  улсын комисст хандаж болох уу? гэдэг материалаа бүрдүүлж 2023 онд дөнгөж гарсан байсан байхаа 02 дугаар сард  Барилга хот байгуулалтын газар луу барилгын ажлын зөвшөөрлөө нөхөж авч болох уу? Хот байгуулалт хөгжлийн хот байгуулалт хөгжлийн газар луу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж авч болох уу? мөн  Хотын стандарт хяналтын газар луу манайх ингээд барилга байгууламжаа бариад дуусчихсан байгаа. Тэгэхдээ бүрдүүлэх материалын жагсаалтад барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ дутуу байгаа тул торгуулийн хуудсаа бариад зөвшөөрөлд нь дүйцүүлээд барилгаа хүлээлгэж өгч болох уу? гэдэг байдлаар хандсан.

Төр засаг солигдсонтой мөн удирдлагууд шинэчлэгдэж өөрчлөгдсөнтэй холбоотой. Барилга хот байгуулалт, хотын стандарт хяналтын газраас комисст хүлээж авахад танайх зөвшөөрөлгүй баригдсан юм бол нэг хөндлөнгийн дүгнэлт гаргуулж бетоныхоо маркт хүрч байна уу? үгүй юү гэдэг дүгнэлтээ гаргуулчих гэж хэлсэн. Монголд энийг хийдэг газар бол “Ри к*******” ХХК буюу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш н.Д******* гэдэг хүний “Ри к*******” ХХК гэдэг компанид хийдэг гэсэн. Өмнө нь н.Д******* гэдэг хүнээр цутгалтын үедээ бетоны марк дээрээ дүгнэлт гаргуулж байсан тул энэ хүнээр дүгнэлтээ гаргуулъя гэдэг байдлаар  хандсан. Гэтэл энэ хүн хөдөө явчихсан байсан. Орон нутгаас буцаж ирэхдээ зургийг харж өгнө гэж хэлсэн. н.Д******* гэдэг хүнийг нэг сар гаруй хугацаанд хүлээсэн.  Тэгээд дараа нь барилгын зургуудтай танилцаж 85 сая төгрөгийн үнийн санал гаргасан. Гэтэл энэхүү дүгнэлтийг гаргах гэхээр 85 сая төгрөгөөр дүгнэлт гаргуулах боломжгүй байсан тул “Р к*******” ХХК-тай адилхан лабораторитой дүгнэлт гаргадаг компани байна уу?  гэж хайж байгаад “О*******” ХХК гэдэг компаниар дүгнэлтээ гаргуулсан. “Р к*******” ХХК-ийн  гаргах  дүгнэлт яагаад ийм өндөр дүнтэй гарсан бэ? гэвэл газар хөдлөлтөд тэсвэртэй юу?  үгүй юу гэдгийг нь гаргуулах талаар санал өгчихсөн байсан тул түүнтэй холбоотой өндөр дүн гарсан.  “О*******” ХХК-ийн хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй дүгнэлт гаргах нэг багаж нь манайд байхгүй болохоор гаргах боломжгүй гэсэн болохоор зөвхөн бетоны марк хүрч байна уу? үгүй юу? гэдэгтэй холбоотой бат бэхийн дүгнэлт гаргуулъя гэсэн. Дүгнэлттэй холбоотойгоор тус дүгнэлт 11 дүгээр сард гарж бид нар эргээд хотын Стандарт хяналтын газар луу дүгнэлтээ гаргуулсан тул улсын комисст хүлээж авч болох уу? гэж хандсан. Гэтэл ажлын зөвшөөрөл авахгүй л бол манайх хүлээж авах ямар ч боломжгүй гэдэг хариу өгсөн. Хот байгуулалт хөгжлийн газар луу холбогдох баримтуудаа аваад хандсан ийм нөхцөл байдал үүссэн.  Хот байгуулалт хөгжлийн газраас шүүхийн зөвшөөрлөөр барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгодог. Харин баригдсан байгаа барилгын хувьд шүүхийн зөвшөөрлийг нөхөж олгох боломжгүй  гэж хариу өгсөн. Манай шинэ үйлдвэр ашиглалтад орох юм бол махыг нь гадагшаа экспортлох боломж бас нээгдэнэ. Хэрвээ ашиглалтад орж чадвал олон улсын 5 стандартын шаардлага нэвтэрч чадахаар ийм үйлдвэрийг барьж байгуулъя гэж бодон ямар ч байсан барилга барьчихсан байгаа.

Хэрвээ ашиглалтад орох юм бол одоогийн ажиллаж байгаа 421 хүн дээрээ нэмээд 115  хүн ч юм уу шинэ ажлын байр бий болгох ийм хүчин чадалтай. Махаа үйлдвэрлэлийн нөхцөлийн хувьд гологдохооргүй технологийн аргаар нядлах боломжтой үйлдвэр ашиглалтад орж байгаа. Гадаадын 15 гаруй дотоодын 30 гаруй байгууллагатай хамтарч ажилласан. Иймд баригдсан бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулах боломжоор хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

 1/“М-И*******” ХХК нь холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр

барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн нөхцөл, инженер хайгуулын боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.3 дахь “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх", 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь "барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” заалтууд, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно." хэсгийг тус тус зөрчин зөвшөөрөлгүй баригдсан байна.

2/Нэхэмжлэгч холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан үйл баримтаа шүүхээр зөвтгүүлэх гэж буй үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.“М-И*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар С******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 180060 дугаар бүхий 159225.0 м.кв газрыг  үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-220101 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 00001 дугаартай гэрчилгээг олгосон байна.

2.Уг газарт үйлдвэрлэлийн цогцолбор барихаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ГБМЗХ2/32- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2 онд Үйлдвэрлэлийн цогцолборын барилгын загвар зургийг, Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1019/2023 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг, мөн холбогдох техникийн нөхцлүүдийг буюу холбоо мэдээллийн шугам сүлжээнд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ТН-В476/2022 тоот техникийн нөхцлийг “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-иас, цэвэр усаар хангуулах, бохир ус татан зайлуулах шугам сүлжээнд холбох 2 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 739/20 тоот техникийн нөхцлийг Ус сувгийн удирдах газраас, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд холбох 2004 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 04/19 тоот техникийн нөхцлийг “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-иас авсан, Онцгой байдлын ерөнхий газраар барилгын ажлын зураг төсөлд хяналт хийлгэж 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 115/04-45 дугаартай дүгнэлтийг, Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10-13-02/052/597 дугаартай дүгнэлтийг, Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 20124 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-13-01/026/06 дугаартай дүгнэлтийг тус тус авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар албан бичгээр “...С******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах өөрийн үйлдвэр, оффисын зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх, зөвшөөрлийн гэрчилгээ нөхөн олгох...” тухай хүсэлтийг, мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дүгээр албан бичгээр “...барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нөхөн олгох боломжтой эсэхийг шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг дахин гаргасан байна.

4. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн тухай” 09/дугаар албан бичгээр “...Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн  40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж заасныг  зөрчин барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй хэмээн татгалзжээ.

5.Нэхэмжлэгчээс “... манай компани барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй бөгөөд энэ үйл баримттай маргахгүй, Ковид-19 цар тахал нөлөөлсөн” гэж, хариуцагчаас “... Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилгын ажлыг эхлүүлэхээсээ өмнө авах хуулийн зохицуулалттай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох боломжгүй”  гэж тус тус маргасан.

6.Хэдийгээр нэхэмжлэгч талаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр тухайн барилгын ажлыг эхлүүлсэн хэдий ч энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж үүссэн болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мэдүүлгээр нотлогдож байна.

Учир нь нэхэмжлэгч тал цар тахал /ковид-19/-ын улмаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулахад хүндрэл үүссэн гэж тайлбарласан зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох үндэслэлтэй бөгөөд барилгыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэнд түүнийг дангаар буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл 2, 2021 онуудад Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр онц болон хязгаарлалтын дэглэм удаа дараа тогтоосон нь нийтэд илэрхий баримт бөгөөд хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй, боловсон хүчний хомстол болоод барилгын материалын үнийн өсөлт зэргийг харгалзан барилга угсралтын ажлыг зөвшөөрөл авалгүйгээр эхлүүлснийг буруутгах боломжгүй юм.

7.Нөгөөтэйгүүр Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэжээ.

Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана” гээд  27.3.1-д “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй”, 27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй”, 27.3.3-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон” гэж тодорхой заасан, ийнхүү барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзах дээрх үндэслэлүүд нэхэмжлэгчийн барилгын хувьд үүсээгүй, хариуцагчийн татгалзалд дээр дурдсан үндэслэлийг заагаагүй.

8.Хотын стандарт хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-13-01/026/06 дугаартай дүгнэлтэд барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан байгааг дүгнэсэн, хариуцагч тайлбараараа баримт бичгийн бүрдэл хангаагүй гэж маргадаггүй.

9.Гэтэл барилгын ажлын зөвшөөрөл олгохоос хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09/тоот албан бичгээр татгалзахдаа хуулиар тогтоосон татгалзах үндэслэлийг тодорхойлоогүй нь хуульд нийцээгүй байна.

10. Нэхэмжлэгч нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан ба тодруулбал архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон, загвар зураг батлагдсан, техникийн нөхцлүүд олгогдсон, Онцгой байдлын ерөнхий газраар барилгын зураг төсөлд хяналт хийлгэж, ажлын зураг төсөлд магадлал хийгдэж, нэгтгэгдэн баталгаажсан байхад буюу Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд шаардагдах баримт бичгийн бүрдэл хангагдсан, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад хуулиар тогтоосон эдгээр үндэслэлээс өөр нөхөж олгохгүй гэх үндэслэлээр татгалзсан нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

12. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хуулиар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг тухайлан хориглоогүй, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолд нөхөн олгох боломжийг нээсэн, барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, маргаагүй, барилгыг зөвшөөрөлгүй эхлүүлсэн үйлдэлдээ зөрчлийн тухай хуулиар торгуулсан, Ковид-19 цар тахлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6, дахь заалтыг тус тус баримтлан “М-И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгохыг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ