Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1102

 

 

 

 

 

 

      2022            11           17                                         2022/ДШМ/1102       

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч А.Бы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Бд холбогдох эрүүгийн 2106 02371 1861 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Аын Б, ....... оны .... дугаар сарын ....-ны өдөр .............. аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ................ дүүргийн .... дүгээр хороо, .................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:....................../;

            Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 18-1361 тоотод хохирогч Х.Чы эзэмшлийн өвлийн орон сууцны цонхыг тоосгоор хагалж хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 90.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Аын Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бы цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Бы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад” нэвтэрсэн үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон оногдуулах эрүүгийн ялын төрөл, хэмжээг хуульчлан заажээ. Энэ гэмт хэргийн талаарх хэм хэмжээг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар гаргасан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт үндсэн шинж болох “нэвтэрсэн” үйлдлийн шинжийг “...гэмт этгээд өөрийн биеэр нэвтэрсэн байх идэвхтэй үйлдэл...” байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. Шүүгдэгч А.Бд холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтуудаас үзэхэд, А.Б нь Х.Чы байнга амьдрах орон гэрт нэвтэрсэн үйлдэл тогтоогдож байдаг. Гэвч хавтаст хэрэгт хохирогч Х.Чы хохирогчоор удаа дараа өгсөн “...хулгай хийнэ гэж манайд ирээгүй...”, “...Б манайд байнга ирдэг, манай гэрт орох эрхтэй...”, “...түлхүүр тавиагүй учраас орсон...”, “...гомдол саналгүй...” гэх мэдүүлгүүд, мөн гэрч Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...А.Б нь манайд хөдөөнөөс ирэхдээ байнга ирж хонож өнжөөд явдаг, ...тэр өдөр бид хөдөө явсан байсан, ...манайд нэвтэрч орох эрхтэй, ...дүүгийнхээ түрийвчнээс 90 мянган төгрөгийг авч яваад буцаагаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг авагдсан байна. Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд А.Б нь өөрийн төрлийн ах болох Х.Чы гэрт нэвтрэн орсон үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хэм хэмжээгээр хамгаалагдаж байгаа бусдын өмчлөх эрх зөрчигдөөгүй, түрийвчнээс 90.000 төгрөг авсан гэх боловч гэр бүл, төрөл, садны гишүүдийн хоорондох харилцаагаар зохицуулагдана. Санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй байгаа байр сууриа хохирогч илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан хохирол тооцох ойлголт, шинж үгүйсгэгдэж байгаа ба мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг”-т хүрэхгүй байгаа нь тогтоогдож байна. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт тухайн гэмт хэргийн субъект нь тухайн орон байранд “нэвтрэх эрхгүй этгээд” байхыг анхаарч энэ талаарх хэм хэмжээг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарласан байна. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд өмчлөгч буюу хохирогч, гэрчүүд А.Быг “нэвтрэх эрхтэй” гэж мэдүүлж байгаа нь энэ зүйлд заасан “хууль бусаар нэвтрэх” гэсэн шинжийг үгүйсгэж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд миний үйлчлүүлэгч А.Бы үйлдлийг зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасныг үндэслэн миний үйлчлүүлэгч А.Бд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

            Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Чы зүгээс 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэрт нь хулгай орж 90.000 төгрөг алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэг гаргасан байдаг. Хохирогч Ч 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр анх “А.Б Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд аав, ээж дүү нарын хамт амьдардаг. А.Б нь 2022 оны 6 дугаар сард манайд ирсэн, архи уухаараа манайд ирчихдэг. 7 дугаар сарын 11-ний өдөр надаас архи нэхээд мөнгө асуухаар нь би өгөөгүй. Манайхыг эзгүй байгааг мэдэж байсан.” гэж мэдүүлсэн байдаг. Хүн амьдрах орон байр хамгаалсан байр агуулахыг шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд 2 сард хамгаалалтын бүсэд мэдэгдэхээр байршуулсан, эсхүл 2 сардаа анхааруулах тэмдэг тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ. Шүүгдэгч А.Бы хувьд хохирогчийн гэрт очиход хохирогчийн гэр цоожтой байсан тул цонхийг хагалж нэвтэрсэн нь хавтаст хэрэгт тусгагдсан. Мөн хэргийн газрын үзлэг, гэрч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Хэдийгээр А.Б Улаанбаатар хотод ирэх үедээ хохирогч Чы гэрт байдаг гэсэн мэдүүлэг байдаг боловч гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Чы гэрт амьдарч байгаагүй. Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, 2А тоотод амьдардаг болох нь хавтаст хэргийн 99, 101 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байгаа юм. Мөн Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.”, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 4-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садны хүнийг ойлгоно.” гэж тус тус заасан. А.Б нь хохирогч Чы төрөл садны хүн боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 2А тоотод оршин суудаг. Оршин сууж байгаа хаяг нь тогтоогдож байгаа учраас дээрх хуульд зааснаар гэр бүлийн гишүүн биш. Хүний орон байр нь халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд багаж хэрэгсэл хэрэглэх буюу цонхийг хагалж орж байгаа нь хууль бус нэвтрэлт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 18-1361 тоотод хохирогч Х.Чы эзэмшлийн өвлийн орон сууцны цонхыг тоосгоор хагалж хүн амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 90.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Чы “...Б нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр над руу яриад архины мөнгө асуухаар нь өгөөгүй, бид нарыг хөдөө явж байгаа, манай гэр эзэнгүй байгаа гэдгийг мэдэж байсан, Б согтуу ирээд цонхоор орсон байсан...” /хх 19-23, 106, 112/,

гэрч Ц.Хын “...Говь-Алтай аймгийн Цогт сум руу яваад гэртээ ирэхэд манай гэрийн цонх хагарсан хөшиг хийсчихсэн байдалтай байсан, ...хүүхдүүдээ айчихна гэж бодоод чимээгүй ороод хүүхдүүдээ унтуулаад гэрээ цэвэрлэсэн алга болсон зүйл байна уу гэж шалгахад ширээн дээр байсан түрийвчнээс 90.000 төгрөг байхгүй байсан, өөр эвдэрсэн алга болсон, эд зүйл ухаж сандаачсан зүйл байгаагүй, тэгээд өглөө нь цагдаад дуудлага өгсөн...” /хх 98/,

шүүгдэгч А.Бы “...Би 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Жаргалантын үхрийн фермээс Улаанбаатар хотод ирсэн, улмаар ирээд харанхуй болох гэж байхад би хүргэн ах Чы гэрт очсон, яг хэзээ очсоноо бол сайн санахгүй байна, би нилээн согтуу байсан, Х.Чы гэрт очдог нь манай аавын дүүгийн хүүхэд Түмэнбаяртай уулзах гээд очсон, тэгтэл гэрт нь хүн байгаагүй, тэгээд би хашаан дотор байсан тоосгоор цонхыг нь хагалаад орсон, цонхоор нь Х.Чы гэрт ороход толины урд түрийвчинд байсан 90.000 төгрөгийг аваад буцаад гарсан. Гараад явж байтал арын хашааны хүнтэй таарсан намайг ”хэн бэ” гэж асуухад “би дүү нь байна” гэж хэлээд явсан, улмаар доор байх 10 жилийн сургуулийн ойролцоо 2 танихгүй хүнтэй таараад архи авч уусан, хохирол мөнгөө барагдуулсан...” /хх 35/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 5-9/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс А.Бы үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүхээс А.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Бы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Бд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хохирогч Х.Чы анх өгсөн “...Быг манай гэрт орж хулгай хийсэн гэж бодож байна. ...Б нь 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр над руу яриад архины мөнгө асуухаар нь өгөөгүй, бид нарыг хөдөө явж байгаа, манай гэр эзэнгүй байгаа гэдгийг мэдэж байсан. ...дахиж манай гэрт орж хулгай хийж магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. ...дахиж энэ хүнийг манайх руу ирүүлэхгүй байх арга хэмжээ авч өгнө үү...” /хх 19-23/, гэрч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...алга болсон зүйл байна уу гэж шалгахад ширээн дээр байсан түрийвчнээс 90.000 төгрөг байхгүй байсан, ...манай нөхөр Ч хойд айлын хүнээс орж манайд хүн ирсэн үү гээд болсон зүйлийн талаар хэлэхэд “нэг эрэгтэй хүн гарч явсан, би “юун хүн бэ” гэж асуухад би “би Ч ахын эхнэрийн дүү байгаа юм гэж хэлсэн, тэгтэл манай хойд айлын ах манай гэрийг эргэлгүй орхисон юм байна лээ...” /хх 11-12/, шүүгдэгч А.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...хашаан дотор байсан тоосгоор цонхыг нь хагалаад орсон, цонхоор нь Х.Чы гэрт ороход толины урд түрийвчинд байсан 90.000 төгрөгийг аваад буцаад гарсан...” /хх 35/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “...А.Б нь тус айлд “нэвтрэх эрхтэй”, бусдын өмчлөх эрхэд халдаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч А.Бы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1367 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 47 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1367 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бы өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бы 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ