Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1103

 

 

 

 

 

      2022          11           17                                           2022/ДШМ/1103                   

 

Ю.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Ю.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/444 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ю.От холбогдох эрүүгийн 2205 02145 0190 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн Югийн О, ....... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..................... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ...................... байрны .... тоотод оршин суух, /РД:................................/;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

            Шүүгдэгч Ю.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Цийг 2022 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 00:00 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О т” амралтын газар болон 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 05 цагийн орчим “О т” амралтын газрын арын уулын ойролцоо хардалтын улмаас газар унагааж толгой, нүүр хэсэгт нь цохиж, өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, дээд уруулд цус хуралт, баруун өвдөг, дээд уруул зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ю.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Шүүгдэгч Ю.О 2022 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О т” амралтын газар болон 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 05 цагийн орчим “О т” амралтын газрын арын уулын ойролцоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Цийг хардалтын улмаас газар унагааж толгой, нүүр хэсэгт нь цохиж, өшиглөсөн үйл явдал нь ...хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Оийн “...бид хоёр эхнэр, нөхөр байгаа юм. Гэр бүлээ албан ёсоор 1996 онд батлуулж байсан...” гэх, хохирогч С.Цийн “...гэр бүлээ албан ёсоор 1996 онд батлуулж байсан... Өмнө нь маргалдаад намайг нэг алгадаж байсан. ...Намайг байнгын дарамталж, сэтгэл санааны дарамтад байлгаж байгаа. ...“чи намайг хуурсан, ах дүү нартай чинь хамт ална” гэх мэтчилэн дарамтлаад байгаа. Фэйсбүүкээр миний нэрийг бичээд “энэ янхан хаана байгааг олж өг” гэх мэтчилэн бичсэн. Би чамайг одоо янхан болгоно, нэг биш нэлээн хэдэн хүнтэй унтуулчихаад яахыг чинь харнаа гэж хэлсэн...” гэх, гэрч С.Цдийн “...Би бодохдоо байнгын дарамтад байдаг болов уу гэж бодож байгаа. Одоо манай дүү рүү утсаар залгаж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, ална гэж айлгаж сүрдүүлснээс манай дүүгийн сэтгэл санаа их тогтворгүй байгаа...” гэх мэдүүлгүүд,

            улсын яллагчийн “...Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой гэдгээ нотлон тогтоож байгаа учраас энэ нөхцөл байдлуудыг нь харгалзаад прокурорын хяналтын шатанд тохиролцсоны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт зэргээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

            Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж заажээ.

            Гэтэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн “...Би Цтэй 1996 онд анх танилцаж, улмаар нэг гэрт эхнэр, нөхрийн хувиар хамтран амьдрах болсон. Гэр бүл албан ёсоор батлуулж байсан...” гэх, хохирогчийн өгсөн “...Ю.О бид хоёр эхнэр, нөхөр байгаа юм. Гэр бүлээ албан ёсоор 1996 онд батлуулж байсан...” гэх, гэрчээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...Намайг байнгын дарамталж, сэтгэл санааны дарамтад байлгаж байгаа... “чи намайг хуурсан, ах дүү нартай чинь хамт ална” гэх мэтчилэн дарамтлаад байгаа. Фэйсбүүкээр миний нэрийг бичээд “энэ янхан хаана байгааг олж өг” гэх мэтчилэн бичсэн. Би чамайг одоо янхан болгоно, нэг биш нэлээн хэдэн хүнтэй унтуулчхаад яахыг чинь харнаа гэж хэлсэн” гэх, гэрч С.Цдийн өгсөн “...Миний мэдэж байгаагаар 2008 онд Ю.О эхнэрээ цохиж зодоод цагдаагийн байгууллагад өгч эрүүлжүүлж байсан. С.Ц өргөдөл өгч шалгуулаагүй өнгөрсөн. ...Би бодохдоо байнгын дарамтад байдаг болов уу гэж бодож байгаа. Одоо манай дүү рүү утсаар залгаж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, ална гэж айлгаж сүрдүүлснээс манай дүүгийн сэтгэл санаа их тогтворгүй байгаа...” гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хялбаршуулсан журмаар ял тохиролцсоныг хүлээн авах боломжгүй байна.

            Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А67 дугаар тушаалаар баталсан Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан зааврын 8.1 дүгээр зүйлийн 13-т “ял тохиролцохдоо, тухайн гэмт хэргийн... хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэгт бодитой дүгнэлт хийж, тухайн этгээдэд тохирсон эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах санал гаргана.” гэж заасан байхад шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс олдог зэрэг хувийн байдлыг нь тодруулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлагдаагүй атал улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн энэхүү хэрэг 2022 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр прокурор хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэн “хөнгөн” хэргийг 3 сар шалган шүүхэд шилжүүлэн ирүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулна.” гэж заасан нь хууль тогтоогчийн зүгээс хэргийг “түргэн шуурхай шийдвэрлэх” гэдэгт нийцэхгүй байгаа зэргийг цаашид анхаарах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Ю.От холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.О, С.Ц нар гэрлэлтийн баталгаатай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нь тогтоогдсон байх бөгөөд гэмт хэрэг гарсан өдөр хохирогчийг өөр эрэгтэй хүнтэй тэврэлдсэн гэх гэр бүлийн хувийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас харилцан маргалдсан, энэ талаар гэрчүүд тодорхой мэдүүлжээ. Улмаар Ю.О нь эхнэр С.Цийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж газар унагааж толгой, нүүр хэсэгт нь цохиж, өшиглөн зодсон гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, шалтгаан нөхцөл тогтоогдсон. Хохирогч нь мөрдөн шалгах явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт урьд өмнө Ю.Оийг 2008 онд биед нь халдаж байсан, түүнээс хойш халдаж байгаагүй талаар мэдүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа цохиж зодсон нь гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгджээ. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэдгийг хууль тогтоогчоос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг дарамтад суурилсан харилцааг ойлгохоор хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх хохирогч С.Цийн “...дарамталсан, айлган сүрдүүлсэн, доромж үг хэллэг хэлсэн...” гэх хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойших хугацааны нөхцөл байдлыг мэдүүлснийг үндэслэн гэмт хэрэг үргэлжилсэн мэтээр таамагласан шинжтэй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн дээрх дүгнэлтийг хийхдээ хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэтээр захирамжид бичсэн нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм. Ю.О нь шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах явцад “...хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард дунджаар 7-8 сая төгрөгийн орлоготой...” гэж тодорхой мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасан нотлох баримт ба үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно. Мөн яллагдагч нь өөрөө хуульд заасан шаардлага нөхцөлийг хангасан гэж “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж, оногдуулах ялыг тохиролцсон нь түүний эрхийг зөрчөөгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд ял оногдуулахаар хуульчилсныг дурдах нь зүйтэй. Захирамжид дурдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурорын аргачилсан заавар” нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналтын ажилд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зорилго бүхий прокурорын байгууллагын дотооддоо дагаж мөрддөг удирдамжийн баримт бичиг байтал хуулийн хүчинтэй акт мэт заалт болгож бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалттай нийцэхгүй байна.

            Хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж хэргийг хялбаршуулсан нь хохирогч, яллагдагчийн эрхийг хангасан мөрдөн шалгах ажиллагаа юм. Гэтэл шүүх хөнгөн хэргийг 3 сар шалган шүүхэд хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Прокуророос Ю.От холбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлснийг мөн өдөр хүлээн авчээ. Шүүх хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

            Шүүгдэгч Ю.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Би 25 жил хамт амьдарсан хүнийгээ энд тэнд очоод яриад байх хэцүү байна. Өөрөө ч уучлалт гуйсан болохоор товчхон байдлаар мэдүүлгээ өгсөн. Энэ утгаараа анхан шатны шүүх нотлох баримт дутуу гэж дүгнээд байх шиг байна. Камерын бичлэг, утасны жагсаалтууд бүгд байдаг. Өмнө 2008 онд ийм асуудал гарч байсан. Салах дээрээ тулаад буцаад нийлж байсан. Тэр асуудал давтагдсан болохоор энэ удаа би тэсэж чадаагүй эхнэртээ гар хүрсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс Ю.От холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор, өмгөөлөгч нар хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд оролцох шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаар бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/444 дугаартай “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ...зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул шүүгдэгч Ю.От холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/444 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

                                   

 

                        ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ