Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1383

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

 

2020.06.26                                              1383                                             Улаанбаатар

 

 

 

 

 

 

А.З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ш.Оюунханд шүүгч даргалж, С.Энхтөр шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00951 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.З-ийнхариуцагч ЦУОШГ-т холбогдуулан гаргасан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЦУОШГД-ын Б/76 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 тоот харьяа байгууллагын дарга, захирал нарын цалин, хөлсийг шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтын А.З-д холбогдох 24 дүгээр хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ЦУОШГД-ын 2019 оны 10 дугаар сарын 23-ны дугаар Б/76 тоот тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулах тухайд А.З миний бие Улаанбаатар хотын Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/100 тоот тушаалаар томилогдон өнөөдрийг хүртэл ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, идэвх зүтгэл гарган ажилласаар ирсэн. Мөн байгууллагын хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээгээр маш сайн гэсэн үнэлгээг авч ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд дээд удирдлагаас надад ямар нэгэн үүрэг чиглэл өгөөд тэрхүү үүрэг даалгаврыг биелүүлсэнгүй гэж ямар нэгэн сануулга өгч байсан удаа байхгүй. Мөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй барилга зогсоход ямар нэгэн саад тотгор учирч буй нь надаас шууд шалтгаалсан зүйл огт байхгүй. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29 тоот тогтоол гарсан гэх бөгөөд тус тогтоолын 1.3 дахь заалтыг үндэслэн ЦУОШГ-ындарга 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр A196 тоот тушаал гаргаж 22 аймаг, Нийслэлийн төвийн дарга нарыг албан тушаалаас чөлөөлж үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд 29 дүгээр тогтоол болон A196 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхээр маргаж байгаа тул манай газрын дарга зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалах үйлдэлд маань дургүйцэж энэхүү сахилгын шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Манай удирдлагаас надад мэдэгдэлгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 23-ны дугаар Б/76 тоот тушаал гаргаж сахилгын шийтгэл оногдуулсан болохыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЦУОШГ-ын ажилтан нь 09:30 минутад 264913 дугаартай утсаар Б/76 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гарсныг мэдэгдсэнээр үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл авсан болохоо мэдэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заагдсаны дагуу сахилгын шийтгэл буруу ногдуулсан хэмээн үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад хүрлээ. Иймд ЦУОШГД-ын 2019 оны 10 дугаар сарын 23-ны дугаар Б/76 тоот тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцож        өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ЦУОШГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 тоот тушаалын хавсралтын А.З-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, ур чадварын нэмэгдлийг 25% болгохыг даалгуулах утга нь сахилгын шийтгэл буруу оногдуулсан хэмээн маргаж байх үед ЦУОШГ-аас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А/09 тоот Харьяа байгууллагын дарга, захирал нарын цалин, хөлсийг шинэчлэн тогтоох тухай даргын тушаал гаргаж ур чадварын нэмэгдлийн 25%-ийг маань үндэслэлгүйгээр буулгаж 20% болгосон байх бөгөөд энэ талаар Захиргаа, аудитын хэлтсийн дарга н.Г-оос  тодруулахад сахилгын шийтгэлтэй, маш олон ноцтой зөрчилтэй, тийм учраас 5% бууруулсан гэж хэлсэн. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлсээр ирсэн бөгөөд ЦУОШГ болон эрх бүхий байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чадаагүйгээс Багануур болон Налайх дүүргийн ажлууд удаашрах нөхцөл байдал үүссэн нь миний буруутай үйлдэл биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заагдсанаар сахилгын шийтгэл давхардуулан оногдуулж байгаа нь хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэл заавал гаргах болсон шалтгаан нь хожмын өдөр үр дүнгийн урамшууллыг буулгаж байхад гомдол гаргаагүй, зөвшөөрсөн гэж тооцогдох учир намайг ажлаас халах бодлогын хүрээнд миний цалинтай адилтгах урамшууллыг хассан нь цалин бууруулсан хөдөлмөрийн маргаанд тооцогдох учир нэхэмжлэл гаргасан болно. Иймд ЦУОШГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 тоот тушаалын хавсралтын А.З-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, ур чадварын нэмэгдлийг 25 хувь болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус төвийн дарга А.З нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй бөгөөд газрын даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан дараах ноцтой 2 зөрчлийг удаа дараа гаргаж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн гарахгүй болсон, үр ашиггүй ажил дураараа хийж зардал гарган албан хаагчдын ажиллуулсанд энэхүү шийтгэлийг ногдуулсан.

Улаанбаатар хотын Багануур дүүрэгт 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар станцын байр шинээр баригдах хууль батлагдан хэрэгжилтийг зохион байгуулсан бөгөөд энэхүү барилгын ажлын гүйцэтгэл, явцын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгч ажилласан боловч өнөөдрийг хүртэл уг барилгын ажлыг улсын комисс хүлээн аваагүй байна. Уг ажлын хүрээнд зөрчилтэй олон ажил гарсан бөгөөд газрын дарга, мэргэжлийн хэлтсүүд байнга хамтран ажиллаж ирсэн бөгөөд газрын зүгээс барилгын нарийн мэргэжлийн зөвлөхийг түр хугацаагаар авч туслалцаа үзүүлсэн боловч тус төвийн даргын идэвх санаачлага, ажлын уялдаа холбоо, хувийн ажлын зохион байгуулалт зэргээс шалтгаалан удаа дараа хойрго, хайнга ажилдаа хандсанаас холбогдох байгууллагуудын шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Улсын комисс хүлээж аваагүй тул 2 жил улсын төсвийн хөрөнгөөр барьсан станцын барилгыг ашиглаж эхлээгүй, ажилчид нь өөр байгууллагын түрээсийн өрөөнд ажлаа явуулж байна. Энэ нь удирдлагын санаачлага, үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, байгууллагын нийт албан хаагч, харьяа байгууллагын удирдлагуудын 7 хоног бүрийн шуурхай хуралдаанаас тухай бүрд өгч байсан үүрэг даалгавар, сануулга бүрэн нотлох тул А.З-д сахилгын шийтгэл ногдуулсан. Дээр дурдсан зөрчлийн талаар Багануур өртөөний дарга Х.Э гомдол ирүүлсэн бөгөөд уг гомдолд А.З-ийн ёс зүй, ажилд хандах хандлага, Багануур өртөөний барилгын талаар огт анхаардаггүй байсан талаар тодорхой дурдсан байна.

Улаанбаатар хотын Тэрэлж дэх Хүчиллэг тунадасны харуулын тоног төхөөрөмжийн цахилгааны эх үүсвэр тасалдаж, олон түүнийг яаралтай шийдвэрлэх тухай үүрэг даалгаврыг 2019 оны 5 дугаар сарын сүүлээр шуурхай хуралдаан дээр газрын дарга өгч тус газрын хэлтсийн дарга Д.У , БОХЗТЛ-ын захирал Б.Л , инженер Б.Б нарын хамтаар 2019 оны 5 дугаар сарын 28-нд Тэрэлж өртөөнд очиж, хүчиллэг тунадасны харуулын байрыг цахилгаан тасарсан нөхцөл, хэрхэн холбох боломжийг судлан үзэхэд Налайхын цахилгаан түгээх сүлжээний газраас уг харуул руу татсан цахилгааны шугам шаардлага хангахгүй болж унах аюултай нөхцөл байдал үүссэний улмаас цахилгааныг таслах арга хэмжээг авсан байсныг газрын даргад танилцуулсан. Хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд хөөцөлдөж өртөөнөөс холгүй байрлалтай Мобикомын антен байрлаж буй газарт цахилгааны эх үүсвэрт холбохоор болж уг харуулын тоног төхөөрөмжийг сарын 200 мянган төгрөгийн түрээс төлж байрлуулах талаар тохиролцсон. Тус компанитай байгуулах гэрээний төслийг, мэдээллийн хамт Улаанбаатар УЦУОШТ-ийн дарга А.З-д мэдэгдэж, уг ажлыг хариуцан гүйцэтгэхийг үүрэг болгосон. Гэтэл төвийн дарга А.З нь 2 сарын дараа ямар ч зөвлөгөө, мэдээлэлгүйгээр дураараа шийдвэр гарган 9 дүгээр сарын 30-ны өдөр Тэрэлж хүчиллэг тунадасны харуулыг цахилгаанд холбоход шаардлагатай 6 419 160 төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичиг, албан хаагчдыг төлөвлөөгүй ажил хийлгэн цахилгааны кабел татах 400 м урт шуудууг ухаж бэлдсэн талаар тайлан ирүүлснийг газрын даргын зүгээс зардал хэмнэлттэй гаргаад 2-3 cap болж байхад удирдлагын өгсөн үүрэг даалгавраас өөр ажил хийж, төсөв, хүн хүчийг ажиллуулсан тул арга хэмжээ авах болсныг газрын шуурхай дээр өөрт нь урьдчилан мэдэгдэж, энэ ажлыг судлан гэрээ хийж цахилгааныг хэвийн болгох үүргийг Хэлтсийн дарга Д.У т өгсөн. Д.У дарга энэ ажлыг 3 хоногийн дотор гүйцэтгэж, “СЭП ” ХХК-тай гэрээ хийж, 10 дугаар сарын 7-ны өдөр зөөж байрлуулан уг өртөөг хэвийн ажилд оруулсан. А.З-ийндээрх хариуцлагагүй үйлдлийн улмаас олон улсын мэдээлэл, солилцоонд гардаг мэдээллүүд олон сараар тасалдсан тул сахилгын шийтгэл ногдуулсан.

Дээрх үйлдэл, үйл ажиллагаа нь тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах бүрэн үндэстэй байсан тул захиргааны зүгээс ноцтой зөрчил гаргасан ч ажлаа сайжруулж, хамт олноо манлайлан ажиллахыг зөвлөж тушаалын төслийн талаар танилцуулахаар Захиргаа, аудитын хэлтсийн дарга дуудан уулзахад би төслийн талаар ярилцахгүй, та нар шийдвэрээ гаргаад танилцуул гэсний дагуу тушаал гарсны дараа хүний нөөцийн ажилтнаар албан ёсоор гардуулж өгсөн. Захиргааны зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй ажиллан гэж итгэн хамгийн бага буюу сануулах шийтгэлийг ногдуулсан болно. Гэвч А.З сахилгын шийтгэл ногдуулах талаар надад урьдчилан мэдэгдээгүй гэх нь үндэслэлгүй худал мэдээлэл юм. Нэхэмжлэгчийн шаардлагын хүчингүй болгох үндэслэлд дурьдсан асуудал нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэн шалгагдаж байгаа Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбон тайлбарласан нь ямар ч үндэслэлгүй, харилцан холбоогүй бөгөөд тэрхүү маргаанд тус газрын зүгээс хариуцагчаар оролцоогүй болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т баримтлан ЦУОШГД-ын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/76 тоот А.З-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ЦУОШГД-ын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 тоот Харьяа байгууллагын дарга, захирал нарын цалин, хөлсийг шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтын 24 дүгээрт А.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, ЦУОШГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж А.З-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “А.З сахилгын зөрчлүүдийг үйлдсэн нь нотлогдоогүй, ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй   болох нь тодорхойгүй байна” гэх боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэлтэй холбогдох тайлбар, нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэгийг цаг тухайд нь хангалттай гаргаж өгсөн. Тухайлбал /хх1/ 118-125 дугаар хуудсанд “ЦУОШГ-н шуурхай хуралдааны тэмдэглэлүүдээр А.З-д өгсөн хугацаатай үүрэг даалгаврууд, биелэлтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай”, хх-ийн 157-159 дүгээр хуудсанд ЦУОШГ-н дарга С.Э-ийн А.З-ийн өргөдөлд өгсөн тодорхой хариугаар нотлогдож байна. Мөн /хх2/ 23-36 дугаар хуудсанд гэрч Ц.Б , Н.Г , Х.Э нарын мэдүүлгээр А.З нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хэрхэн биелүүлсэн, ямар алдаа, зөрчил, дутагдал гаргасан гэдэг нь нотлогдож байна.

Энэ иргэний хэрэг нь зөвхөн А.З-ийн хүсэлт шаардлагаар 8 удаа шүүх хуралдаан хойшилж, хэргийн хугацааг сунгасан, шүүгчээс татгалсан хэрэг юм. Эцэст нь шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн атал шүүхийн шийдврийн тогтоох дотроо зөрчилтэй гарчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу талууд холбогдох нотлох баримтаа шүүхэд гарган өгч, эрх тэгш мэтгэлцэх ёстой гэвч нэхэмжлэгч А.З нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, зөрчил гаргаагүй, буруугүй гэдгээ нотолсон нэг ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт алга байна. Иймд энэ иргэний хэргийг зохих хуулийн дагуу хоёр талын гаргаж өгсөн нотлох баримтыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А.З нь хариуцагч ЦУОШГ-т холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЦУОШГД-ын Б/76 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/09 тоот харьяа байгууллагын дарга, захирал нарын цалин, хөлсийг шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтын А.З-д холбогдох 24 дүгээр хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарлан, зохих ажиллагааг явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч А.З нь ур чадварын нэмэгдлийг 2019 оны А/14 тоот Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн дарга нарын цалин, хөлсийг шинэчлэн тогтоох тухай тушаалаар 25 хувиар тогтоосон байсныг 2020 оны А/09 тоот “Харьяа байгууллагын дарга, захирал нарын цалин, хөлсийг шинэчлэн тогтоох тухай” ЦУОШГД-ын тушаал болон хавсралтаар 20 хувь болгосон гэж маргадаг боловч эдгээр баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, ЦУОШГ-ын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан баримтуудыг анхан шатны шүүх үнэлсэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ЦУОШГ-ын дарга С.Э , А.З-тай байгуулсан үр дүнгийн гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 тоот, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 32 тоот, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 33 тоот ЦУОШГД-ын шуурхай хурлаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, тэмдэглэлүүд хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/08 тоот “Нэгтгэн дүгнэх журмыг шинэчлэн батлах тухай” ЦУОШГД-ын тушаал, Аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газруудын жилийн ажлыг нэгтгэн дүгнэх журам, тушаал зэрэг баримтууд өнгөт принтерээр хуулбарлагдан хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцэхгүй. /хх 41-44, 120-125, 146-150, 226-234/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан тул уг баримтуудыг нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангуулан авах нь зүйтэй.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/00951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЦУОШГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ОЮУНХАНД

 

             ШҮҮГЧИД                       С.ЭНХТӨР

 

                                                        А.МӨНХЗУЛ