Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/шш2024/0433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Р******* н*******” ХХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б*******, О.Б*******,

Маргааны төрөл: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б*******, О.Б******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* түүний өмгөөлөгч П.С*******, хариуцагч Ч.Б*******, О.Б*******, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“Р*******  н*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын Ч.Б*******, О.Б*******, Том татвар төлөөлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б******* нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын Ч.Б*******, О.Б*******, Том татвар төлөөлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

2.Өмнө нь “Р******* н*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У, Н.Мд холбогдуулан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100 дугаар актыг хүчингүй болгуулах, Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У, Н.М нарт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг биелүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гаргахыг даалгах” тухай  нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0179 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.У, Н.М нарын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100 дугаар актыг шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0308 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаар сарын 02-ны өдрийн 0179 дүгээр шийдвэрийг шийдвэрлэсэн байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны  2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 256 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ.

3.Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Р******* н*******” ХХК-ийн 2007-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн НӨ-2123000 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хянан хэлэлцэж, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11, 47.11.2 дах заалтыг баримтлан түдгэлзүүлж, дээд шатны татварын албанд дахин шалгуулахаар шийдвэрлэсэн.

4.Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар нь "Р******* н*******” ХХК-ийн 2007-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт,төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 362420 дугаар томилолтоор хяналт шалгалтын ажлыг хийсэн.  

 5.Улмаар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б*******, О.Б******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

8.Гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэл: 

Манай компанийн 2012-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д, 3.Т нар иж бүрэн хяналт шалгалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 029 тоот “Шийтгэлийн хуудас”-аар 46,015,628,927.44 төгрөгийн зөрчилд 4,601,562,892.80 төгрөгийн нөхөн татвар, 562,218.20 төгрөгийн торгууль, 350,812.00 төгрөгийн алданги, нийт 4,602,439,923.10 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нийслэлийн маргаан таслах зөвлөл уг маргааныг хэлэлцээд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн 029 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 46,015,628,927.44 төгрөгийн зөрчилд 4,601,562,892.80 төгрөгийн нөхөн татвар, 562,218.20 төгрөгийн торгууль, 350,812.00 төгрөгийн алданги, нийт 4.602.439.923.10 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 17.540.607.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,754,060.70 төгрөгийн нөхөн татвар, 526,218.20 төгрөгийн торгууль, 350,812.10 төгрөгийн алданги, нийт 2,631,091.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилсүгэй" гэж шийдвэрлэсэн байдаг. Дээрх 007 тоот тогтоол нь Нийслэлийн Татварын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/12 тоот тушаалаар баталгаажуулан, хуулийн хүчин төгөлдөр болсон.

2/Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 7.10-д “Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагч, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байхад Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.У, Н.М нар зөрчиж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэхдээ дээрх 007 дугаар тогтоолыг биелүүлээгүй зөрчсөн.

Манай компанийн зүгээс дээрх 2119100 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актад Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр актыг түдгэлзүүлж шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, Улсын дээд шүүх хариуцагч татварын улсын байцаагчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон.

Дээрх 007 тоот тогтоолыг хүчин төгөлдөр талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т /15, 16 дугаар талд/ "...Гэвч ийнхүү акт үйлдэхдээ энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-д дурдсанчлан Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор "... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нэмж мэдүүлсэн тайлан гаргаснаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр, авлагын үлдэгдэл өөрчлөгдөөгүй байна. Тус компани чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг авлагаар бүртгэж илүү төлөлтийг өсгөсөн гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.9 заалтыг зөрчсөнд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна” гэж дүгнэн “Р******* н*******” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 029 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4,602,439,923.1 төгрөгийн төлбөрөөс хүчингүй болгосон 4,599,808,832.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон байхад дахин нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 47.18-д "Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө” гэж заасан ба Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоол хүчинтэй байхад "Р******* н*******" ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийсэн шалгалтаар илэрсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил үйлчилгээ" гэсэн хэсэгт тусган төсвөөс буцаан авах үлдэгдлийг өсгөсөн зөрчилд дахин нөхөн татвар ногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

...Гэтэл Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор “... Тус компанид чөлөөлөгдөх борлуулалтад хамаарах худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын авлагаар бүртгэж илүү төлөлтийг өсгөсөн гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6, 14.9 дэх заалтыг зөрчсөнд тооцон хариуцлага хүлээлгэсэн нь буруу байна ..." гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагч С.Д, 3.Т нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 029 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 4,602,439,923.1 төгрөгийн төлбөрөөс 4.599,808,832.1 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон байхад маргаан бүхий 2119100 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар урьд хүчингүй болгосон нөхөн татварын дахин ногдуулж нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 83,767,802.96 төгрөг гэж баталгаажуулсан нь үндэслэлгүй байна.

Энэхүү үндэслэл нь маргаан бүхий 2119100 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна гэж үзлээ. Учир нь урьд шалгасан нэхэмжлэгч компанийн 2012-2016 оноос бусад онуудад хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах эрх нь татварын албанд хадгалагдаж байх тул дахин шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэв" гэж тус тус үндэслэсэн тогтоож шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү түдгэлзүүлж шийдвэрлэсэн 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахаар Том татвар төлөгчийн газрын хяналтын улсын байцаагч Ц.О, Б.Ц, Н.М нар томилогдон ажиллаж, 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 16 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдэхдээ хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэр болон Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг биелүүлэхгүй дахин зөрчсөн.

Мөн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Тус тогтоолын 8 дугаар талд “... Хэдийгээр татварын улсын байцаагчид шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд акт үйлдсэн гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолын талаар дүгнэн, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах” гэснийг бүрэн хэрэгжүүлэлгүйгээр акт үйлдсэн нь асуудлыг дутуу шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд татварын улсын байцаагчид шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт үйлдэхдээ шүүхийн шийдвэрт нэрлэн заасан "Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоол”-ын талаар актад дүгнэлт өгөөгүй байна" гэж үндэслэсэн байдаг.

Нэгтгэн дүгнэвэл татварын улсын байцаагчид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл, татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, акт үйлдэхдээ шүүхийн шийдвэрт дүгнэсэн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 007 дугаар тогтоолын талаар дүгнэлгүйгээр асуудлыг дутуу шийдвэрлэж акт үйлдсэн байх тул актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах нь зүйтэй гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэлээ" гэж тус тус үндэслэсэн байдаг.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахаар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б*******, О.Б******* нар хяналт шалгалтыг явуулахаар томилогдсон. Томилогдсон цагаасаа л хуульд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлэн, татварын хууль тогтоомжуудыг зөрчиж 2012-2016 оны хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд өмнө нь хяналт шалгалт хийгдэж, түүнийг эцэслэн шийдвэрлэсэн Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад тухайн онуудад хамаарах асуудлыг дахин шалгах шаардлага тавьж ажиллаж, эцэстээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-т татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж заасан зөрчил гаргасан гэж тулгаж, манай компанид хууль зөрчиж шийтгэл оногдуулан татвар төлөгчийн эрхийг зөрчлөө” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын байцаагч. За том татварын татвар төлөгчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б, О.Б******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 006******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 4000 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тухайн шийтгэлийн хуудсанд “Р Н*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19.7.3-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.19.7.3-т татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж заасныг зөрчсөн. Шийтгэлийн хуудасны үндэслэл хэсгийн хянуул хэсэгт 2012-2016 оны шаардсан санхүүгийн баримтуудыг гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан учраас Татварын ерөнхий хуулийн 41.12.3-д заасныг зөрчиж байна гэж шийтгэлийг оногдуулсан. Энэ шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байгаа. Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий хуулийн 41.2-т хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэсэн байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллана гэсэн байна. Тэгэхээр та бүхэн хууль тогтоомжийг удирдлага болгоод, Татварын ерөнхий хуульд нийцүүлэн гаргасан Татварын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаал байгаа. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.10-д заасныг зөрчсөн байна. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.10-д нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг албан татвар суутган төлөгч эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөл, шүүх, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдолд уг маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш дараагийн хугацааны албан татварын ногдуулалт төлбөрийг баталгаажуулж хяналт шалгалт хийнэ гэж заасан байгаа. Ийм учраас та нарын шаардаад байгаа 2012-2016 онд хамаарах хяналт шалгалтыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн татварын маргаан таслах зөвлөлийн 007 тоот тогтоолоор шалгаад нөхөн татвар ногдуулсан байсныг хүчингүй болгоод шийдсэн. Үүний дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 179 дүгээр шийдвэр байгаа. Энэ 0179 дүгээр шийдвэрээр Татварын маргаан таслах зөвлөлийн 007 тоот тогтоол хүчин төгөлдөр байна. Тийм учраас энэ хугацаанд хүчингүй болгож шийдвэрлэсэн татварыг нөхөн ноогдуулсан нь өөрөө хууль зөрчиж байна гэдгийг үндэслэж түдгэлзүүлж шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр энэ 2012-2016 оны санхүүгийн баримтыг шаардах эрхгүй юм. Хууль тогтоомжид зааснаар та бүхэн ажиллах ёстой бол хууль тогтоомжоо биелүүлж ажиллах ёстой. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д татварын хууль тогтоомжийг мөрдөхийг татварын алба, улсын байцаагчаас шаардах эрхтэй гэсэн байна. Тийм учраас бид нар энэ эрхийнхээ хүрээнд шаардлага гаргаж байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т  эрх, хууль  ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар нотолгоо үндэслэл гаргах, тайлбар эрхүүдийг заасан байгаа учраас та бүхнийг хууль тогтоомжоо биелүүлж ажиллах  үүднээс бид нар баримт материалыг гаргаж өгөх боломжгүй байна. Хууль зөрчиж шаардаж байгаа баримтыг гаргаж өгөх боломжгүй байна. Дараагийн үндэслэл нь Нийслэлийн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 45 тоот тогтоолыг биелүүлэх хүрээнд хяналт шалгалт явагдсан. Татварын улсын байцаагч нар маргаан таслал зөвлөлийн 45 тоот тогтоолыг биелүүлнэ гэж томилогдсон. Татварын маргаан таслах зөвлөлийн 45 тоот тогтоолын 8 дугаар хуудсанд татварын улсын байцаагчид шүүхийн шийдвэрийг биелүүлж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд акт үйлдсэн гэх боловч Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 тоот тогтоолын талаар дүгнэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулах төлбөрийг баталгаажуулах гэснийг бүрэн хэрэгжүүлэхгүй акт үйлдсэн нь асуудлыг дутуу шийдвэрлэсэн гэж үзэх юм байна. Тодруулбал Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд татварын улсын байцаагчид шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт үйлдэхдээ шүүхийн шийдвэрт нэрлэн заасан Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолын талаар дүгнэлт өгөөгүй байна. Ийм учраас дахин шалгуулж шинэ захиргааны акт гаргах үндэслэлээр түдгэлзүүлж, дээд шатын татварын байгууллагаар хянуулахаар буцааж шийдвэрлэсэн. Татварын маргаан таслах зөвлөлийн 45 тоот тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолын дагуу татварын байцаагч нар хяналт шалгалт явуулахдаа 007 тоот тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 179 дүгээр шийдвэрийг биелүүлэх хүрээнд шалгалт хийх ёстой байсан.  Гэтэл 0179 дүгээр шийдвэрийг дагуу дахин шалгалт хийх зорилгоор 2012-2016 оны санхүүгийн баримтуудыг шаардаад байгаа нь маргаан таслах зөвлөлийн 45 тоот тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0179 дүгээр шийдвэрийг зөрчиж байна. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.10-т заасныг зөрчиж байна. Өмнө нь тогтоогдсон хугацааны хяналт шалгалтыг хийнэ гээд дахин дахин 2012-2016 оны санхүүгийн баримтуудыг шаардаад байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2012-2016 оноос бусад онуудыг нь шалгах эрх нь татварын улсын байцаагчид байгаа гэж шийдвэрлэсэн. Тэгэхээрээ татварын улсын байцаагчид 2017-2018 оны санхүүгийн баримтуудыг шаардаж шалгах ёстой байтал бүхэлд нь шалгаад байх юм. Шүүхийн шийдвэрээ биелүүлэх шаардлага тавьж гомдол гаргахаар маргаан таслах зөвлөл нь шүүхийн шийдвэрээ биелүүлэх ёстой гэж буцаадаг. Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагчид шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, маргаан таслах зөвлөлийн тогтоолыг ч биелүүлэхгүй, хуулиа ч биелүүлэхгүй ажиллаад байна гэж гомдол гаргасны төлөө манай байгууллага 4 сая төгрөгөөр торгуулсан байгаа. Торгох үндэслэл дээрээ Татварын ерөнхий хуулийн41 дүгээр зүйлийн  41.12.3-д заасныг баримталсан байгаа. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т  татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтуудыг гаргаж өгөх гэж байгаа юм. Гэтэл 2012-2016 оны санхүүгийн баримтууд шалгагдсан нь шүүхийн шийдвэр, маргаан таслах зөвлөлийн  45 тоот тогтоолоор нотлогдсон. Энэ баримтуудыг бид нар гаргаж өгөхгүй. Харин 2017-2018 оны санхүүгийн баримтыг жагсаалтаар өгөөд байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т зааснаар манайд хамааралтай шаардлагатай санхүүгийн баримтуудыг шаардахгүй байгаа. Тэгэхээр татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжийг зөрчөөд байгаа учраас бид шаардлагыг нь биелүүлэхгүй гэдгээ татварын албанд удаа дараа мэдэгдсэн. Мөн 03 дугаар сарын 21-ний өдөр, 04 дүгээр сарын 05-ны өдөр тайлбар  гаргасан. Иймд энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ зөрчлийн хэргийн материалыг үзлээ. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд “Р******* н*******” ХХК-ийн  өмгөөлөгчөөр оролцож байсан. Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 007 тоот тогтоол 2019 онд гарсан.   Гэтэл тухайн байгууллага татвараа сайн төлөөд, илүүл төлөлт буцаан авалттай болохоор хуулиар заасан юмыг буцаан өгөхгүй гэж ийм юм хийгээд байгаа юм. Татварын байгууллага маш дарамттай дахин энэ материалыг өгвөл шалгаад л дахиад нэг акт гаргаад ирнэ. Төр итгэх итгэлээ алдарсан байна. шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй учраас арга хэмжээ авсан. Монгол Улсын хууль тогтоомж гэдэг чинь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болоод захиргааны ерөнхий хуульд нэгэнт шүүхийн байгууллагаар маргаан таслах зөвлөлөөр шийдсэн юмыг дахиад шалгах эрх байхгүй. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын доод шатынх нь байгууллага биз дээ. Бид нараас материалуудыг шаардаж байгаа нь ерөөсөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, буцаан олголтыг өгөхгүй байх үйл ажиллагаа байгаа юм. Тэгэхээр бид нар нэгэнт шийдэгдсэн асуудалд баримт гаргаж өгөхгүй байх эрхтэй, та нар шаардах эрхтэй боловч бид нар тэрийгээ өгөхгүй байх нь Монгол улсын хэд хэдэн хуульд заасан байгаа. Энэ үйл баримтыг зөрчилд тооцохгүй гэж үзэж байна. Нэгэнт тогтоогдсон зүйл дээр баримт шаардаад, гаргаж өгөөгүй гэж  арга хэмжээ авч байгаа нь  хууль зөрчиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ шатны шүүхийн шийдвэрүүдийг л дахин дахин уншаад байна. Гэтэл шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэх хэсгийн тайлбарыг хаяж уншиж байна. Ингэж төөрөгдүүлэх маягаар тайлбар хийж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж харж байна. Ийм учраас 4 сая төгрөгөөр торгосон татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

9.Хариуцагч нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолоор "Р******* н*******" ХХК-ийн 2007-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагчдын үйлдсэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн НӨ-2123000 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хянан хэлэлцэж, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11, 47.11.2 дах заалтыг баримтлан түдгэлзүүлж, дээд шатны татварын албанд дахин шалгуулахаар шийдвэрлэсэн.

Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар нь дээрх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар албан бичгээр хүлээн авч, тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар "Р******* н*******” ХХК-ийн 2007-2018 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт,төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 362420 дугаар томилолтоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.

Татварын ерөнхий хуулийн 41.5-д заасны дагуу татварын хяналт шалгалт хийх томилолт олгосон тухай татвар төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.М*******, ерөнхий нягтлан бодогч Х.А нарт урьдчилан мэдэгдэж, томилолтыг танилцуулсан. Мөн татварын хяналт шалгалтад шаардлагатай баримт, материалыг авахаар татвар төлөгчид цахим шуудангаар баримт бичгийн хүсэлт 01, 02, 03-ийг тус тус хүргүүлэн, 2 удаагийн ярилцлага хийж "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-д заасан бэлтгэх, гүйцэтгэх үе шатны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т "татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах", "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 6.1-д "Татвар төлөгч нь хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар энэ журмын 4.3.3-т заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлнэ" гэж заасан.

Гэтэл татвар төлөгч нь татварын хяналт шалгалтын зорилгоор шаардсан 2012-2016 оны баримт материалыг ирүүлээгүй бөгөөд ирүүлэхгүй талаар албан бичиг болон ярилцлагын тэмдэглэлээр удаа дараа мэдэгдэн татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулж, дээрх хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй тул тус зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-т "татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж заасны дагуу дөрвөн мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 006******* дугаар татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй юм.

Мөн Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тус компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх илүү үлдэгдэл 4.8 тэрбум төгрөг, үүнээс 2012-2016 оны тайлангаар үүссэн илүү үлдэгдэл нь 4.6 тэрбум төгрөг байх тул эдгээр оны баримт материалыг шалгахгүйгээр төсвөөс буцаан авах илүү төлөлтийн дүнг баталгаажуулах боломжгүй, мөн татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчөөс ирүүлсэн 2007-2011 оны, 2017-2018 оны санхүүгийн баримт, журнал, гүйлгээ баланс, бараа материалын бүртгэл хоорондоо зөрүүтэй тулган шалгахад хүндрэлтэй, татвар төлөгчөөс тайлбар, тодруулга гаргаж ирүүлээгүйн улмаас 2007-2018 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгаж, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т дурдсан шинэ акт гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон.

Татварын алба, татварын улсын байцаагчид албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохдоо Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам", Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дугаар тушаалаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг тус тус баримтлан ажилладаг бөгөөд албан тушаалын эрхээ хэтрүүлэн, татвар төлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар 2023 онд батлагдсан татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.10-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн ногдуулж төлөлтийг баталгаажуулсан актыг албан татвар суутган төлөгч эс зөвшөөрч татварын маргаан таслах зөвлөл, шүүх, холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан тохиолдолд уг маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш дараагийн хугацааны албан татварыг ногдуулах, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг хийнэ гээд нэг ёсондоо Маргаан таслах зөвлөлийн 45 тоот тогтоолыг биелүүлэх хүрээнд хяналт шалгалт хийхдээ 2012-2016 оны үйл баримтыг шалгах шаардлагагүй гэдэг өнцгөөс тайлбарладаг. Тэгэхдээ энэ актыг маргаж байгаад маргааныг эцэслэн шийдвэрлэж 2 шатын шүүхээс түдгэлзүүлж шинэ акт гаргахаар буцаасан. Маргаан таслах зөвлөлөөс  шинэ акт гаргахаар дээд шатын хяналтын байгууллагад буцааж байгаа. Тэгэхээр энэ үндэслэлээр татварын хяналт шалгалтыг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ маргаан бол “Р******* н*******” ХХК-ийн  Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг үйлдсэн үйлдэлд нь шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлийн талаарх маргаан хянагдаж  байгаа болохоос биш ямар нэгэн татварын улсын байцаагчийн хэрэгжүүлж байгаа татварын хяналт шалгалтын актын талаарх маргаан биш байгаа. Шийтгэлийн хуудасны зүйлчлэлийн талаар тодруулахад Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12 болон татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.11-д татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад хамрагдаж буй нөхцөлд тус хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг татварын албаны шаардсаны дагуу татварын албанд тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлэх үүргийг үндэслэсэн. Дээрх үүрэг нь татвар төлөгчийн хууль тогтоомжийн нарийвчилсан зохицуулалтаар хүлээж байгаа зайлшгүй үүрэг гэж үзэж байгаа. Энэ зөрчлийн үйл баримтын талаар татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтын бэлтгэх үе шатад буюу 2024 оны 03 дугаар сарын 18-нд, 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд баримт бичгийн хүсэлтүүдийг явуулсан. Энэ хүсэлтүүдэд 2012-2016 оны баримтыг гаргаж өгөх боломжгүй татгалзаж байна гэдэг шийдвэрээр хариуг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн татгалзаад байгаа үндэслэл нь ерөнхийдөө татварын улсын байцаагчийн татварын хууль тогтоомжид хяналт шалгалт хийх бүрэн эрхийг үгүйсгэж байгаа үндэслэлээр тайлбарлаж байгаа. Маргаан таслах зөвлөлийн тогтоол Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх ёстой гэдэг үндэслэл дурдаад 2012-2016 оны баримтыг шалгах ёсгүй гэж шүүхийн шийдвэрүүдийн агуулгыг харах юм бол татварын хяналт шалгалт хийж ямар баримт бичгийг үнэлэх, ямар баримт бичгийн нөхцөл байдлыг тогтоох, нотолж шийдвэр гаргах нь  татварын албаны бүрэн эрхийн асуудал байна. Үүнд шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаад Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 007 тоот тогтоолын хүчин төгөлдөр тогтоолыг дүгнэсэн ямар нэгэн татварын акт гарга гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Татварын маргаан таслах зөвлөл бол Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатын шүүх хяналт шалгалтын үр дүнд тухайн нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг ямар нэгэн байдлаар дүгнэсэн шийдвэр гаргахыг даалгасан. Энэ үйл баримтыг шалган тогтоохын тулд тухайн 2012-2016 оны баримтууд татварын хяналт шалгалтад зайлшгүй ач холбогдолтой байсан гэдгийг дурдмаар байна. Тэгээд ярилцлагын тэмдэглэл дээр энэ асуудлаар 2012-2016 онуудын баримт шаардлагатай гэсэн үйл баримтууд тусгагдсан байдаг. Нэхэмжлэгчийн баримт материал гаргаж өгөхөөс татгалзаад байгаа татгалзал нь татварын улсын байцаагчийн маргаан таслах зөвлөлийн дахин шинэ акт гаргах шийдвэрийг биелүүлэх тухайн нөхцөл байдлыг бодитоор тогтоох, нотлох баримтыг судлах, шийдвэрийн хууль зүйн үндэслэлээ нотлох зэрэг хуульд нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжид хүндрэл учруулж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр болон давж заалдах шатын шүүхийн магадлалын гол агуулга нь Татварын хяналт шалгалт болон татварын хяналт шалгалтын хүрээнд цуглуулах баримт материалыг нотолж үнэлэх нь татварын бүрэн эрхийн асуудал байгаа. Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дүгнэлт өгсөн шийдвэр гаргах ёстой гэсэн дүгнэлтүүд байдаг. Иймээс тус онд холбогдох үйл баримтыг тогтоохын тулд татварын улсын байцаагч нар зайлшгүй 2012-2016 оны баримт материалыг шалган үзэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн татварын хяналт шалгалт дуусаагүй, хяналт шалгалтын үр дүнд захиргааны акт гараагүй, тухайн захиргааны актын эерэг болон сөрөг нөлөөлөл, эрх зүйн үр дагавар үүсэх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй байхад ямар нэгэн үндэслэлгүй байдлаас татгалзаад татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, татварын албаны үйл ажиллагаанд хохирол учруулж байна.  Ийм учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д заасан татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр татварын албаны үйл ажиллагаанд хүндрэл учруулсан үйлдэлд шийтгэл оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хүсээд байгаа тухайн шаардсан баримт материал нь татварын хяналт шалгалтад ач холбогдолгүй байсан. Татварын хяналт шалгалт нь ийм төрлийн баримт материалд үндэслэгдэж, хяналт шалгалтыг хийгээд татварын акт гаргах ёстой гэж шүүх ямар нэгэн байдлаар судалж үзэж дүгнэлт гаргах боломжгүй. Энэ бол шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож татварын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэгдсэн эсэх, түүнд оногдуулсан шийтгэл үнэн зөв эсэх талаар маргаан явж байгаа. Татварын улсын байцаагч нар маргаан таслах зөвлөлийн шийдвэр болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг бүгд биелүүлэх үүрэгтэй татвар төлөгч ч тэр, татварын улсын байцаагч ч тэр. Хяналт шалгалт хийхдээ өмнөх актыг хуульчлах эрх зүйн орчин байхгүй. Татварын улсын байцаагч өөрөө хараат бусаар тухайн хяналт шалгалтыг хийх, дээрээс нь шүүхийн шийдвэрт заасан үйл баримтыг дүгнэж, ингэснээр шүүхийн шийдвэр, маргаан таслах зөвлөлийн шийдвэр биелэгдэх нөхцөл бүрдэнэ. Гэтэл өмнө нь шүүхийн шийдвэрээр 007 тоот актын  эрх зүйн үндэслэлийг дүгнэсэн юм шиг, эсвэл энэ хяналт шалгалтын нөхөн олголт нэгдсэн өртгийн албан татвар баталгаажуулалтын асуудлыг шийдвэрлээд дууссан мэтээр гомдол гаргагчийн зүгээс тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ шүүхийн шийдвэрт заасан баримтуудыг ирүүлэхийг хариуцагчаас буюу эрх бүхий албан тушаалтнаас шаардсан. Ингээд гомдол гаргагчаас удаа дараа өгөхгүй гэдэг албан бичгийг ирүүлсэн байна. Үүнийгээ дахиад акт тавих гэж байна, итгэл алдарч байна гэж тайлбарлаж байна. Энэ зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд тогтоосон баримт ирүүл гэж шаардсан уу? шаардсан, үүнийг  ирүүлэх ёстой гэдгийг дүгнэсэн. Үүний дагуу  бид нар биелүүлэх гээд явж байна. Гэтэл нэхэмжлэгч байгаа баримтаа өгөхгүй байна. Гомдол гаргагч баримтуудаа гаргаж өгөх үүрэггүй гэдэг. Гэтэл хууль тогтоомжоор хяналт шалгалтад хамрагдаж байгаа бол баримт бичгийг гаргаж өгөх үүргийг Татварын ерөнхий хуулиараа хүлээлгэсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т иргэн, хуулийн этгээдээс хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийгээ биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж байгаа юм. Тэгэхээр энэ маань зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал нь баримт ирүүлэхгүй гээд татварын албанд ирүүлээд байгаа баримт бичгүүдээр тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаад хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулалтыг огт ярихгүй, энэ хяналт шалгалтад хамрагдахдаа ирүүлэх ёстой баримтыг ирүүлээгүй, зөрчил гаргасан гаргасан гэж үзэж хариуцлага ногдуулсан нь зөв үү гэдгийг дүгнэж ярьж байгаа. Гомдол гаргагчийн зүгээс шүүх шийдвэр дээрээ дурдаад өгчихсөн. Энэ акт дээрээ Эдийн засгийн ил тод байдлын талаар дүгнээгүй. Энэ 007 тоот тогтоолыг дүгнээгүй гэлдэг чинь танай акт буруу гэж байна. Энэ н.Мгийн энэ нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг 4 тэрбум төгрөгөөр тавьж байгааг гүйцэт шалгаагүй байна. Энэ нэхэмжлэгчийн яриад байгаа юмыг сайн дүгнээд дахиад шалгаад ирээрэй гэснийг бид нар биелүүлж байна. Тэгэхээр одоо захиргааны байгууллагын зүгээс хууль тогтоомжид юу гэж заасан, түүнийг татвар төлөгч болон оролцогчдоос биелүүлж байгаа эсэх дээр дүгнэлт хийх, энэ хууль тогтоомж зөрчсөн эр зөрчилд нь хариуцлага ногдуулах тусгайлсан хууль тогтоомж байгаа учраас зөрчил үйлдэгдсэн нь илэрхий байна. Тэгэхээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б*******, О.Б******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

        Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэгт “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэжээ.

      Татварын ерөнхий хуулийн 41 дугаар зүйлийн 41.12 дахь хэсэгт “Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна” гээд 41.12.3-д “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэжээ.

  2.Гомдол гаргагчаас “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар үйл баримтыг дүгнэсэн” гэж, хариуцагчаас “шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

      3.Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 179 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2119100 дугаар актыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг биелүүлсэн акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

          4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

          5.Улмаар Татварын ерөнхий газрын дэргэхэд Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу гаргасан Татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн НӨ-2123000 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаажээ.

          6.Хариуцагч нараас дээрх шийдвэрүүдийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр баримт бичгийн хүсэлтийн 02, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 03 дугаар маягтуудаар шаардсан байх бөгөөд хариуцагчаас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар албан бичгээр хүргүүлсэн тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, ерөнхий нягтлан бодогч Х.Алтангэрл нарын тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл зэргээр дээрх баримтыг гаргаж өгөхөөс татгалзжээ.

   7.Татгалзсан үндэслэлээ 2012-2016-ны НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн асуудлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолоор эцэслэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр байгаа, шүүхийн шийдвэр, магадлалд дүгнэсэн гэж тайлбарлаж буй хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 308 дугаар магадлалын үндэслэх хэсгийн 3.8-д “.........хариуцагч нар “Р******* н*******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн буцаан авах хүсэлтийг өмнө нь шалгагдаж тогтоосон зөрчил болон шалгалтад хамрагдаагүй хугацааны зөрчлийг нэг бүрчлэн нягтлан шалгаж” гэж, Татварын ерөнхий газрын дэргэхэд Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар тогтоолд “Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 007 дугаар тогтоолыг дүгнэх” талаар тус тус дурьдсан байх тул дээрх нөхцөл байдлыг тогтооход хариуцагч нарын шаардлсан 2012-2016 оны баримтууд зайлшгүй шаардлагатай гэж үзэхээр байна.

    8.Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг нэг мөр, хөтөлбөргүй баталгаажуулахад дээрх онуудын баримт шаардлагатай, уг үндэслэлээр хариуцагч нарын шаардлага хуульд нийцжээ.

Иймд хариуцагч нарын шаардсан 2012-2016 онуудын санхүүгийн болон бусад баримтуудыг гаргаж өгөхөөс татгалзсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэгт “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд хамаарахаар байх тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 7.3, Татварын ерөнхий хуулийн 41 дугаар зүйлийн 41.12.3-д тус тус заасныг баримтлан “Р******* н*******” ХХК-ийн гомдолтой Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б*******, О.Б******* нарт холбогдох Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч болон Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ч.Б*******, Ц.Б*******, О.Б******* нарын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 006******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ